Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 216/МА2021/00004

 

Хас банк ХХК-ийн Чойр салбарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч О.Однямаа, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 134/ШШ2021/00025 дугаар шийдвэртэй, Хас банк ХХК-ийг төлөөлж Чойр салбарын захирал Л.Гантулгын гаргасан нэхэмжлэлтэй *******т холбогдох үндсэн зээлийн төлбөр 822 964 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаарх зээлийн хүү 2 557 144 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 511 429 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 12 900 төгрөг, нийт 3 904 437 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Э.Сайханаагийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу хэргийг 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Гантулга, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч Э.Сайханаа, нарийн бичгийн дарга М.Гэрэлтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч*******-ийн Чойр салбарын захирал Л.Гантулга шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Иргэн ******* нь Хасбанктай 2009 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 41001735 дугаартай цалингийн зээл, барьцааны гэрээ байгуулан 2 000 000 төгрөгийг жилийн 30 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2009 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр зээлдэгч *******ийн Хасбанк дахь 20002074 дансанд 2 000 000 төгрөгийг шилжүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 1 177 036 төгрөг, зээлийн хүүд 404 306.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 10 895.47 төгрөгийг төлсөн.

Гэтэл зээлдэгч нь банктай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2010 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 3796 хоног хугацаа хэтрүүлээд байна.

Хасбанк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Мөн 2011 оноос зээлдэгчийн хаяг тодорхойгүй, уулзах болон утсаар ярих боломжгүй байсан тул *******ийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргаж, Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 82 дугаартай шийдвэрээр эрэн сурвалжлуулахаар шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэрээр хариуцагчийг эрэн сурвалжлах ажиллагаа хийгдэж, Цагдаагийн байгууллагаас хариуцагчийн хаягийг тодорхойлсон болно.

Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 822 964 төгрөг, 2020 оны 11-р сарын 09-ний өдрийн байдлаарх хүү 2 557 144 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 511 429 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 12 900 төгрөг, нийт 3 904 437 төгрөгийг Нэргүйн Мөнгөнцэцэгээс гаргуулж өгнө үү.

Хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хариуцагчийн хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж Шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж зөвшөөрөл олгож өгнө үү.

Нэхэмжлэлийн дүнг 3,873,296.83 төгрөг болгон өөрчилж байна. ******* нь зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлөхийг зөвшөөрч эвлэрвэл нэхэмжилсэн хүү, нэмэгдүүлсэн хүүний тавин хувийг бууруулах боломжтой юм гэжээ./хх-1, 40/

Нэхэмжлэгч*******-ийн Чойр салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Жаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн ******* нь 2009 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 41001735 дугаартай цалингийн гэрээ байгуулан 2 000 000 төгрөгийг жилийн 30 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлсэн. Банк 2 000 000 төгрөгийг шилжүүлэн гэрээний үүргийг биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч маань үндсэн зээл 1 777 036 төгрөг, зээлийн хүү 404 306 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10 896 төгрөг төлсөн. ******* нь 2010 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн зээлээ огт төлөөгүй. 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар 3758 хоног зээлийг хугацаа хэтрүүлсэн. Энэ хугацаанд *******ийн хаягийг тогтоох боломжгүй байсан учраас 2011 онд шүүхэд *******ийг эрэн сурвалжлах хүсэлтийг гаргасан. *******ийг эрэн сурвалжлах хүсэлт гаргаснаас хойш Цагдаагаас эрэн сурвалжлахтай холбоотой мэдээлэл ирээгүй. Тэгээд 2020 онд албан тоот ирж иргэн *******ийн хаягийг тодруулсны дагуу шүүхэд үлдэгдэл зээл болон төлөгдөөгүй хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү 3 904 437 төгрөгийг нэхэмжилсэн байгаа. Дахин зээлийн үлдэгдэл болон ашигласан зээл төлөгдөөгүй хугацаа дээр хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцоод нийт 3 873 296 төгрөг 83 мөнгө болгож зээлийн дүнг багасгасан байгаа. Үүн дээр нотариатын үйлчилгээний зардал 12 900 төгрөг нэмэгдэнэ. Хэрвээ ******* хүлээн зөвшөөрвөл хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол дээр 50 хувийг хасаж болно гэсэн саналтай байна. ... Гол нь гэрээний дагуу хэн нэгнээр эрж хайлгаад байх шаардлагагүй, өөрөө зээлийн үлдэгдэлтэй гэдгээ мэдэж байгаа учраас банктай харилцах нь тухайн харилцагчид өөрт нь байсан. Банк санаатайгаар хугацаа явуулж зээлийн төлбөр ихэсгэх гэсэндээ биш гэрээний дагуу үлдэгдлээр бодогдсон дүн. Зөвшөөрөхгүй байгаа учраас 50 хувиар багасгахгүй нийт 3 873 296 төгрөг 83 мөнгөн дээр нотариатын үйлчилгээний зардал нэмээд нэхэмжилнэ гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* нь Хасбанкнаас 2009 онд цалингийн зээл авсан нь үнэн. 2010 онд ажлаас гарч зээлээ төлж чадахгүй болсон. Тухайн үед банкны эдийн засагч байнга ирж уулзаж байсан ба би төлөх боломжгүй нэг сар болоод намайг шүүхэд өгч хүүг нь зогсоох арга хэмжээ авахыг 3 удаа ирэхэд нь хэлсэн болно. Иймд банк санаатай хүү, алданги тооцож байгааг хүлээн зөвшөөрөхгүй, үндсэн зээлийн үлдэгдэл 822 964 төгрөгийг хүлээн зөвшөөрч цалингаасаа хуваан төлөх болно. Би Дорноговь аймгийн Сайншанд суманд багийн нийгмийн ажилтнаар ажиллаж байгаад 2011 оны 02 дугаар сард төрөөд 04 дүгээр сард Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Хас банктай байранд амьдарч байгаад 2011 оны 09 дүгээр сард Баянтал сум руугаа ирсэн. Хэдхэн сар Дорноговь аймгийн Сайншанд суманд багийн нийгмийн ажилтан хийж байгаад, хотод очиж 3 сар болоод Говьсүмбэр аймагтаа ирээд сумандаа амьдарсан. Өнөөдрийг хүртэл Баянталд ажиллаж, амьдарч байгаа. 2015 оноос хойш Талын илч гээд дулааны байгууллагад хүний нөөц, бичиг хэргийн ажилтнаар 2015 оноос хойш ажилласан, тасралтгүй ажил хийж байгаа. 2017 онд Тамгын газарт ажилд орсон. Үндсэндээ сүүлийн 5 жил тасралтгүй ажил хийж байна. 2011 оноос хойш нэг ч удаа банкнаас хүн ирээгүй, ямар нэгэн бичиг баримт болон юу ч шаардаж над дээр ирээгүй. 2010 онд л 3-4 удаа уулзахад нь үнэн учраа хэлсэн. 9,10 жилийн дараа санаатай мэт хүү, алданги бодоод иргэнийг хохироох гэж байгаа юм шиг асуудал гаргаж байгаад дургүй байгаа. Тиймээс банкнаас нэхэмжилж байгаа мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй. Гэхдээ үндсэн авсан зээлээ иргэн хүнийхээ хувьд төлнө. Үндсэн зээлийн 822 964 төгрөгийг цалин дээрээсээ хувааж төлнө гэсэн саналтай байна. Шүүхийн шийдвэрээ дагана гэжээ./хх- 36,49,54/

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1-т зааснаар хариуцагч *******ээс үндсэн зээл 822 963 төгрөг 83 мөнгө, зээлийн хүү 2 541 944 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 508 389, нотариатын үйлчилгээний хөлс 12 900 төгрөг нийт 3 886 196 төгрөг 83 мөнгийг гаргуулж нэхэмжлэгч*******-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 77 421 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 77 129 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагчийн, хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж шүүхийн шийдвэр биелүүлэх арга хэмжээ авахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрч, ... гомдол гаргах эрхтэйг болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Сайханаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 134/ШШ2021/00025 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт: нэхэмжлэгч Хас банк 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд хүсэлт гаргаж улмаар Сум дундын шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 82 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч *******ийг эрэн сурвалжлах шийдвэр гарч, уг ажиллагааг гүйцэтгүүлэхээр цагдаагийн хэлтэст даалгасан.

Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэсийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 33д/2915 дугаар албан бичгээр хариуцагч *******ийн оршин суугаа хаягийг тогтоосон тухай нэхэмжлэгч Хас банк Чойр салбарт мэдэгдэж, банк шүүхэд 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацаа хуульд заасан үндэслэлээр тасалдсан байна гэж дүгнэжээ.

Нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааны дотор нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэдэг нь бодит үндэслэлгүй, хуульд нийцэхгүй байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2016 оны А/40, 113 дугаар хамтарсан тушаалын хоёрдугаар хавсралтын яллагдагчийг хуяглан хүргэх, албадан ирүүлэх, эрэн сурвалжлах ажиллагаа явуулах журам-ын тавдугаар зүйлийн

5.1. шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг үндэслэн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтаас оргон зайлсан сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, иргэний хэргийн хариуцагчийг эрэн сурвалжлах ажиллагааг цагдаагийн байгууллага холбогдох хууль, тогтоомжийн дагуу гүйцэтгэнэ.

5.2. Цагдаагийн байгууллага тодорхой этгээдийг эрэн сурвалжлах ажиллагааны мэдээллийг харьяалах шүүх, шүүхийн тамгын газарт 14 хоног тутам хүргүүлнэ.

6.1. энэхүү журмыг зөрчсөн албан тушаалтан, албан хаагчид холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага ногдуулна гэж хуульчилжээ.

Уг журам ёсоор цагдаагийн байгууллага эрэн сурвалжлах ажиллагааны мэдээллийг харьяалах шүүхэд 14 хоног тутам мэдээлж байх үүргээ хэрэгжүүлээгүй даруй 10 жил болсон байна.

Цагдаагийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар цагдаагийн албаны үйл ажиллагааг тасралтгүй байх зарчимтай авч дээрхи эрэн сурвалжлах ажиллагааг тасралтгүй явуулалгүй 10 жил орчим тасарсан байна гэж үзэж болохоор байна.

Учир нь хариуцагч ******* нь 2011 оноос хойш Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1-р багийн 105-р байрны 15 тоотод оршин сууж багаа ба 2015 оноос хойш Баянтал сумын Талын илч ОНӨҮГ, 2017 оноос өнөөдрийг хүртэл Баянтал суманд багийн засаг даргаар тасралтгүй ажиллаж байгаа болно.

Дээрхээс үзэхэд хариуцагчийг хуульд заасан үндэслэлээр эрэн сурвалжлаагүй мөн нэхэмжлэгч өөрийн хүсэлтийг хэрэгжүүлж байгаа эсэхэд цагдаагийн байгууллагад хандаагүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад зохигчид эвлэрлийн гэрээ байгуулсан тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Хас банк ХХК-ийг төлөөлж Чойр салбар нь хариуцагч *******т холбогдуулан анх шүүхэд үндсэн зээлийн төлбөр 822 964 төгрөг, зээлийн хүү 2 557 144 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 511 429 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 12 900 төгрөг, нийт 3 904 437 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг үндсэн зээл 822 964 төгрөг, зээлийн хүү 2 541 944 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 508 389 төгрөг нийт 3 873 296.83 төгрөг гэж өөрчилжээ.

Харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн төлбөр 822 964 төгрөгийг төлнө, бусад шаардлагыг зөвшөөрөхгүй гэсэн агуулга бүхий тайлбар гаргаж маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэрлэснийг хариуцагчийн өмгөөлөгч Э.Сайханаа эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан.

Гэвч давж заалдах шатны шүүх хуралдаан дээр хариуцагч нь нэхэмжлэгч талын анхан шатны шүүхэд гаргасан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний тавин хувийг бууруулах саналыг зөвшөөрч, энэ үндэслэлээр эвлэрэх санал гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Чойр салбарын захирал Л.Гантулга зөвшөөрч талууд 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага болох нийт 3 886 196.83 төгрөгнөөс зээлийн хүү 2 541 944 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 508 389 төгрөгийг тус тус тавин хувиар бууруулж, нийт төлөх дүнг 2 361 030 төгрөг гэж эвлэрсэн.

Талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээнээс үзвэл: төлбөрийн нийт дүнг 2,361,030 төгрөг гэж тохирч, харин хариуцагч нь 1. Нэхэмжлэгч Хас банк ХХК-ийн Чойр салбарт төлөх үндсэн зээл 822, 963.83 төгрөг, зээлийн хүү 1 270 972 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 254 194.50 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 12 900 төгрөг, нийт 2 361 030 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлж барагдуулах, гэхдээ сар бүр хэсэгчлэн 236 103 төгрөгийг төлөхөөр,

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагчийн хуулиар төлбөрт гаргаж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө орлогоос шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг тус тус эвлэрлийн гэрээ-нд тохирсон байна.

Эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт заасантай нийцэж байна.

Талуудын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт зааснаар бичгээр тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан хэлцэлийг давж заалдах шатны шүүхээс батлан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2-т давж заалдах гомдол гаргасны дараа зохигч эвлэрэн хэлэлцсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрсөн бол давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй гэж заажээ.

Түүнчлэн зохигч эвлэрэн хэлэлцсэнээр хэргийг шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг, мөн энэхүү зохигчийн эвлэрлийг баталж шийдвэрлэсэн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учиртай болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 75 дугаар зүйлийн 75.5, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт тус тус хуульчлан зохицуулсаныг талуудад тайлбарлаж, энэ талаар шийдвэрт тусгах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 134/ШШ2021/00025 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч ******* нь нэхэмжлэгч Хас банк ХХК-н Чойр салбарт хариуцан төлөх үндсэн зээл 822 963.83 төгрөг, зээлийн хүү 1 270 972 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 254 194.5 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 12900 төгрөг, нийт 2 361 030 төгрөгийг сар бүр 236 103 төгрөгөөр хэсэгчлэн төлөх, төлбөрийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний дотор барагдуулахаар, мөн хариуцагчийн хуулиар төлбөрт гаргаж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө орлогоос шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг тус тус харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77129 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү магадлалыг хариуцагч ******* нь сайн дураар биелүүлээгүй бол албадан гүйцэтгэхийг зохигчдод тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчид хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ТЭГШСУУРЬ

ШҮҮГЧИД О.ОДНЯМАА

Х.БАЙГАЛМАА