| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/0275/Э |
| Дугаар | 323 |
| Огноо | 2018-03-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Гэрэлмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 323
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,
Улсын яллагч Н.Гэрэлмаа,
Шүүгдэгч Ч.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ч.Цд холбогдох 1806 01031 0278 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Баянхонгор аймгийн Бууцагаан суманд 1988 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Планет пирамид” ХХК-д обойчин ажилтай, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их Дарь-Эхийн 3 дугаар гудамжны 53 тоот нийтийн байранд өрөө түрээсэлж оршин суудаг, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн Гэгээн шавийн 8 дугаар гудамжны 13 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзагдаж байсан, Х Ч
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Ч.Ц нь 2018 оны 01 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их Дарь-Эхийн 3 дугаар гудамжны 58 тоот нийтийн байранд Т.Дүүрэнзаяагийн гарыг шилний хагархайгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Цгийн өгсөн: “… гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч Т.Дүүрэнзаяагийн өгсөн: “... Цэдэндамбаа согтуу намайг доромжлоод толгой руу цохиод байсан. Тэгээд сүүлдээ тэвчихээ болиод гарах гээд босоход түрүүлж архины шил шидсэн. Би Цэдэндамбыг болиулах гэж очиход шилний хагархайгаар гар зүссэн...” гэх гэх мэдүүлэг /хх.6, 25/,
Мөрдөн байцаалтад гэрч Х.Баяртуулын өгсөн: “... хүн орилоод шуугилдах чимээ гарахаар сэрээд харахад Заяагийн зүүн гарын шуун дээр зүсэгдсэн байсан...” гэх мэдүүлэг /хх.11-12/,
Мөрдөн байцаалтад гэрч Б.Цагааны өгсөн: “... би гүйж очоод хаалгыг нь тогшоод ороход Заяагийн зүүн гарын шуу, бугалгаас цус гараад сууж байсан. Би яасан бэ? гэж асуухад Заяа нь Цэдэндамбаа намайг шилээр зүсчихлээ, гар аймаар болчихлоо гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх.14-15/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1938 дугаартай дүгнэлтэд: “ДҮҮРЭНЗАЯА-н биед зүүн бугалга шууны шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шарх соривжиж эдгэрнэ” гэх дүгнэлт /хх.18/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Ч.Ц нь 2018 оны 01 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их Дарь-Эхийн 3 дугаар гудамжны 58 тоот нийтийн байранд Т.Дүүрэнзаяагийн гарыг шилний хагархайгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч Т.Дүүрэнзаяагийн өгсөн: “... Цэдэндамбаа согтуу намайг доромжлоод толгой руу цохиод байсан. Тэгээд сүүлдээ тэвчихээ болиод гарах гээд босоход түрүүлж архины шил шидсэн. Би Цэдэндамбыг болиулах гэж очиход шилний хагархайгаар гар зүссэн...” гэх гэх мэдүүлэг /хх.6, 25/,
Мөрдөн байцаалтад гэрч Х.Баяртуулын өгсөн: “... хүн орилоод шуугилдах чимээ гарахаар сэрээд харахад Заяагийн зүүн гарын шуун дээр зүсэгдсэн байсан...” гэх мэдүүлэг /хх.11-12/,
Мөрдөн байцаалтад гэрч Б.Цагааны өгсөн: “... би гүйж очоод хаалгыг нь тогшоод ороход Заяагийн зүүн гарын шуу, бугалгаас цус гараад сууж байсан. Би яасан бэ гэж асуухад Заяа нь Цэдэндамбаа намайг шилээр зүсчихлээ, гар аймаар болчихлоо гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх.14-15/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1938 дугаартай дүгнэлт /хх.18/,
Шүүгдэгч Ч.Цгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ч.Цг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэдгээрт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар Ч.Цгийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураар хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд Ч.Цг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцсон болно.
Хохирогч Т.Дүүрэнзаяа нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч Ч.Ц нь бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Ч.Цгийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Ч.Цгийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, тодорхой эрхэлсэн ажилтай, орлоготой шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэв.
Ч.Цд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд учруулсан хохирлоо нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Ч.Цд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.
Ч.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ц “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Цд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Цд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ч.Цд мэдэгдсүгэй.
5. Ч.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Т.Дүүрэнзаяа нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан давж заалдах эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг гардан авсанаас эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ч.Ц урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР