Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 20

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж

Нарийн бичгийн дарга Б.А

Улсын яллагч Э.Б

Иргэний нэхэмжлэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.М-д холбогдох эрүүгийн 1703000010155 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Нийслэлийн Баянзүрх дүүрэгт төрсөн, 50 настай, эмэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой,  оёдлын технологич мэргэжилтэй, ам бүл-3, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл Б овогт Б.М,

Холбогдсон хэргийн талаар:           

Шүүгдэгч Б.М нь 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар-Хөх хот чиглэлийн олон улсын суудлын 34 дүгээр галт тэрэгний 1 дүгээр вагоны 13 дугаар /суудал/ местэнд  Бүгд Найрамдах Хятад Ард улсын Хөх хотруу зорчин явахдаа Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор хязгаарлалт тогтоосон хонины 88.7 килограмм, үхрийн 61.6 килограмм махнуудыг тус вагоны 13 дугаар суудлын купенд нууж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт гэмт хэрэгт холбогджээ.  /Прокурорын яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б овогт Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар-Хөх хот чиглэлийн вагоноор Бүгд Найрамдах Хятад Ард улсын Хөх хотруу зорчин явахдаа хонины 88.7 килограмм, үхрийн 61.6 килограмм махнуудыг улсын хилээр хууль бусаар гаргах гэж байсан нь үнэн. Хийсэн хэргээ хавтаст хэрэгт тодорхой мэдүүлсэн байгаа. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Иргэний нэхэмжлэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Б.М-н улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсан хонины 88.7 килограмм, үхрийн 61.6 килограмм махнуудыг хураан авсан. Манай байгууллагад зориулалтын том оврын хөлдөөгч байдаггүй тул айлын хөлдөөгчинд хадгалж байтал тог тасраад, үргэлжлүүлээд нөгөө хөлдөөгч нь эвдрээд мах муудсан. Шүүгдэгчээс нэхэмжлэх ямар нэг зүйл байхгүй гэв.

 Гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:” ...Би 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Замын-Үүд дэхь Төмөр замын шалган нэвтрүүлэх боомтын олон улсын суудлын галт тэрэгний хуваарьт ажиллаж байхдаа Улаанбаатар-Хөх хотын чиглэлийн 682 дугаар галт тэрэгний Хятад вагоны 2 дугаар вагонд хяналт шалгалтыг явуулахад 3 дугаар купенд иргэн Б.М нь хонины мах 88.7 килограмм, үхрийн мах 61.6 килограммыг авч явж байхад нь саатуулан “Зөрчил шалган шийдвэрлэх хууль” –ийн дагуу зөрчлийн материал бүрдүүлэн танай байгууллагад харъяаллаар шилжүүлсэн юм. Тухайн үед би иргэн Б.М-с түүхий мах хилээр нэвтрүүлхийг хориглодог гэдгийг мэдэх үү гэж асуухад мэдэхгүй гэж хэлсэн ба өөрөө БНХАУ-руу биеэ эмчлүүлэх гэж явж байгаа юм. Монгол малын мах урагшаа аваачиж худалдан борлуулах юм бол өндөр үнэтэй байдаг гэж сонссон учраас эдгээр махнуудыг худалдаад мөнгийг эмчилгээнийхээ зардалд нэмэрлэх гэж байгаа юм гэсэн хариулт өгч байсан юм. Би саатуулсан махнуудыг гаднах байгаа байдлыг нь хараад , мэдэрхүйгээрээ тогтоосон. Мөн махны эзэн Б.М нь хонь болон үхрийн махнуудаа өөрөөр ялгаж хэлсэн ба нийт 8 хайрцагтай, 3 боодолтой махнууд байсныг гадуур нь цэнхэр өнгийн гялгар уутаар ороосон байсан юм. Хонь болон, үхрийн махыг БНХАУ-руу экспортод гаргахдаа дулааны аргаар буюу хүн хүнсэндээ шууд хэрэглэж болохоор болгосоныг хүнсний хэрэгцээнд зориулагдсан бага хэмжээгээр бол зөвшөөрдөг. Харин түүхий байгаа тохиолодолд хилээр нэвтрүүлхийг хориглодог хязгаарласан бараанд ордог юм…” гэжээ. /хх-ийн 35-36 /

Гэрч Н.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “... Яг хэзээ гуйж хийснийг нь санахгүй байна. Хийснээс хойш нэг их удалгүй тог 4 хоног тасарсан. Мах гэсч шүүс нь гарсан байсан. Тог ирээд хуучин хөлдөөгч хөлдөөж чадахгүй гэсэглүүн байгаад байсан ба бас л удалгүй хөлдөөгч ажиллахаа больсон. Надад махыг өөр газар хийх боломж байгаагүй, энэ талаар Хилийн мэргэжлийн хяналтын албанд хэлж байсан...” гэжээ. /хх-ийн 37/

Гэрч М.О мэдүүлэг /хх-ийн 38-39/

Гэрч Д.У мэдүүлэг /хх-ийн 40-41/

Хойшлуулашгүй ажиллагаа явуулсан материал /хх-ийн 3-23 /

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-25/

2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэнд:

1.Мэдрэхүйн шинжилгээгээр 11  хэсэг 150,3 кг мах нь зориулалтын агуулахад хадгалаагүй, сав баглаа зориулалтын бус шинэлэг байдлаа алдсан, мехник болон шороо тоосоор бохирлогдсон тул шинжилгээнд тэнцэхгүй.

2.Мэдрэхүйн шинжилгээгээр үхэр, хонины ястай болон цул мах байна. Эрүүл болон халдварт, гоц халдварт өвчтэй бус нутгаас нийлүүлсэн гарал үүсэл нь тодорхойгүй чанар байдлаа алдсан тул ашиглах боломжгүй.

3.Тухайн мах нь муудсан байдлаас шалтгаалан нян үүсгэн өвчний эх үүсвэр болох тул богино хугацаанд устгалд оруулах шаардлагатай гэжээ. /хх-ийн 48-49/

Ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61/

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 63 /

Шүүгдэгч Б.М-н иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 65/

 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Х ХХК-ийн албан бичиг /хх-ийн 81/

 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Улаанбаатар төмөр замын Замын-Үүд өртөөний албан бичиг /хх-ийн 85/

2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Хил хамгаалах ерөнхий газрын 3-1/8404 дугаартай албан бичиг /хх-ийн 87/

 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Улаанбаатар Хөх хот чиглэлийн галт тэргэнд зорчсон С.М-н зорчигчийн лавлагаа /хх-ийн 90/

2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Гаалийн ерөнхий газрын 02-1/5164 дугаартай албан бичиг /хх-ийн 102/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б овогт Б.М нь 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар-Хөх хот чиглэлийн олон улсын суудлын 34 дүгээр галт тэрэгний 1 дүгээр вагоны 13 дугаар /суудал/ местэнд Бүгд Найрамдах Хятад Ард улсын Хөх хотруу зорчин явахдаа Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор улсын хилээр нэвтрүүлэх үеийн хязгаарлалт тогтоосон хонины 88.7 килограмм, үхрийн 61.6 килограмм махнуудыг тус вагоны 13 дугаар суудлын купенд нууж, Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Б.С “...Би 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Замын-Үүд дэхь Төмөр замын шалган нэвтрүүлэх боомтын олон улсын суудлын галт тэрэгний хуваарьт ажиллаж байхдаа Улаанбаатар-Хөх хотын чиглэлийн 682 дугаар галт тэрэгний Хятад вагоны 2 дугаар вагонд хяналт шалгалтыг явуулахад 3 дугаар купенд иргэн Б.М нь хонины мах 88.7 килограмм, үхрийн мах 61.6 килограммыг авч явж байхад нь саатуулан Зөрчил шалган шийдвэрлэх хуулийн дагуу зөрчлийн материал бүрдүүлэн танай байгууллагад харъяаллаар шилжүүлсэн юм гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/,  хойшлуулашгүй ажиллагаа явуулсан материал /хх-ийн 3-23/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-25/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.  

 Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.

Шүүгдэгч Б.М нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр үйлдэж, 649740 төгрөгний хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүхээс шүүгдэгчийг хязгаарлалт тогтоосон барааг Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагаанд нэг кг хонины махыг 4200 төгрөгөөр, нэг кг үхрийн махыг 4500 төгрөгөөр тус тус үнэлжээ.

Эд мөрийн баримтаар хураагдсан хонины 88.7 килограмм, үхрийн 61.6 килограмм мах нь Дорноговь аймгийн Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанд хадгалагдаж байгаа бөгөөд “зориулалтын агуулахад хадгалаагүй, сав баглаа зориулалтын бус, шинэлэг байдлаа алдсан, механик болон шороо тоосоор бохирлогдсон тул шинжилгээнд тэнцэхгүй, гарал үүсэл нь тодорхойгүй,  чанар байдлаа алдсан тул ашиглах боломжгүй” гэсэн 2017 оны 10 сарын 30-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 48/ гарсан байх тул уг махыг устгах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй бөгөөд шүүгдэгчийн баримт бичиг болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй болохыг тус тус дурдав.

 Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгч нь үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, учруулсан хохирол, хор уршиг бага, шүүгдэгчийн биеийн эрүүл мэндийн байдал, ар гэрийн амьдралын нөхцөл байдал зэргийг харгалзан торгуулийн ял оногдуулах боломжтой гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б.М-г хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.М-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-н орлого олох боломжийг харгалзан  450000 төгрөгийн торгуулийн ялыг 1 /нэг/ сарын дотор  хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацааны дотор биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт болон битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй  болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д  зааснаар нэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гарал үүсэл нь тодорхойгүй,  чанар байдлаа алдсан хонины 88.7 килограмм, үхрийн 61.6 килограмм махыг тус тус устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар  шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ         Д.Ц