Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 33

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж

Нарийн бичгийн дарга Б.А

Улсын яллагч Э.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт С.Б-д холбогдох эрүүгийн 1720001910009 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, сантехникч, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, энэ хэрэгт татагдах үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, Нийслэлийн Баянгол дүүрэг, 11 дүгээр хороонд оршин суух, /Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт түр оршин суудаг/ улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл Б овогт С.Б,

Холбогдсон хэргийн талаар:           

Шүүгдэгч С.Б нь 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 14 цагийн үед Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Бүгд найрамдах Хятад ард улсаас орж ирэх чиглэлд 63-67 ДГО улсын дугаартай УАЗ-315132 маркийн автомашин ашиглан, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулиар зохицуулсан дүрмээр хязгаарласан бараа болох 3 хайрцаг пиротехникийн хэрэгслийг хууль бусаар, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хил нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ  /Прокурорын яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2017 оны 11 сарын 29-ний өдөр 63-67 дугаартай машинаа Эрээнд оруулаад гурав хоносон байсан. 12 сарын 03-ны өдөр жаахан ногоо, дөрвөн хүн аваад Минзү гэх машины зогсоол байдаг. Түүнээс ачаа олох санаатай очсон. Тухайн үед хайрцагтай зүйл тарааж байсан. Нэг хайрцагийг 50 юаниар үнэлж байсан. Би тэгээд гурван хайрцагийг авсан. Тухайн үед тэр Өвөрмонгол хүн хагарах эд зүйл байгаа шүү гэж өгсөн. Ингээд Монгол Улсын хилийн гаалийн хяналт дээр ирээд сальют гэдгийг мэдсэн.Тухайн үед зорчигч нар маань яараад байсан учир бараагаа шалгаагүй юм.

Би хууль бусаар Улсын хилээр бараа оруулсанаа хүлээн зөвшөөрч байна.Манай эхнэрийн найзын машин юм. Түрээсээр барьж байсан юм. Улаанбаатар хотоос авчирсан юм. Сарын 1500 юаниар түрээслэдэг байсан гэжээ.

Иргэний нэхэмжлэгч С.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн тээврийн хэрэгслийг 2017 оны 06 сарын үед Замын-Үүд сумын иргэнээс 500000 төгрөгөөр худалдаж авсан. Хил хооронд манай найз С.Б хүн, ачаа зөөдөг байсан. Тээврийн хэрэгсэл барьж явж байсан С.Б-с ямар нэг нэхэмжлэх зүйл байхгүй. Машинаа 500000 төгрөгөөр үнэлж байна. гэжээ. /хх-ийн 37-38/

Гэрч Ш овогт Г.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 14 цагийн үед Замын-Үүд сумын 1 дүгээр баг АЗШНЦ 1-ийн импорт талд хяналт шалгалт хийж байх явцад 63-67 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийн багажны хэсэгт 3 хайрцаг бүхий нийт 48 ширхэг пиротехникийн хэрэгсэл тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлсэн. Тухайн зөрчлийг газар дээр нь хойшлуулашгүй ажиллагаа хийж материалжуулан Прокурорын байгууллагад шилжүүлсэн. Саатуулагдах үедээ 3 хайрцаг бүхий пиротехникийн хэрэгслийг урдаас хүний дайвар ачаа авч яваа 3-ын хаалтан дээрээс тосч авна гэсэн. Ачааны эзнийг танихгүй, утасны дугаарыг мэдэхгүй гэсэн. Тусгай зөвшөөрөлтэйгөөр аж ахуй нэгж импортлохыг зөвшөөрдөг,, хувь хүнд тусгай зөвшөөрөл олгодоггүй. Тиймээс хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн зөрчил байсан. Монгол улсад Т ХХК нь зөвшөөрөлтэй байдаг юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16/

Иргэний нэхэмжлэгч Т.У хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэдүүлэхдээ: ...Эдийн засгийн үнэлгээг тогтоох боломжгүй. Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн Перотехникийн хэрэгслийн эдийн засгийн үнэлгээгээр 48 ширхэг нь 355.000 төгрөг болж байгаа тул уг мөнгөн дүнгээр улсын орлогод авах саналтай байна гэжээ. /хх-ийн 42-43/

Хураан авсан эд зүйлийг зөрчлийн хэрэгт хавсаргах тухай тэмдэглэл / хх-ийн 11/

Бараа, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-13/

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл / хх-ийн 44/

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол / хх-ийн 46/

2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 132 дугаартай шинжээчийн дүгнэлтэд 3 хайрцаг буюу 48 ширхэг  салютыг 355.000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20/

2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23-24/

2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн шинжээчийн дүгнэлтэнд “ 1,2-р асуултын хариулт: Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэнд хяналт тавих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “Пиротехникийн хэрэгсэл” гэж хурц гэрэл гэгээ цацруулдаг буюу чанга дуу чимээ үүсгэдэг баяр ёслол, үзвэр, цэнгээний зориулалтаар ашиглагдах хэрэгслийг:

3-р асуултын хариулт: Галын аюулгүй байдлын тухай хуулийн 19.2 гал түймрийн аюултай болон тэсэрч дэлбэрэх бодис, материал үйлдвэрлэх, хадаглах / газрын тосны бүтээгдэхүүний агуулах, шатахуун болон шатах хий түгээх станц зэрэг/ ашиглах, тээвэрлэх зөвшөөрлийг олгох эрх бүхий төрийн захиргааны байгууллага нь онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын галын аюулгүй байдлын дүгнэлтийг үндэслэнэ.

Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэнд хяналт тавих тухай хуулийн 12 дугаар зүйлд заасныг үндэслэнэ.

4-р асуултын хариулт: Нэмж дүгнэлтэнд тусгах зүйл байхгүй болно гэжээ. /хх-ийн 27-28/

Эд зүйлд үнэлгээ хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 44-45/

2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 47/

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 49-51/

 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 22 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд 2000 онд ОХУ-д үйлдвэрлэгдсэн 63-67 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг 500000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх-ийн 58/

Шүүгдэгч С.Б ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч С.Б нь 2017 оны 12 сарын 03-ны өдрийн 14 цагийн үед Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас орж ирэх чиглэлд 63-67 ДГО улсын дугаартай УАЗ-315132 маркийн автомашин ашиглан, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт  тавих тухай хуулиар зохицуулсан дүрмээр хязгаарласан бараа болох 3 хайрцаг пиротехникийн хэрэгслийг хууль бусаар, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Т.У, С.М, гэрч Г.У нарын мэдүүлгүүд болон хураан авсан эд зүйлийг зөрчлийн хэрэгт хавсаргах тухай тэмдэглэл / хх-ийн 11/, бараа, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-13/, Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл / хх-ийн 44/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол / хх-ийн 46/, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 132 дугаартай шинжээчийн дүгнэлтэд 3 хайрцаг буюу 48 ширхэг  салютыг 355.000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20/, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн шинжээчийн дүгнэлт, эд зүйлд үнэлгээ хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 44-45/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна. 

 Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.

Шүүгдэгч С.Б нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр, тээврийн хэрэгсэл ашиглан үйлдэж бусдад 355000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2.2-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүхээс шүүгдэгчийг хязгаарлалт тогтоосон барааг Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагаанд 3 хайрцаг буюу 48 ширхэг пиротехникийн хэрэгслийг бүгд 355000 төгрөгөөр үнэлжээ.

Шүүгдэгч С.Б-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох 63-67 ДГО улсын дугаартай, УАЗ-31512 маркийн автомашины эзэмшигч нь С.М мөн болох нь иргэний нэхэмжлэгч С.М-н мэдүүлэг / хх-ийн 37/ тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 51/, авто тээврийн үндэсний төвийн лавлагаа /хх-ийн 55/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх тул уг машиныг эзэмшигч С.М-д буцаан олгож, шүүгдэгч С.Б-с машины үнэ 500000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт шүүгдэгч С.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 хайрцаг буюу 48 ширхэг пиротехникийн хэрэгслийг хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Б гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаэсан тээврийн хэрэгслийг эзэмшигчид нь буцаан олгохоор шийдвэрлэсэн тул 500000 төгрөгний үнэ бүхий 63-67 ДГО улсын дугаартай, УАЗ-31512 маркийн автомашиныг битүүмжилсэн 2018 оны 01 сарын 31-ний өдрийн Прокурорын “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн зан байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт С.Б-г хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

2.  Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1, 7.3 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч С.Б-г хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

3. Шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч С.Б-н гэмт хэрэг үйлдлэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох 63-67 ДГО улсын дугаартай, УАЗ-31512 маркийн автомашиныг битүүмжилсэн 2018 оны 01 сарын 31-ний өдрийн Прокурорын “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, уг машиныг эзэмшигч С.М-д буцаан олгож, түүний үнэ 500000 төгрөгийг шүүгдэгч С.Б-с гаргуулж, улсын орлого болгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3-д  зааснаар  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 48 ширхэг пиротехникийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар  шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ      Д.Ц