Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 137/ШШ2025/00087

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

                            хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б  би, нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Э-д холбогдох 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 сарын 27-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ....-р баг, ...... тоотод оршин суух, Б  овогт Б-ийн Б  РД:....., утас: ...../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Б  нь Б.Э-д 2024 оны 12 сарын 18-ны өдөр 20,000,000 төгрөгийг 3 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй зээлүүлсэн. Гэтэл зээл төлөх тохирсон хугацаа буюу 12 сарын 21-ний өдөр зээлээ төлөхгүй, удаа дараа холбоо барихад удахгүй өгнө, арай боломжгүй байна гэх мэтээр 7, 7 хоногоор хойшлуулах болсон. Ингээд 2025 оны 01 сарын 09-ний өдрөөс хойш холбоо барьж чадахгүй болсон. Иймд миний зээлдүүлсэн 20,000,000 төгрөгийг Б.Э-оос гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ...-р баг,.........тоотод оршин суух, Б  овогт Б-ийн Э  /РД: ........, утас:...../ нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Б.Э миний бие нэхэмжлэгч Б.Б-ээс 20,000,000 төгрөг авсан нь үнэн. Зээлийн 20,000,000 төгрөгийг 2025 оны 03 сарын 25-ны өдрөөс эхлэн 2025 оны 06 сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдрийн дотор 5,000,000 төгрөгөөр төлөх хүсэлтэй байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү  гэжээ.

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Б.Б нь хариуцагч Б.Э-д холбогдуулан 20,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь 20,000,000 төгрөгийг 2025 оны 03 сарын 25-ны өдрөөс эхлэн 2025 оны 06 сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдрийн дотор 5,000,000 төгрөгөөр төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч миний бие хүлээн зөвшөөрч байна гэжээ.

                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Б.Э-д холбогдуулан 20,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Э нь нэхэмжлэлийн шаардлага 20,000,000 төгрөгийг 2025 оны 03 сарын 25-ны өдрөөс эхлэн 2025 оны 06 сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдрийн дотор 5,000,000 төгрөгөөр төлж барагдуулахаар тайлбараа ирүүлснийг нэхэмжлэгч Б.Б нь зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Б.Э-д холбогдуулан 20,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Э  нь нэхэмжлэлийн шаардлага болох 20,000,000 төгрөгийг 2025 оны 03 сарын 25-ны өдрөөс эхлэн 2025 оны 06 сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдрийн дотор 5,000,000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар  нэхэмжлэгчийн 20,000,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж,  улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 128,975 төгрөгийг улсын орлогоос, 128,975 төгрөгийг хариуцагч Б.Э-оос гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч Б.Э  нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                                                                    ШҮҮГЧ                                      Э.Б