Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 137/ШШ2025/00092

 

 

 

 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                                               хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                                    хэрэгсэхгүй болгох тухай   

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би нэхэмжлэгч Т  ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, М.А-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 3,857,261.95 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 сарын 07-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ...р хороо, ...........тоотод байрлах Т ББСБ ХХК /ХХД:...., РД:...., утас: ....../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч М.А  нь "Т ББСБ" ХХК-аас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2024 оны 2 сарын 23-ны өдөр 235192 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 93001-96343 дугаартай Цахим дэд зээлийн гэрээг тус тус байгуулан 3,500,000 төгрөгийн зээлийг сарын 3.6 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай буюу 2026 оны 02 сарын 05-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэйгөөр байгуулсан. Зээлдэгч М.А  нь анх зээл авсан өдрөөс хойш 2024 оны 06 сарын 06-ны өдрийн байдлаар үндсэн төлбөрт 466,368.26 төгрөгийг, хүүгийн төлбөрт 400,384.4 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 574.30 төгрөгийг, нийт 867,327 төгрөгийн төлөлт хийсэн. Түүнээс хойш нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаанд зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрөөс огт төлөлт хийгээгүй зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Зээлдэгч М.А  нь 2025 оны 01 сарын 14-ний өдрийн байдлаар 193 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй. Үндсэн зээлийн үлдэгдэл 3,033,631.74 төгрөг, зээлийн хүү 786,436.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 18,193.66 төгрөг, нийт 3,838,261.95 төгрөг төлөхөөр байна. Т  ББСБ ХХК-ийн зүгээс зээлдэгч М.А-д зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч М.А  нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд:

Талуудын хооронд байгуулсан 235192 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 93001-96343 дугаартай Цахим зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 3,033,631.74 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 786,436.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 18,193.66 төгрөг, нотариатын зардалд 19,000.00 төгрөг, бүгд 3,857,261.95 төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч М.А-аас гаргуулж, Т  ХХК-ийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч М.А  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 3,857,261.95 төгрөгийг зээлсэн нь үнэн. Одоо нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

                          ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т  ББСБ ХХК нь хариуцагч М.А-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,857,261.95 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.А  нь зээлийн гэрээний үүрэгт 3,857,261.95 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь хариуцагч М.А-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,857,261.95 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.А  нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын 3,857,261.95 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76,666.20 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 38,333.1 төгрөгийг улсын орлогоос, 50 хувь болох 38,333.1 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

            3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

                                     ШҮҮГЧ                                   Э.Б