| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/00127/И |
| Дугаар | 137/ШШ2025/00099 |
| Огноо | 2025-03-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 137/ШШ2025/00099
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч Х ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.М-т холбогдох зээлийн гэрээний үүрэг 10,910,500.79 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 сарын 15-ны өдөр хүлээн авч, 2025 оны 03 сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ......... тоотод оршин суух, Х ХК /ХХД:...., РД:....., утас:...../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э.М нь 2024 оны 06 сарын 13-ны өдөр Х б-тай 1390088560 дугаартай зээлийн гэрээ байгуулж, өрхийн зориулалтаар 11,500,000 төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. Зээлдэгч Э.М-ын Х б дахь 5002894244 дугаартай дансанд 2024 оны 06 сарын 13-ны өдөр 11,500,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Гэвч зээлийн гэрээний гол нөхцөлөөр зээлдэгч нь зээлийн 1 дүгээр хавсралтад заасан хуваарийн дагуу сар бүр зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2024 оны 10 сараас эхлэн зээлийн төлбөрийг зохих ёсоор төлөөгүй ба 2025 оны 03 сарын 13-ны өдрийн байдлаар 144 хоног хугацаа хэтрүүлээд байна. Банкны зүгээс зээлдэгчтэй тухай бүр зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа талаар удаа дараа сануулж, зохих ёсоор мэдэгдсэн. Гэтэл зээлдэгч нь тодорхой арга хэмжээ авахгүй өдийг хүрсэн. Иймд үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 10,266,605.96 төгрөг, 2025 оны 03 сарын 13-ны өдрийн байдлаар хугацаа хэтэрсэн 144 хоногийн хүү болох 634,393.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,501,79 төгрөг, нийт 10,910,500.79 төгрөгийг хариуцагч Э.М-оос гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ....-р баг, .... тоотод оршин суух Ш овогт Э-ийн М /РД:.., утас: ..../ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Х ХК-аас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Х ХК-аас 2024 оны 06 сарын 13-ны өдөр цалингийн зээл авсан нь үнэн. Одоо зээлийн үлдэгдэл нэхэмжлэлийн шаардлага болох 10,910,500.79 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч Э.М-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,910,500.79 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.М нь зээлийн гэрээний үүрэгт 10,910,500.79 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч Э.М-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,910,500.79 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.М нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 189,518.01 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 94,759.005 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 94,759.005 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч Э.М нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б