Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2018/ШЦТ/043

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч В. Дэлгэрмаа,

Нарийн бичгийн дарга Б. Оюунтөгс,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814000000013 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, ******* овогт *******,

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Есөнбулаг” 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Ажилсаг” худалдааны төвийн уурын зуухны хажуу талд иргэн *******г зодож бие эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

 ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2017 оны 12 дугаар сарын 29-ны өдөр би ганцаараа 1 шил архины талыг нь уучихсан гадуур явж байгаад “Ажилсаг” төвийн ойролцоо нэг хөгшин эгчтэй тааралдаад би нилээн согтуу байсан учраас тэр хүнтэй хэрүүл маргаан үүсгэж маргалдаад тэр хүн “чи айлын эзэнгүй хашаанд юу хийж яваа юм бэ” гэхээр нь би “та намайг ажил дээр минь очоод битгий архи уучихсан байна гээд ховолчихоорой” гээд хэлсэн. Энэ хүнтэй гэр бүлийн хамаарал байхгүй. Тэгээд би тэр хүний 2 хөл уруу нь өшиглөж байснаа бол сайн мэдэж байна. Түүнээс цааш ямар үйлдэл гаргасанаа мэдэхгүй байна. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихээд хүнтэй маргалдаад хүн зодсон нь миний буруу, гаргасан асуудалдаа арга хэмжээ авахуулахад татгалзах зүйл байхгүй. гэх мэдүүлэг. /хх-ийн 13-14 /,

... Миний бие тогтоолтой танилцлаа. Надад сонсгосон Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө хэсгийн байцаагч Цагдаагийн ахлах дэслэгч *******т болсон явдлын талаар мэдүүлэг өгсөн болохоор одоо надад дахин нэмж хэлэх зүйл байхгүй учир мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Би өөрийнхөө буруутай үйлдлийн улмаас бусдад хөнгөн хохирол учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. гэх мэдүүлэг /хх-ийн 48-49/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

3. Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2017 оны 12 дугаар сарын 29-ны өдөр би гэр урүугаа “Ажилсаг” төвийн ойролцоо явж байтал нэг эрэгтэй согтуу хүн миний урдуур хүрч ирсэнээ миний 2 хөл уруу 4-с таван удаа өшиглөөд, зүүн талын мөр. дал орчим 2 удаа. толгой уруу 2 удаа гараараа цохихоор нь би гараараа хаасан. Тэгээд байхад намайг зодсон. Би 56 настай эмэгтэй хүн, харин тэр хүн 40 хүрч яваа гэмээр эрэгтэй хүн байсан. Тэр хүн их согтуу байсан. Ингээд би тэр хүнд зодуулчихаад дүүгийндээ хэлээд тэр хүний байгаа газар нь явж очоод цагдаад тэр хүнийг өгч явуулсан. Одоо миний зүүн талын мөр дал орчим. мөн толгой өвдөөд, 2 хөл өвдөгөөрөө болон гуя, шилбэ орчим нь өвдөөд байна. Тэр хүнийг намайг зодож байхад ойр хавьд хүн байгаагүй. Тэр хүн намайг зодчихоод зугтаагаад явчихсан юм. Ингээд араас нь очиж байж цагдаад өгч явуулсан .Гомдолтой, одоо миний бие өвдөөд байна. Мөн миний барьж явсан шинэ индүүг тэр хүн эвдээд хаячихсан. Скарлет нэртэй индүү байсан. 13000 төгрөгөөр авсан. Мөн одоо би биеэ эмчлүүлмээр байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй, миний ярьсан зүйл бүгд үнэн. гэх мэдүүлэг /хх-ийн 09-10/

... Би хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч *******т өгсөн мэдүүлэг дээрээ бүгдийг нь үнэн зөвөөр мэдүүлсэн учир нэмж хэлэх зүйл байхгүй.

Миний баруун болон зүүн талын хөлний шилбэний хэсэгт нийт 5 удаа хөлөөрөө өшиглөсөн юм. Янз бүрийн багаж зэвсгийн чанартай зүйлээр цохисон зүйл байхгүй. Мөн миний дал орчим бас цохисон одоо яг хэдэн удаа цохисон эсэхийн санахгүй байна. Би тухайн индүүг 13.000 тегрөгөөр тэр өдөртөө худалдан авсан юм. Иймд би индүүгээ 13.000 төгрөгөөр үнэлэх болно. Би нийт 100.000 төгрөгийг нэхэмжилж байна Шүүх хуралд суухгүй.гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/

4. Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2017 оны 12 дугаар сарын 29-ны өдөр би ээж Н уруугаа залгаад та хаана явж байна гэсэн чинь ээж маань би “Ажилсаг” төвийн ойролцоо явж байтал хүнд зодуулчихлаа гээд хэлээд би цагдаад дуудлага өгсөн. Тэр хүн нь зугтах гэхээр нь манай ээж өөрийн дүүдээ хэлээд дүү А нь манай ээжийг зодсон гэх “Ажилсаг” төвийн хашаанд байсан хүнийг цагдаа очиход дэргэд нь байж байгаад цагдаад өгөөд явуулсан гэсэн. Тэгээд ээж маань гэртээ ирэхэд нь хоёр хөл нь өвдөөд байсан. Баруун хөлийн өвдөг хэсгээр хөхөрч зүүн талын хөлийн шилбэ хэсэг урд талаараа хавдаад зүүн талын дал хойд хэсэгтээ хөхөрсөн байсныг эмчид үзүүлсэн толгой нь өвдөөд байна гэж ээж маань надад хэлсэн. Манай ээжийг зодсон энэ хүнд гомдолтой байна. Манай ээж тухайн үедээ индүү бариад явж байсан юм байна лээ. Тэр индүүг нь авч шидээд хагалаад хаячихсан гэсэн. “Skarlet” гэсэн нэртэй 13000 төгрөгөөр өчигдөр худалдан авсан индүүний 13000 төгрөгийг энэ буруутай хүнээс авна гэж бодож байна. Мөн хөлийг нь эмчлүүлмээр байна. Одоогийн байдлаар эмчилгээ хэдэн төгрөг болохыг мэдэхгүй байна. гэх мэдүүлэг/хх-ийн11-12/

5. Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

…2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 16 цагийн үед гэртээ сууж байхад Н эгч орж ирсэнээ намайг хүн зодчихлоо гэхээр нь гадаа гарч үзэхэд ******* мах импексийн байр луу гүйгээд орж байсан харагдсан, тэгэхээр нь араас нь гүйж очоод “чи яагаад хөгшин хүнийг зоддог юм бэ” гэхэд шал согтуу байсан ба юм хэлээгүй юм. Тэгээд цагдаа нар ирээд аваад явсан. Толгой, хөл өвдөөд байна гээд байсан. Тухайн үед түүний хувцас хунар нь шороо болсон байсан. гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/

6. Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Б ахын хувьд Баянхонгор аймгийн Баянхонгор суманд 1968 онд айлын 5 дахь хүүхэд болж хорвоод мэндэлсэн юм. Бид нарын хувьд эхээс наймуулаа байдаг юм Түүний хувьд бага байхдаа хичээл сурлагандаа сайн. Гэр бүлийн гишүүдийн дунд нэр хүнд сайтай байдаг байсан. “Номгон” бүрэн дунд сургуулийг төгссөн бүрэн дунд боловсролтой, 3 жилийн цэргийн албыг хаасан эхнэр хүүхэд гэж байдаггүй ганцаараа амьдардаг юм. Сүүлийн үед архи дарс уудаг болсон. Урьд өмнө цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан. Амжиргааны түвшингийн хувьд ер нь доогуур байнгын цалин хөлстэй ажил хийдэггүй. Заримдаа ажил олж хийдэг боловч цалин бага хэцүү амьдралтай хүн юм байгаа. гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/

....С. Бгийн хувьд Баянхонгор аймгийн Баянхонгор суманд 1968 онд айлын 5 дахь хүүхэд болж хорвоод мэндэлсэн юм. Бид нарын хувьд эхээс наймуулаа байдаг юм Түүний хувьд бага байхдаа штанк өргөдөг хичээл сурлагандаа сайн. 2 дугаар арван жилийг төгссөн бүрэн дунд боловсролтой, 3 жил цэргийн албыг хаасан эхнэр хүүхэд гэж байдаггүй ганцаараа амьдардаг юм. Сүүлийн үед архи дарс уудаг болсон. Урьд өмнө цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан. Амьжиргааны түвшингийн хувьд ер нь доогуур байнгын цалин хөлстэй ажил хийдэггүй. Заримдаа ажил олж хийдэг боловч цалин бага хэцүү амьдралтай хүн юм байгаа. Архи согтууруулах ундаа хэрэглэхээрээ зан ааш нь өөрчлөгддөг юм шиг байна. Эрүүл байхдаа бол хүнтэй юм ярьдаггүй Ичимхий өөрийгөө илэрхийлэх чадваргүй бүрэг хүн байгаа юм. Амьжиргааны түвшингийн хувьд ер нь доогуур байнгын цалин хөлстэй ажил хийдэггүй. Заримдаа ажил олж хийдэг боловч цалин бага хэцүү амьдралтай хүн юм байгаа. гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 /

7. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 51 дугаартай шинжээчийн

1. *******-н биед тархи доргилт, баруун, зүүн шилбэ, даланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд шинээр үүссэн байх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт / хх-ийн 37-38 /, болон хавтаст хэргийн 21-22 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч С. Бгийн “Sharp” маркийн зурагт битүүмжилсэн тогтоол тэмдэглэлүүд, хавтаст хэргийн 20-23 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч С. Бд нь урьд ял шийтгэгдэж байсан тухай тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч *******д холбогдох хэргийн үйлчлэл зөв, шүүгдэгч ******* нь 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр иргэн *******г зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул шүүхээс “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ эдэлж, шүүх хуралдаанд оролцсон бөгөөд шүүх хуралдаанд “улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцэх зүйлгүй, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэж илэрхийлснийг дурдах нь зүйтэй байна.

Шүүх шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д заасан “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан” ял шийтгэл оногдуулна гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан ял шийтгэлийг оногдуулав.

Шүүгдэгч С. Бгийн эзэмшлийн “SHARP” маркийн зурагтыг битүүмжилсэн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх “SHARP” маркийн зурагтыг эзэмшигч *******д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******г дөрвөн зуун наян / 480 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1, 164 дугаар зүйлийн 164.1, 164 дүгээр зүйлийн 164.2-д зааснаар шүүгдэгч *******д дөрвөн зуун наян / 480 / цагийн хугацаагаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар ажил хийлгэж байхаар тогтоож, уг ялыг эдлүүлж, хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.           

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 165 дугаар зүйлд зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.    

5. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.        

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******гийн эзэмшлийн эзэмшлийн “SHARP” маркийн зурагтыг битүүмжилсэн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх “SHARP” маркийн зурагтыг эзэмшигч С. Бд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.          

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.                                               

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ