| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/0267/Э |
| Дугаар | 322 |
| Огноо | 2018-03-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 322
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,
Улсын яллагч М.Эрдэнэзаяа,
Шүүгдэгч Н.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Ат холбогдох 1806 01046 0201 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Алтай суманд 1988 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, мэдээллийн технологийн инженер мэргэжилтэй, “IT ZONE” ХХК-д программист ажилтай, ам бүл 4, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 15 дугаар гудамжны 1 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 12 дугаар хорооллын 27 дугаар байрны 30 тоотод түр оршин суудаг, ял шийтгүүлж байгаагүй, Е овогт Н А
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Н.А нь 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 68/3 дугаар байрны 20 тоотод хажуу өрөө түрээслэн сууж байсан ахуйн маргаанаас болж М.Б маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Аын өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, мөрдөн байцаалтанд мэдүүлэг өгсөн нэмж мэдүүлэг өгөхгүй ” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч М.Буянжаргалын өгсөн: “2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ойролцоогоор 20 цагийн үед над руу нэг дугаараас залгаад танай байрыг үзэх гэсэн юм гэсэн. Би 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 18 цагийн үед интернэтэд байр түрээслэнэ гэсэн зар тавьсан юм. Тэгсэн над руу нэг эрэгтэй хүн залгаад ойрхон явж байна байрыг чинь үзчихье гээд байсан. Тэгэхээр нь тэгээ, гэхдээ би эрэгтэй хүнд түрээслэхгүй гэсэн. Тэгсэн чинь тэр залуу ирчихлээ гэсэн. Тэгээд би хаалгаа онгойлгосон чинь нэг залуу танай байрыг үзэх гэсэн юм гэсэн. Тэгээд тэр залуу манай байрыг үзчихээд байранд орохоо болилоо гээд гараад явсан. Тэгсэн чинь хуучин манай өрөөг түрээсэлж байсан Алтаа гэх залуу нь манай гэрээс үлдсэн эд зүйлээ авна гэсэн нэрийдлээр манай гэрт орж ирчихээд байсан юм. Надад түрээсийн үлдэгдэл 130.000 төгрөг нь байсан юм. Тэгээд миний төгрөгийн дансанд мөнгө байхгүй болоод долларын дансаар шилжүүлэх гэтэл Монгол банк ажиллахгүй байгаа гэсэн шалтгаанаар мөнгииг нь өгөх боломжгүй байсан. Тэгсэн чинь намайг дагаж явж байгаад миний гар утсыг шүүрээд зугатсан. Тэгээд орцон дотор би бариад авсан чинь намайг мангасдаж плитан шалан дээр савж унагаагаад яваад өгсөн... миний хөлөн дээр хөхөрсөн байна...” гэх мэдүүлэг /хх.8-10/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1559 дугаартай дүгнэлтэд:
“1. М.Буянжаргалын биед тархи доргилт, өвдөг шилбэнд цус хуралттай гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
3. ШЭГЗТЖ-н 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гзмтэл болно.
4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно” гэх дүгнэлт /хх.16/,
Мөрдөн байцаалтад Н.Аын яллагдагчаар өгсөн: “2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр байр түрээслэгч Буянжаргалтай байрны түрээсээс болж маргалдсан. Би тухайн үедээ байрыг түрээсэлж байсан ба байрнаас гарах гэж байсан. Үлдэгдэл мөнгөө авъя гэсэн чинь янз бүрийн шалтаг тоочоод мөнгө өгөхгүй байсан. Гадаа би хөлөө тайруулчихсан ахыгаа хүлээлгэчихсэн байсан, бүүр уур хүрээд утсыг нь авахаар мөнгө өгчих болов уу гээд утсыг нь ванны өрөөнд утас нь байхаар нь чи миний мөнгийг өгч байж утсаа аваарай гээд гараад зугатаасан. Гэрээс гарах үед Буянжаргал надаас зуурсан. Тэгэхээр нь би түлхчихсэн чинь цаана коридортоо унаад хоцрох шиг болсон. Хойшоо бөгсөөрөө унах шиг болсон. Би эргэж хараа ч үгүй тэр чигтээ гараад явсан. Энэ үед бид хоёроос өөр хүн байгаагүй. Юм очих газраа авааччихаад буцаж ирээд мөнгө төгрөгний асуудлаа шийдвэрлэе гэж бодсон. Дараа нь би утсыг нь аваад яваад очсон юм. Тэгээд очихдоо би цагдаад бүртгүүлчихсэн байгаа байх гэж бодсон, яг л цагдаад бүртгүүлчихсэн байсан. 2 цагийн дараа очиж уулзсан. Гадаа нь яваад очсон, орилж хашгираад намайг заамдаж аваад хана мөргүүлээд байсан. Тэгээд би цагдаад бүртгүүлсэн юм бол чиний утсыг цагдаа дээр аваачиж өгнө гээд дараа цагдаа дээр ирсэн хойно Энхтулга байцаагчаар дамжуулж утсыг өгсөн. Надад бол утсыг аваад өөрөө ашиглах ямар нэгэн санаа зорилго байгаагүй. Би уг байрыг 2017 оны 07 сарын 03-наас хойш сарын 230.000 төгрөгөөр 3 өрөө байрны 1 хажуу өрөөг нь түрээслэж байсан юм. Буянжаргал нэг өрөөнд өөрөө амьдраад нэг өрөөг нь хөлслүүлдэг юм. 00 цэвэрлэгээний асуудлаас болж маргасан. Түрээслэгчтэйгээ ээлжилж цэвэрлэгээгээ хийхээр тохирсон байсан. Гэтэл өөрөө хэд хэдэн ээлжин дээр цэвэрлэхгүй байсан. Тэгээд өөрөө цэвэрлээч гэсэн чинь чи гар гэсэн тэгэхээр нь байрнаас гарах болсон. Байрнаас гарах хугацаа бол 02 сарын 3-наар дуусах байсан. Мөнгийг өгчихсөн байсан. Би амьдарсан хугацааны мөнгөө хасаад үлдэгдэл мөнгө 140.000 гаран төгрөгийг авах гэсэн өгөхгүй байсан. Гарах болоод яг мөнгөө авах гэсэн чинь мөнгө өгөхгүй байсан. Багцаагаар 40 шахам минут миний мөнгийг өг гэхэд шалтаг хэлээд өгөхгүй байсан юм. Өөрөөр өс хонзон, хувийн ямар нэгэн харилцаа байхгүй юм...” гэх мэдүүлэг /хх.31-32/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Н.А нь 2018 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 68/3 дугаар байрны 20 тоотод хажуу өрөө түрээслэн сууж байсан ахуйн маргаанаас болж М.Буянжаргалтай маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч М.Буянжаргалын өгсөн: “... Тэгсэн чинь хуучин манай өрөөг түрээсэлж байсан Алтаа гэх залуу нь манай гэрээс үлдсэн эд зүйлээ авна гэсэн нэрийдлээр манай гэрт орж ирчихээд байсан юм. Надад түрээсийн үлдэгдэл 130.000 төгрөг нь байсан юм. Тэгээд миний төгрөгийн дансанд мөнгө байхгүй болоод долларын дансаар шилжүүлэх гэтэл Монгол банк ажиллахгүй байгаа гэсэн шалтгаанаар мөнгииг нь өгөх боломжгүй байсан. Тэгсэн чинь намайг дагаж явж байгаад миний гар утсыг шүүрээд зугатсан. Тэгээд орцон дотор би бариад авсан чинь намайг мангасдаж плитан шалан дээр савж унагаагаад яваад өгсөн... миний хөлөн дээр хөхөрсөн байна...” гэх мэдүүлэг /хх.8-10/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1559 дугаартай дүгнэлт /хх.16/,
Мөрдөн байцаалтад Н.Аын яллагдагчаар өгсөн: “... Гэрээс гарах үед Буянжаргал надаас зуурсан. Тэгэхээр нь би түлхчихсэн чинь цаана коридортоо унаад хоцрох шиг болсон. Хойшоо бөгсөөрөө унах шиг болсон...” гэх мэдүүлэг /хх.31-32/,
Шүүгдэгч Н.Аын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Аыг холбогдуулж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд Н.Аыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Н.А нь гэмт хэрэг үйлдэж хохирогчид учруулсан эрүүл мэндийн хохиролд нийт 210.000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч М.Буянжаргал нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Н.Аын “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Н.Аын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тодорхой эрхэлсэн ажилтай, тогтмол орлоготой шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэлээ.
Н.Ат ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Н.Ат оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.
Н.А нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Е овогт Н А “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н. А 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, Н.Ат оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Н.Ат мэдэгдсүгэй.
5. Н.А нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол 210.000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөгүй, хохирогч М.Буянжаргал нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан давж заалдах эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Н.Ат урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР