2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 192/ШШ2025/00945

 

 

    2025         02            04                                           192/ШШ2025/00945

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн  шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            нэхэмжлэгч: ***, *** ХК-ийн нэхэмжлэлтэй,

                       

хариуцагч: ***нарт холбогдох,

            зээлийн гэрээний үүрэгт 151 067 653.37 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           

            Шүүх хуралдаанд:

           нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** оролцож,

            шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 151 067 653.37 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.Нэхэмжлэгч, нэхэмжлэлийн үндэслэл шаардлага дараах байдлаар тайлбарлажээ. Үүнд: ... *** гэдэг хүнийг анх 2021 онд *** Сонгинохайрхан дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Тэр хугацаанд *** Мандал даатгалтай шүүхдэж байгаа гэдэг шалтгаанаар манай  нэхэмжлэлийг түр түдгэлзүүлсэн. 2021-2024 он хүртэл хугацаанд түдгэлзсэн байж байгаад 2024 онд Мандал даатгалтай шүүх хурал нь дууссан. Шүүгчийн захирамжаар зээлийн хүүг зогсоодог учраас ***наас зээлийн хүүг зогсоогүй явж байсан. Тэгээд бид нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээд нэхэмжлэл гаргасан. *** гэдэг хүний хувьд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг дэмждэггүй, маргаад яваад байдаг юм. *** болон *** нартай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөр 105,134,372.16 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байдаг. 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 45,933,281.21 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт нэхэмжлэлийн үнийн дүн 151,067,653.37 төгрөг болсон. Үүнээс үндсэн зээлийн төлбөр нь 80,410,790.81 төгрөг, үндсэн хүү 70,268,228.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 227,487.55 төгрөг, даатгалын төлбөрт 161,146.30 төгрөг, нийт 151,067,653.37 төгрөгийг хариуцагчаас гаргуулах. 1741 хоногийн хугацаа хэтрэлттэй, банкнаас 2022 онд зээлдэгчийг зээлээ төлөх чадваргүй болсон гэж үзэж шүүхээр орж хүүг нь зогсоох захирамж гаргуулах гэж байсан боловч хариуцагч нь Мандал даатгалтай шүүхээр маргалдаж, мөнгө гаргуулсан. Даатгалаас гаргуулсан төлбөрөөрөө банкны төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй. Барьцаа хөрөнгийнх нь чанар маш муудсан, зээлийн төлбөрт авах боломжгүй болсон. *** нь 2021 онд гаргасан 105,134,372.16 төгрөг дээр эвлэрээд барьцаа хөрөнгөөр хангуулахад бэлэн байна гэдэг боловч банкны зүгээс боломжгүй гэсэн тайлбарыг өгсөн байдаг. Иймд хариуцагч нараас 151,067,653.37 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү... гэв.

3.Хариуцагч хариу тайлбартаа:.. миний бие *** нь 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ***тай *** дугаартай зээлийн гэрээ бичгээр байгуулж 81 000 000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэйгээр 240 сарын хугацаатай зээл авсан. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2018.10.10-ны өдөр *** дугаар ипотекийн гэрээгээр дараах хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд 1.Миний өмчлөлийн ** тоот, 136м.кв *** дугаар амины орон сууц, 2.* нэгж талбарын дугаартай, зуслангийн зориулалттай зээлийн эрхийг газрыг тус тус барьцаанд өгсөн. Би зээлийн эргэн төлөлтөө тасралтгүй төлж явсан боловч цар тахалын болон ***ны даатгалтай шүүх дээр маргаантай байсан нөхцөл байдал үүссэн тул зээлийн эргэн төлөлтийг түр зогсоосон. Миний *** нь ***ны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн барьцаа хөрөнгө гамшгаас үүдэн хүн амьдрах нөхцөлгүй болсон тул 2021.05 сард Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. ***ны Мандал даатгалыг хариуцагчаар татсан. Одоо тус шүүх дээр иргэний хэрэг үүсээд явж байгаа. Би ***ны нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөр болох 80 410 790 төгрөгийг төлнө. Харин хүүний төлбөр 31 922 195 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36872 төгрөг, даатгал 161 146 төгрөг, нийт 112 531 004 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү, *** би 2018.10.10-ны өдөр ***наас амины орон сууц худалдан авахад зориулж 81 сая төгрөгийн зээл авсан бгөөөд барьцаа хөрөнгө байгалийн эрсдэлд орж даатгалтай шүүхээр явсан хугацаанд нэхэмжлэлээ нэмэгдүүлсэнг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна ... гэжээ.

4.Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

нэхэмжлэл /хэргийн 1-2 дугаар/

2019.04.16, 101/ШЗ2019/05968, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж /хэргийн 3 дугаар тал/

2021.09.01, 184/ШЗ2021/09401, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж /хэргийн 4 дүгээр тал/

2022.02.21, 18/01/0078 тоот *** ХК-аас *** олгосон итгэмжлэл /хэргийн 5 дугаар тал/

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 6-7 дугаар тал/

2021.08.04, 734 *** ХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал /хэргийн 8 дугаар тал/

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 9 дүгээр тал/

*** ХК, ***, *** нарын хооронд байгуулсан 2018.10.10-ний өдрийн дугаар *** зээлийн гэрээ /хэргийн 10-20 дугаар тал/

Зээлийн дансны хуулга /хэргийн 21-24 дүгээр тал/

***гийн 2020.09.30-ний өдөр *** ХК-д гаргасан хүсэлт /хэргийн 25 дугаар тал/

Уулзалтын тэмдэглэл /хэргийн 26 дугаар тал/

2024.09.18 нэхэмжлэгчээс *** олгосон итгэмжлэл /хэргийн 106 дугаар тал/

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага /хэргийн 110-112 дугаар тал/ зэрэг баримтууд,

 

5.Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

Хариуцагчийн иргэний үнэмлэхний лавлаа /хэргийн 32 дугаар тал/

***өөс ***д олгосон итгэмжлэл /хэргийн 37 дугаар тал/

Хариу тайлбар /хэргийн 39-41 дүгээр тал/

2018.10.11, ***, ***, *** нарын хооронд байгуулсан даатгалын гэрээ /хэргийн 42 дугаар тал/

2021.03.11, №05/528 дугаар Хот байгуулалтын хөгжлийн газраас ***д олгосон хариу хүргүүлэх тухай албан бичиг /хэргийн 43 дугаар тал/

2021.03.18, 02.07.383/188 Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлт /хэргийн 44 дүгээр тал/

2021.04.16, 9/1432 Санхүүгийн зохицуулах хорооны албан бичиг /хэргийн 45 дугаар тал/

2021.06.11, дугаар 12/02 Нийслэлийн сонгинохайрхан дүүргийн онцгой байдлын хэлтсийн байцаагчийн дүгнэлт /хэргийн 46-47 дугаар тал/

2021.08.27, 9/2903 Санхүүгийн зохицуулах хорооны албан бичиг /хэргийн 48 дугаар тал/

2022.02.08, 22/А-009,***-ийн албан бичиг /хэргийн 49 дүгээр тал/

2022.03.17, 181/ШЗ2022/03340 Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /хэргийн 50-51 дүгээр тал/

Хариу тайлбар /хэргийн 117 дугаар тал/

2024.06.14, ***-ийн нөхөн төлбөр олгох тухай албан бичиг /хэргийн 118 дугаар тал/ зэрэг баримтууд,

 

6.Шүүхээс бүрдүүлсэн

2022.08.04, 181/ШШ2022/01704 дугаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /хэрргийн 71-78 дугаар тал/

2023.04.24, 181/ШЗ2023/07053 дугаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /хэрргийн 58-91 дүгээр тал/ зэрэг  баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

 

 

ҮНДЭСЛЭХ нь

1.Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж үзнэ.

2. Нэхэмжлэгч ...зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, 151 067 653.37 төгрөг гаргуулах, үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах... нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...хариуцагч нар зээлийг эргүүлэн төлөх үүргээ биелүүлээгүй гэрээний үүргээ зөрчсөн... гэж тайлбарласныг,

хариуцагч нар эс зөвшөөрч ...цар тахлын болон ***ны даатгалтай холбоотой маргаантай байсан нөхцөл байдал үүссэн тул зээлийн эргэн төлөлтөө түр зогсоосон, ...барьцаа хөрөнгө байгалийн эрсдэлд орж, даатгалтай шүүхээр явсан хугацаанд нэхэмжлэлээ нэмэгдүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргаж байна.

3. Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Хариуцагч ***, *** нар 2018 оны 10 сарын 10-ны өдөр ЗГ325113798 тоот зээлийн гэрээг нэхэмжлэгч *** ХХК-тай  байгуулж, 81 000.000 төгрөгийг хувийн сууц худалдан авах зориулалтаар жилийн 22.8 хувийн хүүтэй, 240 сарын  хугацаатай зээлжээ. /хэргийн 10-12 дугаар тал/

 

Үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож 2018 оны 10 сарын 10-ны өдөр *** тоот ипотекийн гэрээгээр хариуцагч ***гийн өмчлөлийн улсын бүртгэлийн *** дугаартай, *амины сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ***гийн эзэмшлийн нэгж талбарын * дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 1 хороо Баянгол ам хаягт байршилтай зуслангийн зориулалттай 700м кв талбай бүхий газар үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хэргийн 17-20 дугаар тал/

 

4. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэхь хэсэгт заасан банкны зээлийн болон барьцааны гэрээний үүргийн харилцаа үүссэн байх бөгөөд гэрээнүүд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

5. Гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.

 

6. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч мөнгөн хөрөнгө болох 81 000 000 төгрөгийг хариуцагч буюу зээлдэгчийн эзэмшил ашиглалтад шилжүүлэх, хариуцагч нар гэрээнд заасан хугацаанд уг мөнгийг тохирсон хүүгийн хамт буцаан төлөх үүрэгтэй.

 

7. Гэрээний дагуу 81 000 000 төгрөгийг нэхэмжлэгч 2018 оны 10 сарын 11-ний өдөр хариуцагч ***гийн эзэмшлийн ***ны *** дугаарын төгрөгийн данс руу шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн байна. /хэргийн 21 дүгээр тал/

 

8. Зохигч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2038 оны 10 сарын 09-ний өдөр дуусгавар болсон хэдий ч хариуцагч нар мөнгийг хүүгийн хамт гэрээгээр тохирсон хугацаанд хуваарийн дагуу төлөөгүй, 2022 оны 02 сарын 21-ний өдрийн байдлаар үндсэн зээл 80 410 790.91 төгрөг, хүү 31 922 195.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36 872.10, даатгал 161 146.30 төгрөг  нийт 122 531 004.36 төгрөг төлөгдөөгүй хуримтлагдсан байна. /хэргийн 21-24 дүгээр тал/

 

9. Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 2024 оны 10 сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээл үндсэн зээл 80 410 790.91 төгрөг, хүү 70 268 228.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 227 487.55, даатгал 161 146.30 төгрөг  нийт 151 067 653.37 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. /хэргийн

 

10. Хэргийн 26 дугаар талд авагдсан уулзалтын тэмдэглэл баримтад ...СХД-ийн хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргахаар тохиролцов... гэж тэмдэглэсэн, 2022 оны 02 сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа зээлийн гэрээг цуцлахаа мэдэгдснээр талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ цуцлагдсан гэж үзнэ.

 

11. Нэхэмжлэгч хариуцагч нарыг гэрээнд заасан хугацаанд үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэж, зээлийн болон барьцааны гэрээний үүргийг хариуцагч нараас  шаардсан байна.

 

12. Хариуцагч зээлийн төлбөрийн хэмжээ тооцооллын талаар маргаагүй, харин ...үндсэн зээлийн төлбөр 80 410 790.81 төгрөгийг хүлээн зөвшөөрч үлдэх хүү болон нэмэгдүүлсэн хүү, даатгалын төлбөрийг төлөхгүй зөвшөөрөхгүй, цар тахлын болон ***ны даатгалтай холбоотой маргаантай байсан нөхцөл байдал үүссэн тул зээлийн эргэн төлөлтөө түр зогсоосон, ...барьцаа хөрөнгө байгалийн эрсдэлд орж, даатгалтай шүүхээр явсан хугацаанд нэхэмжлэлээ нэмэгдүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй...  гэж тайлбарласныг шүүх үндэслэлгүй гэж үзнэ.

            13. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.2.1-д хөнгөлттэй жилийн хүү 18 хувь гэж, 2.3-т зээлдэгч нь зээл авсан өдрөөс эхлэн түүнийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд төлөгдөөгүй байгаа зээлийн үлдэгдэлд зээлийн хугацаа дууссанаас үл хамааран сар бүр энэхүү гэрээний 2.1.1-д заасан хувийн хүүг хавсралт№1-д заасан графикийн дагуу төлнө, 2.6-д хүүг үргэлжлүүлэн төлөхөөс гадна үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр, 4.1.2-т зээл зээлийн хүүгийн төлбөрийг Хавсралт №1 болон Хавсралт№2-д заасан графикийн дагуу энэхүү гэрээний 2.1.6-д заасан харилцах дансаар дамжуулан төлөх үүрэгтэй, 4.1.3-т ...зээлийн үлдэгдэлд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, 5.2-т зээлдэгч зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй аливаа шалтгаан нь ...зээлдэгч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхгүй байх үндэслэл болохгүй... гэж тус тус тохиролцсон байна.

            14. Хариуцагчийн худалдан авсан амины орон сууц хөрөнгөд даатгалын эрсдэл үүсч хариуцагч *** ХК-тай байгуулсан даатгалын гэрээний дагуу шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу нөхөн төлбөр 73 965 150 төгрөгийг авсан нь хэрэгт авагдсан 2024.06.14-ний өдрийн Нөхөн төлбөр олгох тухай баримтаар тогтоогдож байна.            

15. Зээлийн гэрээний 4.1.6-д зээлдүүлэгч ...даатгалын тохиолдол бий болсон бол даатгалын нөхөн олговрын хөрөнгөөр Банк тэргүүн ээлжинд энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар... тохиролцсон боловч хариуцагч даатгалын нөхөн төлбөрөөр зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

            16. Хариуцагч өөрийн тайлбар татгалзлыг баримтаар нотлоогүй, даатгалын эрсдэл үүсч гэрээтэй холбоотой маргаан гарсан нь зээлдэгч зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй, хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй болох нь хэрэгт авагдсан дансны хуулга, хүү тооцооллын хүснэгт, нэхэмжлэгчийн тайлбар баримтаар тогтоогдож байна.

Мөн зохигч талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасны дагуу нэхэмжлэгч хүү нэмэгдүүлсэн хүү тооцох эрхтэй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

17. Нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэхь хэсэгт заасан үндэслэлтэй тул, хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд нийт 151 067 653.37 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.

 

18. Хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэхь хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан үл хөдлөх хөрөнгүүдийг худалдахыг шаардах эрх үүссэн байна.

 

19. Зээлийн барьцаанд бариулсан амины орон сууц болон газар үл хөдлөх хөрөнгөөс амины орон сууц хөрөнгийн чанар байдал муудсан хэдий ч нэхэмжлэгч барьцааны хөрөнгөөс үүргийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаагүй.

 

20. Иймд хариуцагч нар мөнгөн төлбөр төлөх дээрхи үүргээ сайн дураар эс биелүүлбэл зээлийн гэрээний үүрэг барьцаалсан хариуцагч ***гийн өмчлөлийн улсын бүртгэлийн *** дугаартай, *** амины сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ***гийн эзэмшлийн нэгж талбарын *** дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 1 хороо Баянгол ам хаягт байршилтай зуслангийн зориулалттай 700м кв талбай бүхий газар үл хөдлөх хөрөнгүүдийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийг хангуулах үндэслэлтэй байна.

 

21. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 178 423 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 1 178 423 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

 

22. 2024.09.18-ны өдрийн №18/01/0618 тоот нэхэмжлэгчээс *** олгосон итгэмжлэлээр, 2022.03.22-ны өдрийн дугаар 0113 хариуцагч ***өөс ***д олгосон итгэмжлэлээр тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 угаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 37, 106 дугаар тал/

 

23. Нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд нэхэмжлэгчийн тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэснийг тайлбарлах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэхь хэсгийг баримтлан хариуцагч ***, *** нараас зээлийн гэрээний үүрэг нийт  151 067 653.37 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *** ХХК-д олгосугай.   

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэхь хэсэгт заасны дагуу хариуцагч ***гийн өмчлөлийн улсын бүртгэлийн *** хаягт байрлах 136м кв талбайтай амины сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ***гийн эзэмшлийн нэгж талбарын 18628319702656 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 1 хороо Баянгол ам хаягт байршилтай зуслангийн зориулалттай 700м кв талбай бүхий газар үл хөдлөх хөрөнгүүдийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.  

 

3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 178 423 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 1 178 423 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                      Ш.ОЮУНТУУЛ