Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2018/ШЦТ/050

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Оюунтөгс,

Улсын яллагч: Э.Гантулга

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Доржготов нарыг оролцуулан хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн хэргийг тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 1714001110073 тоот хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.         

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ******* овогт *******

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Өлзийт сумын 2 дугаар багийн нутаг “Бумбатын ам” гэх газарт баригдаж байгаа жуулчны баазын орчимд 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр иргэн *******ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр ******* бид хоёр үлдээд архийг хувааж уусан. Манай барилга дээр ажиллаж байсан ******* гэх эмэгтэй газар үзэхээр явсан хүмүүсийн араас нь явна гэхээр нь юу яриад байгаа юм хамт явна гээд гарнаас бариад автал ******* чи яасан эмэгтэй хүн лүү зандардаг юм гээд намайг бариад авсан. Бид хоёр ноцолдож байгаад миний уур их хүрсэн байсан болохоор *******ийн нүүрлүү хэд хэдэн удаа цохисон... гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 /

Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Юу болсонг сайн санахгүй байна. Нэг сэрэхэд ******* ах миний дээр гараад толгой, нүүр хэсэг рүү гараараа цохиж байхаар нь “Болдоо ахаа болиоч хүн аллаа” гэхэд больсон... гэх мэдүүлэг /хх-ийн 13-15/

Гэрч *******ат-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

....газар үзэх гэж яваад буцаад иртэл ******* машин дотор хөнжил нөмөрчихсөн нүүр ам нь хөх няц болчихсон хэвтэж байсан. Гэтэл ******* дүү өмнөөс юм яриад байхаар нь нэг алгадчихсан гэж байсан. Харин ******* нь ******* намайг шууд зодсон, би дор нь орчихсон байхдаа хүн аллаа гэж байж болиулсан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 /

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 398 дугаартай шинжээчийн:

1.Бийн биед тархи доргилт, 2 нүдний дээд доод зовхи, хузүү, дух, чамархай, хацар, нүдний алимны салстад цус хуралт, хамар, хацар, доод эрүүнд зулгаралт, 2 нүдний доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.

2.Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

3.Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ ...гэх дүгнэлт /хх-ийн 25-26/

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хх-ийн 1-2/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/, эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулах прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 6-10/, шүүгдэгч *******ын хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн засаг даргын 2017.09.27-ны өдрийн 940 тоот тодорхойлолт / хх-ийн 36/, Баянхонгор аймгийн бүртгэлийн хэлтэсийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн лавлагаа /хх-ийн 37/ иргэний үнэмлэхниий хуулбар / хх-ийн 42/, шүүгдэгч *******ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41/ хохирогч *******, яллагдагч ******* нарын эвлэрлийн гэрээ /хх-ийн 44/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

Хохирогч, гэрч, яллагдагч нарыг байцахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Өлзийт сумын 2 дугаар багийн нутаг “Бумбатын ам” гэх газарт баригдаж байгаа жуулчны баазын орчимд 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр иргэн *******ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

шүүгдэгч *******ын... бид хоёр ноцолдож байгаад *******ийн нүүрлүү хэд хэдэн уддаа цохисон... гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 /

хохирогч *******ийн .. ******* ах миний дээр гараад толгой, нүүр хэсэгрүү гараараа цохисон... гэх мэдүүлэг /хх-ийн 13-15/

гэрч *******ийн...******* машин дотор хөнжил нөмөрчихсөн нүүр ам нь хөх няц болчихсон хэвтэж байсан, ******* нэг алгадчихсан гэсэн. ... гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 /

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 398 дугаартай “...Бийн биед тархи доргилт, 2 нүдний дээд доод зовхи, хузүү,дух, чамархай, хацар, нүдний алимны салстад цус хуралт, хамар, хацар, доод эрүүнд зулгаралт, 2 нүдний доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...”гэх дүгнэлт /хх-ийн 25-26/ зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *******ыг ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч *******т ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч *******т ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж заасныг үндэслэл болгов.

Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ... гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч ******* нь хувьдаа Баянхонгор сумын 4-7-42 тоотод газар, хашаа, байшингийн хөрөнгөтэй, мөн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс тэтгэвэрт гарч сард 534000 төгрөг авдаг болох нь тэтгэврийн дэвтрийн хуулбараар тогтоогдож байх тул шүүхээс шүүгдэгч *******ыг хувийн болон хэргийн нөхцөл байдал зэргийг тал бүрээс харгалзан үзэж торгох ял оногдуулж, шүүгдэгч ******* нь оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******ын эзэмшлийн “... сони маркийн 42 инчийн зурагт...”-ыг битүүмжилсэн тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээж, торгох ял биелэгдээгүй нөхцөлд худалдан борлуулж тусгай дансанд төлүүлж, торгох ял биелэгдсэн тохиолдолд эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу дээрхи зүйлсийг эзэмшигч *******т буцаан олгож , уг хэргийн улмаас шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Хохирогч *******т нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ******* нь 350000 төгрөгийг бэлнээр төлж барагдуулсан байх тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжэээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч *******т оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******т урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч ******* нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******ын эзэмшлийн “... сони маркийн 42 инчийн зурагт...”-ыг битүүмжилсэн тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээж, торгох ял биелэгдээгүй нөхцөлд худалдан борлуулж тусгай дансанд төлүүлж, торгох ял биелэгдсэн тохиолдолд эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу дээрхи зүйлсийг эзэмшигч *******т буцаан олгосугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА