Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 212/МА2020/00082  

 

“Д” БГБХ нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Н.Туяа, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,  тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 130/ШШ2020/00968 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Д сумын 5 дугаар баг, Булган багт үйл ажиллагаа явуулдаг, “Д” БГБХ нөхөрлөл, “Ж” ХХК, “С” ХХК, “Су” ХХК, “Т” ХХК, “Ө” ХХК, “О”, “Э” ХХК, “И” ХХК, “Б” БГБХ нөхөрлөл нарын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Д сумын 5 дугаар баг, Булган багт үйл ажиллагаа явуулдаг, “Э” ХХК-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын хамтран давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны  11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг /цахим сүлжээгээр/, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал /цахим сүлжээгээр/ нар оролцов.    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Д сумын Булган багт Цэцэрлэгт хүрээлэнгийн өмнө, замын уулзварын баруун талд үйл ажиллагаа явуулж байгаа “Э” ХХК-ийн “Б” үйлчилгээний төвийг албадан буулгаж, газрыг чөлөөлүүлэх тухай.

 

Нэхэмжлэлд: “Ховд аймгийн Д суманд “Д” БГБХ нөхөрлөл, “Ж” ХХК, “С” ХХК, “Су” ХХК, “Т” ХХК, “Ө” ХХК, “С” хоршоо, “Э” ХХК, “И” ХХК, “Б” БГБХ нөхөрлөл нь үйл ажиллагаа явуулдаг. Ховд аймгийн Д сумын Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А\143 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар Ховд аймгийн Д сумын Булган багт Цэцэрлэгт хүрээлэнгийн өмнө, замын уулзварын баруун талд “Э” ХХК-нд газар эзэмшүүлэхээр шийдвэрлэхдээ Газрын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчиж, Д суманд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн шийдвэр гаргасан. “Э” ХХК нь Засаг даргын гаргасан газар эзэмшүүлэх шийдвэрийг үндэслэн тэнд “Б” зоогийн газар барьж үйл ажиллагаа явуулж байна. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 04 дугаартай шийдвэрээр Ховд аймгийн Д сумын Засаг даргын А\143 дугаар захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэж, хэргийн оролцогчид давж заалдах гомдол гаргаагүй анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Гэтэл Ховд аймгийн Д сумын Засаг дарга нь 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А\28 дугаар захирамж гаргаж дээрх газар дээр дуудлага худалдаа явуулахаар шийдвэр гаргасны дагуу 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн А\43 дугаар захирамжаар “Э” ХХК-нд Ховд аймгийн Д сумын Булган багт цэцэрлэгт хүрээлэнгийн өмнө, замын уулзвар тал дахь газрыг дахин эзэмшүүлэх шийдвэр гаргасан. Ховд аймгийн Д сумын Засаг даргын хууль бус шийдвэрүүдийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд дахин хандсанаар Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 52 дугаар шийдвэрээр Ховд аймгийн Д сумын Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А\28 дугаар “Дуудлага худалдаа зохион байгуулах тухай” захирамж, мөн А\28 дугаар захирамжийн дагуу 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр явагдсан газрын дуудлага худалдааг тус тус хүчингүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 221\МА2018\0622 дугаар Магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн танхимын 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 37 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж, Засаг даргын захирамжууд хүчингүй болсон. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр газар эзэмших эрх нь хүчингүй болсон ч “Э” ХХК-ны Б үйлчилгээний газар нь Ховд аймгийн Д суманд хүнсний худалдаа, үйлчилгээний газар нь үйл ажиллагаа явуулсаар байгаа нь хууль зөрчсөн үйлдэл бөгөөд Ховд аймгийн Д суманд хүнсний худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн эрх ашигт нөлөөлж байна. Иймд Ховд аймгийн Д сумын Булган багт цэцэрлэгт хүрээлэнгийн өмнө, замын уулзварын баруун талд хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй “Э” ХХК-ны Б үйлчилгээний газрыг албадан чөлөөлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: “Хариуцагч “Э” ХХК нь Д сумын Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А\143 дугаар захирамжаар 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 0813-2017\00021 дугаар гэрээг байгуулан 000306650 дугаартай газар эзэмших гэрчилгээ авсны үндсэн дээр 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн барилгын ажил эхэлсэн боловч 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд маргаан үүсгэсэн тул барилгын ажил зогссон байна. Газрын дуудлага худалдаанд оролцох хүсэлтээ 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр газрын даамалд хүргүүлэн дуудлага худалдаанд оролцож 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн А\43 тоот шийдвэрийг үндэслэн газрын гэрээ, гэрчилгээ олгогдсон тул 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр барилгын ажил үргэлжилж, 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Б үйлчилгээний цогцолборын үйл ажиллагаа эхэлсэн. Тус барилгад нийт 413425983 төгрөгийн хөрөнгө оруулалтаар 6 бүрдэл хэсэгтэй 150 хүний нийтийн хоолны газар, хүнсний дэлгүүр, ариун цэврийн байгууламж, тээврийн хэрэгсэл түр зогсох зогсоол, ногоон зүлэг, зам дагуух модлог ургамал, гүний худаг, жолоочийн амрах өрөө, эх нялхсын амрах өрөө зэргийг оруулсан Б цогцолбор ашиглалтад орсон. Дахин шүүхэд Д.З нь хандсан бөгөөд Захиргааны хэргийн шүүхээр газар олгосон захирамжийг хүчингүй болгосон бөгөөд энэ нь манай “Э” ХХК-ний буруутай үйл ажиллагаанаас огтхон ч хамааралгүй. Түүнчлэн газрын дуудлага худалдаа зарлагдаад 20 гаруй хоног болоход нэхэмжлэл гаргасан байгууллага, иргэдээс уг газрыг дуудлага худалдаанд оролцох нэг ч хүсэлтийг гараагүй болох нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхой болж батлагдсан. Зарлагдсан сонгон шалгаруулалтад оролцоогүй атлаа төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан хүчингүй болгосон захирамжтай асуудалд нэхэмжлэл гаргахгүй эрхгүй этгээдүүд нэхэмжлэл гаргаж байгууллагад чирэгдэл учруулж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тухайн газар нь 2017 онд Д сумын ИТХ-аар үйлчилгээний газар байхаар сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан. Газрын биржийн цахим хуудаст https:\\www.mle.mn\ Ховд аймгийн Д сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт цэнгэлдэх хүрээлэнгийн урд байрлалтай 10000м2 газрын дуудлага худалдааны зарыг 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр үзэн манай байгууллага “Газар өмчлүүлэх, эзэмших, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 4.3-т заасны дагуу дуудлага худалдаанд оролцох холбогдох материалыг хүсэлтийн хамт 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Ховд аймгийн Д сумын газрын даамалд хүргүүлсэн. Дуудлага худалдаанд 256696099 төгрөгийн төсвөөр 70 хувийн гүйцэтгэлтэй барилгын доорх 1 га газрыг 5 сая төгрөгөөр үнэлж сумын газрын даамал Л.Самдантай 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 01 тоот худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Газрын гэрчилгээ олгосны дараа 2018 оны 4 дүгээр сарын 15-аас барилгын ажлыг эхлүүлэн 6 дугаар сарын 25-нд үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Барилгын ажлын гүйцэтгэлд 2018 онд нийт 127252000 төгрөгийг, тоног төхөөрөмжийн зардалд 32100000 төгрөгийг тус тус зарцуулав. Барилгын ажилд 2017-2018 онд нийт 383948099 төгрөг, тоног төхөөрөмжид 32100000 төгрөг, нийт 416048099 төгрөгийг зарцуулсан. Тиймээс зохих албан тушаалтны шийдвэрээр газар эзэмшүүлсний үндсэн дээр барилгын ажил эхэлж, дахин захирамж гаргаснаар барилгын ажлаа дуусган Ховд аймгийн Д суманд Б цогцолборын үйл ажиллагааг тогтвортой явуулж байгаа бөгөөд ажилчдын 93 хувь нь Д сумын иргэд ажиллаж байна. Гэтэл “Э” ХХК-нд холбогдуулан Ховд аймгийн Д сумын Булган баг Цэцэрлэгт хүрээлэнгийн өмнө 4 замын уулзварын баруун талд байрлах газар буюу Б үйлчилгээний цогцолборын байрлах \1,0 га\ газрыг чөлөөлүүлэхээр “Д мөнгөн аяга” БГБХН-ийн захирал Д.З нь нэхэмжлэл гаргасан бөгөөд өөр дээрээ итгэмжлэл авч нэр бүхий байгууллагуудыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэлийг ямар үндэслэлээр гаргаж байгаа нь ойлгомжгүй. Өөрөөр хэлбэл Б үйлчилгээний газар нь үйл ажиллагаа явуулснаар эдгээр аж ахуйн нэгжийн ямар эрх ашиг сонирхлыг хөндөж байгаа, нэхэмжлэл гаргах эрхгүй атал түүний ямар хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчиж хөндөж байгаа нь тодорхойгүй байна. Иймд “Э” ХХК-нд холбогдуулан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З-ын гаргасан газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 130/ШШ2020/00968 дугаар шийдвэрээр “Монгол Улсын Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 1, 2, мөн хуулийн арван зургадугаар зүйлийн 14-ийг, мөн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4, 47 дугаар зүйлийн 47.1-ийг тус тус баримтлан нэхэмжлэгч “Д” БГБХ нөхөрлөл болон хамтран нэхэмжлэгч “Ж” ХХК, “С” ХХК, “Су” ХХК, “Т” ХХК, “Ө” ХХК, “О” хоршоо, “Э” ХХК, “И” ХХК, “Б” БГБХ нөхөрлөлүүдийн нэхэмжлэлийг хангаж, Ховд аймгийн Д сумын 5-р баг, Булган багт цэцэрлэгт хүрээлэнгийн өмнө, замын уулзварын баруун талд үйл ажиллагаа явуулж байгаа хариуцагч “Э” ХХК-ийн Б үйлчилгээний газрыг албадан буулгаж газрыг чөлөөлүүлэхээр шийдвэрлэжээ. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлын агуулга: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 130/ШШ2020/00968 дугаар шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Нэг: Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 сарын 23-ны өдрийн 130/ШШ2020/00968 дугаартай шийдвэрийн үндэслэх, тогтоох хэсгийн”...Монгол Улсын Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 1, 2, мөн хуулийн арван зургадугаар зүйлийн 14-ийг, мөн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4, 47 дугаар зүйлийн 47.1-ийг тус тус баримтлан нэхэмжлэгч “Д” БГБХ нөхөрлөл болон хамтран нэхэмжлэгч “Ж” ХХК, “С” ХХК, “Су” ХХК, “Т” ХХК, “Ө” ХХК, “С” хоршоо, “Э” ХХК, “И” ХХК, “Б” БГБХ нөхөрлөлүүдийн нэхэмжлэлийг хангаж, Ховд аймгийн Д сумын 5 дугаар баг, Булган багт цэцэрлэгт хүрээлэнгийн өмнө, замын уулзварын баруун талд үйл ажиллагаа явуулдаг хариуцагч “Э” ХХК-ийн “Б” үйлчилгээний газрыг албадан буулгаж газрыг чөлөөлсүгэй”... гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иргэний хуулийн зорилт нь “1.1. Энэ хуулийн зорилт нь эрх зүйн этгээдийн хооронд үүсэх эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцааг зохицуулахад оршино. 1.2.Иргэний хууль тогтоомж нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал, гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, иргэний эрх үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчимд үндэслэнэ.” гэж заасан. Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 1.Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна. 2.Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэж заажээ. Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн” гэж заасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй, нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээдүүдийн гаргасан нэхэмжлэлийг хууль зүйн үндэслэлгүйгээр хүлээн авч хангаж шийдвэрлэсэн нь хэт нэг талыг баримталсан гэж үзэх үндэслэлтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байна. Ховд аймгийн Д сумын Булган багт байрлах “Д” БГБХ нөхөрлөл болон хамтран нэхэмжлэгч “Ж” ХХК нарын нөхөрлөлүүд нь нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд байна. Иргэний хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 “Монгол Улсад нийтийн болон хувийн өмч байна.”, 99.2 “Нийтийн өмч нь төрийн, орон нутгийн, шашны, олон нийтийн гэсэн хэлбэртэй байна.”, мөн хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмчид байна.”,102.4 “Монгол Улсын иргэдэд газар өмчлүүлэх журмыг хуулиар тогтоох хүртэл энэ хуульд заасан “газар өмчлөгч” гэснийг “төр” гэж ойлгоно. Баян-Өлгий аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэх хуулийн заалтыг анхаарсангүй. Иймд нэхэмжлэгч “Д” БГБХ нөхөрлөл болон хамтран нэхэмжлэгч “Ж” ХХК, “С” ХХК, “Су” ХХК, “Т” ХХК, “Ө” ХХК, “С” хоршоо, “Э” ХХК, “И” ХХК, “Б” БГБХ нөхөрлөлүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасныг анхан шатны анхаарсангүй.

Хоёр: Газрын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх нь Ховд аймгийн Д сумын 5 дугаар баг, Булган багт цэцэрлэгт хүрээлэнгийн өмнө, замын уулзварын баруун талд үйл ажиллагаа явуулдаг хариуцагч “Э” ХХК-ийн “Б” үйлчилгээний газрыг албадан буулгаж газрыг чөлөөлүүлэхээр шийдвэр гаргах хуульд заасан эрх хэмжээ байхгүй. Учир нь Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-т “Энэ хуулийн 41.1-д заасан хугацаанд газраа чөлөөлөөгүй бол тухайн шатны Засаг дарга албадан нүүлгэх ажлыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулна” гэж заасан. Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрх дуусгавар болоход хууль болон газар эзэмших гэрээнд өөрөөр заагаагүй бол 90 хоногийн дотор уг газрыг чөлөөлж аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын мэдэлд шилжүүлэхээр заасан.

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын хуулийн хэлтсийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/26 дугаартай албан бичигт “2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 4/1613 дугаар албан бичгээр Ховд аймгийн Д сумын Засаг даргад шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангаж ажиллах талаар чиглэл хүргүүлсэн. Сумын Засаг даргын тухайн асуудлыг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйн талаар шүүхэд хандаж шийдвэрлүүлэх боломжтой” гэсэн байна. Сумын Засаг даргын 2018 оны А/28 дугаар “Э” ХХК-д газар эзэмшүүлсэн захирамжтай нэгж талбар нь манай байгууллагын газрын кадастрын мэдээллийн системд хүчингүй болгож бүртгэгдсэн. Иймд Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж дээрх маргааныг шийдвэрлэж хариуг ирүүлнэ үү гэсэн байна. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 “3ахирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.”, 37.3 “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно.”, Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 “3асаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж заасан. Ховд аймгийн Д сумын Засаг дарга, Ховд аймгийн Засаг дарга нь захиргааны акт гаргаагүй эс үйлдэхүйтэй холбоотой асуудлаар Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргана. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх нь Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4 “Энэ хуулийн 41.1-д заасан хугацаанд газраа чөлөөлөөгүй бол тухайн шатны Засаг дарга албадан нүүлгэх ажлыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах” хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн харьяалал зөрчсөн байна.

Гурав: “Э”ХХК-ний Б зоогийн газар нь Улсын бүртгэлийн хүчин төгөлдөр 479м2 талбайтай худалдаа, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-1604000114 дугаартай гэрчилгээ авсан, нийт 416,048,099 төгрөгийн үндсэн өртөг бүхий барилгыг нурааж газар чөлөөлөх шийдвэр гаргасан нь Иргэний хуулийг тайлбарлан хэрэглээгүй, компанид ноцтой хохирол учруулсан шийдвэр гэж үзэж байна.

Ховд аймгийн Д сумын Булган багт Цэцэрлэгт хүрээлэнгийн өмнө, уулзварын баруун талд үйл ажиллагаа явуулж байгаа “Э” ХХК-ийн “Б” үйлчилгээний газрыг албадан буулгаж, газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан тохиолдолд Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар дээд шатны байгууллага, албан тушаалтан хянан шийдвэрлэх бөгөөд мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-д зааснаар тухайн байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг тэдгээрийн дээд шатны албан тушаалтан, байгууллага, эсхүл шүүхээр шийдвэрлүүлэхээр заажээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д зааснаар тус маргаан нь шүүхээс урьдчилан шийдвэрлэх маргаан байгааг анхан шатны шүүх анхаарсангүй.

“Э” ХХК нь Ховд аймгийн Д сумын ЗДТГ-т 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр авто замын дэргэдэх үйлчилгээний цогцолборын төсөл, Булган багийн нутаг дэвсгэрт цэцэрлэгт хүрээлэнгийн урд 1 га газар эзэмших хүсэлтийн хамт хүргүүлсэн. Ховд аймгийн Д сумын Засаг дарга 2017 оны 8  дугаар сарын 30-ны өдрийн А/143 тоот захирамжийг үндэслэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 0813-2017/00021 дугаартай гэрээг Ховд аймгийн Д сумын газрын даамал Лхагвасүрэн овогтой Самдантай байгуулан 000306650 дугаартай аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших гэрчилгээ авсан болно. 2017 оны 9 дүгээр сарын 03-аас эхлэн үйлчилгээний цогцолборын барилгын ажлыг эхлүүлэн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дуусгасан. 2017 онд барилгын ажлын төсөв нийт 256,696,099 төгрөг болсон. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 04 тоот тогтоолоор Д сумын Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/143 тоот захирамжийг хүчингүй болгосон. Газрын биржийн цахим хуудаст https://www.mle.mn/ Ховд аймгийн Д сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт цэнгэлдэх хүрээлэнгийн урд байрлалтай 10000м2 газрын дуудлага худалдааны зарыг 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр үзэн манай байгууллага “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 4.3-т заасны дагуу дуудлага худалдаанд оролцох холбогдох материалыг хүсэлтийн хамт 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Ховд аймгийн Д сумын газрын даамалд хүргүүлсэн болно /Хавсралт 4. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2018 оны 11 сарын 05-ны өдрийн 11/01 тоот албан бичиг/. Дуудлага худалдаанд 256,696,099 төгрөгийн төсвөөр 70 хувийн гүйцэтгэлтэй барилгын доорх 1 га газрыг 5 сая төгрөгөөр үнэлж сумын газрын даамал Л.Самдантай 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 01 тоот худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Газрын гэрчилгээ олгосны дараа 2018 оны 4 дүгээр сарын 15-аас барилгын ажлыг эхлүүлэн 06 сарын 25-нд үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Барилгын ажлын гүйцэтгэлд 2018 онд нийт 127,252,000 төгрөгийг, тоног төхөөрөмжийн зардалд 32,100,000 төгрөгийг тус тус зарцуулав. Барилгын ажилд 2017-2018 онд нийт 383,948,099 төгрөг, тоног төхөөрөмжид 32,100,000 төгрөг, нийт 416,048,099 төгрөгийг зарцуулсан.

Д.Зын нэхэмжлэлтэй, хариуцагч Д сумын Засаг дарга О.Ганцоож нарт үүссэн маргааныг газрын дуудлага худалдааг хууль журамд заасан хугацаанд  зарлаагүй, нийтэд мэдээлээгүй гэсэн үндэслэлээр Ховд аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний 52 тоот шийдвэрээр Ховд аймгийн Д сумын Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А/28 дугаар “Дуудлага худалдаа зохион байгуулах тухай” захирамж, 4 дүгээр сарын 13-ны өдрийн А/43 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжууд, Ховд аймгийн Д сумын Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А/28 дугаар захирамжийн дагуу 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр явагдсан газрын дуудлага худалдааг хүчингүй болгосон. Манай байгууллагын зүгээс газрын биржийн цахим хуудаст тавигдсан мэдээлэл, бүрдүүлэх материалын шаардлагыг хангаж тус дуудлага худалдаанд оролцож газар худалдан авах гэрээ хийсэн тул бидний зүгээс шалтгаалсан ямар нэгэн буруутай үйлдэл, үйл ажиллагаа байхгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 “3охигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй”, мөн хуулийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйд гомдолтой байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж өгнө үү. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 130/ШШ2020/00968 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул  шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна.

 

 Нэхэмжлэгч “Д” БГБХН, “Ж” ХХК, “С” ХХК, “Су” ХХК,  “Т” ХХК, “Ө” ХХК, “С” хоршоо, “Э” ХХК, “И” ХХК, “Б” БГБХН нараас хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан Ховд аймгийн Д сумын Булган багт Цэцэрлэгт хүрээлэнгийн өмнө, замын уулзварын баруун талд хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй “Б” үйлчилгээний газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “Ховд аймгийн Д сумын Засаг дарга 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А/28 дугаар захирамж гаргаж дуудлага худалдаа явуулахаар шийдвэр гаргасны дагуу 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн А/43 дугаар захирамжаар  “Э” ХХК-д газар эзэмшүүлэх захирамж гаргасан. Засаг даргын захирамжийг Захиргааны хэргийн шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэсэн ч “Э” ХХК-ний Б үйлчилгээний газар нь үйл ажиллагаагаа явуулсаар байгаа нь хууль зөрчсөн үйлдэл” гэж тайлбарлажээ. Харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Засаг даргын А/43 дугаартай шийдвэрийг үндэслэн газрын гэрчилгээ олгогдсон тул 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Б үйлчилгээний цогцолборын үйл ажиллагаа эхэлсэн. Газар олгосон захирамж хүчингүй болсон  бөгөөд үүнд “Э” ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас огт хамааралгүй. Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдүүд нэхэмжлэл гаргаж байгууллагад чирэгдэл учруулж байгааг хүлээн зөвшөөрөх  боломжгүй...” гэж хариу тайлбар гаргасан байна.

 

Нэг. Маргааны үйл баримтын талаар

 

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар газрыг зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ. Гэтэл Ховд аймгийн Д сумын Булган багийн Цэцэрлэгт хүрээлэнгийн өмнө, 4 замын уулзварын баруун талд байршилтай газарт “Э” ХХК нь “Б” үйлчилгээний цогцолбор барьж үйл ажиллагаа явуулан зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар эзэмшиж байгаа үйл баримт зохигчдын тайлбар, Ховд аймгийн Д сумын Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1/14 дугаартай албан бичиг, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 4/26 дугаар албан бичиг, Д сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/119 дугаар “Дуудлага худалдааг хүчингүй болгох тухай” захирамж, 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/121 дугаартай “Захирамж хүчингүй болсонд тооцох тухай” захирамж зэрэг баримтуудаар бүрэн тогтоогджээ. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэсэн байна.

Ховд аймгийн Д сумын Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн А/43 дугаар “Газар өмчлүүлэх тухай” захирамжаар “Э” ХХК-д  тус сумын Булган багийн Цэцэрлэгт хүрээлэнгийн өмнө, 4 замын уулзварын баруун талд 1,0 га газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлснийг Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 52 дугаар шийдвэрээр хүчингүй болгосон шийдвэрийг  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2018/0622 дугаартай магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 37 дугаар тогтоолоор тус тус хэвээр үлдээжээ.

 

Хоёр. Нэхэмжлэгч нарын шаардлага гаргах эрх ба

түүнийг хэрэгжүүлэх боломжтой эсэх

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхтэй гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж хуульчилсан тул өмчлөгч өөрийн өмчөө бусдын хууль бус халдлагаас хамгаалах эрхтэй. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, 106.2-т “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж зааснаас үзэхэд өмчлөгч, эсхүл хууль ёсны эзэмшигч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Энэ нь нэхэмжлэгч нарын газар өмчлөх, эзэмшихтэй холбоотой үндсэн эрх мөн бөгөөд уг “үндсэн эрх” нь тэдгээр иргэн, хуулийн этгээдүүдэд Газрын тухай /Шинэчилсэн найруулга/ хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд зааснаар тухайн газрыг эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлсэн тохиолдолд “субьектив эрхийн” шинжтэй болж, уг шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой болох юм.  

Нэхэмжлэгч нар хамтаараа, эсхүл аль нэг нь “Э” ХХК-ийн хууль бусаар, зохих зөвшөөрөлгүйгээр эзэмшиж буй Ховд аймгийн Д сумын Булган багийн Цэцэрлэгт хүрээлэнгийн өмнө, 4 замын уулзварын баруун талд байрлах 1,0 га газрын хууль ёсны өмчлөгч, эзэмшигч биш болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон, хариуцагч нь тухайн газрыг зөвшөөрөлгүйгээр эзэмшиж, ашиглаж байгаа үйл ажиллагаанаас нэхэмжлэгч хуулийн этгээдүүдийн хууль ёсны ямар эрх зөрчигдөж, ашиг сонирхол нь хөндөгдсөн, хохирсон байдал тогтоогдоогүй буюу нэхэмжлэгч талын хууль ёсны эрх хариуцагчийн дээрх үйл ажиллагаанд өртөгдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймээс, нэхэмжлэгч нарыг үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, газар эзэмших үндсэн эрхтэй боловч тухайн маргаан бүхий, хариуцагчийн хууль бусаар, зохих зөвшөөрөлгүйгээр эзэмшиж, ашиглаж байгаа газрыг өөрсдийн хууль ёсны өмчлөл, эзэмшилд шилжүүлж аваагүй учир тэдгээрийн тухайн газрыг эзэмших, ашиглах субьектив эрх хөндөгдөөгүй, өөрийн өмчлөл, хууль ёсны эзэмшлийн бус үл хөдлөх хөрөнгө буюу газрыг Иргэний  хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.4 дэх хэсгийг баримтлан бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхээ хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль ёсны зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-д “Энэ хуулийн 41.1-д заасан хугацаанд газраа чөлөөлөөгүй бол тухайн шатны Засаг дарга албадан нүүлгэх ажлыг зохих хууль тогтоомжийн дагуу зохион байгуулна.” гэж зааснаас үзэхэд “Э” ХХК-ийн эзэмшиж байгаа газрыг чөлөөлүүлэх үүрэг нь хуульд зааснаар Д сумын Засаг даргад байх бөгөөд захиргааны байгууллага, албан тушаалтан энэ үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдолд эрх бүхий этгээд энэ талаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах замаар уг эрх зүйн зөрчлийг арилгуулах боломжтойг тэмдэглэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “Д” БГБХ нар нь хуульд зааснаар бусдын нэрийн өмнөөс тухайн асуудлаар Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах субъект биш юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т “бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд мэдүүлэх эрх нь хуулиар олгогдсон этгээдээс гаргасан нэхэмжлэл”-д иргэний хэрэг үүсгэхээр хуульчилснаас үзвэл зөвхөн хуулиар эрх олгосон этгээдүүд бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байхаар хуульчилсан байдаг.

 

Гурав. Анхан шатны шүүхийн шийдвэрийн талаар

 

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлаж зөв тогтоосон боловч Иргэний хуулийн хэрэглэвэл зохих дээрх зохицуулалтыг тайлбарлаж хэрэглээгүй, Газрын тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэжээ. Тухайлбал, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4-д заасан үндэслэл бий болсон тул мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрх дуусгавар болоход хууль болон газар эзэмших гэрээнд өөрөөр заагаагүй бол 90 хоногийн дотор уг газрыг чөлөөлж аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын мэдэлд шилжүүлнэ” гэсэн заалтыг “Э” ХХК зөрчиж газрыг чөлөөлж өгөөгүй гэж зөв дүгнэсэн боловч хуулийн энэхүү зохицуулалт нь нэхэмжлэгч нарын өөрт нь хамааралтай газар эзэмших эрхтэй холбоогүй, уг хуулийн зохицуулалт нь нэхэмжлэгч нарын иргэний хэргийн шүүхэд гаргасан шаардлагаар хэрэгжих хуулийн зохицуулалт биш болохыг анхаараагүй байна.

Шүүхийн шийдвэрт “... “Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-т “нийтийн эдэлбэрийн газар” гэж зохих журмын дагуу нийтээр ашиглахаар тогтоогдсон төрийн өмчийн газрыг хэлнэ.” гэж заасан  байхад “Э” ХХК-ний эзэмшиж байгаа Д сумын Булган багийн Цэцэрлэгт хүрээлэнгийн өмнө, 4 замын уулзварын баруун талд 1,0 га газрыг нийтийн эдэлбэрийн газар байна” гэж дүгнэсэн нь нотлох баримтад үндэслэгдээгүйгээс гадна нэхэмжлэлийн шаардлагад үл хамаарах дүгнэлт болжээ. Учир нь Д сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлын 2016 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 05 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтад 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Д сумын Булган багт төв замын дагуу замын баруун талаар 0,25 га газрыг худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн зориулалтаар дуудлага худалдаагаар эзэмшүүлэхээр тогтоосноос үзэхэд уг газрыг нийтийн эдэлбэрийн газар гэж үзэх боломжгүйгээс гадна тухайн газартай холбоотой нэхэмжлэгч нар ямар эрх, үүргийг хэрэгжүүлэх эсэх нь тогтоогдоогүй болно.

Түүнчлэн  “Засаг дарга төрийн төлөөлөгчийн хувьд Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-д заасан үүргээ биелүүлээгүй, нийтийн эрх ашгийг хамгаалаагүй тул” гэж харьяаллын бус буюу захиргааны байгууллага, албан тушаалтны эс үйлдэхүйн талаар дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг, 116 дугаар зүйлийн 116.2, 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт нийцээгүйгээс гадна “нэхэмжлэгч нарыг ард түмний төлөөллийн хувьд төрийн нийтийн өмч болох нийтийн эдэлбэр газрыг хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргаж, шударга шүүхээр  шүүлгэхээр хандсан нь Монгол улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14-д нийцэж байна” гэж дүгнэхдээ иргэний эрх зүй /Иргэний хуулийн 7 дугаар бүлэг/, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүй /Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32, 33 дугаар зүйл/ дэх төлөөллийн зарчим хийгээд иргэдийн шүүхэд мэдүүлэх үндсэн эрхийн агуулгыг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь алдаатай болжээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтыг баримталж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн “...Шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй, нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээдүүдийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч хангаж шийдвэрлэсэн, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг анхаарсангүй, Газрын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул дээр дурдсан үндэслэлүүдээр хүлээн авах нь зүйтэй байна.

 

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200.00 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 130/ШШ2020/00968 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний  хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.4 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч “Д мөнгөн аяга” БГБХ нөхөрлөл, “Ж” ХХК нарын 10 нэхэмжлэгчийн хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Д сумын Булган багт байрлах, Цэцэрлэгт хүрээлэнгийн өмнө, замын уулзварын баруун талд үйл ажиллагаа явуулж байгаа “Э” ХХК-ийн “Б” үйлчилгээний газрыг албадан буулгаж, газар чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хүлээн авсугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3. дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200.00 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, буцаан олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА                                                                                                                                                                                                                                  Д.КӨБЕШ