| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2024/06899/И |
| Дугаар | 192/ШШ2025/01177 |
| Огноо | 2025-02-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 192/ШШ2025/01177
2025 02 11 192/ШШ2025/01177
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: ***нэхэмжлэлтэй,
хариуцагч: *** холбогдох,
орон сууц захиалгын гэрээний дагуу 121 613 207 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
шүүх хуралдаанд:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***,
хариуцагчийн өмгөөлөгч *** нар оролцож,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчээс хариуцагчид холбогдуулан орон сууц захиалгын гэрээний үүрэгт шилжүүлсэн 98 813 207 төгрөг, гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохирол 22 800 000 төгрөг, нийт 121 613 207 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2.Нэхэмжлэгч, нэхэмжлэлийн үндэслэл шаардлага дараах байдлаар тайлбарлажээ. Үүнд: ... Талуудын хооронд 2021 оны 12 дугаар сарын 28-ний өдөр гэрээ байгуулагдсан. Гэрээний дагуу *** нь 98,813,207 төгрөгийг төлсөн байгаа. Үүнд талуудын хэн аль нь маргаагүй. Маргаж байгаа зүйл нь орон сууцыг ашиглалтад оруулах хугацааг хариуцагч тал одоог хүртэл хэрэгжүүлээгүй. 2022 оны 4-р улиралд орон сууцыг ашиглалтад оруулж өгнө гэсэн боловч одоо 2025 оны 1-р улирал болсон байна. Байр нь 4 давхар цутгамал, гацалтын байдалтай байгаа. Байрыг 2022 оны 4-р улиралд ашиглалт хүлээлгэж өгнө гэсэн учраас тэр болтол манайх хангалттай хүлээсэн. Түүнээс хойш гэрээний мэргэжилтэнтэй нь уулзаж байсан, нягтлантай нь уулзаж байсан. *** гээд захирал нь хүртэл над руу утсаар холбогдоод тусдаа уулзъя, шүүхэд хандаж асуудал битгий үүсгээч гэдэг байдлаар хандаж байсан. ***гийн хүүхэд нь хотод сурдаг учраас хүүхдэдээ байр авч өгөх зорилгоор авсан. Гэтэл байр нь ашиглалтад орохгүй байгаа учраас хүүхэд нь сургуульдаа сурахаар байх газар байхгүй, байр түрээсэлж амьдарсан. Түрээсийн гэрээнүүдийг хэрэгт хавсаргасан байгаа. Түрээсийн төлбөрийг малаар болон мөнгөөр төлж байсан. Манайх түрээс төлөөд хохироод байна гэсэн мэдэгдэл шаардлагаа 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гэрээний мэргэжилтэнд гардуулж өгч байсан, мэдэгдлээ мөн хэрэгт хавсаргасан байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү... гэв.
3. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... Нэхэмжлэлийн шаардлагыг гэрээгээ нэгэнт цуцалсан, мөнгөө авъя гэсэн байдалтай Иргэний хуульд зааснаар гэрээнээс татгалзаж байгаа гэж ойлгож байна. Хэдийгээр үүргийн зөрчил байгаа ч гэсэн. Нэгэнт Иргэний хуулийн 205 дугаар зүйлд зааснаар гэрээнээс татгалзаж байгаа бол ***-д төлсөн 98,813,207 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэдэг байр суурьтай байна. 2021 оны 10 дугаар сарын 28-ний өдөр гэрээ хийсэн, ковид зэрэг асуудал байсан юм байна лээ. 2022-2023 оны хооронд үүсгэн байгуулагчид нь хоорондын өмч хөрөнгийн маргаанаас болж шүүхээр 2 жил гаруй хугацаанд явсан байдаг. Үүнтэй холбоотой гэрээний үүргийн зөрчил байдаг. Орон сууцны өнөөгийн нөхцөл байдал нь 505 айлын орон сууц, 6 блокоос 4 блок нь 70 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа. Хоёрдугаарт Орон сууц захиалан бариулах гэрээгээр 2022 оны 4-р улиралд хүлээлгэж өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл орон сууц ашиглалтад ороогүй байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг ***гийн төлсөн мөнгөний хэмжээгээр хүлээн зөвшөөрч байна. Түрээсийн төлбөрийн асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрээний зөрчлөөс үүссэн хохирол учирсан бол төлнө, алданги төлнө гэсэн заалт орон сууц захиалгын гэрээнд байдаггүй... гэв.
4.Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн
нэхэмжлэл /хэргийн 1-2 дугаар/
улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3,4 дүгээр тал/
нэхэмжлэгчээс *** олгосон итгэмжлэл /хэргийн 6-7 дугаар тал/
2021.10.28, №CR-260, Орон сууц захиалгын гэрээ /хэргийн 8-11 дүгээр тал/
Хаан банкны дансны хуулга /хэргийн 12-25 дугаар тал/
2022.08.08, Орон сууц хөлслөх гэрээ /хэргийн 26-27 дугаар тал/
Орон сууцны өрөөний зохион байгуулалтын зураг /хэргийн 28 тал/
Төрсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 29 дүгээр тал/
*** иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 30 дугаар тал/
2024.09.01 Түрээсийн гэрэээ /хэргийн 31-34 тал/
Тодорхойлолт /хэргийн 35 дугаар тал/
2024.03.25-ны өдөр ***-д гаргасан мэдэгдэл, гомдол /хэргийн 36-37 дугаар тал/ зэрэг баримтууд,
5.Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн
Хариуцагчийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 43 дугаар тал/
Хариу тайлбар /хэргийн 50 дугаар тал/
Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 51 дүгээр тал/ зэрэг баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч ...орон сууц захиалан бариулах гэрээний үүрэг буюу орон сууцны үнэд шилжүүлсэн 98 813 207 төгрөг, учирсан хохирол 22 800 000 төгрөг нийт 121 613 207 төгрөг гаргуулах... нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...гэрээгээр тохирсон хугацаанд орон сууцыг хүлээлгэн өгөөгүй, орон сууц хөлсөлж учирсан хохирлоо шаардаж байна... гэж тайлбарласныг,
хариуцагч эс зөвшөөрч ... гэрээнээс татгалзаж байгаа бол ***-д төлсөн 98,813,207 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Гэрээний зөрчлөөс үүссэн хохирол учирсан бол төлнө, алданги төлнө гэсэн заалт орон сууц захиалгын гэрээнд байдаггүй... гэж тайлбарлажээ.
3. Хэрэгт авагдсан баримт, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч буюу худалдан авагч *** 2021 оны 10 сарын 28-ны өдөр №CR-260 тоот Орон сууц захиалгын гэрээг хариуцагч буюу худалдагч ***-тай байгуулж, Баянзүрх дүүрэг, 8 хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй *** хотхоны CR-05 блок байрны 9 давхарт 74.04м2 талбай бүхий 3 өрөө орон сууц хөрөнгийг 1м2 талбайг нь 1 990 000 төгрөгөөр тооцож нийт 147 339 600 төгрөгөөр худалдан авах, худалдагч орон сууц хөрөнгийг 2022 оны 4-р улиралд багтаан хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон нь орон сууц захиалгын гэрээ, төлбөр төлөх хуваарь, орон сууцны план зураг, зохигч талуудын тайлбар баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 8-11, 28 дугаар тал/
4. Энэ нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэхь хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл болно.
5. Дээрхи гэрээ нь зохигчдын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хийгдсэн гэрээ хүчин төгөлдөр хэлцэл байна.
6. Хэлцэл хийгдсэн, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.
7. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу худалдагч нь биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй 74.04м2 талбай бүхий 3 өрөө орон сууц хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь гэрээгээр тохирсон үнийг төлж орон сууц хөрөнгөө хүлээн авах үүрэгтэй.
8. Нэхэмжлэгч гэрээний 3.1, 3.2, 3.2.1, 3.2.2-т зааснаар гэрээний төлбөр болох 147 339 600 төгрөгийг 2021.10.28-ны өдөр 73 339 600 төгрөг, үлдэгдэл 73 669 800 төгрөгийг 3 жилийн хугацаанд буюу 2024.10.25-ны дотор зээлээр төлөхөөр тохиролцжээ.
9. Нэхэмжлэгч орон сууц хөрөнгийн үнэ 98 813 207 төлж гэрээний үүргийн дийлэнх хэсгийг биелүүлсэн нь Хаан банкны дансны хуулга, зохигч талуудын тайлбар баримтаар тогтоогдож байна. /хэргийн 12-20 дугаар тал/
10. Хариуцагч *** гэрээний 4, 6.1.1, 6.1.2, 6.1.6-д заасны дагуу хариу үүрэг буюу орон сууц хөрөнгийг 2022 оны 4-р улиралд багтаан /2022.12.31-ны өдрийн дотор/ холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын дагуу чанартай барьж дуусган нэхэмжлэгчид акт үйлдэн хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч уг орон сууцыг өмчлөх эрхээ баталгаажуулахад шаардлагатай бүх бичиг баримт мэдээллээр хангах үүрэг хүлээсэн.
11. Хариуцагч дээрх хариу үүргээ биелүүлээгүй нь ... орон сууц захиалан бариулах гэрээгээр 2022 оны 4-р улиралд хүлээлгэж өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл орон сууц ашиглалтад ороогүй байгаа... гэх хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар баримтаар тогтоогдож байна.
12. Тодруулбал хариуцагч нэхэмжлэгчийн орон сууцны төлбөрт шилжүүлсэн мөнгөн төлбөрийн хэмжээ, орон сууц ашиглалтад оруулах үүргээ хариуцагч өнөөдрийг хүртэл хугацаанд биелүүлээгүй, хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч гэрээнээс татгалзсантай холбоотой маргаагүй.
13. Харин нэхэмжлэгч тал хариуцагчийн гэрээний үүргээ зөрчсөний улмаас орон сууц хөлсөлсний зардал төлбөрөөр хохирсон, энэ хохирол төлбөрт 22 800 000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.
14. Нэхэмжлэгч 2022.08 сараас 2023 оны 05 сар хүртэл сарын 1200 000 төгрөгөөр нийт 10 800 000 төгрөг, 2023.08 сараас 2024 оны 06 сар хүртэлх сарын 1200 000 төгрөгөөр нийт 12 000 000 төгрөг бүгд 22 800 000 төгрөгийн хөлс төлбөр төлж хохирсон гэж нэхэмжилжээ.
15. *** өмчлөлийн *** тоот хаягтай орон сууц хөрөнгийг нэхэмжлэгчийн төрсөн охин *** 2022.08.08-аас 2023.06.08-ны өдөр хүртэл сарын 1200 000 төгрөгөөр, ***өмчлөлийн *** тоот хаягтай орон сууц хөрөнгийг нэхэмжлэгч 2023.08.01-аас 2024.06.10-ны өдөр хүртэл сарын 1200 000 төгрөгөөр хөлслөхөөр тохирсон нь нэхэмжлэгчийн тайлбар, орон сууц хөлслөх гэрээ баримтаар тогтоогдож байна.
16. Дээрх орон сууц хөлслөх гэрээний үүрэгт нэхэмжлэгч мөнгө, мал хөрөнгө шилжүүлсэн нь Хаан банкны дансны хуулга, тодорхойлолт баримтаар тогтоогдож байна. Эдгээр баримтыг хариуцагч үгүйсгэж баримтаар няцаагаагүй.
17. Хариуцагч хохирол 22 800 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ ...гэрээгээр талууд хохирол алданги төлөхөөр тохиолцоогүй ...гэж тайлбарласныг үндэслэлгүй гэж үзнэ.
18. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэжээ.
19. Зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч орон сууц хөрөнгийг 2022 оны 04 улиралд багтаан нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй гэрээний үүргээ зөрчсөн хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан учир гэрээний үүрэгт шилжүүлсэн 98 813 207 төгрөгийг буцаан шаардах, мөн гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохирлоо шаардах эрх хуулийн дагуу үүссэн байна.
20. Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн орон сууц захиалгын гэрээний төлбөрт шилжүүлсэн 98 813 207 төгрөгийг, гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохирол 16 800 000 төгрөг нийт 115 613 207 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 999 999 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
21. Нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохирлын хэмжээг дараах байдлаар тооцсоныг тайлбарлах нь зүйтэй. Үүнд
22. Орон сууц захиалгын гэрээний 6.1.2-т хариуцагч орон сууц хөрөнгийг нэхэмжлэгч талд 2022 оны 04 дүгээр улиралд багтаан хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн.
23. 2024 оны 03 сарын 25-ны өдөр нэхэмжлэгч хариуцагч талд гэрээнээс татгалзах тухай бичгээр мэдэгдсэн нь мэдэгдэл баримтаар тогтоогдож байна.
24. Нэхэмжлэгчийн гэрээний үүрэг шаардах эрх үүссэн үеэс гэрээнээс татгалзахаа мэдэгдэх хүртэл хугацааны буюу 2023 оны 01 сараас 2024 оны 03 сар дуусталх 14 сарын хугацааны хөлс 16 800 000 /нэг сарын 1 200 000 төгрөг/ төгрөгийг нэхэмжлэгчид учирсан хохирол гэж тооцов.
25. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 766 020 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ***-аас улсын тэмдэгтийн хураамж 736 016 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.
26. 2024.07.01-ний өдрийн нэхэмжлэгчээс *** олгосон итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч ***-аас нийт 115 613 207 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ***д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 999 999 төгрөгт холдогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 766 020 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 736 016 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ