| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2024/01212/И |
| Дугаар | 320/ШШ2025/00431 |
| Огноо | 2025-04-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 320/ШШ2025/00431
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ш*****ын М*******,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй 155/2024/01212/и дугаар индекстэй, иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.М******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.
1. Хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би 1986 онд 8 дугаар ангиа төгсөөд Нийтийн аж ахуй үйлчилгээний яамны харьяа Хэнтий аймаг дахь Нийтийн аж ахуйн үйлчилгээний Техник мэргэжлийн сургуульд суралцан, 1988 оны 6 дугаар сарын 30-ны өдөр оёдолчин мэргэжлээр төгссөн. Тэгээд Хэнтий аймгийн Бэрхийн уурхайн Ахуйн үйлчилгээний төвд 1988 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1992 оны 6 дугаар сарыг дуустал оёдолчноор ажиллаж байгаад чөлөөлөгдсөн. Дараа нь Монголросцветмет Бэрхийн уулын үйлдвэрт 1994 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 1995 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүртэл туслах ажилчнаар ажиллаж байсан. Бэрхийн уулын үйлдвэр нь жонш олборлодог байсан бөгөөд би жонш ялгагчаар ажилладаг байсан. Ихэнх ажилчид маань оросууд байсан бөгөөд оросууд нутаг буцаад, үйлдвэр хаагдаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол ажилд орсон, гарсан зарим тушаал, шийдвэр олдохгүй байгаа тул дээрх хугацааг тогтоолгох шаардлагатай болсон. Би ажлаасаа гараад олон жил болсон учир байгууллагын нэрээ буруу зөрүү бичсэн байна.
Иймд намайг Хэнтий аймгийн Бэрхийн уурхайн Ахуйн үйлчилгээний төвд 1988 оны 7 дугаар сарын 05-ны өрөөс 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд оёдолчноор, Монголросцветмет Бэрхийн уулын үйлдвэрт 1994 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 1995 оны 3 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд туслах ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн хуулбар, 1988 оны 6 дугаар сарын 30-ны өдөр олгосон №*********** дугаар хөдөлмөрийн дэвтрийн болон №************ дугаар нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, Хэнтий аймгийн Архивын тасгийн 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 8/149 дугаар албан бичгийн архивын хуулбар, 1988 оноос 1990 он, 1992 он, 1994 онд авахуулсан гэрэл зургууд зэрэг нотлох баримт өгсөн. (хавтаст хэргийн 2-8 дахь тал)
3. Шүүх: Нэхэмжлэгчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, Ө.Л-аас гэрчийн мэдүүлэг авах ажиллагааг гүйцэтгэхийг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд, Г.Ж-аас гэрчийн мэдүүлэг авах ажиллагааг гүйцэтгэхийг Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус тус даалгаж, Хэнтий аймгийн Архивын тасаг, Хэнтий аймаг дахь Бэрхийн уурхайн архиваас Ш.М*******д холбогдох тушаал шийдвэр, цалингийн баримтуудыг, Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Ш.М*******гийн ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, хаягийн хуудас №7 баримтын архивын хуулбаруудыг, Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас Хэнтий аймаг дахь Бэрхийн уурхай хэзээ шатсан талаарх галын нотломж, акт, холбогдох лавлагаа зэрэг баримтуудыг тус тус гаргуулсан. (хавтаст хэргийн 19-20, 21-25, 59-66, 38-40, 46-47, 80-85, 33-37, 45 дахь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хүсэлтийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Ш.М******* нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж, шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагаа тодруулж байна.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.
4. Нэхэмжлэгч Ш.М******* Хэнтий аймгийн Бэрхийн уурхайн Ахуйн үйлчилгээний төвд 1988 оны 7 дугаар сарын 05-ны өрөөс 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд оёдолчин, Монголросцветмет Бэрхийн уулын үйлдвэрт 1994 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 1995 оны 3 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд туслах ажилчнаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
НААҮ-ийн ТМС-ийн захиргаанаас 1988 оны 6 дугаар сарын 30-ны өдөр олгосон 1. 1986 оны 09 сарын 01. НААҮ-ний ТМС-ын оёдлын ангид элсүүлж суралцуулав. Сургуулийн захирлын 1986 оны 09 сарын 25-ны 65-р тушаал. 02. 1988 оны 06 сарын 30. Сургууль төгссөн учир НААҮ-ний яамны хуваариар Хэнтий аймгийн НАА-АҮ-ний газарт томилов. НААҮ-ний ТМС-ийн захирлын 1988 оны 06 сарын 29-ний 72-р тушаал. 03. 1988 оны 07 сарын 05. ТМС төгсөж хуваариар ирсэн учир оёдолчноор авч ажиллуулав. Бэрх АҮК-ийн төвийн 07 сарын 05-ны 57-р тушаал. 04. 1992 оны 07 сарын 01. Орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлөв. Бэрхийн АҮ-ний төвийн 1992 оны 05 сарын 27-ны 23-р тушаалаар. 05. 1994 оны 07 сарын 19. Бэрхийн уурхайд туслах ажилчнаар авч ажиллуулав. Уурхайн даргын 1994 оны 07 сарын 16-ны өдрийн 81 тоот тушаал. 06. 1995 оны 02 сарын 25. Нийгмийн даатгалын дэвтэр хөтлөх учир хаав. Уурхайн БХХ гэх бичилттэй №*********** дугаар хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 2-3 дахь тал)
Хэнтий аймгийн Бэрхийн уурхайн боловсон хүчинээс 1995 оны 2 дугаар сарын 15-ны өдөр олгосон ...Бэрхийн уурхайн үйлдвэр. Хөлийн холбоогийн хэсэгт туслах ажилчнаар. 1994.07.19. Үйлдвэрийн даргын 1994.07.16-ны өдрийн 81-р тушаал. 02. Бэрхийн уурхайн үйлдвэр. Хэсэг нь хаагдсан тул туслах ажилчны үүрэгт ажлаас чөлөөлөв. 1995.03.01. Үйлдвэрийн даргын 1995.03.06-ны 32-р тушаал гэх бичилттэй ************ дугаар нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 4 дэхь тал)
Ажлын байрандаа 1992 онд авахуулсан гэрэл зураг, (хавтаст хэргийн 7 дахь тал)
ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн картын ...5. Овог нэр: Ш*****, 6. Нэр: М*******, 14. Ажилладаг байгууллага: Нийтийн ахуйн үйлчилгээ, ажилд орсон он: 1988, цех, тасаг бригад: Залуучууд, эрхэлдэг ажил: оёдолчин, эрхэлж эхэлсэн он: 1988, оршдог сум: Бэрх... гэх бичилттэй архивын хуулбар, (хавтаст хэргийн 35 дахь тал)
Хэнтий аймгийн Бэрх Уул ХК-ийн архивын 2025 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн Овог: Ш*****, нэр: М*******, оршин суугаа хаяг: Хөвсгөл...№1. Огноо: 1994.07.16. Ажиллаж байсан хугацааны тодорхойлолт: Хөлийн холбоогийн хэсэгт туслах ажилчнаар орсон. Ямар тушаал, шийдвэрээр: Бэрхийн уурхайн даргын 1994 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 81 дугаар тушаалаар. №2. Огноо: 1995.03.06. Ажиллаж байсан хугацааны тодорхойлолт: Хөлийн холбооны хэсэг нь хаагдсан тул туслах ажилчны үүргээс чөлөөлсөн. Ямар тушаал, шийдвэрээр: Бэрхийн уурхайн даргын 1995 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 32 дугаар тушаалаар гэх бичилттэй №10 дугаар архивын лавлагаа, түүнд хавсаргасан дээрх 81, 32 дугаар тушаалын архивын хуулбарууд, (хавтаст хэргийн 80-85 дахь тал)
Гэрч Г.Ж-ын ...М******* 1988 онд Улаанбаатар хотод Ахуйн үйлчилгээний ТМС төгсөж ирээд Хэнтий аймгийн Бэрх тосгоны Ахуйн үйлчилгээний төвд 1988 оны 05 сарын сүүлчээс 1992 оны 01 сар хүртэл хугацаанд оёдолчноор ажиллаж байсан...Бэрх тосгоны Ахуйн үйлчилгээний төв дотроо архив хадгалагддаг байсан ба гал гарч, архив тэр чигтээ устаж үгүй болсон. Үүнээс болж бидний ажиллаж байсан ажилд орж, гарсан тушаал, хөдөлмөрийн дэвтэр, ажилчдын анкет, мэргэжлийн үнэмлэх зэрэг баримт бичгүүд устаж үгүй болсон...Миний бие Бэрх тосгоны ахуйн үйлчилгээний төвд 1988-1991 оныг дуустал хугацаанд оёдолчноор ажиллаж байсан. Намайг ажиллаж байсан хугацаанд нэршил өөрчлөгдөөгүй... гэх мэдүүлэг, гэрч Ө.Л-ын ...бид хоёр 1988 оноос 1993 он хүртэл Хэнтий аймгийн Бэрхийн Ахуйн үйлчилгээнд хамт оёдолчноор ажилласан. Бид хоёр ТМС-д нийтийн ахуйн үйлчилгээний оёдолчны ангийг 1988 оны хавар хамт төгссөн... Ш.М*******г яг хэдэн онд ажлаас гарсныг мэдэхгүй байна...Ахуйн үйлчилгээ нь усанд автагдаад архивын баримтууд нь устсан гэсэн... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдлоо. (хавтаст хэргийн 39, 66 дахь тал)
Нэхэмжлэгч Ш.М*******гийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Ш.М******* өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Иймд Ш.М*******гийн Хэнтий аймгийн Бэрхийн уурхайн Ахуйн үйлчилгээний төвд 1988 оны 7 дугаар сарын 05-ны өрөөс 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд оёдолчин, Монголросцветмет Бэрхийн уулын үйлдвэрт 1994 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 1995 оны 3 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд туслах ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
5. Хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: Нэхэмжлэгчийн 1988 оноос 1990 он, 1994 онд авахуулсан гэрэл зургууд, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, иргэний хаягийн хуудас №7 баримт зэрэг баримтын архивын хуулбарууд хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй, хамааралгүй, Хэнтий аймгийн Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 08/02 дугаар албан бичигт М*******гийн ажилд ороогүй хугацааны 1988 оны 1 дүгээр сар, 5 дугаар сард цалин олгосон гэж бичсэн тул эргэлзээтэй байна. (хавтаст хэргийн 6-8, 34, 36, 37, 47 дахь тал)
6. Нэхэмжлэгч Ш.М*******д холбогдох зарим тушаал, шийдвэр, цалин хөлсний баримт, галын нотломж, акт байхгүй тухай Хэнтий аймгийн Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ...Хэнтий аймгийн Ахуйн үйлчилгээний 1987 оноос хойшхи удирдлагын, 1990-1992 оны санхүүгийн баримтууд шилжиж ирээгүй бөгөөд Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын 1988-1989 оны удирдлагын, 1990-1992 оны архивын баримтуудад Ш.М*******д холбогдох баримт гараагүй болно гэх бичилттэй 08/04 дугаар албан бичиг, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Тус газарт Хэнтий аймаг дахь Бэрхийн уурхай шатсан гэх мэдээлэл, галын нотломж, акт, холбогдох баримт бичиг бүртгэгдээгүй болно гэх бичилттэй 37/400 дугаар албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг баримтаар тогтоогдож байх тул хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно. (хавтаст хэргийн 46, 45 дахь тал)
7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. (хавтаст хэргийн 9 дэхь тал)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Ш*****ын М*******гийн, Хэнтий аймгийн Бэрхийн уурхайн Ахуйн үйлчилгээний төвд 1988 оны 7 дугаар сарын 05-ны өрөөс 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд оёдолчин, Монголросцветмет Бэрхийн уулын үйлдвэрт 1994 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 1995 оны 3 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд туслах ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА