Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2021/00311

 

МАГАДЛАЛ

2021.02.05 Дугаар 00311

 

 

 

 

 

 

С В ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/02476 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С В ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С Э Т ХХК-д холбогдох, 7 043 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн төлөөлөгч Ж.Анхзаяа, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Замбага-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Турк улсын Истанбул хотод 2020 оны 3 дугар сарын 04-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн хооронд зохион байгуулагдах үзэсгэлэнд С В ХХК нь оролцохоор манай компаниас нэр бүхий 6 хүний бүрэлдэхүүнтэй захиралтай нийт 7 хүн үзэсгэлэнд оролцох болсон. Билетын захиалгыг Спэшл эйр трэйвел ХХК-д 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн. 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр нисч, 3 дугаар сарын 09-ний өдөр буцаж ирэхээр 2 талын нислэгийн билетийн үнэ 7 143 500 төгрөгийг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Хаан банк дахь 5028838029 данс руу шилжүүлсэн. Гэтэл Монгол Улсын Онцгой комиссын 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2 тоот тогтоолоор 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 08 цагаас 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 06 цаг хүртэл улс, хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг болон орон нутгийн хувиарт нислэг, хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнд хорио тогтоосон. Манай компани хорио цээрийн дэглэм гарсантай холбогдуулан Спэшл эйр трэйвел ХХК-д нисэх боломжгүй тул билетээ цуцалж өгнө үү гэж мэдэгдсэн. Спэшл эйр трэйвел ХХК Победа авиакомпанитай хамтарч ажилладаг. Спэшл эйр трэйвел ХХК нь бидэнд корона вирус гарсантай холбогдуулаад нисэх боломжгүй болсныг ойлгож байна. Гэхдээ Победа авиакомпани хатуу нөхцөлтэй, Оросын нислэг хэвийн үргэлжилж байсан тул цуцлах боломжгүй гэсэн хариу өгсөн гэж мэдэгдсэн. Монгол Улсад хорио цээр тогтоосон учир нисэх боломжгүй болсон. Бид эвлэрэх талаар ярилцсан боловч эвлэрээгүй билетний үнийн 50 хувийг өгнө гэсэн. Билетний үнэ нэг талдаа 588 500 төгрөг 20 кг ачааны хөлс 98 000 төгрөг болно. Манай компани нийт 7 043 500 төгрөг шилжүүлсэн тул буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Анхзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:С Э Т ХХК нь Оросын Холбооны Улсын /цаашид ОХУ-ын гэх/ Победа авиакомпаниас 2020 оны 3 дугаар сарын 03,08,09-ний өдрүүдийн Улан-Удэ Москва, Истанбул чиглэлийн хоёр талын нислэгийн нэхэмжлэгч талын нэр бүхий 7 хүний билетийг захиалан авсан. Энэ үед гэнэтийн давагдашгүй хүчин зүйлээс болоод бидэнд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. Хатуу нөхцөлтэй учраас буцаах боломжгүй талаар С В ХХК-д мэдэгдэж байсан. С В ХХК-ийн ажилчид явах боломжгүй гэсэн мэдэгдлийг ОХУ-ын Победа авиакомпанид мэдэгдэхэд ОХУ-ын хил гаалийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа учир манайд хамаагүй гэх хариу өгсөн. Тиймээс тийзний төлбөрийг буцааж өгөх боломжгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчС Э Т ХХК-аас 7 043 500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С В ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагчС Э Т ХХК-аас 127 646 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С В ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 127 646 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Анхзаяа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх "С Э Т" ХХК-аас 7 043 500 төгрөг гаргуулж "С В" ХХК-д олгож шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. "С В" ХХК нь 2020 оны 01 дүгээр сард манай компанид хандан 7 хүний онгоцны хямд тийз захиалах санал гаргасан. Манай компани нь ОХУ-ын Победа авиакомпанитай холбогдож лавлахад хатуу нөхцөлтэй, буцаах боломжгүй 1 006 000 төгрөгийн үнэтэй тийз худалдан авах боломж байгаа талаар мэдэгдсэн. Уг тийзийг захиалбал буцаалт огт байхгүй, хатуу нөхцөлтэй гэдгийг нэхэмжлэгч талд мэдэгдсэн. "С В"ХХК зөвшөөрч 2020 оны 01 дүгээр сарын 18 ны өдөр 6 455 000 төгрөг, 588 500 төгрөг, нийт 7 043 500 төгрөг төлсөн. Зуучлалын хөлсөнд 850 000 төгрөг авсан. ОХУ-ын Победа авиакомпани руу 7 хүний тийзний баталгаажуулалтын төлбөрт 6 193 500 төгрөгийг шилжүүлсэн. Нислэгийг захиалга бүрэн хийгдэж нисэхэд бэлэн болсон үед нэхэмжлэгч талаас тийзийг цуцлах талаар мэдэгдсэн. Тухаин үед корона вирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын онцгой комисоос хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэрийг гаргасан байсан хэдий ч шаардлагатай, хүндэтгэн үзэх шалтгаантай хүмүүсийг ОХУ-руу орох, гарах боломжтой байсан. С В ХХ-ийн онгоцны тийз авах үйл ажиллагаанд манай компани зөвхөн зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн. Тийзийг ОХУ-ын Победа авиакомпаниас худалдсан атал манай компаниас онгоцны тийзний үнийг төлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. С В ХХК нь манай компанитай худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй. Зуучлалын хөлсөнд авсан 850 000 төгрөгийг төлөхөд татгалзахгүй. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүй, мөн талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул шийдвэр өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч С В ХХК нь хариуцагч С Э Т ХХК-д холбогдуулан Улаан-Үдэ-Москва-Истанбул чиглэлийн 2 талын 7 хүний тийзний үнэд төлсөн 7 043 500 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгчийн хүсэлтээр буцаах боломжгүй хатуу нөхцөлтэй, хямд тийз захиалсан ба нэхэмжлэгчийг ОХУ-ын Победа авиакомпаниас тийз худалдан авахад зуучилж, үүргээ биелүүлсэн тул үнийг буцаан төлөх боломжгүй гэж маргажээ.

 

Хариуцагч Сепшл эйр трэйвел ХХК нь 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс мөн оны 3 дугаар сарын 07-ны өдрүүдэд Турк улсын Истанбул хотод зохион байгуулагдах үзэсгэлэнд оролцох, Улаан-Үдэ-Москва-Истанбул чиглэлийн 2 талын 7 хүний тийзийг ОХУ-ын Победа авиакомпаниас захиалж өгөхөөр нэхэмжлэгч С В ХХК-тай тохиролцсноос үзэхэд зуучлалын гэрээний шинжийг агуулсан хэлцэл байна.

 

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээний харилцаа үүссэн байхад анхан шатны шүүх мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний байгуулагдсан гэж дүгнэж нэхэмжлэлийг хангасныг давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй.

 

Талууд Улаан-Үдэ-Москва-Истанбул чиглэлийн 2 талын 7 хүний тийзний үнэ 6 193 500 төгрөг, зуучлалын хөлс 850 000 төгрөг, нийт 7 043 500 төгрөг төлсөн үйл баримтын талаар маргаагүй, харин нэхэмжлэгч тийзний үнэ 7 043 500 төгрөгийг шаардах, хариуцагч уг мөнгөн хөрөнгийг төлөх үүрэгтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

 

Нэхэмжлэгч С В ХХК нь Турк улсын Истанбул хотод зохион байгуулагдах үзэсгэлэнд оролцохоор Улаан-Үдэ-Москва-Истанбул чиглэлийн 2 талын 7 хүний тийзийг гуравдагч этгээд болох ОХУ-ын Победа авиакомпаниас худалдан авахын тулд зуучлагч буюу нислэгийн болон галт тэрэгний тийз борлуулах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг С Э Т ХХК-аар зуучлуулсан үйл баримт тогтоогдсон байна.

 

Хариуцагч нь гуравдагч этгээд болох ОХУ-ын Победа авиакомпаниас нэхэмжлэгчид онгоцны тийз худалдан авах хэлцэл байгуулахад зуучилснаар С В ХХК болон ОХУ-ын Победа авиакомпанийн хооронд онгоцны тийз худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд 7 хүний тийзний үнэ 6 193 500 төгрөг, зуучлалын хөлс 850 000 төгрөгийн хамт зуучлагч С Э Т ХХК-д төлсөн болох нь Хаан банк ХХК-ийн шилжүүлэгийн баримтаар тогтоогджээ. /хх-12-13/

 

Ийнхүү зуучлагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зуучлуулагчийг гуравдагч этгээдтэй холбож хэлцэл байгуулснаар Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-т заасны дагуу үүрэг дуусгавар болсон гэж үзнэ.

 

Цар тахал Дэлхий нийтэд дэгдсэн боловч нэхэмжлэгчийн захиалсан ОХУ-ын Победа авиакомпанийн нислэг цуцлагдаагүй болох нь и-мэйлийн орчуулгаар тогтоогдсон байна. /хх-64-65/

 

Зуучлуулагч нь ОХУ-ын Победа авиакомпаниас онгоцны тийзийг захиалахдаа буцаахгүй гэсэн хатуу нөхцлийг тохиролцож тийзийг худалдан авснаар Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт заасны дагуу эрсдэл худалдан авагч буюу С В ХХК-д шилжжээ.

 

Талуудын хооронд байгуулсан зуучлалын гэрээний үүрэг дуусгавар болсон боловч хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо зуучлалын хөлсөнд авсан 850 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөхөд татгалзахгүй гэсэн тул шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хэмжээнд хариуцагч С Э Т ХХК-аас 850 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С В ХХК-д олгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/02476 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С Э Т ХХК-аас 850 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С В ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 193 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтын ...хариуцагч С Э Т ХХК-аас 127 646 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С В ХХК-д олгож гэснийг ...хариуцагч С Э Т ХХК-аас 24 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С В ХХК-д олгож гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 127 646 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

Д.БАЙГАЛМАА