| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Баярмаа |
| Хэргийн индекс | 192/2025/00460/И |
| Дугаар | 192/ШШ2025/01038 |
| Огноо | 2025-02-06 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 192/ШШ2025/01038
2025 02 06 192/ШШ2025/01038
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ***
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ***эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, мөн сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч **** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: *** гэр бүл болоод амьдарч байх хугацаанд архи ууж, агсам согтуу тавьдаг байсан. 2020 оноос хойш тусдаа амьдарч байна. Бид дундаасаа хүү, охин хоёртой. Хоёр хүүхдэдээ тэтгэмж тогтоолгох гэж удаа дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч оршин суугаа хаяг дээрээ байхгүй гэх шалтгаанаар нэхэмжлэл буцаагдсан. Тийм учраас *** эрэн сурвалжилж өгнө үү. Тус хэргийн шүүх хуралдааныг миний эзгүйд шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ***н нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ***г эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу нэхэмжлэгч нь өөрийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нь С*** оршин суудаг болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл, иргэний үнэмлэх болон иргэний оршин суугаа газрын хаягийн лавлагаагаар тус тус тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд *** нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт, мөн түүний оршин суугаа газрын хаяг тодорхойгүй байгаа нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШЗ2024/28135 дугаар шүүгчийн захирамж/хх 5 тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч **** хүсэлтийг хангаж, ***г эрэн сурвалжлан, мөн зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасны дагуу Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсээр гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч ****ыг эрэн сурвалжлуулсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжилж, ***ын оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч 14-28 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б. БАЯРМАА