| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2017/0178/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/042 |
| Огноо | 2018-01-22 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Цогжавхлан |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2018/ШЦТ/042
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч Д.Цогжавхлан,
Нарийн бичгийн дарга *******юунтөгс,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1714001360053 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт ******* /******* регистрийн дугаартай/
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь 2017 оны 08 дугаар сарын 31-с 09 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5.5.39б тоотод иргэн *******г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Миний бие тогтоолтой танилцлаа. Надад сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Би Отай эвлэрч гэрээ байгуулсан гэх мэдүүлэг / хх-ийн 29-30 /,
...Миний бие тогтоолтой танилцлаа. Надад сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Надад хэрэгтэй холбоотой ямар нэгэн маргаан байхгүй гэх мэдүүлэг / хх-ийн 124-125 /,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Би үргэлж зодоод байдаггүй. Хохирогч нь өөрөө намайг цохиж, зодоод байдаг байсан. Би тухайн үед тэвчээд яваад байдаг. Тухайн үед миний уур хүрсэн байсан. Тухайн хэрэг болсны өмнөх орой нь өөрөө пиво уусан байсан. Хохирогч нь намайг пиво уудаг гэж мэдүүлэг дээрээ хэлсэн байсан. Би пиво уудаггүй. Хохирогч нь өөрөө уруу татаад хамт уугаад байдаг байсан. Тэгээд би салсан гэв.
3. Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би Лтай 2012 онд анх танилцсан. Түүнээс хойш хамтран амьдрач байгаа. Удаа дараа согтуу ирээд гар хүрч зоддог. 2017 оны 08 дугаар сарын 31-ний орой 22 цагийн үед манай гэрийн гадаа дүүгийнхээ машинтай ирээд намайг дуудсан би гарсан. Тэгээд машиндаа суулгаад “амьчуулын дэлгүүр орое ганц пиво ууя” гэсэн, тэгээд нэг том пиво аваад хувааж уух гэхээр нь би “маргааш цэцэрлэг сургууль эхлэнэ би хүүхдээ хүргэж өгөх ёстой би бие муутай чи мэднэ би уумааргүй байна ядаж 2 лааз пиво авчихгүй яасан юм” гэж хэлсэн. Тэгээд дэлгүүр орж том пивоо буцааж 2 лааз пиво аваад манай гудамж руу орж ууцгаасан. Тэгээд гэнэт над руу “ чи ер нь юу гэж элдэв нэгээр мессеж бичээд байна” гээд дайраад үстэй толгойноос зулгаагаад машин дотроо зодсон шууд шүд рүү цохиод, миний үүдэн шүд хугараад эмтрээд унасан. Би “шүд хугарчихлаа” гэж хэлтэл улма зодоод “чамайг Баян-Овоо авч яваад алчихаад ирсэн ч яадаг юм” гээд хэлэхээр нь би уйлсан. Тэгсэн чинь машинаа шууд асаагаад 4.2 дугаар гудманд байдаг архи зардаг айлд очоод “эндээс архи аваад өг” гэхээр нь би буугаад зугатаад амиа авах санаатай “надад мөнгө байгаа” гээд буусан. Л хаалгыг нь нүд гэхээр нь хаалгыг нь нүдсэн чинь нэг өвөө гарч ирэхээр нь би “өвөө танайд пиво байгаа юу” гэсэн чинь тэр өвөө байхгүй ах нь сая хөдөөнөөс ирлээ гээд байж байтал “Соната”-2 маркийн тээврийн хэрэгсэлтэй хүмүүс ирэхээр нь би “ах нараа намайг авраач энэ машинтай залуу намайг зодох гээд байна” гэхэд тэр 3-н ах Л дээр очоод “чи яахаараа эмэгтэй хүнийг зодож нүддэг хүн бэ” гэхэд Л машинаа асаагаад шууд зугатаасан. Тэгээд би цагдаа дээр ирж дуудлага өгсөн юм.
Намайг байнга зодож биед гэмтэл шарх учруулж, хамар нармай руу зодож цохиж байсан гэх мэдүүлэг / хх-ийн 07-09 /,
....2017 оны 08 сарын 31-ний орой 22 цаг өнгөрч байхад дүүгийнхээ саарал өнгийн суудлын машинтай ирээд намайг дуудаад дэлгнүүр хаачихлаа хурдан суу гээд амьчуулын дэлгүүр явж тов савтай пиво авч гарсан. Би уухгүй гэхэд багадаад байна уу гэж байснаа пиво буцааж “Их номгон” нэртэй дэлгүүрээс 2 шилтэй пиво авч манай гудамж орож манай гэрээс 2-3 хаалганы наана зогсоод нөгөө пиво уусан.. Ойр зуурын юм ярьж байгаад гэнэт над руу дайрч миний үстэй толгойноос зулгааж доош нь нэг гараараа дарж байгаад нүдчихсэн. Тэгж байгаад нүүр лүү цохиж миний үүдэн шүд эмтэрсэн. Би шүд хугарчихлаа гэхэд улам зодсон.
..Ер нь дандаа хоёулахнаа байхдаа зоддог байсан. Зодохдоо намайг хардаж зоддог. Намайг зодсон асуудалтай холбоотой гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй Бид 2 одоо эвлэрсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 10-15 /,
...Цагдаагийн байгууллагад нэг удаа дуудлага өгсөн тэр нь 2017 оны 04 дүгээр сарын 20-ны үед байх гэж бодож байна. Тухайн үед торгууль төлж гарсан байсан. Намайг дандаа хий хардаж хоосон зүйл ярьж зоддог байсан гэх мэдүүлэг / хх-ийн 127-129 /,
4. Баянхонгор аймгийн Шүүхий шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын сарын 04-ний 417 дугаартай шинжээчийн:
“1. *******гийн биед баруун, зүүн дээд 1-р шүдний сурвалжын хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн”зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-19 /, хавтаст хэргийн 32-36 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгчийн хувьд ноогдох хөрөнгөнөөс 450000 төгрөг битүүмжилсэн тухай тогтоол тэмдэглэл, хавтаст хэргийн 43 дугаар хуудсанд авагдсан ял шийтгэлгүй болон 133-146 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч *******д холбогдох хэргийн үйлчлэл зөв, шүүгдэгч ******* нь 2017 оны 08 дугаар сарын 31-нээс 09 дүгээр сарын 01-нд шилжих шөнө иргэн *******г зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул шүүхээс “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-д заасан “ гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлоно”, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж ял шийтгэлийг оногдуулав.
Шүүхээс шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д заасан “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан, эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэсэн нь заавал прокурорын саналаар эрүүгийн хариуцлагыг оногдуулах гэсэн зарчим биш бөгөөд Үндсэн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан “Монгол улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ”, мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “хуулиар харьяалуулсан эрүүгийн хэрэг, эрх зүйн маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх” гэж заасан байгааг үндэслэл болголоо.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ эдэлж, шүүх хуралдаанд оролцсон бөгөөд шүүх хуралдаанд “улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцэх зүйлгүй, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэж илэрхийлснийг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******ын хувьд ноогдох хөрөнгөнөөс дөрвөн зуун тавин мянган / 450000 / төгрөгийг битүүмжилсэн 2017 оны 09 дүгээр сарын 15-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх дөрвөн зуун тавин мянган / 450000 / төгрөгийг эзэмшигч *******д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир шүүгдэгч энь цагдан хоригдоогүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ыг хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1, 164 дугаар зүйлийн 164.1, 164 дүгээр зүйлийн 164.2-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан хоёр зуун дөчин / 240 / цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар ажил хийлгэж байхаар тогтоож, уг ялыг эдлүүлж, хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 165 дугаар зүйлд зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэлд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******ын хувьд ноогдох хөрөнгөнөөс дөрвөн зуун тавин мянган / 450000 / төгрөгийг хурааж битүүмжилсэн 2017 оны 09 дүгээр сарын 15-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи дөрвөн зуун тавин мянган / 450000 / төгрөгийг эзэмшигч *******д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохыг шүүгчийн туслахад даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ