Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 212/МА2020/00071  

 

  Ж.Е-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч М.Нямбаяр, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,   

 

тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2020/00848 дугаар шийдвэртэй,  Өлгий сумын 5 дугаар багт оршин суух Ж.Е-ийн нэхэмжлэлтэй, Өлгий сумын 5 дугаар багт оршин суух, Д.З-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн  давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны  9 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нургайып, хариуцагчийн өмгөөлөгч Х.Бакен нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн үлдэгдэл 6.500.000.00 төгрөг, алданги 3.250.000.00 төгрөг, бүгд 9.750.000.00 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэлд: “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суух Ж. Е надаас Д ын З нь 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 18.000.000.00 төгрөг зээлдэж авч, бичгээр зээлийн гэрээ байгуулсан. Зээлийг 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр буцаан өгөхөөр болсон боловч өнөөдрийг хүртэл бүрэн төлж өгөхгүй байна. Тодруулбал гэрээнд заасан хугацаандаа 11.200.000.00 төгрөгийг л төлсөн ба үлдсэн 6.800.000.00 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөөгүй. Үүнээс хойш 2-3 жил өнгөрсөн боловч намайг чирэгдүүлж байна. Гэрээнд зааснаар алданги бодвол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас буюу хуульд зөвшөөрсөн хэмжээнээс илүү гарч байгаа учраас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар бодож нэхэмжилсэн болно. Ингэж алдангийг тооцоход 3.400.000.00 төгрөг болж байна. Иймд Д.Заас зээлийн үлдэгдэл 6.800.000.00 төгрөг алданги 3.400.000.00 төгрөг, нийтдээ 10.200.000.00 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: “Хариуцагч Д.З би нэхэмжлэгч Ж.Е-ийн танай шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хувийг хүлээн авч танилцаад эс зөвшөөрч энэхүү хариу тайлбарыг гаргаж байна. Миний эхнэр Ж.Ө нь 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч Ж.Е-ийн эхнэр Х.А гаас Өлгий сумын 6 дугаар багт байрлалтай Нурданеска 1-20 айлын орон сууцны 6 давхрын 23 тоотод байрлах 60 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг худалдаж авсан нь үнэн. Ж.Ө, Х.А нар нэг байгууллагад хамт ажилладаг учир байрны нэг кв.метрийг 700.000.00 төгрөгөөр үнэлж нийтдээ 42,0 сая төгрөгөөр худалдаж авсан. Ж.Ө, Х.А нар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт хамт ажиллаж байхад Ж.Е- нар нь тус байгууллагаас авах авлагатай байсан. Миний эхнэр Ж.Ө нягтлан бодогчийн хувьд түүнд тусалж өр авлагыг барагдуулж өгсөн. Тэгээд Х.А, Ж.Ө нар хоорондоо тохиролцоод тухайн байрыг бидэнд хямдхан худалдсан. Тэгээд бид ипотекийн зээлд хамрагдахаар болж ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт хандсан. Тус салбар нь зээлийн урьдчилгаанд 18,0 сая төгрөг байршуулах шаардлага тавьсан учир Ж.Е-ээс 18,0 сая төгрөг зээлээр авч банканд байршуулсан. Дараа нь 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн ЗГ/201743083683 тоот орон сууцны ипотекийн зээлийн гэрээгээр бидэнд 42,0 сая төгрөгийн зээл олгосон. Бид уг 42,0 сая төгрөг дээр өөрсдийн Ж.Ө-ийн ХААН банк дахь хугацаагүй хадгаламжийн дансанд цуглуулсан 18,0 сая төгрөгийг нийлүүлээд нийтдээ 60,0 сая төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Х.А-гийн 5197071253 тоот дансанд шилжүүлж өгч тооцоо дуусгасан. Дараа нь Ж.Е- нь би чамд байраа хямдхан өгсөн, татварын албанд төлөх ёстой мөнгийг чи төл гэхээр нь 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 1.200.000 төгрөгийг Ж.Е-ийн өмнөөс би төлсөн. Ж.Е-ийн зээлээр авсан 18.000.000 төгрөгөөс 11.200.000 төгрөгийг төлсөн гэдэг нь үндэслэлгүй. Би тэгж 11.200.000 төгрөг төлсөн юм бол тэр талаарх нотлох баримтаа гаргаж ирэх ёстой. Бид дээрх 60.000.000 төгрөгөөс өөр Ж.Е-т мөнгө төлж байгаагүй. Тэрнээс хойш 3 жил өнгөрч байхад Ж.Е- нь бид нараас ямар нэгэн мөнгө төгрөг нэхэж байгаагүй. Үнэхээр авлагатай байсан бол мөнгөө нэхэх ёстой байсан. Бид Ж.Е- шүүхэд нэхэмжлэл гаргасныг сонсоод Х.А-тай очиж уулзахад тэгж нэхэмжлэл гаргах ёсгүй, би Ж.Е-т хэлж нэхэмжлэлийг буцаалгана гэсэн учир бид өдий хүртэл хүлээж шүүхэд тайлбар гаргаагүй. Иймд түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2020/00848 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Д.Заас зээлийн үлдэгдэл 6.500.000.00 төгрөг, алданги 3.250.000.00 төгрөг, бүгд 9.750.000.00 /есөн сая долоон зуун тавин мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Е-т олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: “1.Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэлийн дагуу зөв үнэлж дүгнээгүй, нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгч нарыг зөв тодруулахгүйгээр шийдвэрлэсэн явдалд гомдолтой байна. Миний эхнэр Ж.Ө нь 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч Ж.Е-ийн эхнэр Х.А-гаас Өлгий сумын 5 дугаар багт байрлалтай “Нурданеска” 1-20 айлын орон сууцны 6 давхрын 23 тоотод байрлах 60 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг худалдаж авсан нь үнэн. Ж.Ө, Х.А нар нэг байгууллагад хамт ажилладаг учир байрны нэг кв.метрийг 700.000 төгрөгөөр үнэлж нийтдээ 42.0 сая төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд бид ипотекийн зээлд хамрагдахаар болж ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт хандсан. Тус салбар нь зээлийн урьдчилгаанд 18.0 сая төгрөг байршуулах шаардлага тавьсан учир Ж.Е-ээс 18.0 сая төгрөг зээлээр авч банканд байршуулсан. Дараа нь 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн ЭГ/201743083683 тоот орон сууцны ипотекийн зээлийн гэрээгээр бидэнд 42.0 сая төгрөгийн зээл олгосон. Бид уг 42.0 сая төгрөг дээр Ж.Ө-ийн ХААН банк дахь хугацаагүй хадгаламжийн дансанд байршуулсан 18.0 сая төгрөгийг нийлүүлээд нийтдээ 60,0 сая төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Х.Агийн 5197071253 тоот дансанд шилжүүлж өгч тооцоо дуусгасан. Дараа нь Ж.Е- нь би чамд байраа хямдхан өгсөн, татварын албанд төлөх ёстой мөнгийг чи төл гэхээр нь 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 1.200.000.00 төгрөгийг Ж.Е-ийн өмнөөс би төлсөн. Эдгээр нотлох баримтууд хэрэгт авагдсан. Дараа нь 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Ж.Е- манайд орж ирж бид та нарт байраа хямдхан өгсөн байна, нэмж мөнгө өг гэхээр нь эхнэр Ж.Ө, бид хоёр хоорондоо ярилцаад 6.5 сая төгрөг нэмж төлөхөөр болж баримт бичиж өгсөн. Дээрх баримтад “...уг байр худалдаж авсан мөнгөнөөс 6.500.00 /зургаан сая таван зуун мянган/ төгрөг үлдсэн. Уг мөнгийг одоохондоо бүрэн төлөх боломжгүй учраас 2019 оны 12 дугаар сар хүртэл боломж гарсан үед хувааж барагдуулах болно” гэж тодорхой бичсэн. Нэгэнт 6.5 сая төгрөг төлөхөөр баримт бичиж өгсөн учир уг 6.5 сая төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Гэтэл хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх нэхэмжлэгч Ж.Е-ийн нэхэмжилж байгаа 6.5 сая төгрөг нь худалдаж авсан байрнаас үлдсэн мөнгө үү, эсвэл 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 1595 дугаартай зээлийн гэрээгээр авсан 18.0 сая төгрөгөөс үлдсэн мөнгө үү гэдгийг тодруулахгүйгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 1697 дугаартай “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ” миний эхнэр Ж.Ө, Ж.Е-ийн эхнэр Х.А нарын хооронд байгуулагдсан байдаг. Хэрэв Ж.Е-ийн нэхэмжилж байгаа 6.5 сая төгрөг нь дээрх зээлийн гэрээгээр худалдаж авсан байрны үнээс үлдсэн мөнгө юм бол Ж.Е- нь Х.А-гийн өмнөөс нэхэмжлэл гаргах эрхгүй. Энэ тохиолдолд хариуцагч миний эхнэр Ж.Ө байх ёстой. Хэрэгт цугларсан нотлох баримтууд дотор Х.А-гаас Ж.Е-т шүүхэд нэхэмжлэл гаргах талаар өгсөн ямар нэгэн итгэмжлэл байхгүй. Анхан шатны шүүх шүүх хуралдаан эхлэхээс өмнө нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргаж өгсөн 6.5 сая төгрөг төлөх тухай Ж.Ө, бид хоёрын гар баримтыг нотлох баримтаар үнэлж шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч Д.З нь нэхэмжлэгч Ж.Е-т өглөгтэй болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн атлаа мөн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч Ж.Е-, хариуцагч Д.З нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлж, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг хүлээж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан гэрээний харилцаа үүссэн байна гэж хоёрдмол утгатай дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Бидний худалдаж авсан байрны үнээс үлдсэн 6.5 сая төгрөг төлөхөөр бичиж өгсөн гар баримт сүүлд нь бидний хооронд тохиролцсон асуудлаар бичигдсэн баримт. Энэ баримт дээр ямар нэгэн алданги төлөх талаар тохиролцоогүй учир бид ямар нэгэн алданги төлөх ёсгүй. Дээр дурдсан гар баримтыг үндэслэн Д.З нь Ж.Е-т өглөгтэй байна гэж 6.5 сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн атлаа 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 1595 дугаартай зээлийн гэрээгээр алданги тооцож 3.250.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна. Иймд миний гомдлыг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж анхан шатны шүүхийн шийдвэрийн алданги 3.250.000 төгрөг гаргуулах хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Нэхэмжлэгч Ж.Е- нь хариуцагч Д.З-т холбогдуулан зээлийн үлдэгдэл 6.500.000.00 төгрөг, алданги 3.250.000.00 төгрөг нийт 9.750.000.00 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад нэхэмжлэгч Ж.Е- нь  хариуцагч Д.Зтай 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 18.000.000.00 төгрөгийн зээлийн гэрээг нэг сарын хугацаатай, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцож гэрээ байгуулжээ. 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 1679 дугаартай “Орон сууц худалдах худалдан авах гэрээ”-ээр Х.А нь Ж.Ө-т Өлгий сумын 5 дугаар багт Нурданеска 1-20 айлын орон сууцны 6 давхарт 23 тоот байрлах 60 м.кв, 3 өрөө байрыг 60 сая төгрөгөөр худалдан авч, ХААН банкнаас ипотекийн зээлийн гэрээгээр 42 сая төгрөгийг авч, Ж.Е-ээс байрны урьдчилгаанд зээлж авсан 18.000.000.00 төгрөгийн хамт нийт 60.000.000.00 төгрөгийг Х.А-гийн 5197071253 дугаартай дансанд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

Хариуцагч Д.З, түүний эхнэр Ж.Ө нарын 2019 оны 8 дугаар сарын  09-ний өдөр бичсэн гарын үсэг бүхий “Н ХХК эзэн Ж.Е-ээс 2017 онд 3 өрөө байр худалдаж авсан болно. Уг байр худалдаж авсан мөнгөнөөс 6.500.000.00 төгрөг үлдсэн ... 2019 оны 12 дугаар сар хүртэл боломж гарсан үед хувааж барагдуулах болно.” гэх баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ж.Е-ийн нэхэмжилсэн 6.500.000.00 төгрөг нь зээлийн гэрээний үлдэгдэл гэдэг нь эргэлзээтэй, нотлох баримтаар нотлогдоогүй ба орон сууц худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл мөнгө болох нь нотлогдсон байхад анхан шатны шүүх зээлийн гэрээ гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ. Талууд орон сууцны үнийн талаар дараа нь дахин тохиролцож, худалдан авагч 6500000 төгрөгийг худалдагчид нэмж төлөх хэлцэл хийсэн нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 6.500.000.00 төгрөг нь худалдах-худалдан авах гэрээнээс үүдэлтэй тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах-худалдан авах гэрээний заалтыг баримталж, нэхэмжлэгч Ж.Е- нь 6.500.000.00 төгрөгт ногдох алданги 3.250.000.00 төгрөг нэхэмжилсэн боловч алданги нэхэмжлэх эрхгүй байна гэж үзлээ. Учир нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт “...анзын гэрээг бичгээр хийнэ” гэж заасан ба анзын гэрээг бичгээр хийсэн талаарх нотлох баримт хэрэгт байхгүй байна.    

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжилсэн алданги болох 3.250.000.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, давж заалдах гомдолд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 66.950.00 төгрөгийг хариуцагчид буцаан олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 05-ний өдрийн 130/ШШ2020/00848 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д-ын З-аас 6.500.000.00 /зургаан сая таван зуун мянга/ төгрөг гаргуулан Е-т олгож, илүү нэхэмжилсэн 3.250.000.00 /гурван сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “... хариуцагч Д.З-аас 170950 төгрөг” гэснийг, “... хариуцагч Д.З-аас 118650 төгрөг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад  заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66.950.00 төгрөгийг шүүгчийн захирамжаар хариуцагч Д.З-т буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ӨМИРБЕК

ШҮҮГЧИД                                                       М.НЯАМБАЯР

                                                                                                            Д.КӨБЕШ