| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатарын Уртнасан |
| Хэргийн индекс | 168/2023/0170/Э |
| Дугаар | 2023/ДШМ/22 |
| Огноо | 2023-07-24 |
| Зүйл хэсэг | 27.10.4.2., |
| Улсын яллагч | Д.Энхбаяр |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 2023/ДШМ/22
*******т холбогдох эрүүгийн хэргийн талаар
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Ерөнхий шүүгч Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Д.Энхбаяр
Хохирогч, хохирогчийн хууль ёсны
төлөөлөгч ******* /цахимаар/
Хохирогч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал /цахимаар/
Б.Энхтүвшин
Шүүгдэгч *******
Нарийн бичгийн дарга Г.Чинзориг нарыг оролцуулан
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/186 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал, Б.Энхтүвшин нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Уртнасангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. ******* ******* овогт *******ийн *******, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1991 оны 08 дугаар сарын 03-ны өдөр, төрсөн, 32 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, операторчин мэргэжилтэй, “Петро чайна дачин тамсаг” ХХК-н 19 дүгээр талбайд операторчин ажилтай байсан, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт, Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, ******* тоотод бүртгэлтэй, одоогоор Дорнод аймгийн Хэрлэн сумын тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. /РД:/
2. Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Булган сумын 2 дугаар баг, А0502 дугаар асфалтан зам дээр 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр өөрийн эзэмшлийн Тоёота Приус-41 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байх явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Тоёота Приус-20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаж , , нарын амь насыг хохироосон, *******, ******* нарын эрүүл мэндэд хүнд хохирол, , , нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
3. Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
4. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/186 дугаар шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч ******* ******* овогт *******ийн *******ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас гурван хүний амь насыг хохироож, хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол, гурван хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жил хасаж, 3 /гурав/ жилийн хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******өд оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******өд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жил хасах ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж,
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч т 21.900.542 төгрөгийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч ид 18.538.118 төгрөгийг, Дорнод аймгийн Эрүүл мэндийн санд 26.666.300 төгрөгийг тус тус төлсөн, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******ийн тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд даруй хүргүүлж,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч , нар нь сэтгэл санааны хохирлоо, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь ажилгүй байсан хугацааны зөрүү болон тэжээгчээ алдсаны тэтгэмжийн нотлох баримтаа бүрдүүлж гэм буруутай этгээд болох *******өөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ... шийдвэрлэжээ.
5. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин, А.Очбадрал нар давж заалдах журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хэрэг болсон нөхцөл байдал, гэм буруу, зүйлчлэл, хохирлын хэмжээ зэрэгт ямар нэгэн байдлаар маргадаггүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэрэг юм. Шүүгдэгч ******* нь замын эргэлтэн дээр анхаарал сарниж өөр зүйл бодож болгоомж алдаж тээврийн хэрэгсэл эсрэг урсгалд орсны улмаас хоромхон зуурт тус зам тээврийн осол болсон талаараа мэдүүлдэг ба болсон үйл явдалд харамсаж буйгаа хэлдэг.
Тус зам тээврийн ослын улмаас шүүгдэгч *******ийн өөрийнх нь эрүүл мэндэд хүнд хохирол учирч Улаанбаатар хотод бүдүүн, нарийн гэдэс залгуулах мэс засалд орсон ба одоо өдөрт 7-8 удаа гүйлгэж турж, эцэж биеийн жингээ алдсаар байна.
Шүүгдэгч ******* нь хавтаст хэрэгт баримтаар цугларсан хохирогч нарын хохирол болон Эрүүл мэндийн даатгалын санд учирсан төлөх төлбөр зэрэгт нийтдээ 67 104 960 төгрөгийг төлөхдөө өөрийн амьдарч байсан Дорнод аймагт байрлах орон сууцыг худалдан борлуулах замаар төлсөн.
Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд анх удаа болгоомжгүй гэмт хэрэгт холбогдсон, ам бүл 6, эхнэр бага насны дөрвөн хүүхдийн хамт Дорнод аймагт амьдардаг хувийн байдалтай шүүгдэгч юм. Түүний эхнэр ******* мөн осол болох цаг хугацаанд *******тэй хамт зорчиж байсан ба түүний эхнэр ******* нь хөлөндөө хүнд гэмтэл авсан байдаг. ******* нь одоо бага насны дөрвөн хүүхэдтэйгээ хамт хамаатныхаа гэрт амьдарч байна.
Шүүгдэгч нь болгоомжгүй гэмт хэрэгт анх удаа холбогдсон, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа, хүндрүүлэх нөхцөл байдалгүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж ялыг хорих ялын доод хэмжээгээр хөнгөрүүлж өгнө үү.” гэжээ.
6. Хохирогч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Надад гомдол санал гэх зүйл байхгүй. Шүүгдэгчид оногдуулсан хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү гэж хүсч байна.” гэв.
7. Хохирогч, хохирогч гийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгчийн хувьд манай гэр бүлд нөхөж баршгүй хохирол учруулсан нь үнэн. Энэ залуу хуулийн дагуу шийтгэгдэж байгаа нь бидэнд огт хамаагүй. Муу санах зүйл байхгүй. Авах ёстой ялын хэмжээг шүүх шийдвэрлэх байх гэж бодож байна. Алдсан хүнийхээ амь насыг сэргээж чадахгүй учраас мөнгөн дүнгээр учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ. Олох ёстой байсан орлогоо гаргуулах болно.” гэв.
8. Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Надаас болоод тийм олон хүн хохирсонд би үнэхээр их гэмшиж байна. Намайг үнэхээр уучлаарай гэж хэлмээр байна.” гэв.
9. Прокурор Д.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “ Анхан шатны шүүхээс шүүгдэгчийг 5 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн. ... Энэ гэмт хэргийн хувьд 3 хүний амь нас хохирч, хоёр хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл, 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан хэрэг. ... Анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэм бурууд тохирсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал, Б.Энхтүвшин нарын гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэж, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
3. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
4. Шүүгдэгч ******* нь 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Булган сумын 2 дугаар баг, А0502 дугаар асфалтан зам дээр өөрийн эзэмшлийн Тоёота Приус-41 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байх явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Тоёота Приус-20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гарган , , нарын амь насыг хохироосон, хохирогч *******, ******* нарын эрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч , , нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч эгийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Тухайн өглөө нь хадам дээрээ хүүхдүүдээ үлдээгээд эхнэртэйгээ бага хүүхдээ аваад буцаж байсан ба миний хурд 72, 73 км цагийн хурдтай байсан. Замд явж байхад 2-3 том машин өнгөрсөн ба нэг том машины ард явж байсан Toyota Prius-41 маркийн авто машин ойрхон явж байгаад манай машиныг мөргөсөн. ... Уг машин эхэлж өөрийнхөө эгнээнд явж байгаад намайг уг машинтай ойртох үед багцаагаар 10 орчим метрийн зайтай ирээд байж байтал гэнэт урсгал сөрөөд миний машиныг чиглээд ирсэн. Би тоормос дөнгөж гишгээд, баруун гар тал руугаа замын хойд хэсэг рүү шахах гээд үрүүл ээ дарж байтал уг машин ирээд миний машиныг мөргөчихсөн. ... Би бол уг жолоочийг нойрмоглож унтаад миний машиныг мөргөсөн байх гэж бодож байгаа, хэрвээ жолооч нойрмоглоогүй явж байсан бол эсрэг урсгал руу орохгүй, орлоо ч гэсэн өөрийнхөө урсгалд ороод өөдөөсөө ирж яваа машиныг мөргөх учиргүй. ... Нийт мөнгөн дүнгээ бодож байгаад хохирлоо нэхэмжилнэ. Манай хүү Тэмүгээгийн баруун гар нь агтаал болон шуу хэсгээрээ хугарсан. Мөн зүүн шилбэ хугарсан. Гэмтэл согог судлал үндэсний төвд хэвтэж хагалгаанд орсон. Дараа нь надтай цуг “Асралт мед” хувийн эмнэлэгт 10 хоног хэвтсэн. “Асралт мед” эмнэлгээс хүүд маань хийсэн эмчилгээнд 595 000 төгрөг зарцуулсан. Уг 595 000 төгрөг бол эрүүл мэндийн даатгал суутгал, хөнгөлөлт нь хасагдаад яг миний өөрөөс төлсөн мөнгө юм. Би хүүгийнхээ эмчилгээ зардал, хохирол гэж 595 000 төгрөг нэхэмжилж байна. ... *******өөс 18.5388.118 төгрөг миний дансанд 2023 оны 5 сарын 16-ны өдөр орж ирсэн. Бусад хохирлыг иргэний журмаар нэхэмжилнэ. ...” гэх мэдүүлэг, / 1 хх 54-56, 60-61, 3 хх 78-79/
хохирогч , амь хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Д.Жаргалсайханы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Тухайн хэрэг санаатай хэрэг биш учир би тийм байна, ийм байна гэж хэлж чадахгүй байна. Манай ач охин Мөнгөнчимэг, эхнэр Амаржаргал нарын сууж явсан тээврийн хэрэгслийн жолооч манай эхнэрийн төрсөн дүү Нэргүйн охин Ягаанцэцэгийн нөхөр байсан. Мөн эсрэг талын жолооч нь хамт байсан эхнэрийгээ алдсан гэж сонссон. Тийм учраас хэн нэгнийг зовоож мөнгө нэхэмжлэх, гомдолтой байгаа гэж ярих хэцүү байх тул түүнээс нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг, / 1 хх 42-43/
амь хохирогч ийн хууль ёсны төлөөлөгч ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Би талийгаач ийн төрсөн дүү нь байгаа юм. ... намайг ирээд эмнэлэг дээр очиход эгч маань өнгөрчихсөн, төрсөн хүү нь сэхээн амьдруулах тасагт ухаангүй, нөхөр нь гэмтлийн тасагт хэвтэж эмчлүүлж байсан. Ингээд хүргэн ахаасаа юу болоо вэ гээд асуухад “бид гурав аймгийн төвөөс гараад удаагүй байхад урдаас ирж байсан Toyota Prius-41 маркийн тээврийн хэрэгсэл гэнэт манай урсгал руу орж ирээд манай машиныг мөргөчихлөө” гэж хэлсэн. ... Би талийгаачийн оршуулгын зардлын хохиролд 21.900.542 төгрөгийг хүлээн авсан. ...” гэх мэдүүлэг, /1 хх 48-49, 3 хх 80/
Хохирогч , амь хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Би хэдэн төгрөгийн зардал гарсныг мэдэхгүй байна. Мөнгө нэхэмжлэхгүй. Жолооч нараас авсан зүйл байхгүй. Надад гомдол санал байхгүй. ... Манай охин осолд орсны улмаас 2 хөлийн дунд чөмгөний яс хугарсан гэмтлийн эмнэлэгт 2 хөлдөө төмөр суулгуулах хагалгаанд орсон. Манай охины биеийн байдал одоо хэвийн байгаа хичээлдээ явж байгаа. Охины эмчилгээний зардалд 1.500.000 төгрөгийн зардал гарсан. Баримтыг нь хадгалаагүй баримт байхгүй. Мөнгө нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /1 хх 66, 69/
гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн: “... Тухайн өдөр би Улаанбаатар хот руу явж байсан ба Цагаан өнгийн Приус-20 маркийн авто машин миний урд явж байсан. Гэтэл миний урд явж байсан автомашины урдаас нь гэнэт цэнхэр өнгийн Приус-41 маркийн авто машин гарч ирээд мөргөсөн. ...Осол болохын өмнө миний урд явж байсан цагаан өнгийн Приус-20 маркийн машин замын баруун талаа бариад явж байсан. Приус-41 маркийн машин замын зүүн гар талыг бариад явж байсан цагаан өнгийн Приус -20 машины өөдөөс ирж явсан. ... тэгж хоёр машин зүв зүгээр өөр өөрсдийн эгнээгээр явж байгаад гэнэт хар хөх ангийн Приус-41 маркийн машин даялаад эсрэг урсгалд ороод Приус-20 маркийн машины өөдөөс нь мөргөчихсөн. Цагаан өнгийн Приус-20 маркийн машин эсрэг урсгалд ороогүй, өөрийнхөө эгнээгээр л явж байсан. ... Тухайн осол баруун зүгт замын өөдөө явдаг хэсэгт болсон учраас осол их тод харагдсан. ...” гэх мэдүүлгүүд, / 1 хх 84-85, 3 хх 81-82/
гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Приус-20 маркийн машин манай машины урд талд замынхаа баруун гар талыг бариад зүүнээсээ баруун тийш чиглэлтэй явж байсан. ... Приус-41 маркийн машин гэнэт л Приус-20 маркийн машины өөдөөс нь урсгал сөрж орж ирээд л мөргөлдсөн. Намайг харж байхад цагаан өнгийн Приус-20 маркийн машин агаарт шидэгдээд замын хойд тал руу унасан. Уг машин өөрийнхөө урсгалаар явж байсан. Эсрэг урсгал руу орж гараад байсан зүйл болоогүй...” гэх мэдүүлэг, /1 хх 90-91/
гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Хоёр хүүхэд маань зуны дэлгэр цагаар хүүхдүүдээ эмээ, өвөө дээр нь буюу манайд авчирч үлдээдэг учир 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хоёр хүүхэд маань 3 хүүхдийн хамт манайд ирсэн. Ингээд манай гэрт хоёр хоноод 10 болон 3 настай хоёр охиноо үлдээгээд 2022 оны 06 дугаар сарын 17-ны өглөө 06 цаг 20 минутын орчим Улаанбаатар хот руу хөдөлсөн. Замдаа явж байгаад автын осолд орсон...” гэх мэдүүлэг, /1 хх 108/
Дорнод аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Н.Уянгын 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн №512 дугаар Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний: “...1.*******ийн биед зүүн талын сүүж ясны дэлбээ хоёрлосон зөрөөтэй, сүүжний доод ирмэгт сэлтэрч салсан хугарал, зүүн агтаал ясны доод 1/3 хэсгийн хөндлөн зөрөөтэй ил хугарал, атгаалын төсгөлийн дотор булуу үе дайрсан зөрөө багатай, зүүн шууны далд хугарал, баруун талын 2-р хавирганы зөрөөтэй хугарал, баруун өвдөгт, шилбэний зулгарал, зүүн тавхайн 1-р хурууны зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-т зааснаар тогтоогдсон зүүн атгаал ясны доод 1/3 хэсгийн хөндлөн зөрөөтэй ил хугарал нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, 2.3.1-д зааснаар зүүн талын сүүж ясны дэлбээ хоёрлосон зөрөөтэй, сүүжний доод ирмэгт сэлтэрч салсан хугарал, зүүн атгаалын төгсгөлийн дотор булуу үе дайрсан зөрөө багатай хугарал, зүүн шууны далд хугарал нь гэмтлийн хүндэвтэр, 2.4.1-д зааснаар баруун талын 2-р хавирганы зөрөөтэй хугарал, баруун өвдөг, шилбэний зулгарал, зүүн тавхайн 1-р хурууны зүсэгдсэн шарх нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэсэн дүгнэлт, /1 хх 112-113/
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Буянзаяагийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн №623 дугаар Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний: “...1. гийн биед баруун атгаал ясны хугарал, баруун далны ясны далд хугарал, зүүн хөлийн шилбэний шаант ба тахилзуур ясны далд хугарал хагалгааны дараах байдал, баруун хөлийн тавхайнд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3. Учирсан гэмтлүүд нь хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байхаар байна. 4. Баруун атгаал ясны далд хугарал, баруун далны ясны далд хугарал, зүүн хөлийн шилбэний шаант ба тахилзуур ясны далд хугарал нь тус бүрдээ эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун хөлийн тавхайд үүссэн шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 5. Уг гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт, /1 хх 127-129/
Дорнод аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Б.Өнөрборгилын 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн №54 дугаартай Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний: “...1. Амь хохирогч ийн цогцост нурууны Th4-5 нугалмын хугарал, нугас тасрал, цээж хэвлийн хөндийн цус хуралдалт, баруун уушигны доод дэлбэнгийн урагдал язрал, хоёр талын хавирганы хавсарсан олон нийлмэл хугарал, элэгний 2, 4, 5, 6-р сегментийн урагдал, язрал, зүүн бугалганы дээд 1/3 хэсгийн хөндлөн далд хугарал, зүүн дунд чөмөгт ясны доод 1/3 хэсгийн хөндлөн далд хугарал, зүүн хөмсгөнд зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт, духны баруун дээд хэсэгт цус хуралт, хүзүүний баруун хажуу хэсэгт зулгаралт, баруун бугалга, шуу, бугуйн үе, зүүн сарвуу, шуу, бугуйн үенд зулгаралт, цээж, хэвлий, хоёр гуя, шилбэ, сарвуунд цус хуралт, хоёр өвдөг, шилбэ, зүүн гуянд зулгаралт, зүүн дал, шуу, хэвлийн баруун хажуу хэсэгт зулгаралт, зүүн мөрний үенд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр зам тээврийн ослын үед үүсгэгдэх боломжтой. 3. Цээж хэвлийн хөндийн цус хуралдалт, баруун уушигны доод дэлбэнгийн урагдал язрал, хоёр талын хавирганы хавсарсан олон нийлмэл хугарал, элэгний 2, 4, 5, 6-р сегментийн урагдал, язрал гэмтэл нь 3.1.10, 3.1.12-д зааснаар, нурууны Th4-5 нугалмын хугарал, нугас тасрал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.7-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн бугалганы дээд 1/3 хэсгийн хөндлөн далд хугарал, зүүн дунд чөмөгт ясны доод 1/3 хэсгийн хөндлөн далд хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн дүгнэлт, /1 хх 144-148/
Дорнод аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Б.Өнөрборгилын 2022 оны 07 дугаар сарын 07-ний өдрийн №52 дугаартай Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний: ”... 1. Амь хохирогч Ж.Оюун-Эрдэний цогцост цээжний хөндийн цус хуралдалт 360мл, зүүн 2,3,4,5-р хавирга ясны хоёрлосон хугарал, 6,7,8-р хавирга ясны хөндлөн хугарал, баруун 7,8,9-р хавирга ясны хоёрлосон хугарал, 3,4,5,6,10-р хавирга ясны хөндлөн хугарал. Элэгний 5, 8-р сегментийн урагдал, язрал. Зүүн дунд чөмөгт ясны доод 3/1 хэсгийн ил хугарал, баруун дунд чөмөгт ясны далд хугарал, баруун шилбэ ясны дунд 3/1 хэсгийн ил хугарал, баруун шуу ясны хөндлөн далд хугарал, хамрын яс, баруун хоншоор ясны цөмөрсөн хугарал, баруун шилбэ, зүүн гуяны шарх, хамрын нуруунд шарх, зулгаралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын цус хуралт, цээж баруун бугуйн үе, зүүн гуя, эрүү хүзүүнд зулгаралт, цээж, зүүн мөр, зүүн шуу, тохойн үе, зүүн гуя, зүүн шилбэ, баруун бугалга, баруун шуу, хэвлийн баруун хажуу хэсэг, баруун гуя, баруун шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр зам тээврийн ослын үед үүсгэгдэх боломжтой. 3. Цээжний хөндийн цус хуралдалт, Элэгний 5, 8-р сегментийн урагдал, язрал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн 2,3,4,5-р хавирга ясны хоёрлосон хугарал, 6,7,8-р хавирга ясны хөндлөн хугарал, баруун 7,8,9-р хавирга ясны хоёрлосон хугарал, 3,4,5,6,10-р хавирга ясны хөндлөн хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн дунд чөмөгт ясны доод 3/1 хэсгийн ил хугарал, баруун шилбэ ясны дунд 3/1 хэсгийн ил хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун дунд чөмөгт ясны далд хугарал баруун шуу ясны хөндлөн далд хугарал, баруун хоншоор ясны цөмөрсөн хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Хамар ясны хугарал, хамрын нуруунд шарх, зулгаралт зүүн гуяны шарх, зүүн нүдний алимны салстын цус хуралт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын цус хуралт, цээж, баруун бугуйн үе, зүүн гуя, эрүү, хүзүүнд зулгаралт, цээж, зүүн мөр, зүүн шуу, тохойн үе, зүүн гуя, зүүн шилбэ, баруун бугалга, баруун шуу, хэвлийн баруун хажуу хэсэг, баруун гуя, баруун шилбэний цус хуралт гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Амь хохирогч нь цээжний хөндийн битүү гэмтлийн улмаас нас баржээ. Нас бараад 8 цаг орчим болсон байх боломжтой байна. Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5. Цусанд спиртийн агууламж илрээгүй болно. ...” гэсэн дүгнэлт, /1 хх 160-164/
Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ч.Эрдэмболорын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №15659 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний: “...1. Ц.Амин-Эрдэнийн биед баруун, зүүн дунд чөмгөний далд хугарал, умдгийн баруун дээд салаа сүүж, суудал яс, зүүн хоншоорын хөндийн гадна хана, хамар, зүүн 2-р хавирганы хугарал, дух, зулай хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйчлэлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. 3. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтлүүдээс баруун, зүүн дунд чөмөгний далд хугарал, умдагны баруун дээд салаа сүүж, суудал яс, зүүн хоншоорын хөндийн гадна ханын хугарал нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтэл нь тус тусдаа 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. ...” гэсэн дүгнэлт, /1 хх 180-182/
Дорнод аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Б.Өнөрборгилын 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн №53 дугаартай Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний: “...1. Амь хохирогч ын цогцогст гавлын суурь ясны цөмөрсөн хугарал, дагз руу үргэлжилсэн шугаман хугарал, их тархины зулайн ар дээд хэсэг, бага тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, цээж хэвлийн хөндийн цус хуралт 300мл, хоёр талын хавирга яснуудын хавсарсан олон хугарал, үнхэлцэг хальсны урагдал, зүрхний орой, баруун чих, уушигны артерын урагдал, язрал, хоёр талын өрцний урагдал, язрал, элэгний 5, 6, 7, 8-р сегментийн урагдал, язрал, дэлүүний урагдал, язрал, аарцаг ясны заадсын салсан хугарал, гадна бэлэг эрхтэн, анус, умдаг орчмын арьс, булчингийн урагдал, язрал, гэдэс чихэгдэл, давсагны ханын урагдал, зүүн бугалга, шуу ясны хөндлөн ил хугарал, зүүн дунд чөмөгт ясны ил хугарал, зүүн шилбэ ясны хөндлөн далд хугарал, зүүн дунд чөмөгт ясны ил хугарал, зүүн шилбэ ясны хөндлөн далд хугарал, зүүн мөр, цээж хэвлийн баруун доод хэсгийн цус хуралт, баруун сарвуу, баруун гуя, шилбэ, зүүн гуя, шилбэ, шагайн үе, зүүн сарвуу, баруун нүдний зовхи, дээд уруулын цус хуралт, Баруун тохой, баруун сарвуу, баруун гуя, баруун шилбэ, зүүн гуя, зүүн шилбэний зулгаралт, доод уруулын дотор салстын язарсан шарх, зүүн өгзөгний язарсан шарх, хэвлийн зүүн хажуу хэсэг, зүүн шилбэ, зүүн шагайн үенд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр зам тээврийн ослын үед үүсгэгдэх боломжтой. 3. Гавлын суурь ясны цөмөрсөн хугарал, дагз руу үргэлжилсэн шугаман хугарал, их тархины зулайн ар дээд хэсэг, бага тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар, цээж хэвлийн хөндийн цус хуралт 300мл, хоёр талын хавирга яснуудын хавсарсан олон хугарал, үнхэлцэг хальсны урагдал, зүрхний орой, баруун чих, уушигны артерын урагдал, язрал, хоёр талын өрцний урагдал, язрал, элэгний 5, 6, 7, 8-р сегментийн урагдал, язрал, дэлүүний урагдал, язрал, аарцаг ясны заадсын салсан хугарал, гадна бэлэг эрхтэн, анус, умдаг орчмын арьс, булчингийн урагдал, язрал, гэдэс чихэгдэл, давсагны ханын урагдал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10, 3.1.12-д зааснаар, аарцаг ясны заадсын хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-д зааснаар, баруун шилбэ ясны хөндлөн ил хугарал, зүүн дунд чөмөгт ясны ил хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн бугалга, шуу ясны хөндлөн далд хугарал, баруун дунд чөмөгт ясны далд хугарал, зүүн шилбэ ясны хөндлөн хугарал гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Амь хохирогч нь гавал, тархи, цээж, хэвлийн хөндийн битүү гэмтлийн улмаас нас баржээ. Нас бараад 8 цаг орчим болсон байх боломжтой байна. Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. ...” гэсэн дүгнэлт, /1 хх 191-195/
Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Д.Дунгаамаагийн 2022 оны 10 дугаар сарын 27-ний өдрийн №14616 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний: “...1. ийн биед баруун дунд чөмөг, зүүн талын 6, 7 дугаар хавирганы хугарал, аалзан хальсан доорх цус харвалт, зүүн өвдөгт зулгаралт, хоёр зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүд зам тээврийн осол болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” гэсэн дүгнэлт, /1 хх 211-213/
Дорнод аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Б.Өнөрборгилын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №703 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний: “...1. *******ийн биед бүсэлхийн L2-р нугалмын баруун, зүүн хөндлөн сэртэн, L3-р нугалмын их биеийн урд хана, баруун, зүүн хөндлөн сэртэн, L5-р нугалмын арын сэртэнгийн хугарал, L4-р нугалмын бяцарсан хугарал, нугас дарагдал зүүн дунд чөмөгт ясны дээд 1/3 хэсгийн зөрүүтэй ил хугарал, зүүн шаант яс, зүүн тахилзуур ясны зөрөөтэй далд хугарал, зүүн шилбэ, шагайн үенд зөөлөн эдийн няцрал, 21, 22-р шүдний булгарал, уруулын доод хэсгийн сорви гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйчлэлээр тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой хуучин гэмтэл байна. 3. Бүсэлхийн L2-р нугалмын баруун, зүүн хөндлөн сэртэн, L3-р нугалмын их биеийн урд хана, баруун, зүүн хөндлөн сэртэн, L5-р нугалмын арын сэртэнгийн хугарал, L4-р нугалмын бяцарсан хугарал, нугас дарагдал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.16-д зааснаар, зүүн дунд чөмөгт ясны дээд 1/3 хэсгийн зөрүүтэй ил хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн шаант яс, зүүн тахилзуур ясны зөрөөтэй далд хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. ...” гэсэн дүгнэлт, /2 хх 20-23/
Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч С.Дарханбаатарын 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №169 дугаартай: “... 1. дугаартай Toyota Prius-41 маркийн автомашины жолооч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг биелүүлээгүй байна. 2. Toyota Prius-20 маркийн 60-44 улсын дугаартай автомашины жолооч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн эсэх нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна. 3. Тээврийн хэрэгслүүдийн хурдыг тогтоох боломжгүй байна. 4. Зам орчны байдал зам тээврийн осол гарахад нөлөөлөөгүй байна. 5. Toyota Prius-41 маркийн автомашины жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 буюу “ Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг биелүүлээгүйгээс зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна. 6. Тээврийн хэрэгслүүдийн техникийн байдал, замын хөдөлгөөний дүрмээр тээврийн хэрэгсэлд тавигдах шаарлага хангаж байсан эсэхийг тогтоох боломжгүй байна. 7. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй. ...” гэсэн дүгнэлт, /2 хх 06-08/
гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /1 хх 22/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын схем зураг /1 хх 22-34/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1 хх 35-39/, Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн эд хөрөнгийн үнэлгээ /1 хх 246-247/, амь хохирогч ийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 149-153/, амь хохирогч Ж.Оюун-Эрдэнийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 165-170/, амь хохирогч ын цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 196-202/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас гурван хүний амь насыг хохироож, хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол, гурван хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
6. Шүүгдэгч *******ийн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас гурван хүний амь насыг хохироож, хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол, гурван хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
7. Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 3 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, хувийн байдалд тохирсон байх бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.
8. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан “... *******ийн болгоомжгүй гэмт хэрэгт анх удаа холбогдсон, бусдад төлөх төлбөргүй, авто ослын улмаас өөрөө хүнд гэмтэл авсан, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан ялыг хорих ялын доод хэмжээгээр хөнгөрүүлж өгнө үү. ...” гэх агуулга бүхий гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Учир нь, уг гэмт хэргийн улмаас гурван хүний амь нас хохирч, хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол, гурван хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол буюу хүнд хор уршиг учирсан байх бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч *******өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан хорих ялыг оногдуулахдаа хуульд зааснаар хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзан үзсэн байна.
Иймд шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин, А.Очбадрал нарын энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч *******ийн 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 56 /тавин зургаа/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/186 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин, А.Очбадрал нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 56 /тавин зургаа/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ
ШҮҮГЧИД С.ОЮУНТУНГАЛАГ
Г.УРТНАСАН