Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2023/ДШМ/796   

 

 

 

 

 

 

 

 

 

   2023           8             08                                         2023/ДШМ/796   

 

 

Б.Бд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Чанцалдулам,

шүүгдэгч Б.Б,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/788 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-гийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2306 00705 0502 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б.Б, 0000 оны 00 дүгээр сарын 00-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөргөгч засварын ажил хийдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 32 дугаар хороо, Зүүн Алтан Өлгийн 14-344а тоотод оршин суух бүртгэлтэй,  /РД:00000000/;

Шүүгдэгч Б.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Бгийн биед халдаж 2022 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Алтан Өлгийн 14-344а тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Алтан Өлгийн 14-344а тоотод агсам тавьж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Алтан Өлгийн 14-344а тоотод зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд баруун эрүү болон эрүүний доод хэсэгт цус хуралт, доод уруулын салстад шарх, хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Бямбын Б.Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан торгох болон хорих ялуудыг тус тусад нь эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Ял эдэлж эхэлснээс хойш эхнэр салж, 3 хүүхдийг минь асран хамгаалах ойрын хүн байхгүй болсон. ...Миний эхнэр болох Б.Б-гийн төрсөн эцэг таалал төгссөний улмаас эхнэр маань “3 настай, 5 настай, 8 настай 3 хүүхдүүдээ эцэг нь асран хамгаалаарай” гэж захиж хэлээд 3 хүүхдийг маань миний эх дээр үлдээгээд тодорхой бус хугацаагаар явсан болно, удахгүй сургууль, цэцэрлэгт явах учир асран хамгаалуулах, сурч боловсрох нөхцлөөр хангах үүрэг хүлээх тул миний бие туйлын их санаа зовж байна. Хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж, хөнгөрүүлж өгөхийг чин сэтгэлээсээ хичээнгүйлэн хүсэж байна. ...” гэв.

Прокурор Г.Чанцалдулам тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:“...Шүүгдэгч Б.Б-гийн зүгээс гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргахгүй байна гэж ойлголоо. Шүүгдэгч Б.Б-гийн гаргасан давж заалдах гомдолдоо эхнэр нь салсан, 3 хүүхдүүдийг нь харах хандах хүнгүй байгаа тухай дурдсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч давж заалдах шатны шүүхэд өөрийн хувийн байдлын болон ял хөнгөрүүлэх талын баримтуудыг гаргаж өгөх боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл, эхнэрээсээ салсан, эхнэрийнх нь эцэг нас барсан гэх тодорхойлолт, 3 хүүхдүүдийг нь асран хамгаалах, харгалзан дэмжих хүнгүй гэх хорооны тодорхойлолт зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг дээрдүүлэх, эрх зүйн байдлыг дээрдүүлэх баримтуудыг гомдолдоо хавсаргаагүй байна. Тиймээс шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт хэлэх боломжгүй нөхцөл байдал үүсэж байна. Мөн эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэхэд оршино. Магадгүй эхнэртэй болон хүүхдүүддээ дахин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгыг агуулснаар дээрх гэмт хэргийн зорилго оршино. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Дээрх шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:      

  1. Хэргийн бодит байдал               

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг тогтоох буюу хэрэгт нотолбол зохих байдлыг нотлох чиг үүргийн хүрээнд хийгдсэн мөрдөн шалгах, хяналт тавих ажиллагаанууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан байх ба хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.     

Хэргийн бодит байдлыг нотолж буй тус эрүүгийн хэрэгт цугларч, бэхжигдсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй байна.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан үндэслэл, үйл баримтгүй, энэ хүрээнд маргаан бүхий асуудал гаргаагүй байна.   

  1. Хэргийн зүйлчлэл

Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг сэргээн тогтоож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны тал, оролцогч нарын эрхийг хангасан байхаас гадна шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтын эх сурвалж болон оролцогч, талуудын санал, дүгнэлтийг бүх талаас нь бодит байдлаар шалгаж, үнэлсэний үндсэн дээр шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Тодруулбал, шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Алтан Өлгийн 14-344а тоотод байх гэртээ өөрийн эхнэр Б.Бг үл ялих зүйлээр шалтаглан Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Алтан Өлгийн 14-344а тоотод байрлах гэртээ 2022 оны 5 дугаар сарын 29, 2022 оны 8 дугаар сарын 15, 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрүүдэд хүч хэрэглэн байнга зодсон, улмаар 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхдээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :    

- 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 102 дугаарт мэдээлсэн “ гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн тухай лавлагааны хуудас /хх-5/,

- хохирогч Б.Б-гийн: “...2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр манай нөхөр Б.Б гэртээ архи уучихсан согтуу байсан ба хамт байсан найзаа явсны дараа надтай хэрүүл хийж, найзыг хөөж явууллаа гээд. ... миний гар утсыг булааж газар шидээд, нүүр рүү өшиглөн, сандлаар миний нуруу хэсэгт цохисон, би хажуу айлынхаа хүнийг дуудаж зугтаасан, миний эрүү хавдаж хөхөрсөн, нуруу, толгой өвдөж байна. ...Мөн 8 сард, тэрний өмнө 5 сард гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, баривчлагдаж байсан. ...” тухай мэдүүлэг /хх-8-9, 27-28/,

- Б.Б-гийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэнд хамаарах “АСАП” сангийн мэдээлэл: ...2021.03.27-ны өдөр Б.Б-гийн биед хохирол учруулахгүйгээр зодсон, мөн 2022.05.29, 2022.08.15-ны өдөр хохирол учруулахгүйгээр зодож, баривчлагдсан /хх-52-54/,

- гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-20-22/,

 

 

- шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 845 дугаар дүгнэлт: Б.Б-гийн биед баруун эрүү болон эрүүгийн доод хэсэгт цус хуралт, доод уруулын салстад шарх, хуйхны зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /хх-34-35/,

- шүүгдэгч Б.Б-гийн: Миний гаргасан үйлдлийн улмаас эхнэр Б.Б-гийн биед гэмтэл учирсан нь үнэн. Өмнө эхнэртэй марган асуудал үүсгэж, 2 удаа баривчилгаанд явж байсан, дахин ийм үйлдэл гаргахгүй. ...” гэх мэдүүлэг /хх-69, 92-93/  зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.   

Шүүгдэгч тухайн нийлмэл гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тухайн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжигдсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан байх бөгөөд эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттай, эргэлзээгүй байх шалгуурыг хангасан байх тул шүүгдэгчийн үйлдсэн “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн субьектив болон объектив шинж хангагдсан гэж үзнэ.  

Шүүгдэгч Б.Б, хохирогч Б.Б нарын хувьд 2011 оноос хамт амьдарч, 3 хүүхдийн эцэг, эх болсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.4 дүгээр зүйл дэх “хуульчилсан тайлбар”, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.6-д зааснаар тэднийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай гэж үзнэ.  

Гэр бүлийн хүчирхийлэл гэдгийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2-т хуульчлан тодорхойлсон ба гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүсийн нэг нь бусад хэн нэгнийхээ   сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.   

Зөрчлийн тухай хуулийн  5.4 дүгээр зүйлд “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчилд хамаарах” үйлдлийг, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт хамаарах” гэмт үйлдлийг тус тус тусгайлан хуульчилсан бөгөөд шүүгдэгч нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон тухайн зөрчлүүд удаа дараа давтагдаж, байнга үйлдэгдсэн байх тул “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчлөөс “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг”-т шилжүүлэн тооцох үндэслэл, шинж, үйл баримт бүрэн хангагдсан байна.

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг “байнга” зодсон нь тогтоогдсон тухайн тохиолдолд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж захиргааны шийтгэл хүлээсэн эсэхээс үл хамааран “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинж”  хангагдсанд тооцно.    

“Байнга” үйлдэх гэдэг нь тухайн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт тооцогдох тухайн нэг төрлийн үйлдлийг 3 ба түүнээс дээш удаа үйлдсэн байхыг хэлэх ба тухайн үйлдлүүд нь гэмт этгээдийн зан төлөвийн хэвшил болсон шинжтэй, цаг хугацааны хувьд засварлагатай буюу завсарлагагүйгээр тогтвортой давтагддаг байх гэсэн утга агуулгаар ойлгох нь хууль хэрэглээний практикт хэвшсэн байдаг.     

Тус шүүгдэгчийн хувьд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйлдлүүд байнга тогтвортой давтагдаж, түүний зан үйлийн хэвшмэл шинж, хандлагыг агуулсан буюу эхнэрийнхээ эсрэг элдэв аргаар хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, бие махбодь, сэтгэл санааны шаналал, зовуурь, шаналгаат байдалд оруулж байсан болох нь тогтоогдсон, тухайн гэр бүлийн хүчирхийллийн үйлдлүүд Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлд тусгайлан заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор үйлдэгдсэн байгааг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг шүүхийн өмнөх шат, шүүх хуралдаанд тухай бүр танилцуулж, тайлбарласан /хх-10, 68/, шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг, хамаарах бусад нотлох баримтын эх сурвалжаар нотлогдсон байна.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудал         

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг.

Тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ямар төрлийн ял шийтгэлийг оногдуулах эсэх нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаардаг.   

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 6 сар хорих ял, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600.000 төгрөгийн торгох ял оногдуулахдаа харгалзах үндэслэл, шалгуур, шаардлагын талаар бодитой дүгнэсэн байх тул тус оногдуулсан ялуудын төрөл, хэмжээ нь шүүгдэгчийн үйлдсэн тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзнэ.     

Иймд шүүгдэгчээс гаргасан “анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг өөр төрлийн ялаар солиулах” тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарсан 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс хойш 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 70 /дал/ хоног цагдан хоригдсон байх тул түүний эдлэх хорих ялд оруулан тооцлоо.    

Харин шүүгдэгчийн өмнө 2 удаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зөрчилд шийтгэл оногдуулсан шүүхийн шийтгэвэр, шүүгдэгчийн ам бүл, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ  зэрэгт хамаарах баримтыг хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлээгүй орхигдуулсан, нөхөн гүйцэтгүүлээгүй байгааг анхааруулж байна.        

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/788 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Бгийн гаргасан “хорих ялыг өөр ялаар солиулах” тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-гийн цагдан хоригдсон 70 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.    

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.    

 

 

                             ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                  Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                             Г.ГАНБААТАР