Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2023/ДШМ/23

 

 

 

 

 

 

 

 

                                                                                

                                                                                 2023/ДШМ/23

 

 

        

      Э.У холбогдох

      эрүүгийн хэргийн тухай

 

 

 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэцэнбилэг даргалж, шүүгч Т.Даваасүрэн, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: Б.Нямжав 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.А   

Шүүгдэгч: Э.У 

Нарийн бичгийн дарга Д.Оюунгэрэл нарыг оролцуулан

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/132 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.У, шүүгдэгчийн өмгөөлөгч М.А нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Э.У холбогдох 2312000630120 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Монгол Улсын иргэн, 19 оны 00 дугаар сарын 0-ний өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт А аймгийн И сумын Т багийн Хужиртын 0-0 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Э У /РД:/,

 

Шүүгдэгч Э.У нь 20 оны 0 дугаар сарын 0-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Р.О гуя руу нэг удаа өшиглөж түлхсэн, 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өшиглөж гэрээсээ хөөсөн, 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр баруун талын шанаа руу гараараа цохисон, 2023 оны 02 дугаар сарын 17-ны өглөө 07 цагийн үед А аймгийн И сумын Т багийн хороололд оршин суух Ц гэрт толгой руу 2 удаа гараараа цохиж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэмт  хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 Архангай аймгийн Прокурорын газраас Э.У холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

 Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/132 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Б овогт Э У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Уыг 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У оногдуулсан 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолж, Шүүгдэгч Э.У нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.У авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Э.У гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/132 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Цаашид дахин гэмт хэрэг хийхгүй. Миний өргөмөл хүү 6 настай Г нь аавыгаа санаад айлд тогтохгүй хоёр ч удаа алга болсон гэж сонслоо. Ээж нь авч чадахгүй гэсэн байна. Хоригдож байх хугацаандаа хүүгээ маш их санаж, санаа зовж байна. Би цаашид архи хэрэглэхээ больсон. Эхнэр хүүхдээ анхаарч халамжлан санаа тавина. Иймд надад оногдуулсан хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү..гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.А гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 15-ны өдрийн 132 дугаартай шийтгэх тогтоолоор А аймгийн И сумын Тайхар багт оршин суух Э.У эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Э.У нь хийсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшдэг. Гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг.Мөрдөн байцаалтын шатанд ч энэ тухайгаа хүлээн мэдүүлдэг. Хохирогч Р.О гэмт хэрэг үйлдсэнээс хойш байнга утсаар ярьж уучлалт гуйж өөрийн төрсөн охиндоо банкнаас зээл хүртэл авч өгч байсан. Охин болон эхнэртэйгээ холбоотой байсан төдийгүй хохирол төлбөр нэхэмжилбэл түүнийг төлөхөд бэлэн байсан боловч хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй. У 2018 онд тархины хорт хавдар оношоор хагалгаанд орж хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгож байсан бие муутай. Одоо архи хэрэглэхээ бүр мөсөн больсон.

Э.У 2006 онд Р.О гэр бүл болон амьдарч амьдрах хугацаанд охин Ц төрсөн. Одоо охин нь оюутан өнөө маргаашгүй төрөх гэж байгаа. У, О нар хамаатныхаа дүү болох О 6 сартай хүү Г өргөж авч өсгөсөн. Энэ хүү нь 6 настай аав У Тайхар чулууны Т жуулчны баазад өөрийн гэсэн гэрээ барин аав нь энэ баазад туслах ажилчин, хүү нь сургуульдаа явж байсан. Одоо ээж нь хүүгээ авахгүй гэсэн аав нь хорих ял эдэлж байгаа болохоор энэ хүү хамаатны хүмүүстэй ээнэгшин дасаагүй, аавыгаа нэхээд маш хэцүү байдалтай байна. Иймд н хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа болон түүний биеийн эрүүл мэндийн байдал, өргөмөл хүү У.Г амьдрах орчин нөхцөл хэцүү байгаа байдал зэргийг харгалзан үзэж 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж хөнгөрүүлэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүгдэгч Э.У болон түүний өмгөөлөгчийн зүгээс оногдуулсан хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү гэсэн гомдлыг шүүхэд гаргасан байна. Шүүгдэгч Э.У холбогдох хэргийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэрээ байнга зодсон, мөн хуулийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан харгис хэрцгий догшин авирласан гэх зүйл ангиар зүйлчилж шүүхэд шилжүүлсэн. Э.У нь тухайн гэмт хэргийг үйлдэх үедээ буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодох үедээ айлган сүрдүүлдэг. Үүнээс болоод хохирогч Р.О нь хүү У.Г гэрээсээ авч гардаг байсан нөхцөл байдал хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас харагддаг. Шүүгдэгчийн хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэхэд ямар нэг хугацаа, хоорондын зай гэж байхгүй, байнгын хэрэглэдэг талаар түүний төрсөн охин н.Ц мэдүүлдэг. Хохирогчийн хувьд дундаж эмэгтэй хүний өндрөөс доогуур өндөртэй хүн байсан. Өөрөөр хэлбэл хөгжлийн бэрхшээлтэй гэж хэлж болохуйц хүн байсан. Тийм хүнийг шүүгдэгч нь гэрээсээ хөөдөг, зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн талаар Э.Ун ээж, болон ах дүү нарт нь хэлэхэд энэ асуудлыг хайхарч үздэггүй. Хэдийгээр хүүхдийн эрх ашиг зөрчигдөж байгаа гэж өмгөөлөгч хэлж байгаа боловч хүүхдийн асрамжийн асуудлыг сумын Засаг даргын тамгын газраас зохицуулалт хийгээд шийдвэрлэсэн байгаа учир энэ асуудал нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх үндэслэл болохгүй ээ. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.А шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Прокурорын хэлж байгаа зүйлчлэл болон гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудтай огт маргаагүй. Э.У үйлдсэн болох нь тогтоогдсон. Э.У ч мөн гэм буруугаа ойлгож, гэмшиж байгаа. Э.У нь 3 сар орчим хорих ял эдэлсэн байгаа. Энэ хугацаандаа өөрийн алдаа дутагдлыг ухаараад нэлээдгүй засрал хүмүүжлийг олсон байх гэж бодож байна. Мөн хохирогчийн зүгээс гомдол саналгүй талаараа шүүхэд тайлбар гаргасан байсан. Э.У зүгээс 7 сарын хорих ял дээр маргалдаад, эсэргүүцээд байх шаардлага байхгүй. Яалт ч үгүй хүүхдийн эрх ашиг зөрчигдөөд байгаа учир энэхүү гомдлыг гаргаж байгаа. Сумын Засаг даргын тамгын газрын хамтарсан баг тухайн үед нь асуудлыг шийдэх гээд ээжтэй нь холбоо барьсан ч авахгүй гэж хэлсэн байсан. Хохирогч Р.О хүүгийн төрсөн ээж н.О руу холбоо бариад Э.У хорих ял авсан, чи хүүгээ авчхаач гэж хэлэхэд мөн төрсөн ээж нь би авахгүй ээ, жаахан байхдаа манайхаас явсан, манайд ээнэгшин дасахгүй, манайд удаан байж үзээгүй, аавтайгаа орж ирээд л гараад явдаг гэж хэлсэн байсан. Тэгээд эмээг нь асран хамгаалагчаар тогтоосон байдаг. Эмээгийн асрамжид байгаа үед хүүгийн сурч боловсрох эрх зөрчигдөх нөхцөл байдал байгаа. Ийм учраас энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж Э.У эдлээгүй үлдсэн хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольж, Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн саналтай байна...гэв.

 

Шүүгдэгч Э.У шүүх хуралд гаргасан тайлбартаа: Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хүүхдээ бодохоор хэцүү байна. Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй, дахиж архи уухгүй. Миний бие тархины хорд хавдартай байсан. Түүнээс болоод эрүүл мэндийн байдал муудсан. Миний хүү манай ээж дээр байж үзээгүй, ээжид минь дасаагүй, байнга над дээр байдаг. Энэ байдлыг минь харгалзан үзэж ялыг минь хөнгөж өгнө үү...гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч Э.У, шүүгдэгчийн өмгөөлөгч М.А нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

  Хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

                      

            Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Э.У гэм буруутай болох нь хохирогч Р.О өгсөн... 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр манай нөхөр Архангай аймаг руу сумын таксигаар явсан юм. Тэгээд үдээс хойш гэртээ согтуу орж ирэхээр нь одоо унтаж амар гэхэд би архи ууна архины мөнгө өг гэхээр нь 20.000 төгрөг өгөхөд 0.75-тай Хараа нэртэй архийг аваад гэртээ орж ирээд ганцаараа ууж байгаад талд нь ороход согтоод намайг ална гээд байхаар нь хоёр хүүхдээ дагуулаад гараад явсан. Би айлд бууз хийж дуусаад гэртээ харих гэхэд манай хүү харихгүй аав таныг зодно, бид нарыг хөөнө шүү дээ гээд байхаар нь Ц эхнэр Д, О хамтаар гэрт нь очиж унтсан. Тэгсэн өглөө 05 цаг өнгөрч байхад Ц гэрийн хаалга нүдээд байхаар онгойлгож өгөхөд манай нөхөр байсан. Тэгээд би хоёр хүүхдийнхээ урдуур ороод хэвтэхэд яасан намайг орхиж явдаг юм гэж хэлээд толгой руу хоёр удаа гараараа цохисон. Тэгсэн Ц эхнэр салгаад У гаргаад хаалгаа түгжсэн. Хэсэг хаалга нүдэж байгаад яваад 08 цагийн өнгөрч байхад ирсэн. Тэгсэн архи нь гайгүй гарсан гэртээ харъя юмаа хийе гэхээр нь дагаад гэр рүүгээ явсан. Гэртээ ороод цай чанаж уучхаад байж байтал архи нэхээд мөнгө өг гэхээр нь мөн 20.000 төгрөгийг өгсөн. Тэгсэн 0.75-тай  Хараа нэртэй архи авч орж ирээд ганцаараа мөн уусан. Тэгээд над руу дайрахаар нь гараад Б эгчийнд зугтааж орчхоод эргээд гэртээ ирэхэд тасраад унтчихсан байхаар гэртээ юм угааж байгаад орой 21 цагийн үед сэргээд дахиад дайрахаар нь зугтаад Б эгчийнд ороод У над руу дайраад болохгүй юм гэж хэлсэн. Тэгсэн Архангай аймагт байдаг дүү П руу залгаад У архи уугаад эгчийг нь хөөгөөд байна гэж хэлэхэд удахгүй очлоо гэж хэлсэн. Тэгээд удалгүй ирж цагдаад дуудлага өгөөд У цагдаа нартай хамт аваад явсан. Намайг байнга л зодож хэл амаар доромжилдог байсан. 2022 оны 07 дугаар сард Архангай аймгийн Хан-Өндөр багт байхад тугал харсангүй нийлүүллээ гэж зодоод зүүн гарын бугалга зүүн гуяа хэсэгт өшиглөж хөхрүүлж байсан. Дараа нь Архангай аймгийн Ихтамир сумын төвд 2022 оны 11 дүгээр сарын эхээр яг өдрийг нь санахгүй байна мөн согтуу орж ирчхээд У чинь ална гээд босож ирээд толгой руу гараараа цохиод авахаар нь би зугтаагаад Б гэх айлд орж хонож байсан. Мөн үүний дараа дахин архи уусан үедээ ална шулна гээд байхаар нь дахиж 2 удаа хонож байсан. Шинэ жилийн үеэр 12 дугаар сарын 27-ны өдөр архи ууж орж ирээд бас дайраад байхаар нь гарч зугтаах үед баруун талын гуя руугаа хальт өшиглүүлээд гарсан. Үүний дараа 4 хоногийн дараа буюу 31-ний өдөр айлд цай уучхаад гэртээ орж ирсэн тэгээд У хувцсыг тайлаад унтуулах гэхэд гэнэт босож ирээд миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохиход хөхөрч хавдаж байсан. 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Ц гэрт гар хүрсэн. Энэ талаар манай охин Ц, Д, О, А, Б эгч, Б эхнэр болох У нар мэднэ, олон жил дарамтлуулж амьдарсан...гэх мэдүүлэг, гэрч Р.А өгсөн...манай дүү Р.О нь 2022 оны 07 дугаар сард нөхөртөө зодуулсан талаар хэлж байсан мөн 2022 оны 11 дүгээр сар, 12 дугаар саруудад зодуулж байсан талаар утсаар хэлж байсан. Сая 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр зодоод хөөгөөд байна гэж ярихаар нь дүүгийн хамтаар очиход О Б гэх айлд сууж байсан. Гэр бүл болсон хүмүүс учраас архи дарсаа багасгаад болох байх гэж бодоод өдий хүргэсэн. Манай талийгаач аавыг амьд байхад аавын мал идээн дээр У О нар гэр бүл болж аавыг нас барснаас хойш мал идээг нь харж үлдсэн бөгөөд Ууганбаатар мал ахуйг зарж үрээд байхаар нь О хэрэгтэй юманд зарцуул гэж хэлэхээр хэрүүл болдог юм байна лээ...гэх мэдүүлэг, гэрч Ц.П өгсөн...Би Архангай аймгийн төвд гэртээ байхад манай эгч От над руу залгаад Уу зодох гээд хөөгөөд байна гэж оройн 21 цаг өнгөрч байхад  ярихаар нь би эгч А хамтаар очиходБ гэх айлд байж байхаар нь дагуулаад гэрт нь очиход зүүн талын орон дээрээ тасраад унтаж байхаар нь дуудаад сэрээхэд ямар ч мэдрэлгүй байхаар нь дүү охиныг нь дуудсан. Тэгсэн ээж дүү нар нь ирэхээр би хандах газарт нь хандана гэж хэлэхэд ээж дүү нар нь гараад явсан. Миний санахаар байнга л гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан. Анх цагдаагийн байгууллагад гомдол мэдээлэл гаргах хүртэл гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан. Сүүлийн үед 5-6 жилийн хугацаанд архины хэрэглээ нь эрс ихэссэн өдөр бүр л архи уудаг байсан... гэх мэдүүлэг, гэрч Д.О өгсөн...2022 оны 11 дүгээр сард санагдаж байна, орой 22 цагийн үед байх манайхан унтах гээд байж байсан чинь Э.У эхнэр Р.О эгч манайхаас өргөж авсан хүү Г дагуулчихсан орж ирэхээр нь та хоёр хаа хүрч яваа юм бэ гэсэн чинь Р.О эгч У архи уучхаад хүү бид хоёрыг гэрээс хөөгөөд байна гэрийнхээ юмнуудыг гудамжинд гаргаад хаячихлаа ер нь архи уучихаараа хүү бид хоёрыг гэрээс хөөгөөд хэцүү байдаг юм хөөгөөд гаргахаар нь орох газар байхгүй хэцүү байдаг юм гэж ярьсан...гэх мэдүүлэг, гэрч О.Б өгсөн...тухайн үед зодуулдаг талаараа хэлдэг боловч зодуулснаас хойш 2-3 сарын дараа хэлдэг байсан болохоор мөн эвлэрсэн гэж бодоод яваад байдаг болохоор цагдаад мэдэгдэж байгаагүй...гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулан шүүгдэгч Э.У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан үйлдэлд үндэслэлтэй дүгнэлт хийж, түүнд холбогдох хэргийг зөв зүйлчилсэн  байна.

 Нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байх бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, түүний хувийн байдал зэрэгт эрүүгийн хариуцлага тохирсон байна.

             Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/132 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.У,  шүүгдэгчийн өмгөөлөгч М.А нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

  

Шүүгдэгч Э.У түүний өмгөөлөгч М.А нар... Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Цаашид дахин гэмт хэрэг хийхгүй. Өргөмөл хүү 6 настай Гурвантамир нь аавыгаа санаад айлд тогтохгүй хоёр ч удаа алга болсон гэж сонслоо. Ээж нь авч чадахгүй гэсэн байна. Цаашид архи хэрэглэхээ больсон. Эхнэр хүүхдээ анхаарч халамжлан санаа тавина. Э.У хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа болон түүний биеийн эрүүл мэндийн байдал, өргөмөл хүү У.Г амьдрах орчин нөхцөл хэцүү байгаа байдал зэргийг харгалзан үзэж 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж хөнгөрүүлэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө...гэж давж заалдах гомдол гаргажээ.

             

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, анхан шатны шүүх шүүгдэгчийн хувийн байдал, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулсан байна.

           

Өөрөөр хэлбэл хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хууль бусаар цуглуулсан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, шүүгдэгч Э.У оногдуулсан эрүүгийн хариуцлага түүний үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэрэгт тохирсон, түүний гомдолд дурдсан үндэслэл нь оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл болохгүй юм. 

 

Иймд анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болсон байх тул шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

         

 Хэрэг давж заалдах шатны шүүхээр хэлэлцэх хугацаанд шүүгдэгч Э.У нь 83 хоног цагдан хоригдсон тул цагдан хоригдсон 83 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцохоор шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

                                                      ТОГТООХ нь:

 

  1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/132 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.У,  шүүгдэгчийн өмгөөлөгч М.А нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У цагдан хоригдсон 83 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор  шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн,  хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.