Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 216/МА2021/00003

 

Төрийн албаны зөвлөл-Төрийн байгууллага нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч О.Однямаа, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 134/ШШ2021/00012 дугаар шийдвэртэй, Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлтэй *******д холбогдох төрд учирсан хохирол 6.665.190 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Баатарзоригийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Жавзандулам, Э.Мөнхгэрэл, хариуцагчийн өмгөөлөгч Г.Сумъяа нар /ZOOM программаар/, прокурор Ш.Батсүх, нарийн бичгийн дарга М.Гэрэлтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ, 50.2-т Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж тус тус заасан.

******* нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байхдаа 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар*******ыг төрийн сангийн мэргэжилтний албан тушаалаас халжээ.******* нь тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 04/1201 дүгээр албан бичгээр*******т халах сахилгын шийтгэл ногдуулсан Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны Б/14 дүгээр тушаалыг хүчингүй болгож, хариу мэдэгдэх хугацаатай үүрэг даалгавар өгсөн.

Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/39 дүгээр тушаалаар*******ыг төрийн сангийн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилсон.******* нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг Шивээговь сумын Засаг даргын Тамгын газар нь хүлээн зөвшөөрсөн тул Говьсүмбэр аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 134/ШШ2019/00203 дугаар захирамжаар*******ын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 5 924 613 төгрөг болон эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх талаар зохигчдын эвлэрлийг баталж шийдвэрлэсэн байна.

Тус шүүхийн шийдвэрийн дагуу Шивээговь сумын Засаг даргын Тамгын газраас 6 665 190 төгрөгийг төлж барагдуулсан байна. Хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох нийт 6 665 190 төгрөгийг /төлбөр төлөх дансны дугаар Төрийн банк 100900021501/ буруутай албан тушаалтан *******аас гаргуулж өгнө үү гэжээ. /хх-1-2/

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн албаны зөвлөлөөс нэхэмжлэл гаргасан үндэслэл нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан ******* 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/14 дугаартай тушаалаар төрийн сангийн мэргэжилтэн*******ыг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Уг сахилгын шийтгэл ногдуулсан тушаалд******* нь гомдол гаргасан. Төрийн албаны зөвлөлөөс гомдлыг хянаад Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 04/1201 дугаартай албан бичгээр*******т төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Төрийн албаны тухай хууль тогтоомжийг зөрчсөн байна гэж үзээд ажилд нь эгүүлэн томилоод хариуг Төрийн албаны зөвлөлд ирүүл гэсэн бичиг явуулсан. Үүний дагуу Шивээговь сумын Засаг даргын тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний Б/39 гэсэн тушаалаар*******ыг сумын Засаг даргын төрийн сангийн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилсон байдаг.******* нь ажилд орсны дараа шүүхэд ажилгүй байсан хугацааны цалин болох нөхөх олговрыг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх хугацааны явцад талууд эвлэрэх хүсэлт гаргаад*******т ажилгүй байсан хугацааны цалин 5 924 613 төгрөгийг олгох байдлаар эвлэрэх хүсэлт гаргасан. Үүнийг шүүх баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Шивээговь сумын Засаг даргын тамгын газрын 4 удаагийн гүйлгээ хийсэн. Үүнд 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 1 421 907.50 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 4 000 000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 872 124 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 371 158.98 төгрөг гээд нийт 4 удаагийн гүйлгээ хийгдэж сумын Засаг даргын тамгын газрын төрийн сангийн данснаас нийт 6 665 190 төгрөгийн гүйлгээ гарч*******ын дансанд орсон байдаг. Төрийн албаны тухай хууль 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр батлагдаад 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн байгаа. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас хууль бусаар түр чөлөөлсөн, халсныг Төрийн албаны төв байгууллага буюу Төрийн албаны зөвлөл эсхүл шүүх тогтоосон бол төрд учирсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ. Мөн зүйлийн 50.2-т Төрийн албаны төв байгууллага, шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасан. Энэ нь Төрийн албаны зөвлөлийн ажил.

Иймд Төрийн албаны зөвлөлөөс төрд учруулсан хохирол болох 6 665 190 төгрөгийг буруутай албан тушаалтан буюу тухайн үед Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан *******аас гаргуулж төрийг хохиролгүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагчийн өмгөөлөгч хоёр үндэслэлийн хүрээнд тайлбар гаргаж байна. Нэгдүгээрт нь буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ нэхэмжлээд байгаа үнийн дүн бага байх ёстой гэдэг зүйлийг яриад байна. Шүүхээс эвлэрлийг баталсан нь 5 924 160 төгрөг эсвэл 6 665 190 төгрөг байна уу? Төрийн албаны зөвлөлд хамаагүй. Яг бодит учирсан хохирол нь хэд байна, тэрийг Төрийн албаны зөвлөл нөхөн төлүүлэх эрхтэй. Тэр хүрээндээ 6 665 190 төгрөг гэж тодорхойлсон. Дараагийн зүйл нь Төрийн албаны зөвлөл******* гэдэг хүний гомдолд маргаан үүсгэх ёстой, хуульд заасан хугацаа хэтэрсэн гэсэн зүйлийг ярьж байна. Энэ нь төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх шүүхэд гаргах нэхэмжлэлийн шаардлагатай буюу нэхэмжлэлийн үндэслэлтэй хамаарахгүй гэж бодож байна. Нэхэмжлэлийн шаардлагаас өөр зүйл яриад байна.******* нь 2019 оны 02 дугаар сард Б/14 гэсэн тушаалаар ажлаас халагдсан. Ингээд Төрийн албаны зөвлөлд 2019 оны 03 дугаар сарын 22-нд гомдол ирүүлсэн. Уг гомдолд маргаан яагаад үүсгээгүй вэ? гэхээр Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйл, Улсын Их Хурлын 2019 оны 20 дугаартай тогтоолоор баталсан маргаан хянан шийдвэрлэх журам гэж байгаа. Дээрх журманд заасны дагуу Төрийн албаны зөвлөл гомдлыг хүлээж аваад маргаан үүсгэх эсэх нь өөрийн эрх хэмжээний асуудал. Ирсэн гомдол болгонд маргаан үүсгэ гэж хэн нэгэн хөндлөнгийн этгээд шаардлага тавих боломжгүй. Эрх учраас энэ эрхээрээ шийдвэрлэсэн. Монгол Улсын сайд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга болон Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 36,32 дугаар тушаал байдаг. Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах түүнд гомдол гаргах журам, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хэм хэмжээний актын 8.2-т Төрийн албаны тухай хуулийн 48.1.1, 48.1.2-т заасан шийтгэл ногдуулсан шийдвэрийн талаар Төрийн албаны зөвлөлд, 48.1.3, 48.1.4-т заасан шийтгэл ногдуулсан шийдвэрийн талаар шүүхэд гомдол гаргана гэж заасан. Өөрөөр хэлбэл*******т ногдуулсан халах шийтгэл нь өөрөө Төрийн албаны тухай хуулийн 48.1.3 буюу төрийн албанаас халах гэсэн сахилгын шийтгэл ногдуулсан.******* нь өөрөө шууд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах бүрэн эрхтэй байсан. Гэхдээ хаана, хэнд гомдол гаргах гэдэг нь Үндсэн хуулиар иргэнд олгосон эрх учраас Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. Төрийн албаны зөвлөл Монгол Улсын хэмжээнд байгаа төрийн жинхэнэ албаны статусыг мөрдүүлж, бодлого үйл ажиллагааг тодорхойлж ажилладаг, чиг үүрэгтэй байгууллага учраас*******ын ирүүлсэн гомдлыг манайх шийдвэрлэх эрхгүй гэж шууд хүлээж авахгүй байх боломжгүй. Яагаад гэвэл төрийн албатай холбоотой маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх журам хангуулж биелүүлэхийн тулд манайд ханддаг. Манай байгууллага тэр тохиолдолд маргаан үүсгэх эсэхээ өөрөө шийдвэрлэнэ. Хэрвээ маргаан үүсэх юм бол цааш нь ажиллагаа хийгээд Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар шийддэг. Хэрэв үүсгэхгүй бол иргэний гомдлыг холбогдох албан тушаалтанд цохолт хийгээд албан тушаалтнаас тайлбар болон нотлох баримтаа аваад, үндэслэлийг шалгаад хариу өгдөг. Энэ хариу өгөх үйл ажиллагаа нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явагддаг. Төрийн албаны зөвлөл нэг талдаа төрийн албаны дээд байгууллага хэдий ч нөгөө талдаа захиргааны байгууллага учраас захиргааны чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаг. Энэ чиг үүргийнхээ хүрээнд*******аас ирүүлсэн гомдлыг шийдвэрлэх үүрэгтэй байсан. Гомдлыг шийдвэрлээд ажлаас халсан тушаал буруу байна, тиймээс*******ыг ажилд нь буцаан томил гэдэг үүрэг даалгавар биелэгдээд******* ажилдаа орсон. Энэ нь өөр маргаан, өнөөдөр төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхтэй уялдсан өөр харилцаа. Уг харилцаа нь хийгдээд дууссан. Одоо гаргаад байгаа төрд учруулсан хохирол 6 665 190 төгрөгийг нөхөн төлүүлье гэдэгтэй холих шаардлагагүй гэжээ.

 

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлтэй танилцлаа. Хариуцагч ******* миний бие нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд: ******* миний бие Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалыг хашиж байх хугацаандаа буюу 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Б/14 тушаал гаргаж Төрийн сангийн мэргэжилтэн*******ыг ажлаас чөлөөлсөн. Гэхдээ би Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалаас 2019 оны 03 дугаар сарын 25-ны Б/09 дугаар Сумын Засаг даргын захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн болно. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 04/1201 албан бичгээр*******т сахилгын шийтгэл ногдуулсан Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны Б/14 дүгээр тушаалыг хүчингүй болгож, хариу мэдэгдэх хугацаатай үүрэг даалгавар өгсөн гэжээ. ******* би ажлаас чөлөөлөгдсөн тул дээрх албан бичигтэй танилцаагүй бөгөөд албан бичигтэй танилцсан Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын дарга тухайн шийдвэрийг хүчингүй болгож,*******ыг буцааж ажилд эгүүлэн томилох эрх хэмжээтэй байсан. Иймд*******ыг ажилд эгүүлэн томилсон 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг миний бие дангаар хариуцах ёсгүй гэж үзэж байна.

Мөн нэхэмжлэгч нь 6 665 190 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ. Тус мөнгөн дүнг тодорхойлохдоо Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 134/ШШ2019/00203 дугаар захирамжаар Зохигчдын эвлэрлийг баталсан шийдвэрийг үндэслэл болгосон байна. Тус шүүгчийн захирамж нь талуудын эвлэрлийг баталсан болохоос*******т олгох ажилгүй байсан хугацааны цалин хөлсний хэмжээнд дүгнэлт хийгээгүй болно. Мөн нэхэмжлэгч талаас төрд учруулсан хохирлыг бодитоор тогтоогоогүй байна. Тухайлбал*******ыг төрийн сангийн мэргэжилтний албан тушаалаас чөлөөлсний дараа тухайн албан тушаалд шинээр ажилтан авч ажиллуулаагүй, өөр албан тушаалд ажиллаж байсан албан хаагчид 40 хувийн урамшуулал олгож, хавсарган ажиллуулж байсан. Өөрөөр хэлбэл*******т олгогдох байсан цалингийн 60 хувь хэмнэгдсэн. Гэтэл Төрийн албаны зөвлөлөөс төрд 6 665 190 төгрөгийн хохирол учирсан гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ. /хх-22/

Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн албан хаагийн хууль бус шийдвэртэй холбоотйгоор төрд учруулсан хохирлг төрөөс эхлээд буруутай шийдвэр гаргасан албан тушаалтны өмнөөс хохирлыг барагдуулсан нь санхүүгийн баримт, шүүхийн шийдвэрээр тодорхой байдаг. Тиймээс буруутай албан тушаалтнаас төрд учруудлсан хохирол болох 6,665,190 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна. ...Төрд хохирол учирсан байгаа учраас төрийг хохиролгүй болгох нь зүй ёсны хэрэг. Тиймээс хохирлыг буруутай шийдвэр гаргасан албан тушаалтнаас гаргуулна. ...Тушаал гаргасан хүн нэг ч төгрөгийн хариуцлага байдаггүй. Үндсэндээ төрөөс ажилгүй байсан хугацааны баахан мөнгө гаргадаг.Үүнийг төр нэхэмжлэхгүй бол буруутай шийдвэр гаргасан албан тушаалтан ямар ч хариуцлага хүлээдэггүй,төр хохироод үлддэг асуудал байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ./хх-139, 142/

Анхан шатны шүүх: Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 514 дүгээр зүйлийн 514.1-т зааснаар хариуцагч *******аас төрд учруулсан хохирол 2 221 730 төгрөгийг гаргуулж Төрийн банкны 100900021501 тоот /Төрийн сан/ дансанд оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 4 443 460 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 50 498 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулах, ... шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах гомдол гаргах эрхтэй гэж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Баатарзориг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ... анхан шатны шүүхийн 12 дугаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй учир бүхэлд нь эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт заасны дагуу дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Нэг. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан Буруутай албан тушаалтны төрд учруулсан хохирол 6 665 190 төгрөгийг нөхөн төлүүлэх шаардлагын хүрээнээс хальж хэргийг шийдвэрлэсэн тухайд:

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар*******ыг тус сумын Тамгын газрын төрийн сангийн мэргэжилтний албан тушаалаас халах сахилгын шийтгэл ногдуулсныг эс зөвшөөрч, Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан.

Улмаар Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 04/1201 дүгээр албан бичгээр ...*******т төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй, хуульд зааснаар өөрийн эрх хэмжээний хүрээнд хүчингүй болгож, хариу мэдэгдэж, хууль хэрэгжүүлэн ажиллах хугацаатай үүргийг Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчид өгсөн.

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын дарын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/39 дүгээр тушаалаар Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Хууль хэрэгжүүлэн ажиллах тухай 04/1201 дүгээр албан бичгийн дагуу*******ыг өмнө нь эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилсон.

Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага... тогтоосон бол ... гэж зааснаар*******ыг төрийн албанаас хууль бусаар халсныг Төрийн албаны зөвлөл 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 04/1201 дүгээр албан бичгээр Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчснийг тогтоож, уг шийдвэрийн дагуу******* урьд эрхэлж байсан албан тушаалдаа эгүүлэн томилогдсон. Энэ талаар хариуцагч болон түүний өмгөөлөгч маргаагүй, харин*******т төрийн албанаас халах сахилгын шийтгэлийг хууль зүйн үндэслэлгүйгээр ногдуулсан, хууль бус үйлдлийн улмаас төрд хохирол учруулснаа хүлээн зөвшөөрдөг.

Анхан шатны шүүх шийдвэртээ ... Төрийн албаны зөвлөл*******ын гомдлыг хүлээн авч, маргааныг хянан шийдвэрлэсэн явдалд шүүх дүгнэлт хийх шаардлагагүй ... эрх бүхий этгээдийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон тул шүүх дахин нотлохгүй... гэж дүгнэсэн атал ... Төрийн албаны зөвлөл хуульд заасан хугацааг ажлын 121 хоногоор /2019.05.12-2019.11.01/хэтрүүлж шийдвэрлэснээс төрөөс*******т олгосон ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор, түүнтэй холбоотой ажил олгогчоос нийгмийн даатгалын санд төлөх шимтгэлийн хэмээ нэмэгдсэн гэж үзэхээр байна ... гэж дүгнэсэн нь буруу юм.

Тодруулбал,*******ыг ажлаас халсан үйлдлийг хууль бус болохыг Төрийн албаны зөвлөл тогтоосныг шүүх дахин нотлохгүй гэж дүгнэсэн боловч Төрийн албаны зөвлөлийн буруугаас төрд учруулсан хохирол нэмэгдсэн гэж үзэж дүгнэсэн нь шүүх өөрийн нотолсон дүгнэлтээ үгүйсгэсэн үндэслэлгүй дүгнэлт болсон байна.*******ыг ажлаас хууль бусаар халсныг тогтоосон Төрийн албаны зөвлөлийн шийдвэрт шүүх дүгнэлт хийх үндэслэлгүй, уг маргааныг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээг хэтрүүлж, буруу дүгнэлт хийн шийдвэрлэсэн гэж үзхээр байна.

Хоёр. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тухайд:

Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын төрийн сангийн мэргэжилтний албан тушаалд******* томилогдсоны дараа ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нөхөн олговорыг сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Тамгын газар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул, шүүх уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Улмаар Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газраас*******т ажилгүй байсан хугацааны цалин хөлс 4 872 123.52, нийгмийн даатгалын шимтгэлд ажил олгогчоос 740 576.63, ажилтнаас 681 330.50, хүн амын орлогын албан татварт 371 158.98 төгрөгийг тус тус гаргуулан олгосон байдаг.

Өөрөөр хэлбэл, буруутай албан тушаалтны хууль бус үйлдлийн улмаас төрийн сангийн хөрөнгө, улсын төсвийн мөнгөнөөс нийт 6 665 190 төгрөгийг*******т олгож, энэ хэмжээгээр төрд хохирол учруулсан.

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирлыг ... нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан.

Гэтэл анхан шатны шүүх ... цалингийн тооцооны хүснэгтээс хархад*******т 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх ажлын 173 хоногийн цалинг төрөөс нөхөн төлсөн байх ба нийт 6.665.190 төгрөгийн бодит хохирол төрд учирсан байна. ... гэж дүгнэсэн атал төрд учруулсан хохирлыг 2 221 730 төгрөг гэж буруу тооцон буруутай албан тушаалтан *******аас гаргуулж, үлдэх 4.442.420 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Учир нь хэрэгсэхгүй болгосон 4.442.460 төгрөгийн бодит хохирлыг төрд учирсан хохирол мөн эсэх, мөн уг хохирлыг хэн учруулсан, хэнээс нөхөн гаргуулах зэрэг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийлгүй орхигдуулж, хэргийг дутуу шийдвэрлэсэн байна.

Гурав. Иргэн*******ын гомдолд Төрийн албаны зөвлөл маргаан үүсгэх эсэх асуудлыг шүүх дүгнэсэн тухайд:

Анхан шатны шүүх шийдвэртээ ... Төрийн албаны зөвлөл*******ын гомдлыг 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авснаас хойш Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.3 дах хэсэгт Төрийн албаны төв байгууллага гомдлыг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор маргаан үүсгэх эсэх талаар шийдвэр гаргаж, 30 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд энэ хугацааг 14 хоногоор сунгаж болно. гэж зааснаар гомдлыг хянан шийдвэрлэх эцсийн хугацаа 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр дуусах байсан ... гэж хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн авч, нэг талыг хэт барьж хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг маргааныг үнэн зөв, бодитой, хөндлөнгийн шударга шүүхээр шийдвэрлүүлэх нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргасан.

Өөрөөр хэлбэл, төрд хохирол учруулсан буруутай субъект нь Төрийн албаны зөвлөл биш, харин хууль бус шийдвэр гаргасан буруутай албан тушаалтан гэдгийг шүүх анхаараагүй энэ талаар дүгнээгүй болно.

Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.3-т Төрийн албаны төв байгууллага гомдлыг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор маргаан үүсгэх эсэх талаар шийдвэр гаргаж, 30 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд энэ хугацааг 14 хоногоор сунгаж болно, 75.4-т Маргаан үүсгэсэн тохиолдолд төрийн албаны төв байгууллагын хянан шалгах комисс дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж,

Улсын Их Хурлын 2019 оны 20 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам-ын 7 дугаар зүйлийн 7.1-т Зөвлөл гомдлыг хүлээн авснаас хойш ажлын таван өдрийн дотор маргаан үүсгэх эсэх талаар шийдвэр гаргана, 7.2-т Маргаан үүсгэсэн бол Зөвлөлийн дарга гомдолд дурдсан маргааны шинж байдлыг харгалзан маргаан хянан шалгах комиссыг 3-5 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулна гэж тус тус заасан.

Дээрх хууль, журмын зохицуулалтаас үзэхэд Төрийн албаны зөвлөлд ирүүлсэн гомдлоор маргаан үүсгэх эсэх нь Төрийн албаны зөвлөлийн бүрэн эрхэд хамаарна. Тодруулбал, Төрийн албаны зөвлөлд харьяалагдах гомдол бүрт маргаан үүсгэх боломжгүй, хэрэв маргаан үүсгэсэн бол хянан шалгах комисс томилох, комиссын дүгнэлтийг хуралдаанаар хэлэлцүүлэх, тогтоол гаргах зэрэг процесс ажиллагаа хийгдэнэ, маргаан үүсгээгүй тохиолдолд иргэн, хуулийн этгээдийн гомдлыг шалгаж, холбогдох байгууллага, албан тушаалтан эсхүл иргэн, хуулийн этгээдэд хариу хүргүүлнэ.

Иргэн*******ын гомдолд маргаан үүсгээгүй тул Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны ерөнхий хуульд тус тус заасны дагуу иргэний гомдлыг Төрийн албаны зөвлөл хүлээн авч, урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хянаж, алдаагаа залруулах боломжийг Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчид олгож, албан бичиг хүргүүлсэн болно. Гэтэл Зөвлөлийн бүрэн эрхэд шүүх халдаж, дүгнэлт хийж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

Дөрөв. Төрийн албаны зөвлөл хуульд заасан хугацааг ажлын 121 хоногоор /2019.05.12-2019.11.01/ хэтрүүлсэн гэх дүгнэлтийн тухайд:

Анхан шатны шүүх ... төрөөс*******т ажлын 173 хоногт ногдох хэмжээгээр нөхөн олговор олгосон, гэтэл Төрийн албаны зөвлөл түүний гомдлыг хуульд заасан хугацааны дотор шийдвэрлэсэн бол ажлын 52 хоногийн нөхөн төлбөр олгогдох байсан. Хугацаа хэтрүүлсэн үйл явдалд хариуцагчийн зүгээс ямар нэгэн хэмжээгээр буруутай болох нь тогтоогдохгүй ... гэж хэт нэг талыг барьж дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий хуулийн шаардлагыг хангахгүй байна.

Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 04/1201 дүгээр албан бичгээр*******ыг ажлаас хууль бусаар халсныг тогтоож, Зөвлөлийн шийдвэрийг биелүүлж, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/39 дүгээр тушаалаар*******ыг өмнө нь эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилсон.

Тухайлбал, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн шийдвэрээс хойших өмнө нь эрхэлж байсан ажилд эгүүлэн томилсон 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх 1 сарын хугацааг ажлын 121 хоногт багтаан тооцож Төрийн албаны зөвлөлийг хугацаа алдсан гэж дүгнэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд дээрх үндэслэлд хууль ёсны дүгнэлт хийж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтад анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах гэж зааснаар Говьсүмбэр аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 134/ШШ2021/00012 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

   ХЯНАВАЛ :

Анхан шатны шүүх нь нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлийн хариуцагч *******д холбогдуулан гаргасан төрд учирсан хохирол 6,665,190 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдол гаргасны дагуу хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Учир нь хэргийн материалаас үзэхэд: нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлээ Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2 дахь хэсэгт зааснаар тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагаа төрд учирсан хохирол 6,665,190 төгрөгийг буруутай албан тушаалтнаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

Тодруулбал, Төрийн албаны зөвлөл нь төрийн албан хаагч******* нь ажилгүй байсан хугацааны олговорт 6,665,190 төгрөгийг нэхэмжилсэн, тухайн ажил олгогч байгууллага нь 6,665,190 төгрөгийг төлсөн, энэ нь буруутай албан тушаалтнаас төрд учруулсан бодит хохирол гэж,

хариуцагч *******, түүний өмгөөлөгч нар Төрийн албаны зөвлөл нь гомдол гаргасан албан хаагч*******ын гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй, хуульд заасан хугацаа хэтрүүлж шийдвэрлэсэн нь төрд учирсан гэх хохирлын дүн нэмэгдэхэд нөлөөлсөн. Энэ нь Төрийн албаны зөвлөлийн буруутай үйл ажиллагаатай холбоотой гэж тус тус мэтгэлцжээ.

О.Даваажав нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын Тамгын газарт төрийн сангийн мэргэжилтнээр ажиллаж байсан гэх тул тэрээр Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар төрийн захиргааны албан тушаалтан байна.

Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгийн 38.1.5-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагч нь өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг шүүх болон холбогдох бусад байгууллагаар хамгаалуулах эрх эдэлнэ,

Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.8-д Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор төрийн албаны төв байгууллагад, эсхүл шүүхэд гаргаж болно,

Хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д Төрийн албаны төв байгууллага нь Төрийн албаны зөвлөл мөн,

Хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д ... төрийн албан хаагч, ... энэ хуулийн ... 47, 48 дугаар зүйл,...-д заасан асуудлаар гарсан маргаан ... г хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нэхэмжлэлдээ хавсаргаж ирүүлсэн буюу хэргийн 5 дахь талд авагдсан Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын тамгын газрын хуулбар үнэн гэсэн тэмдэглэгээтэй Б/14 тоот тушаалаар төрийн албан хаагч*******-г Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-д заасныг үндэслэн ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

О.Даваажав нь дээрх тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны төв байгууллага болох Төрийн албаны зөвлөл-д хандаж гомдол гаргасан.

Төрийн албаны зөвлөл түүний гомдлыг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, Шивээговь сумын Засаг даргын Тамгын Газарт асуудлыг шийдвэрлэж, хариу ирүүлэхийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 04/1201 тоот албан бичиг-ээр/хх-73/ мэдэгдсэн байна.

Өөрөөр хэлбэл,******* гэгч нь ажлаас халагдсан асуудлаараа 2019 оны 03 дугаар сарын 22-нд Төрийн албаны зөвлөлд хандаж гомдол гаргасан, тус байгууллага нь 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр буюу 192 хоногийн /6 сар 9 хоног/ дараа Хууль хэрэгжүүлэн ажиллах тухай гэсэн утга бүхий албан бичиг г Шивээговь сумын Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн байна.

Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6-н зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Албан бичиг нь стандартаар батлагдсан хэвлэмэл бланк дээр бичигддэг, байгууллага хоорондын албан мэдээлэл, солилцоо бүхий харилцааны хэрэгсэл болохыг Архивын Ерөнхий газрын даргын 2009 оны 68 дугаар тушаалаар батлагдсан Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар-н 2.4.4-т заасан байх тул албан бичиг нь эрх зүйн акт биш юм.

Төрийн албаны тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.3-т зааснаар Төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрсөн тал уг шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж заасан.

Гэвч Шивээговь сумын Засаг даргын Тамгын газар нь Төрийн албаны төв байгууллагын 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 04/1201 тоот албан бичгийг үндэслэл болгон 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Б/39 дугаар тушаалаар*******-г урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн томилжээ. /хх-6/

О.Даваажав нь ажилгүй байсан хугацаагаа 2019 оны 02 дугаар сарын 26-аас 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажлын 173 өдөр гэж тооцон, ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөх олговорт нийт 6,665,190 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан.

Анхан шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 203 дугаартай шүүгчийн захирамжаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн/хх- 125/, уг шийдвэрийн дагуу Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын тамгын газар*******т цалингийн нөхөх олговорт болон нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар зэргийн суутгалыг тус тусын санд оруулсан /хх-10-14/ зэрэг үйл баримтууд тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.8-д заасан хуулийн зохицуулалтаар төрийн албан хаагч гомдлоо төрийн албаны төв байгууллага, шүүхийн алинд нь ч гаргаж болохоор байна.

Мөн хуулийн 75.6-д энэ хуулийн 75.1-д заасан маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журмыг Улсын Их хурал тогтооно гэж заасан ба үүний дагуу Монгол Улсын Их Хурлын 2019 оны 20 дугаар тогтоолын хавсралтаар Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам батлагдаж, журмын 5.1.7-д Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулсантай холбогдсон маргааныг Төрийн албаны зөвлөл хянан шийдвэрлэнэ гэж заасан.

Хуулийн 48 дугаар зүйлийн 48.9-д сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг төрийн албаны төв байгууллага, Засгийн газар хамтран батална гэж заасны дагуу Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга,Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 36, 32 дугаар тушаалын хавсралтаар Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах,түүнд гомдол гаргах журам г батлагдсан байх ба уг журмын 8.2-т зааснаар Төрийн албаны тухай хуулийн ..., 48.1.3, 48.1.4-т заасан шийтгэл ногдуулсан шийдвэрийн талаар зөвхөн шүүхэд гомдол гаргахаар байна.

Гэвч******* нь сахилгын шийтгэл ногдуулсан тухай гомдлоо Төрийн албаны төв байгууллага болох Төрийн албаны зөвлөлд хандаж гаргасан, Төрийн албаны зөвлөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.8, 75 дугаар зүйлийн 75.1-д заасныг тус тус зөрчөөгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.3-т Төрийн албаны төв байгууллага гомдлыг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор маргаан үүсгэх эсэх талаар шийдвэр гаргаж, 30 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ.Шаардлагатай тохиолдолд энэ хугацааг 14 хоногоор сунгаж болно гэж зааснаас үзвэл төрийн албан хаагчийн гаргасан гомдлыг хуанлийн нийт 51 хоногт хянан шийдвэрлэхийг хуульчлан зохицуулсан .

Мөн Монгол Улсын Их Хурлын 2019 оны 20 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам-н 7.1-д зөвлөл гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор маргаан үүсгэх эсэх талаар шийдвар гаргана гэж, 7.5-д комисс маргааныг 30 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд хугацааг Зөвлөлийн дараа 14 хоногоор сунгаж болно гэж заасан ба уг журмаар гомдлыг нийт 49 хоногт хянан шийдвэрлэхээр байна.

Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол Төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэх ба ийнхүү шийдвэрлэхдээ Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.3-д заасан хугацааг баримтлах учиртай болохыг дээрх хууль болон журмаар тодорхой зохицуулсан байна.

Гэхдээ журам нь хуульчилсан акт тул хууль ба хуульчилсан актын хэм хэмжээ хоорондоо зөрчилдвөл хууль дээдлэх зарчмын дагуу хуулийн хэм хэмжээг хэрэглэнэ. Хууль нь тусгайлсан журмын дагуу батлагддаг, хууль зүйн дээд хүчин чадалтай акт юм.

Иймээс Төрийн албаны төв байгууллага болох Төрийн албаны зөвлөл нь төрийн жинхэнэ албан хаагчийн сахилгын шийтгэл ногдуулсантай холбоотой маргааныг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан хугацааг баримтлаагүй, хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ гэж заасан.

Нэхэмжлэгч талын гаргаж буй ... тус зөвлөл Монгол улсын төрийн албаны стандартыг хэрэгжүүлдэг, өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх эрхтэй дээд шатны байгууллага учраас эрхийн хүрээнд гомдлыг шийдвэрлэсэн, Төрийн албаны зөвлөл нэг талдаа захиргааны байгууллага учраас Иргэдээс өргөдөл, гомдол хянан шийдвэрлэх тухай хуулиар шийдэх ёстой, ... хугацаа хэтрүүлсэн гэж байгаа нь үндэслэлгүй гэх агуулга бүхий тайлбар нь Иргэний хуулийн зарчимд нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл, Төрийн албан хаагчийн сахилгын шийтгэл ногдуулсантай холбоотой гомдлыг хүлээн авч, хянан шийдвэрлэх ажиллагааг нарийвчлан зохицуулсан хууль нь Төрийн албаны тухай хууль атал Төрийн албаны зөвлөл нь төрийн жинхэнэ албан хаагчийн гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулиар шийдэх ёстой гэсэн тайлбар гаргаж байгаа нь ойлгомжгүй юм.

Түүнчлэн нэхэмжлэгч тал нь хариуцагч талын төрийн албан хаагчийн гомдолд хугацаа хэтрүүлж хариу өгсөн нь төрд учирсан хохирлын хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн гэх тайлбарыг үгүйсгэж няцаасан баримтыг шүүхэд ирүүлээгүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт огт авагдаагүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу үнэлж, ... Төрийн албаны зөвлөл хуульд заасан хугацаа хэтрүүлж шийдвэрлэснээс төрөөс олгосон ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор, түүнтэй холбоотой ажил олгогчоос ниймгийн даатгалын санд төлөх шимтгэлийн хэмжээ нэмэгдсэн гэж дүгнэснийг буруутгах боломжгүй.

Анхан шатны шүүх хэргийн нөхцөл болон гэм хор учрахад нэхэмжлэгч буюу Төрийн албаны зөвлөлийн хэтэрхий болгоомжгүй, хайхрамжгүй байдал нөлөөлсөн гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, төрд учруулсан хохирол 2,221,730 төгрөг гэж тодорхойлсон нь Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д заасныг зөрчөөгүй байна.

Иймд Төрийн албаны зөвлөлийн гаргасан ...анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж шийдсэн, мөн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон, иргэн*******ын гомдолд Төрийн албаны зөвлөл маргаан үүсгэх эсэх асуудлыг болон хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж тус тус дүгнэсэн нь үндэслэлгүй, энэ үндэслэлүүдэд хууль ёсны дүгнэлт хийж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-дэх хэсгийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 134/ШШ2021/00012 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ТЭГШСУУРЬ

ШҮҮГЧИД О.ОДНЯМАА

Х.БАЙГАЛМАА