Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2017/0743

 

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар0221/МА2017/0743

Улаанбаатар хот

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Б.Н, хариуцагч Гаалийн улсын байцаагч Д.Н, С.Э нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2017/0568 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Б гаргасан давж заалдах гомдлоор “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газрын гаалийн улсын ахлах байцаагч Д.Н, гаалийн улсын байцаагч С.Э нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Б 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Засгийн газрын 2011 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн Гаалийн ерөнхий газрын гаалийн улсын байцаагч Д.Н, С.Э нарын 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн “Татвар нөхөн төлүүлэх” 12/15 дугаар актыг бүхэлд нь хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2017/0568 дугаар шийдвэрээр:

“Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.128 дахь хэсэгт заасныг баримтлан “Гаалийн ерөнхий газрын гаалийн улсын байцаагч Д.Н, С.Э нарын 2015 оны оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 12/15 тоот “Татвар нөхөн төлүүлэх” актыг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий “Х” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Б дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...1. Шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тухайд:

1.1. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэж заасны дагуу шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийж чадсангүй.

Тодруулбал, нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлийг нотлох, маргаан бүхий захиргааны актын үндэслэлийг няцаах ач холбогдол бүхий хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудын талаар дүгнэлт хийгээгүй. Үүнд:

а/ Гаалийн ерөнхий газрын Хууль, эрх зүйн газраас Улсын төсвийн орлого хяналтын газарт ирүүлсэн дотоод зурвас,

б/ Гаалийн ерөнхий газраас Гаалийн газар, хороодын дарга нарт явуулсан “Чиглэл өгөх тухай” 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 03/2815 дугаар албан бичиг,

в/ Компанийн хөнгөлөлт, чөлөөлөлтийн 403 горимоор хийсэн гаалийн бүрдүүлэлтийн мэдээлэл,

г/ Гаалийн ерөнхий газраас Гаалийн газар, хороодод явуулсан “Гаалийн бүрдүүлэлтийн тухай” 2014 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 01/2667 дугаар албан бичиг,

д/ Гаалийн ерөнхий газрын харьяа Дархан-Уул аймаг дахь Гаалийн газраас Гаалийн ерөнхий газрын хяналт бүрдүүлэлтийн хэлтэст явуулсан 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2/216 дугаар албан бичиг,

е/ Гаалийн ерөнхий газрын харьяа Дархан-Уул аймаг дахь Гаалийн газраас “Б” ХХК-д явуулсан 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2/234 дугаар албан бичиг,

Гэсэн атлаа Монгол Улсын Сангийн сайдаас Гаалийн ерөнхий газрын даргад явуулсан “Чиглэл өгөх тухай” 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 4-2/3318 тоот албан бичгийг явцууруулан энэхүү албан бичгээр “жижиг дунд үйлдвэрлэгч” тэмдэглэгээтэй байхыг шаардсан мэтээр буруу үнэлэн тайлбарласан.

Товчхондоо, шүүх хэргийг шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг бүх талаас нь бүрэн, бодитой үнэлэн дүгнэлт хийлгүйгээр зөвхөн хариуцагчид ашигтай зарим нотлох баримтыг явцууруулан үнэлж шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

1.2. Анхан шатны шүүхээс “...Засгийн газрын Гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай 2011 оны 100, 2012 оны 193 дугаар тогтоолуудыг Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих тухай хуультай нийцүүлэн гаргасан Засгийн газрын дээрх тогтоолууд нь “жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд туслах, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор импортолж буй болон жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг татвараас чөлөөлөхөд чиглэгдсэн” гэж тайлбарлажээ.

Ийнхүү тайлбарлахдаа Сангийн сайдын 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 4-2/3318 дугаартай “Чиглэл өгөх тухай” албан бичгээр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч гэсэн тэмдэглэгээтэй байх шаардлага тавьж чиглэл хүргүүлсэн мэт дүгнэсэн. Тус дүгнэлтийг дараах үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Нэгдүгээрт, дээрх албан бичигт 1. Бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор импортолж буй, 2. Жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалттай гэсэн хуулийн шаардлагыг хангаж байгаа эсэхийг нягтлах талаар мөн жагсаалтад орсноос гадна зорилго нь бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой оруулж ирж байх ёстойг анхааруулсан агуулгатайгаас бус жижиг дунд үйлдвэр эрхлэгч тэмдэглэгээтэй байх шаардлагын талаар дурдаагүй байна.

Түүнчлэн Гаалийн ерөнхий газрын 2014 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн “Гаалийн бүрдүүлэлтийн тухай” 01/2667, 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн “Чиглэл өгөх тухай” 03/2815 дугаар албан бичгүүдэд жагсаалтад үндэслэн аливаа ялгаварлалгүйгээр “жижиг дунд үйлдвэрлэгч” тэмдэглэгээг шаардахгүйгээр чөлөөлөх талаар тодорхой дурджээ.

Хоёрдугаарт, нэхэмжлэгч 2012 онд Засгийн газрын тогтоолын хавсралтаар баталсан жагсаалтын дагуу 403 горимоор /хөнгөлөлт, чөлөөлөлтийн/ 16,439,000 ам долларын буюу 21,527,782,300 төгрөгийн тоног төхөөрөмжийг гаалийн бүрдүүлэлт хийсэн. Гаалийн байгууллагын тус бүрдүүлэлтийг хүлээн зөвшөөрч байсан үйл баримтад үндэслэн дараа дараагийн гаалийн бүрдүүлэлтийг хийж бүтээн байгуулалтын ажлаа үргэлжлүүлсэн.

Гэтэл гэнэт үндэслэлгүй шаардлага тавьж акт тогтоож байгаа нь “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмыг зөрчсөн үйлдэл болсон. Учир нь захиргааны байгууллага нь хуулийн хүрээнд ажиллаж, хуулийг тогтвортой биелүүлдэг эрх зүйт төрийн иргэн, хуулийн этгээд нь захиргааны байгууллага хуулийн хүрээнд ажиллана гэдэгт итгэх эрхтэй.

Шүүхээс дээрх байдлаар холбогдох хууль, Засгийн газрын тогтоол, эрх бүхий албан тушаалтнуудаас гарсан бичгүүдийг бүрэн зөв үнэлж, дүгнэлт өгөөгүйгээс Засгийн газрын тогтоолын агуулгыг явцууруулан жижиг дунд үйлдвэрлэгч тэмдэглэгээг заавал байх ёстой мэтээр дүгнэлээ.

1.3. Анхан шатны шүүхийн “нэхэмжлэгч жижиг дунд үйлдвэр эрхлэгчийн шаардлагыг хангахгүй” гэсэн дүгнэлт нь эргэлзээ бүхий буюу хангалттай үндэслэл, нотлох баримтгүй байна.

Нэгдүгээрт, шүүхээс Засгийн газрын тогтоолын хөнгөлөлт, чөлөөлөлт зөвхөн жижиг дунд үйлдвэрлэгчийн тэмдэглэгээ бүхий аж ахуйн нэгжид хамаарна, мөн дээрх бүртгэлийг эрх бүхий байгууллагаас 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдөр бүртгэсэн нь тус компанийн 2012-2013 онуудад гаалийн бүрдүүлэлт хийж, импортоор орж ирсэн бараануудын татвар ногдуулалттай холбоотой маргаан бүхий үйл баримтад хамааралгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн болон бодит үндэслэлгүй.

Учир нь нэхэмжлэгч 2013-2014 оны хооронд гаалийн бүрдүүлэлт хийж, тоног төхөөрөмжийг импортоор оруулж ирсэн байтал шүүхийн шийдвэрт 2012-2013 онуудад хийсэн бүрдүүлэлтэд тэмдэглэгээ хамаарахгүй гэж хэргийн үйл баримтад хамааралгүй хугацааны талаар дүгнэлт хийсэн.

Гаалийн байгууллагаас 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2/234 дүгээр албан бичгийг ирүүлэх хүртэл “жижиг дунд үйлдвэрлэгч” гэх бичилт заавал хийлгэсэн байх талаар шаардлага тавьж байгаагүй бөгөөд ийнхүү шаардлага ирүүлсэн даруй нэхэмжлэгч холбогдох бичилтийг хийлгэсэн. Мөн Засгийн газрын тогтоолд жижиг дунд үйлдвэрлэгч гэх тэмдэглэгээг хийлгэсэн байх талаар огтоос шаардаагүй болохыг дурдах нь зүйтэй. Гэтэл энэхүү үйл баримтад хууль зүйн үндэслэлтэй, бодитой дүгнэлт хийсэнгүй.

Хоёрдугаарт, шүүхээс нэхэмжлэгчийн 2014 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаар 28 тэрбум төгрөгийн борлуулалтын орлогыг бий болгосон нь Жижиг дунд үйлдвэрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “...1.5 тэрбум төгрөг хүртэл жилийн борлуулалтын орлого бүхий үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж...” гэж заасантай нийцэхгүй гэж нотлох баримтад үндэслээгүй, хэрэгт хамааралгүй дүгнэлт хийсэн.

Учир нь маргааны үйл баримт буюу гаалийн бүрдүүлэлт хийсэн хугацаа 2013-2014 оны хооронд байхад шүүхийн шийдвэрт маргаанд хамааралгүй, хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримт болох 2014 оны санхүүгийн тайланг үндэслэсэн.

Өөрөөр хэлбэл уг хэрэгт 2013 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд тусгагдсан борлуулалтын орлого нь жижиг дунд үйлдвэр эрхлэгчийн шаардлагыг хангаж байсан эсэх нь ач холбогдолтойгоос бус 2014 оноос хойших борлуулалтын орлого нь жижиг дунд үйлдвэрлэгчийн шаардлага хангаж байгаа эсэх нь хэрэгт хамааралгүй юм.

Шүүхийн шийдвэрт дурдагдсан 28 тэрбум гэх дүн нь хэрэгт хамааралтай, бодитой эсэх, нэхэмжлэгч 2013-2014 оны хооронд тухайн бүрдүүлэлтийг хийж байхдаа жижиг дунд үйлдвэр эрхлэгчийн шаардлага хангаж байсан эсэх зэрэг чухал нөхцөл байдлуудыг огт тодруулаагүй. Тиймээс шүүхийн дүгнэлт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэсэн шаардлагад нийцээгүй.

Гуравдугаарт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон нийтэд илэрхий баримтуудаар дээрх Засгийн газрын тогтоолуудын хүрээнд холбогдох онуудад олон тооны томоохон үндэсний хэмжээний борлуулалтын орлого нь хэдийн 20 тэрбум давсан аж ахуйн нэгжүүд гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөөр ирсэн зэргээс тухайн тогтоолын хүрээнд жижиг дунд үйлдвэр эрхлэгч тэмдэглэгээг шаардаж байгаагүй болохыг харж болно.

Шүүхээс Засгийн газрын тогтоолын агуулга үйлчлэх хүрээг тодорхойлохдоо дээрх нийтэд илэрхий нөхцөл байдалд дүгнэлт өгөөгүйн дээр Гаалийн ерөнхий газраас зөвхөн нэг хуулийн этгээдэд дээрх байдлаар хууль тогтоомжийг явцууруулан тайлбарлах замаар татвар нөхөн төлүүлэхээр акт тавьсан. Гаалийн байгууллагын энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсгүүдэд заасан тэгш эрхийн зарчмыг ноцтой зөрчсөн.

2. Захиргааны актын хууль зүйн үндэслэлийг харгалзан үзээгүй тухайд:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т “Захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар...тусгах”-аар заасан байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн агуулга хангалтгүй, захиргааны актын хууль зүйн үндэслэлд холбогдох дүгнэлт хийгээгүй байгаа нь хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд тусгагдсаны дагуу маргаан бүхий захиргааны актын үндэслэл буюу татвар нөхөн төлүүлж буй үндэслэл нь татварын дараах шалгалтаар илрүүлсэн зөрчилтэй нийцээгүй хамааралгүй байна. Тодруулбал,

Нэгдүгээрт, актад дурдсан буцааж нэвтрүүлэх хугацааг хэтрүүлэх зөрчил нь зөвхөн Гаалийн тухай хуулийн 93 дугаар зүйлд зааснаар барааг гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах горимын дагуу нэвтрүүлсэн барааны хувьд болон гаалийн хилээр түр хугацаагаар оруулан буцааж нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийн хувьд яригдах боломжтой.

Хоёрдугаарт, баталгаат барилгын талбайн горим нь Гаалийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасны дагуу гаалийн нутаг дэвсгэрийн гадна байгаад тооцогдох тул угаас гаалийн болон бусад татвар ногдуулах, мөн буцаан нэвтрүүлэх талаар хууль тогтоомжийн ойлголт байхгүй.

Гуравдугаарт, актын тэмдэглэх хэсэгт “...татвар төлөөгүй зөрчил илэрсэн...” гэсэн атлаа үндэслэл болгосон хуулийн зохицуулалт нь Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.12 дахь хэсэгт заасан “...түр хугацаагаар нэвтрүүлсэн бараа, тээврийн хэрэгслийг тогтоосон хугацаанд нь буцаан нэвтрүүлээгүй бол...” гэсэн зохицуулалтыг баримталсан нь актын хууль зүйн үндэслэлийн хувьд илт алдаа болж байгаагийн зэрэгцээ захиргааны байгууллагын хуульд үндэслэх, хууль дээдлэх зарчмыг зөрчсөн үйлдэл мөн.

Гэтэл анхан шатны шүүх хуралдаан дээр хариуцагчаас “...гааль дээр гарч буй бүх зөрчлийг нэг бүрчлэн хуульчлах боломжгүй, ингэж хэрэглэдэг...” гэсэн агуулгатай тайлбар өгч байсан нь захиргааны байгууллагыг төлөөлж байгаа акт тогтоосон эрх бүхий этгээдийн хувьд хэтэрхий хариуцлагагүй илтэд хүлээн зөвшөөрөх боломжгүй тайлбар юм. Түүнчлэн нийтийн эрх зүйн хүрээнд хариуцлагын зохицуулалтыг төсөөтэй хэрэглэх боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрх зүйт хуульд үндэслэдэг хууль дээдэлдэг иргэн, хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхолд хуульд заасан нарийн процедур, үндэслэлээр халддаг тогтолцооны хувьд энэхүү үйлдэл хэрхэвч зөвтгөгдөх учиргүй.

Ийнхүү дээрх үндэслэлүүдээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болсон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэхээс үл хамааран тухайн маргаанд хамааралтай, тэр тусмаа хэргийн оролцогчдын гаргасан тайлбарыг нотлох болоод үгүйсгэх баримтуудыг бүрэн цуглуулах нь захиргааны хэргийн шүүхийн үүрэг.

Гэвч анхан шатны шүүх энэхүү үүргээ бүрэн биелүүлээгүй, түүнчлэн хэрэгт авагдаагүй зөвхөн хариуцагчийн тайлбарт дурдагдсан тоог үндэслэн хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангагдаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Нэхэмжлэгч маргаан бүхий захиргааны актын үндэслэлийг эс зөвшөөрөхдөө жижиг дунд үйлдвэр эрхлэгч гэсэн тэмдэглэгээтэй эсэхээс үл хамааран гаалийн хилээр оруулж ирж байгаа тоног төхөөрөмжүүд нь Засгийн газрын 2011 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 100 дугаар тогтоол, 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 193 дугаар тогтоолуудад заасан тоног төхөөрөмжүүдэд хамаарч байгаа тул гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх ёстой гэж, харин хариуцагчаас Засгийн газрын дээрх тогтоол нь жижиг дунд үйлдвэрийг дэмжих зорилготой, иймд заавал жижиг дунд үйлдвэр эрхлэгч компани байх ёстой гэж тус тус маргажээ.

Анхан шатны шүүхээс хариуцагчийн тайлбарыг үндэслэл болгож, өөрөөр хэлбэл “Х” ХХК-ийг жижиг дунд үйлдвэр эрхлэгч биш гэж үзэхдээ дээр дурдсанчилан зөвхөн хариуцагчийн шүүхэд гаргасан бичгийн тайлбарт буй 2014 оны жилийн эцсийн тайланд тусгагдсан гэх 28 тэрбум төгрөгийн борлуулалтын орлогыг чухалчлан авч үзсэн атлаа 2013 оны тухайд 39 сая төгрөгийн борлуулалтын орлоготой байсан талаарх нэхэмжлэгчийн тайлбарын талаар огт дүгнэлт өгөөгүй байна.

Хэрэгт нэхэмжлэгч компанийн 2013, 2014 оны борлуулалтын орлогыг тодорхойлох, үнэлж болохуйц нотлох баримт авагдсан тохиолдолд давж заалдах шатны шүүхээс энэ талаар дүгнэлт өгөх, магадгүй нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд заасанчлан борлуулалтын орлогын хэмжээ хэрэгт хамааралтай эсэхэд ч дүгнэлт өгөх боломжтой байлаа.

Засгийн газрын 2011 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 100 дугаар тогтоолоор 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Гаалийн албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалтыг баталсан, улмаар 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 193 дугаар тогтоолоор өмнөх тогтоолын “2012 он” гэснийг “2013 он” болгон өөрчлөх байдлаар 1 жилээр сунгасан зэргээс үзэхэд эдгээр тогтоолд заасан татварын чөлөөлөлт нь 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэгжихээр байх тул 2014 оны борлуулалтын орлогын хэмжээ энэхүү хэрэгт хэрхэн хамааралтай болохыг хэргийг анхан шатны журмаар дахин хянан шийдвэрлэхдээ анхаарвал зохино.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2017/0568 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН