Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Азуйсэдийн Мөнхзул |
Хэргийн индекс | 183/2019/01379/И |
Дугаар | 183/ШШ2020/02932 |
Огноо | 2021-02-03 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 183/ШШ2020/02932
М ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2020/02932 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М ХХК-ийн хариуцагч СБСЭ ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 207 468 716 төгрөг гаргуулах үндсэн, 7 678 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: СБСЭ ХХК нь М ХХК-тай ...цогцолборт байрлах шөнийн клубын интерьер засал чимэглэлийн ажил гүйцэтгэх гэрээг 2018 оны 2, 3, 4 дүгээр сард 3 үе шаттайгаар байгуулж, заслын ажлыг 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн. Уг гэрээнүүдийн үнийн дүн ажлын дараах гүйцэтгэлээр нийт 703 115 119 төгрөг болсон бөгөөд үүнээс нэхэмжлэгчийн зүгээс ажлыг хугацаа хоцорч хүлээлгэж өгсний алданги болох 5 020 085 төгрөгийг хасаж тооцон 698 095 034 төгрөгөөс өнөөдрийн байдлаар 511 108 729 төгрөгийг төлсөн байна. Хариуцагч нь гэрээний 3.3 дах заалтыг зөрчиж гэрээний үүргийг биелүүлэхгүй, уулзаж, утсаар ярилцаж байсан боловч үүргээ биелүүлээгүй тул 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 19/07 тоот, 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 19/11 тоот албан бичгүүдээр хандаж, төлбөрийн график гаргаж шаардахад 2019.01.09-ний өдөр 10 000 000 төгрөг, 2019.02.20-ны өдөр 500 000 төгрөг, 2019.02.25-ны өдөр 500 000 төгрөг, 2019.03.11-ний өдөр 1 000 000 төгрөг тус тус шилжүүлсэн. Үлдэгдэл төлбөрийн талаар удаа дараа албан бичгээр харилцсан ба хариуцагч байгууллагын зүгээс тухай бүрт төлбөр төлөх график гаргаж өгдөг байсан. Гэрээний 4.2.10-т заасны дагуу туслан гүйцэтгэгчийн төлбөр болон татварын байгууллагуудад тайлангийн зөрчил үүсэж, байгууллагын хэвийн үйл ажиллагаанд доголдол үүсээд байна. Гэрээний үлдэгдэл төлбөр 166 427 520 төгрөг, өнөөдрийг хүртэлх төлөгдөөгүй үнийн дүнгийн алданги 20 482 411 төгрөг, барьцаа буюу гэрээний үнийн дүнгийн 5 хувь болох 20 558 785 төгрөг, нийт 207 468 716 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн хариу тайлбарт: М ХХК-тай заслын ажлын 3 гэрээ байгуулан хамтран ажилласан бөгөөд М ХХК 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр ажил дууссан талаар мэдэгдсэн. Гэрээ тус бүрт барьцааны тухай зохицуулалт орсон бөгөөд ажил хүлээн авснаас хойш нэг жилийн хугацаанд гүйцэтгэгч талын хийсэн ажил чанарын шаардлага хангаж, аливаа эвдрэл гэмтэл гараагүй тохиолдолд төлөхөөр тохиролцсон. Гэвч нэхэмжлэгч гэрээнд заагдсан ажлыг бүрэн, чанартай гүйцэтгээгүй учраас манай компани олон удаагийн засвар шинэтгэлийн ажил хийж тооцоолоогүй зардал гарсаар байна. Мөн бид гэрээний үүргээ бүрэн гүйцэт биелүүлэхийг нэхэмжлэгчээс олон удаа шаардаж байсан. Төлбөр төлөх боломжгүй байгаа тул хүндэтгэн үзэж төлбөр төлөх хугацааг хойшлуулах хүсэлт тавихад нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн учраас гэрээнд заасан алдангийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу барьцаа төлбөр 20 558 785 төгрөг, алданги 20 482 411 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлд: Гэрээт ажлууд 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хийгдэж дууссан. Ажил гүйцэтгэх гэрээнүүдийн 3.3.5-д Ажил хүлээлцсэн тухай актанд талууд эрх бүхий этгээдүүдийн гарын үсэг зурснаас хойш нэг жилийн хугацаанд 3 хувийн барьцааг захиалагч гүйцэтгэлийн баталгаанд тооцон хадгалах бөгөөд барьцааны хугацаа дууссан тохиолдолд гүйцэтгэлийн үүргийн гүйцэтгэл болон аливаа ажлын доголдол үүсээгүй тохиолдолд гүйцэтгэгчээс ирүүлсэн нэхэмжлэлийг үндэслэн барьцаа төлбөр 3 хувийг НӨАТ-тэй тус тус төлнө гэж, мөн 4.1.4-т Захиалагч нь гэрээгээр гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авах үед илрэх боломжгүй доголдлын талаар уг ажлыг хүлээн авснаас хойш 12 сарын дотор энгийн хэрэглээний явцад ямар нэг согог, доголдол илэрвэл энэ талаар гомдлын шаардлагыг гүйцэтгэгчид гаргах эрхтэй гэж тус тус заасан. Хийж гүйцэтгэсэн ажлыг ажил хүлээлцэх актаар 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авсан. Энэ хугацаанд гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажилд маш олон доголдол илэрсэн бөгөөд энэ талаар М ХХК-д 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр мэдэгдэл хүргүүлсэн. Ажил гүйцэтгэх гэрээний явцад хийж гүйцэтгэсэн ажилд шалыг өөрөөр цутгасан, өнгөлгөө дутуу хийгдсэн, будаг муу хийгдсэн учраас шалыг дахин будсан бөгөөд хэрэглээний шаардлага хангаагүйгээс шал битүүлж модоор шал хийж наасан, мөн төмөр хаалгануудыг бид өөрсдийн зардлаар олон удаа засаж байгаа ч бүгдийг солих шаардлагатай байна. Лоунжийн Дижэй бүүт зургаас өөрөөр хийгдсэн, ашиглах боломжгүй байна. Лоунжийн бартекийн ирмэг салаад эхэлсэн ба салсан ирмэгт хүн гараа зүссэн тохиолдол гарсан. Вип өрөөний гэрэлтэй хана буруу хийгдсэн, ханын залгууруудыг ашиглах боломжгүй, их танхимын бартек стандартаас өндөр хийгдсэн. Дээшээ өгсөх шатны гишгүүр хэт нарийн хийгдсэн учраас хүн унаж гэмтсэн зэрэг доголдол илэрсэн. Клубийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхийн тулд доголдлыг яаралтай засах шаардлагатай болж бид өөрсдийн зардлаар засаж байсан. Гэрээний 4.1.4-т заасны дагуу өөрсдийн гаргасан зардлыг М ХХК-аас нэхэмжилж байна. 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл ЁОН шөнийн клубийн шалны засварт нийт 4 038 792 төгрөг зарцуулсан бөгөөд нотлох баримтын шаардлага хангасан баримттай зардал болох 3 926 400 төгрөг, үйлчилгээний тек засварт зарцуулсан 3 751 600 төгрөг, нийт 7 678 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Нэгэнт хүлээн авсан ажилд сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч хугацаа хоцроосон гэж нэхэмжлэлийн шаардлагаас 5 020 085 төгрөгийг хассан гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан СБСЭ ХХК-аас 186 065 788 төгрөгийг гаргуулж М ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21 402 928 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2 дугаар зүйлд заасныг баримтлан М ХХК-аас 7 678 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн СБСЭ ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 195 294 төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа төлсөн 138 000 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 1 088 278 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаярын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэрийн ямар зүйл заалт, үндэслэлийг зөвшөөрөхгүй байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бодохдоо тооцоолборын хувьд алдаа гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа нотолж чадаагүй байхад өөрийн үзэмжээр нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан баримтгүй, зөрүүтэй, алдаатай тооцоог үндэслэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй. Талууд 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 2018/02 дугаар гэрээ, мөн өдөр 2018/03 дугаар гэрээ, 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 2018/04 дугаар гэрээг тустус байгуулсан. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт уг 3 гэрээг нэг өдөр байгуулсан мэтээр дүгнэсэн байдаг. Анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулагдсан гэрээтэй бүрэн танилцаагүй, хууль зүйн дүгнэлтийг дутуу мэдээллийг үндэслэн гаргасан. Баримтын хүрээнд 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2018/02 дугаар гэрээний үнийн дүн 58 450 000 төгрөг, мөн 2018/03 дугаар гэрээний үнийн дүн 67 276 000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2018/04 дугаар гэрээний үнийн дүн 546 000 000 төгрөг, нийт 671 726 000 төгрөг. Харин нэхэмжлэгч уг үнийн дүнг гэрээнд өөрчлөлт оруулсан буюу нэмэлт ямар нэг гэрээгүйгээр 703 115 119 төгрөг гэж үзэж энэ дүнгээс хасч тооцон нэхэмжлэлийн үнийн дүнг гаргасан байдаг. Гэвч гэрээний үнийн дүн болон өөрсдийн гаргасан дүн нь 31 389 119 төгрөгийг зөрүүтэй байна. Уг зөрүүг хаанаас ямар шалтгаанаар гаргаж нэхэмжлэлээ гаргасан нь ойлгомжгүй. Шүүх дээрх дүнг шүүхийн шийдвэрт тооцохдоо нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд амаар тайлбарласан, баримтгүй тооцоогүй дүнг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Гэрээний 3.5-д “Ажил гүйцэтгэх хугацаанд гэрээний үнийн дүнд нэмэлтээр өөрчлөлт орохгүй бөгөөд харин ажлын гүйцэтгэлд захиалагчийн зүгээс нэмэлт өөрчлөлт орох тохиолдолд энэ тухай талууд харилцан тохиролцон гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж болно” гэж заасан. Гэвч хариуцагч буюу захиалагчийн зүгээс гэрээнд ямар нэг нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргаагүй буюу талууд харилцан тохиролцож гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаагүй. Хуульд заасны дагуу хэрэв талууд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахаар бол анх байгуулсан гэрээний дагуу бичгээр, мөн талуудын төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсэг, тамга тэмдэг дарснаар гэрээний нэмэлт өөрчлөлт хуулийн хүчин төгөлдөр гэж үзнэ. Шүүх талуудын хооронд гэрээний ямар нэг нэмэлт өөрчлөлт, үнийн дүнд нэмэлт өөрчлөлт ороогүй, үүнтэй холбоотой нотлох баримт байхгүй байхад өөрийн үзэмж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд хэлсэн тайлбарыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь зүйд нийцэхгүй. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “Шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь барилгын ажлын явцад 671 726 000 төгрөгийн төсөвт өртөг нэмэгдэж, 703 115 119 төгрөг болсноос хариуцагч 511 108 729 төгрөг төлөгдөөгүй” гэж дүгнэсэн нь шүүх нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг бодохдоо тооцоололын алдаа гаргаж, хариуцагчийн хууль ёсны эрх ашгийг хөндсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгч ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүнг буруу тооцоолж нэхэмжилсэн нь шууд утгаараа алданги буруу тооцоолж нэхэмжилсэн гэж үзэж ажил гүйцэтгэх гэрээний алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлохдоо нэхэмжлэгч бүрэн ойлгомжтой, шударгаар үнэн зөв тодорхойлоогүй тул зөрүүтэй бодсон 31 389 119 төгрөг, мөн алданги 19 638 268 төгрөгийг буруу тооцоолж 18 360 467 төгрөг байхыг 1 277 800 төгрөгийн зөрүүтэй бодсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн хариуцагчийн 7 678 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нийт 40 344 919 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч этгээд монгол хэл мэдэхгүй бол өөрийн эх хэл буюу мэддэг хэл, бичгээр, хэрэв хараагүй, хэлгүй, дүлий зэрэг шалтгааны улмаас төрийн албан ёсны хэл, бичгээр харилцаж чадахгүй бол дохио зангаа, тусгай тэмдэгт ашиглан шүүхэд тайлбар, мэдүүлэг өгөх, үг хэлэх, нотлох баримт гаргаж өгөх эрхтэй.” гэж заасан. Нэхэмжлэгчийн Монгол хэлээр бичигдсэн нэхэмжлэлд компанийг төлөөлөх эрхтэй этгээд болох Япон улсын иргэн Яширо Казүо гарын үсэг зурсан байгаа нь хуульд нийцэхгүй. Уг хүний хүсэл зориг мөн эсэх нь эргэлзээтэй байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээв.
Нэхэмжлэгч М ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 166 427 520 төгрөг, алданги 20 482 411 төгрөг, барьцаа 20 558 785 төгрөг, нийт 207 468 716 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч СБСЭ ХХК эс зөвшөөрч 7 678 000 төгрөгийг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.
Шүүх зохигчдын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа, үүргийн биелэлт, гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс үүсэх хариуцлагын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасантай нийцжээ.
Зохигчид ...цогцолборт байрлах “Night club”-ын 1, 2 дугаар давхрын гипсэн хана таазны угсралтын ажил, 1 дүгээр давхрын шалыг хэсэг газар блокоор өндөрлөх, өндөрийн ялгаатайгаар цутгах, тэгшлэх, өнгөлөх, шатны хэсгийн өндөрлөгөөг нураах, 1, 2 дугаар давхрын интерьер засал чимэглэлийн ажлыг 40-50, 60-70 хоногт хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч ажлын хөлс төлөх тухай барилгын интерьер засал чимэглэлийн ажил гүйцэтгэх 3 гэрээг 2018 оны 02 дугаар сарын 26, 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр тус тус байгуулсан байх ба талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, гүйцэтгэсэн ажлын үр дүн, ажлын хэмжээ, төлбөрийн хэмжээнд маргаж байна. /1хх13-20, 25-32, 43-46/
Талууд ажлын нийт хөлсийг гэрээгээр 671 726 000 төгрөг байхаар тохиролцсон боловч нэхэмжлэгч нь бодитоор 703 115 119 төгрөгийн ажил гүйцэтгэж, хариуцагчаас ажлын хөлсөнд 166 427 520 төгрөг төлөөгүй гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх хуулийн үндэслэл тогтоогдсонгүй.
Нэхэмжлэгчээс гэрээний үлдэгдэл төлбөр тооцоог хэрхэн төлж барагдуулах талаар хариуцагчид явуулсан албан бичиг, төлбөрийн нэхэмжлэх, хариуцагчийн хариу албан бичиг зэрэг нь хэргийн 109-117 дугаар талд байна. Тухайлбал, хариуцагч 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 18/08 тоот албан бичгээр гэрээт ажлын гүйцэтгэлийн дүн 703 115 119 төгрөг болохыг хүлээн зөвшөөрч төлбөрийн үлдэгдэл 166 427 520 төгрөгийг 2020 оны 1 дүгээр улиралд багтаан төлж барагдуулахаар мэдэгдэн, төлбөрийн хуваарийг хавсаргаж явуулсан байна.
Нэхэмжлэгч нь 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр гүйцэтгэсэн ажлын үр дүнг хариуцагчид хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан ажлын гүйцэтгэл хүлээлцэх акт, талуудын тайлбараар тогтоогдсон. /1хх58-108/ Хариуцагч нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар “ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүрэгтэй” болно.
Гэрээний 5.1 дэх хэсэгт “гүйцэтгэгч нь ажлын үр дүнг гэрээгээр тохиролцсон хугацаандаа захиалагчид шилжүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.05 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг захиалагчид төлнө” гэж заасан байх бөгөөд шүүх гэрээний үлдэгдэл төлбөр 166 427 520 төгрөгөөс хоног тутамд 0.05 хувиар ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс нэхэмжлэгчийн шүүхэд хандсан 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацааны алдангийг тооцоолон хариуцагчаас 19 638 268 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Нэхэмжлэгч нь гэрээний зүйлийг хугацаа хэтрүүлж хүлээлгэн өгсөн алдангийг 5 020 085 төгрөг гэж тодорхойлон хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийн дүнгээс хасч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байх тул алдангийг буруу тооцсон гэх гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Зохигчид гэрээгээр “ажил хүлээлцсэн актад эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурснаас хойш 1 жилийн хугацаанд 3 хувь болох барьцааг захиалагч нь гүйцэтгэлийн баталгаанд тооцон хадгалах бөгөөд барьцааны хугацаа дуусч гүйцэтгэл болон аливаа ажлын доголдол үүсээгүй тохиолдолд гүйцэтгэгчээс ирүүлсэн нэхэмжлэлийг үндэслэн төлөхөөр” тохиролцсон байх ба дээрх 3 гэрээний барьцаа төлбөр нийт 20 151 780 төгрөг байна. /1хх15, 27, 44/
Шүүх “талуудын хүлээлцсэн ажилд эвдрэл, гэмтэл илэрсэн болох нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлдээ хавсаргасан баримтууд, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, захиалагч тал баталгаа болгож авсан 20 151 780 төгрөгөөр 7 678 000 төгрөгийн засварыг хийх бүрэн боломжтой” гэх үндэслэлээр барьцаа 20 151 780 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосонд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй.
Ажлын гүйцэтгэлийн доголдлын талаарх шинжээчийн дүгнэлт, хариуцагч доголдлыг өөрийн зардлаар засан сайжруулсан баримт хэргийн 1 дүгээр хавтасны 209-233, 2 дугаар хавтасны 38-39 дүгээр талд авагдсан байх ба хариуцагч нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасны дагуу шинжээчийн дүгнэлт, эсхүл түүний зарим хэсэг үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй байвал дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаагүй байна. Хариуцагчийн доголдлыг өөрийн зардлаар хийж гүйцэтгэсэн гэх тайлбарыг нэхэмжлэгч баримтаар үгүйсгээгүй.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй. Хариуцагч нь нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгахад 7 678 000 төгрөгийн зардал гаргасан гэж түүнтэй холбоотой нотлох баримтуудыг хэрэгт ирүүлсэн байна. /1хх209-233/ Шүүх сөрөг нэхэмжлэлээр шаардсан 7 678 000 төгрөгийг нэхэмжлэгчид өгөх барьцаа 20 151 780 төгрөгийн үнийн дүнд багтсан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч нь хуулийн этгээдийн хувиар нэхэмжлэлийг гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбарлан, Япон хэл дээр олгосон итгэмжлэлээ Монгол хэл рүү орчуулж ирүүлсэн нь хэргийн 7-8 дугаар талд авагдсан байна. Иймд хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан гаргасан гомдол үндэслэлгүй.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2020/02932 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 360 000 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
А.МӨНХЗУЛ