Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 81

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                         Хэргийн индекс:1*******/2016/0061/З

            Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Нарантуяа даргалж, нарийн бичгийн дарга Б.Саранчимэгийг оролцуулан  тус шүүхийн шүүх  хуралдааны  танхимд  нээлттэй хийсэн   хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын  11 дүгээр багийн  12 дугаар байрны ******* тоотод оршин суух *******

            Хариуцагч: Дархан-Уул аймгийн Засаг дарга

           Нэхэмжлэлийн шаардлага:  “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/181 дүгээр захирамжийн С.*******ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай”  шаардлага бүхий  захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд:

          Нэхэмжлэгч:                                                        С.*******

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:       И.Энхболд

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:          Г.Энхсайхан, Ю.Ариунболд  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Нэхэмжлэгч С.*******аас шүүхэд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболдоос шүүх хуралдаанд  гаргасан нэхэмжлэлдээ:  С.******* нь 20******* оны 06 дугаар сарын 10-ны өдөр ******* тоот эрхийн гэрчилгээтэй Дархан сумын 15 дугаар баг Мангиртын *******  тоот 680 м2  газрыг иргэн *******ээс худалдах худалдан авах гэрээгээр өөрийн өмчлөлд шилжүүлж авсан. Энэ газар эзэмшлийн газар гэсэн гэрчилгээтэй уг нь дуудлага худалдаагаар авсан өмчлөлийн газар  байгаа юм. Өмчлөлийн газрыг 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/181 дүгээр захирамжаар Аймгийн Засаг дарга хүчингүй болгосон нь хуульд нийцэхгүй  юм.  2009  онд Гансүхийн ******* дуудлага  худалдаагаар авч өөрийн өмчлөлд шилжүүлж аваад уг газраа 20******* онд иргэн С.*******ад худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлж хууль ёсны дагуу улсын бүртгэлд бүртгүүлэн эзэмшлийн гэрчилгээ олгосон. Уг нь өмчлөлийн гэрчилгээ олгох ёстой байсан. Барилга хот байгуулалтын алба юм уу, Засаг даргын буруутай үйл ажиллагаа байсан юм уу эзэмшлийн гэрчилгээ олгоод одоог хүртэл эзэмшлийн гэрчилгээгээр яваа. Энэ бол хувийн өмч Иргэний хуулийн 102 дугаар зүйлийн 102.1-д зааснаар энэ нь төрийн өмч биш.  Иргэнд 0,7 га газар, мөн газар тариалан эрхлэх зорилгоор 100 га хүртэл газрыг эзэмшүүлж болно. Энэ бол төрөөс дуудлага худалдаа явуулж, үнэ төлбөрийг нь төлөөд өөрсдийн өмчлөл рүү шилжүүлж авсан, хувийн өмчид халдаж байна. Эзэмшлийн газар биш. Иргэний хуулийн 178 дугаар зүйлийн 178.2-т тодорхой заасан байгаа. А/181 дүгээр захирамж хууль бус. Монгол улсын үндсэн хуульд хүмүүнлэг, ардчилсан нийгэм байгуулна хувийн өмч бол халдашгүй дархан байна гэж заасан. Засаг даргын захирамжаар энэ газрыг хүчингүй болгосон нь хуульд нийцэхгүй байгаа учир Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 25-ны А/181 дүгээр захирамжийн С.*******ад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

           Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын  итгэмжлэгдсэн төлөөлөгч  Г.Энхсайханаас шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: Иргэн Г.******* гэж хүн энэ газрыг анх  Аймгийн Засаг даргын 2009 оны захирамжаар эзэмшсэн ба 15 жилийн хугацаатай.  20******* оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн газрын эрх шилжүүлэх гэрээ бусад материалыг үндэслэн 20******* оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 282 дугаар захирамжаар газрыг 20 жилийн хугацаатай гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Г.*******ээс С.*******ад шилжүүлснээр. 20******* оны 06 дугаар сарын 10-ны өдөр газар эзэмших гэрээ гэрчилгээ бичигдсэн байна. Аймгийн Засаг дарга А/181 дүгээр захирамжаар иргэн С.*******ын эзэмшлийн газрын гэрчилгээг хүчингүй болгосон. Нэхэмжлэгч талаас эзэмшлийн газар биш өмчлөлийн газар гэж тайлбарлаж байна. Аймгийн Засаг даргын захирамжаар *******т олгосон газрын захирамж, С.*******ад шилжүүлсэн газрын захирамж гэрчилгээ аль аль нь эзэмшлийн газар гэж олгогдсон байгаа. Шүүхэд гаргасан нэхэмжлэлээр эзэмшлийн газар уу, өмчлөлийн газар уу гэсэн талаар ямар нэгэн юм дурьдаагүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлага өөр байгаа.

Хоёр дугаарт нь Монгол улсын  1992 оны үндсэн хуулиар Монгол улсын иргэн газар өмчилж авах эрхтэй гэж тогтоож өгсөн нь үнэн. Гэхдээ яг хэн нь эзэмших, ямар хугацаагаар эзэмших, ямар хэмжээгээр эзэмших эрх зүйн орчин бүрдүүлээгүй байсан. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль  2001, 2002 онд батлагдан гарсан. Иргэн Г.*******т 2009 онд газрыг эзэмшүүлэх тухай захирамж гаргахдаа  Газрын тухай хуульд зааснаар дуудлага худалдаагаар олгоно гэсэн заалтын дагуу олгогдсон. Өмчлөгдсөн бол Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль тогтоомжийг баримтлах ёстой. Төрийн байгууллагын зайлшгүй албан хэрэгцээний шаардлагаар 15 дугаар багийн нутаг дэвсгэр дээр багийн хөгжлийн төвийг байгуулахаар болж аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэгдэн тогтоол гарч, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдан энэ газрыг чөлөөлүүлэх болсон энэ шаардлагаар хүчингүй болгосон. Мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн  нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэдэг үндэслэлийг баримталсан Аймгийн Засаг даргын захирамж нь хууль тогтоомжид нийцсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв.

 

              Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Ариунболдоос шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: Аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/181 дүгээр захирамжаар С.*******ын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Үүний дараа 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр А/ 227 дугаар  захирамжаар 15 дугаар багт 2900 м2  газарт багийн хөгжлийн төвийг барихаар Аймгийн Засаг дарга захирамж гаргасан. Багийн хөгжлийн төв барихад 3 айлын газар орсон байгаа. 2 газрын хүнтэй нь зөвшилцсөн. Иргэн С.*******тай зөвшилцөн 2 гарыг санал болгосон боловч тохиролцоонд хүрээгүй. Бид нар аль болохоор бололцоотой арга хэмжээ авч түүнтэй дүйцэх хэмжээний газрыг өгөх гэсэн боловч зөвшөөрөөгүй. Хамгийн гол нь С.******* газар дээрээ ямар нэгэн юм бариагүй, газраа ашиглаагүй байгаа гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч С.*******  нь Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/181 дүгээр захирамжийн  С.*******ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд  гаргасан байна.

            Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж  шийдвэрлэлээ.

 

          “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/181 дүгээр захирамжийн  С.*******ад холбогдох  хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

           Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ын “г”, 29.3-д заасны дагуу газар эзэмших ашиглахтай холбогдсон маргааныг шийдвэрлэх бүрэн эрхтэй хэдий ч С.*******ад олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн  40 дүгээр зүйлийн 40.1.6-д  заасныг үндэслэн хүчингүй  болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

         Учир нь Анх Г.*******т Дархан-Уул аймгийн Засаг даргын 2009 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 221 дүгээр захирамжаар Дархан сумын 15 дугаар багийн Их сургуулийн ******* тоотод 700 м2 газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэснээр гэрчилгээ олгогдон гэрээ байгуулагдсан, Дархан-Уул аймгийн Засаг даргын  20******* оны 06 дугаар сарын 04-ны өдрийн 282 дугаар захирамжаар Г.*******ээс С.*******ад Дархан сумын 13 дугаар /хэсэг хугацаанд багийн дугаар өөрчлөгдсөн/  багийн Их сургуулийн ******* тоотод байршилтай 700 м2  газрыг амины орон сууцны зориулалтаар эзэмших эрхийг шилжүүлж шийдвэрлэсэн шийдвэрийг үндэслэн С.*******ад гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн ******* дугаар гэрчилгээ  олгогдон,  20******* оны 06 дугаар сарын 10-ний өдөр иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан болох  нь  Аймгийн Засаг даргын 221, 282 захирамжууд, газар эзэмшүүлэх гэрээ, гэрчилгээ, эзэмшил газрын байршлын кадастрын зураг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхсайханаас шүүх хуралдаанд С.******* нь Газрын тухай хуулийн  40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”,  дуудлага худалдааны үнийг төлөөгүй, энэхүү газар дээр нь багийн хөгжлийн төв барихаар шийдвэрлэгдсэн гэсэн үндэслэлээр газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн  газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч С.*******ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

 

           “Газрын тухай хуулийн  40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг зөрчсөн гэх” тухайд;

             Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч С.******* нь 20******* оны 6 дугаар сарын 10-ны өдөр Газрын асуудал эрхэлсэн албан тушаалтан Ю.Ариунболдтой иргэн, хуулийн этгээдэд гаар эзэмшүүлэх гэрээг 20******* оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 2034 оны 06 дугаар сарын 04-ны өдрийг хүртэл 20 жилийн хугацаатайгаар байгуулсан байх ба мөн өдөр  гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн ******* дугаар гэрчилгээ  20 жилийн хугацаатайгаар олгогдсон байна. Нэгэнт гэрээ, гэрчилгээнд  20 жилийн хугацаагаар гэж тодорхой заагдсан байхад  нэхэмжлэгчийг гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй  гэж үзэх боломжгүй, газар эзэмших гэрээг дүгнээгүйгээс гадна  холбогдох хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг зөрчөөгүй байгаа нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараар нотлогдож байна.

           Нэхэмжлэгч нь газар эзэмшиж байх хугацаандаа Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан барилгын зураг төсөлд тавигдах шаардлагыг хангуулахаар Зураг төслийн “Мон-Ет” ХХК-иар хувийн орон сууцны зургийг хийж гүйцэтгүүлсэн  байна.

          Түүнчлэн 2009 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдан батлагдсан С.*******ын эзэмшлийн газрыг 2016 оны аймгийн төсвийн тодотголоор нэмэгдсэн бараа, ажил үйлчилгээ худалдан авах төлөвлөгөөнд  “Багийн хөгжлийн төв”-ийн барилга барих зориулалтаар тусгасан гэсэн нэрийдлээр  Аймгийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/227 дугаар захирамжаар Аймгийн Засаг даргын тамгын газарт эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль бус Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэсэнтэй нийцээгүй байна.

           “Дуудлага худалдааны  үнийг төлөөгүй” тухайд;

            Дархан-Уул аймгийн Засаг даргын 2009 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн *******0 дүгээр “газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдаа явуулах тухай” захирамжийн дагуу Дархан сумын 8, 15 дугаар багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 1.1 га газрын эзэмших эрхийн дуудлага худалдааг зохион байгуулж, иргэдэд газар олгосон нь 2009 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, 15 дугаар багийн дуудлагаар олгох газрын байршлын схем зураг, дуудлага худалдаа явуулсан ажлын тайлан, Аймгийн Засаг даргын 2009 оны 221 дүгээр захирамж, хавсралт,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Ариунболдын “Дуудлага худалдаа зохион байгуулсан газарт С.*******ын газар нь тусгагдсан, С.******* нь дуудлага худалдаагаар  олгогдсон газар мөн эсэхийг асуухад нь материалыг нь үзүүлж байсан” гэсэн тайлбар зэргээр  нотлогдож байна.

              Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд Газрын тухай хуулийн  40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэл бий болоогүй, газар эзэмшигчийн зүгээс буруутай, хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулаагүй байх тул хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/181 дүгээр захирамжийн С.*******ад холбогдох хэсгийг  хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

             Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дэх хэсэгт заасныг  тус тус удирдлага болгон

                                                         ТОГТООХ нь:

 

             1. Газрын тухай хуулийн  40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг  тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,  Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/181 дүгээр захирамжийн С.*******ад холбогдох хэсгийг  хүчингүй болгосугай.

 

              2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Аймгийн Засаг даргаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

          3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108  дугаар зүйлийн 108.4-т заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш ******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурьдсугай.

 

         4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 1******* дүгээр зүйлийн 1*******.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч  түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч  нар  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш  ******* хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                         Д.НАРАНТУЯА