| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодорж Ганбаатар |
| Хэргийн индекс | 2206 04792 0934 |
| Дугаар | 2023/ДШМ/797 |
| Огноо | 2023-08-08 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.4.1., |
| Улсын яллагч | Н.Ганчимэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 2023/ДШМ/797
2023 8 08 2023/ДШМ/797
Д.Бид холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Ганчимэг,
шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ц.Туяа,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Б, түүний өмгөөлөгч Ө.Болормаа,
нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/768 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ц.Туяа, хохирогч Ё-Бийн өмгөөлөгч Ө.Болормаа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Б-д холбогдох 2206 04792 0934 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Д.Б, 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, гэмт хэрэг үйлдэх үедээ “Гал хувь” ХХК-д захирлын жолоочоор ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, Чингэлтэй дүүргийн 13-р хороо, сургуулийн 28-656 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 16-р хороо, Монгол хотхон 666-43 тоотод түр оршин сууж байгаа /РД:00000000/, урьд Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 245 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэг, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн;
Шүүгдэгч Д.Б нь 2021 оны 9 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гал хувь” ХХК-ийн өөрт нь итгэмжпэн хариуцуулж өгсөн 13.061.248 төгрөгийн үнэлгээ бүхий 00-00 УБЗ улсын дугаартай автомашины урд гупер, 00-00 УАО улсын дугаартай автомашины 4 ширхэг дугуй, 4 ширхэг обудыг мөн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан өөрт нь итгэмжлэн олгож, Дорнод аймгийн Халх гол сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нефт олборлодог компанийн талбайд түрээсээр явуулж байсан 26.575.659 төгрөгийн үнэлгээ бүхий Мицибуши Л200 маркийн 00-00 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр бусдад 18.000.000 төгрөгөөр худалдан борлуулж үргэлжилсэн үйлдлээр завшсан,
2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 364-р байрны в1 давхарт байрлуулсан байсан иргэн Ц.Э-н эзэмшлийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бусдад 2.720.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д 1 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг тус тус журамлан шүүгдэгч Д.Б-д оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг 1 хоногоор тооцож, нийт эдлэх хорих ялын хугацааг 1 жил 90 хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 1 жил 90 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох ба шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Б-с 39.636.907 төгрөгийг гаргуулж хохирогч “Гал хувь” ХХК /РД:00000/ түүний хууль ёсны төлөөлөгч Ё.Б /РД:000000/-д, шүүгдэгч Д.Б-с 1.700.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжпэгч М.Ц /РД:00000000/-д тус тус олгуулж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Мицибуши Л200 маркийн 00-00 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах хязгаарлах прокурорын шийдвэрийг цуцалж, хохирогч талаас уг машины 9 дугуйны үнэ нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжпэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“...Миний бие мөрдөн байцаах болон шүүхийн шатад гэм буруу дээрээ маргаагүй, төлбөр мөнгөө төлөхөө илэрхийлсээр ирсэн. Би анх удаагаа эрүүгийн хэрэгт холбогдож, бусдад учруулсан хохирлоо нөхөн барагдуулах болно. Би хоригдож байх хугацаандаа маш их зүйлийг ухамсарлаж, гэмшиж байна. Миний эхнэр 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр амаржиж анхны хүүхдээ өлгийдөж авсан. Иймээс миний нялх биетэй эхнэр, мэндлээд удаагүй байгаа охин, арын гэрийн нөхцөл байдал, хохирлоо нөхөн төлсөн байдал зэргийн харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Д.Б-ийн өмгөөлөгч Ц.Туяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Б-д холбогдох гэмт хэргийн ангилал нь хөнгөн гэмт хэрэгт хамаарагдаж байгаа. Анх удаа гэмт хэрэгт холбогдсон, эхнэр нь түүнийг цагдан хоригдсоноос хойш 7 хоногийн дараа төрсөн. Д.Б-ийг нийгмээс тусгаарлан, хорих ялыг биечлэн эдлүүлэх зайлшгүй нөхцөл байдал байхгүй гэж үзэж байна. Тэрээр гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө шүүх хуралдааны шатанд ч илэрхийлж байсан, давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө боломжит хэлбэрээр хохирлын зарим хэсгийг төлнө. /Давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирол төлсөн баримтаа гаргаж өгнө/ Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулах нь нэн тэргүүний шаардлага гэж үзэж буй тул Д.Б нь хорих ял эдэлснээр хохирол төлбөр барагдах боломж хангагдахгүй учраас богино хугацаанд хохирогч нарт хохирлыг барагдуулах боломжийг хангаж, мөн шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн төрөл ангилал, үйлдсэн хэрэгтээ их гэмшиж, хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн хор уршиг, үр дагаврыг ойлгож байгаа, ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан оногдуулсан ялыг хорихоос өөр төрлийн ялаар хөнгөрүүлж өгнө үү. ...“Гал хувь” ХХК -ийн дансанд 13.000.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч М.Ц-т 1.700.000 төгрөгийг төлсөн баримт гаргаж байна. Шүүгдэгч Д.Б-ийг ам бүл 3 гэснийг тодорхойлсон Баянзүрх дүүргийн 40 дүгээр хорооны тодорхойлолт байна. Эхнэр нь шүүгдэгч Д.Б-ийг цагдан хоригдсоноос нь хойш 3 хоногийн дараа төрсөн бөгөөд нярай хүүхэдтэй, хүүхдийнх нь төрсний гэрчилгээний хуулбар байна. Анхан шатны шүүх хуралдааны үеэр шүүгдэгч Д.Б “...2 дэлгүүр ажиллуулдаг...” гэж мэдүүлсэн байдаг бөгөөд татвар төлж байсан баримт байгаа. Хэрэв хорих ялаас өөр төрлийн ялаар соливол цаашид хохирол, төлбөрөө барагдуулах боломжтой. С нь “...тээврийн хэрэгслийг хүлээлгэж өгөх боломжтой, би Д.Б-с 18.000.000 төгрөг авъя...” гэх асуудал яригддаг. Харин анхан шатны шүүх шийдвэрлэхдээ Сийг тээврийн хэрэгслийн шударга эзэмшигч гэж үзэж, тээврийн хэрэгслийн үнэ болох 26.000.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Хохирогч Ё.Б-ийн өмгөөлөгч Ө.Болормаагийн гаргасан давж заалдах гомдолтой танилцахад тээврийн хэрэгслээ буцааж авах талаар гомдол гаргасан байсан. Тэгэхээр энэ агуулгаар давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэж байна. ...” гэв.
Хохирогч Ё.Б-ийн өмгөөлөгч Ө.Болормаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“...Шүүгдэгч Д.Б нь хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээний дор ”Гал хувь” ХХК-ийн захирал Ц.Э мицибуши Л200 маркын 27-58 ДОР улсын бүртгэлийн дугаартай автомашины 28.000.000 төгрөг болон түүний сэлбэг хэрэгсэл болох 2.850.000 төгрөгийн үнэ бүхий 9 ширхэг дугуйг хуурч мэхлэн Бийн нэр дээр шилжүүлэн авч, улмаар С.С-д 18.000.000 төгрөгөөр зарж борлуулсан гэмт үйлдэл нь дараах нотлох баримтаар нотлогдсон. Хөрөнгө оруулалтын гэрээний 3.1.1 дэх заалтад “А” тал нь 28.000.000 төгрөгийг хөрөнгө оруулалт хэлбэрээр “Б” талын өмчлөлд шилжүүлнэ. Мөн 3.2.1 дэх заалтад Б тал нь 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “А” талд анх оруулсан 28.000.000 төгрөгийг “А” талд төлж барагдуулна. “Б” тал нь 9 дугуйны үнэ болох 2.850.000 төгрөгийг эхний жилийн ашигаас “а” талд төлж барагдуулна гэсэн байдаг /хх-72/. С-ийн мэдүүлэг "...Тухайн үед машин авахад Д.Б гэх хүн нь Б-тэй хамт ирсэн ба тухайн машины мөнгө болох 18.000.000 төгрөгийг Д.Б гэх хүний данс руу шилжүүлсэн /хх-152/. Гэрч Б-ийн мэдүүлэг“...Тэгээд энэ машины мөнгө “Петро чайна” компаниас “Айсан” компани руу шилжин ордог, дараа нь нь ”Айсан” компаниас надтай гэрээ хийсэн байсны дагуу миний өөрийн данс руу доллараар ордог, би тэр долларыг нь Д.Б-д шилжүүлэн өгдөг байсан юм” /хх-130/. “Гал хувь” ХХК-ийн автомашины эд хөрөнгийн жагсаалтын бүртгэл дээр “Л200 00-00 ДОР” маркын хар өнгийн автомашин байдаг /хх-200/. Ц.Э мэдүүлэг“...Дорнод аймгийн харъяатай тэр хүний нэр дээр / Бийн/ болгож байгаад явуулахгүй бол тэр компани нь машин явуулахгүй гэж байна гэж надад хэлээд байсан, би тухайн үедээ компанийхаа нэр дээр болгоод машинаа явуулья гэж байхад Д.Б өөрөө тэгж болохгүй заавал нутгийн хүний нэр дээр болгож байгаад машиныг түрээсээр явуулдаг гэж байсан /хх-182/. Ц.Э-н хадгаламж барьцаалсан зээл авч, шүүгдэгч Д.Б руу автомашины зээл хэмээн шилжүүлсэн байдал /хх-97-98/. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хсэгт заасан залилах гэмт хэгийн үндсэн шинж нь хохирогч буюу өмчлөгч, эзэмшигч нь хууртагдсан, төөрөлдөлд орсон, итгэсний улмаас залилагч этгээдэд өөрийн эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг сайн дураараа шилжүүлэн өгсөн байдаг онцлогтой. Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт ”шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасныг зөрчиж гэрч С.С-с иргэний нэхэмжлэгчээр оролцуулж, автомашины хууль ёсны эзэмшигч, гэмт хэргийн хохирогч Ц.Э-д эзэмших эрхийг шилжүүлэн, анхны хохирогчийн хор уршгийг арилгуулах нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул гомдлыг хүлээн авна уу. ...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь хэсэгт “...Мицибуши Л200 маркийн 00-00 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах хязгаарлах прокурорын шийдвэрийг цуцалж, хохирогч талаас уг машины 9 дугуйны үнэ нэхэмжилсэн нэхэмжпэлийг хэрэгсэхгүй орхисугай...” гэж заасныг ойлгомжгүй, хууль эрх зүйн хувьд учир дутагдалтай шийдвэр гэж үзэж байна. Учир нь, Мицибуши Л200 маркийн 00-00 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн өвөл, зуны дугуй гэж хэлээд шүүгдэгч Д.Б нь хохирогч талаас дугуйг авсан байдаг. Гэтэл яагаад тээврийн хэрэгслийг үнэлсэн атлаа 9 ширхэг дугуйг хэрэгсэхгүй орхисныг ойлгомжгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс Сийг Мицибуши Л200 маркийн 27-58 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны өмчлөгч гэж тогтоосныг эс зөвшөөрч байна. Учир нь, гэрч С, Б, хохирогч Ё.Б, шүүгдэгч Д.Б нарын мэдүүлгүүдээс үзвэл С 18.000.000 төгрөгийг Б-ийн данс руу шилжүүлээгүй, шүүгдэгч Д.Б-ийн данс руу шилжүүлсэн. Түүнчлэн хөрөнгө оруулалтын гэрээнд тодорхой заасан байдаг. 28.000.000 төгрөг болон мицибуши Л200 маркын 00-00 ДОР улсын бүртгэлийн дугаартай тээврийн хэрэгслийг зайлшгүй авах шаардлагатай байсан юм билээ. С-ийг яагаад хууль ёсны өмчлөгчөөр тогтоож байна вэ, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн завшигдаж байгаа хөрөнгө нь мицибуши Л200 маркын 00-00 ДОР улсын бүртгэлийн дугаартай тээврийн хэрэгсэл болон өвөл, зуны ээлжид нь өгсөн дугуй байгаа. Анхан шатны шүүх Сийг иргэний нэхэмжлэгч биш гэж үзсэн гомдолтой байна. ...” гэв.
Хохирогч Ё.Д.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“...Д.Б гэх хүн миний доор ажилладаг. Тээврийн хэрэгсэл худалдаж, худалдаалж байсан харилцааг би мэдэж байсан. Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах харилцаа 2022 оны асуудал, харин гэрээ хийсэн үе нь 2021 он байдаг. Анх тээврийн хэрэгсэл явж байсан үед Эрдэнэ гэх хүнтэй 70 долларын гэрээ хийсэн. Гэрээ хийх үед 45 доллар болсон байдаг. 9 дугуйны талаар урьд нь анхан шатны шүүх дээр надаас асуугаагүй. 9 дугуй нь миний өөрийн унаад явж байсан машины дугуйнууд бөгөөд анх зөөлдөөд байхаар нь солиод хатуу болгоё гэж тавьсан дугуйнууд. Л200 загварын 4 дугуй нь чанарын шаардлага хангахгүй, мөн дугуй өгөөч гэсэн учраас дугуйнуудаа өгсөн юм билээ. Анхан шатны шүүхээс тээврийн хэрэгслийн шударга ёсны эзэмшигч нь С гэж байгаа нь буруу. Учир нь, тээврийн хэрэгслийг авахдаа Д.Б-ийн данс руу мөнгөө хийсэн байсан. Хэрэв шударга, хууль ёсны дагуу худалдаж авсан юм бол яагаад Бийн данс руу хийгээгүй вэ. Бийн данс руу мөнгийг хийсний дараа Д.Б авсан бол шударга, хууль ёсоор худалдаж авсан байна гэж үзэх юм шиг санагдаж байна. Д.Б тээврийн хэрэгслийг авч явахдаа 9 дугуйны 4-ийг нь солиод явсныг би Бээс бүгдийг сонссон. 28.000.000 төгрөгөөр тээврийн хэрэгслийг худалдаж авсан гэсэн атлаа одоо 18.700.000 гэж ярьж байна. ...” гэв.
Прокурор Н.Ганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:“...Хэрэгт авагдсан баримтууд, тогтоогдсон нөхцөл байдлуудын хувьд анхан шатны шүүхээс бодитойгоор хууль зүйн дүгнэлтийг хийж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч Д.Б-ийн хувийн байдал, хохирол, төлбөрөө төлөхөө илэрхийлсэн, төлөгдсөн эсэх байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хорих ял шийтгэл оногдуулсныг үндэслэлтэй гэж үзэж байна. Маргаан болох тээврийн хэрэгслүүдийн хувьд тухайн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хяналтын прокуророос гаргасан хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэр гарсан. Мөн тухайн завшигдсан тээврийн хэрэгсэл болох 00-00 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл бусдын өмчлөлд байгаа учраас битүүмжлэх шаардлагагүй гэж үзсэн прокурорын шийдвэр хавтаст хэрэгт авагдсан. Уг хавтаст хэрэгт авагдсан шийдвэрт оролцогч талаас гомдол гаргасан зүйл байгаагүй, хэргийн материалтай танилцсан. Тухайн прокурорын шийдвэр хүчин төгөлдөр хавтаст хэрэгт авагдсан байдаг. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж, шүүх хуралдаанд С-ийг гэрчээр оролцуулах санал гаргасан. ...Анхан шатны шүүхээс тээврийн хэрэгсэлтэй холбоотой нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон. Хэрэв 9 дугуйг хэлэлцэхгүй орхигдуулсан гэж байгаа бол иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нээлттэй байх үр дагавар үүсгэж байгаа гэж үзэж байна. Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах прокурорын шийдвэрийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц цуцалсан байгаа. Уг тээврийн хэрэгслийг давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогч нараас гаргаж байгаа гомдол, хүсэлтээр С тухайн тээврийн хэрэгслийг буцааж өгье гэдэг байр суурьтай байна. Тээврийн хэрэгслийг буцааж өгөх тал дээр татгалзал байхгүй гэх талаар өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд дурдагдаж байна. Эрүүгийн хэргийн хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар тухайн тээврийн хэрэгсэл бусдын өмчлөлд байгаа бол тухайн тээврийн хэрэгслийг хохирол төлүүлэхээр битүүмжлэх ажиллагаа хийгдэх боломжгүй гэж улсын яллагчийн зүгээс үзсэн учраас анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна. С-ийг иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй, хэрэгт гэрчээр оролцож байгаа, гэрч тээврийн хэрэгслийг буцаан олгох байр сууриа илэрхийлж байгаа бол иргэд хоорондын шийдвэрлэх боломжтой асуудал гэж үзэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. Шүүгдэгч Д.Б-ийн зүгээс ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна. Хэдийгээр иргэний нэхэмжлэгч М.Ц-т 1.700.000 төгрөгийг нөхөн төлсөн хэдий ч компанид учирсан хохирлыг нөхөн төлөөгүй.. ...Мөрдөн шалгах ажиллагаа 2 дүүргийн прокурорын газар, цагдаагийн газарт явагдсан, сунжирсан. Энэ цаг хугацаанд хохирол, төлбөрийг төлөх боломжтой байсан. Компаниас хохирол, төлбөрийг төлөх талаар хугацаа гаргасан, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа хохирол, төлбөрийн хэр хэмжээ, нөхөн төлөгдсөн байдал зэргийг харгалзан үзэж хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, оролцогч нараас гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь :
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:
Тус эрүүгийн хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг тогтоох буюу хэрэгт нотолбол зохих байдлыг нотлох чиг үүргийн хүрээнд хийгдсэн мөрдөн шалгах, хяналт тавих ажиллагаанууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан байх ба хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.
Хэргийн бодит байдлыг нотолж буй тус эрүүгийн хэрэгт цугларч, бэхжигдсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан үндэслэл, үйл баримтгүй байна.
Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг сэргээн тогтоож, шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны тал, оролцогч нарын эрхийг хангасан байхаас гадна шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтын эх сурвалж болон оролцогч, талуудын санал, дүгнэлтийг бүх талаас нь бодит байдлаар шалгаж, үнэлсэний үндсэн дээр шүүгдэгч Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Тодруулбал, шүүгдэгч Д.Б нь 2021 оны 9 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гал хувь” ХХК-ийн өөрт нь итгэмжлэн хариуцуулж өгсөн 13.061.248 төгрөгийн үнэлгээ бүхий 00-00 УБЗ улсын дугаартай автомашины урд гупер, 00-00 УАО улсын дугаартай автомашины 4 ширхэг дугуй, 4 ширхэг обудыг, мөн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан өөрт нь итгэмжлэн олгож, Дорнод аймгийн Халх гол сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нефт олборлодог компаний талбайд түрээсээр явуулж байсан 26.575.659 төгрөгийн үнэлгээ бүхий Мицибуши Л200 маркийн 00-00 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр бусдад 18.000.000 төгрөгөөр худалдан борлуулж завшсан болох нь :
- “Гал хувь” ХХК-иас гаргасан “2021 оны 9 сард захирлын жолоочоор ажилд орсон Д.Б тус компанид ажиллах хугацаандаа 00-00 УБЗ улсын дугаартай автомашины урд гупер грашнаас зөвшөөрөлгүй авч зарсан, 00-00 УАО улсын дугаартай автомашины 4 дугуй, 4 обуд зөвшөөрөлгүй зарсан, 00-00 ДОР улсын дугаартай автомашин /хөдөө ажилд явуулахаар худалдаж авахуулсан 00-00 ДОР улсын дугаартай/-ы хохирол учруулж шамшигдуулсан” тухай гомдол /1хх-64/,
- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Д.Б-ийн “...Д.Б нь манай компанид 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр жолоочоор ажилд орж байсан. Тэгээд 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Хамгийн эхлээд манай компанийн эд зүйл болох мерседес бенз маркийн 2021 оны загварын Е200 маркийн автомашины 4 ширхэг дугуй, обудын хамт, вранглер автомашины гупер зэргийг авч яваад худалдан борлуулж өөртөө хувьдаа завшсан байсан. Бас өмнөх оны 11 дүгээр сард Мицубиши Л200 маркийн автомашин компаниар худалдан авахуулж хөдөө ажилд явуулна гэж хэлээд 30 сая төгрөг гаргуулж байгаад уг машиныг худалдаж аваад алга болсон” гэх мэдүүлэг /1хх-94, 127/,
- гэрч Ц.Э-н“...Д.Б ажиллаж байх явцдаа бид нарын итгэлийг олж компаниас эд хөрөнгө завшсан. Дорнодод Дайчин тамсаг компанид түрээсээр явуулна гэж хэлээд банкнаас 28 сая төгрөг зээлүүлж, автомашин авахуулсан, гэтэл бусдад 18.000.000 төгрөгөөр зарж завшсан, мөн автомашины 4 ширхэг дугуй, обуд, гупер зэрэг эд зүйл аваад явсан байсан, алга болсон”...гэх мэдүүлэг /1 хх-182/,
- гэрч Д.Б-ын:“...2021 оны 9 дүгээр сард Д.Б гэгч залууг захирлын жолоочоор ажилд авч ажиллуулсан юм, энэ үедээ манай компанийн эд хөрөнгийг аваад зарж борлуулж, өөртөө авч, завшсан байсан гэх мэдүүлэг /1хх- 96, 194/,
- гэрч А.Б-ийн “...найз Д.Б 00-00 ДОР дугаартай автомашиныг Дорнод аймгийн Халх гол суманд байрлах Петрочайна компанид 21 дүгээр талбай дээр явуулахаар болсон. ...Надад Петрочайнад машин түрээсээр явуулах квот байсан учраас миний нэр дээр автомашиныг шилжүүлсэн. Монгол талын “Айсан” гэдэг нэртэй компаниар дамжуулж 21 дүгээр талбай дээр түрээсээр гарч байсан. Петрочайна компаниас Айсан компани руу шилжиж ордог, Айсан компаниас надтай гэрээ хийсэн байсны дагуу миний данс руу доллароор ордог, би тэрийг нь Д.Б-д шилжүүлэн өгдөг байсан. ...Автомашиныг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл түрээсийн мөнгө авч байсан. ...Гэвч Айсан компани тэр хоёрын хооронд хийсэн ажлын гэрээний хугацаа дуусгавар болсон тул хоорондоо хамтарч ажиллахгүй байгаа бөгөөд машин 21 дүгээр талбай дээр явахгүй байгаа. ...Тэр машиныг Д.Б 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Дорнод аймгийн иргэн болох Саруул гэгчид 18 сая төгрөгөөр зарсан гэж байсан. ...” гэх мэдүүлэг /1хх-129-130/,
- гэрч Г.С-ийн“...Би 2022 оны 5 сарын 31-ний өдөр 27-58 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг Б гэдэг хүнээс худалдаж авахаар болж нотариатаар батлуулж итгэмжлэл хийлгэж авсан. Тухайн үед машин авахад Д.Б гэх хүн Б-тэй хамт ирсэн ба тухайн машины мөнгө болох 18 сая төгрөгийг Д.Б гэх хүний данс руу шилжүүлсэн ” гэх мэдүүлэг /1хх 151- 152/,
- хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн тайлан: автомашины гупер, бенз маркийн автомашины 4 ш обуд, 4 ш дугуй нийт үнэлгээ 13.061.248 төгрөг, митсубиши Л200 автомашин 26.575.659 төгрөг /1хх-141-143/,
- “Гал хувь” ХХК-ийн захирлын 05, 22/03 дугаартай тушаалууд, хурлын протокол, хөрөнгө оруулалтын гэрээ, түрээсийн гэрээ, тээврийн хэрэгслийн лавлагаа зэрэг баримтууд /хх-67-90, 113-123/,
- шүүгдэгчийн...”вранглер автомашины гупер, бенз автомашины дугуй, обуд зэрэг эд зүйлийг авч байсан ба бенз автомашины дугуй, обудыг өөрийн автомашинд тавьсан байхад эхнэр автомашиныг зарчихсан байсан. ...Дорнодод явж байсан автомашиныг 18 сая төгрөгөөр зарж, мнөгийг үрсэн” гэх мэдүүлэг /1хх-177/ зэрэг нотлох баримтуудаар, мөн
Мөн шүүгдэгч Д.Б нь 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 364 дүгээр байрны в1 давхарт байрлуулсан байсан иргэн Ц.Э-н эзэмшлийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 2,720,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь :
- Ё.Б-оос гаргасан гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1хх-10/
- хохирогч Ё.Б-ийн "...2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр өөрийн унадаг дугуйгаа Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 364 дүгээр байрны в1 давхарт цоожлоод орхисон, 06 дугаар сарын 20-ны өдөр дугуйгаа далд хийх гээд очтол алга болчихсон байсан. Тэгтэл өнөөдөр “Ariuna Mygmar” гэсэн фейсбүүктэй хүн “Giant” дэлгүүрийн хүний чат руу миний дугуйны зургийг явуулаад төмөр замын ган зам апартментын гадаа байсан талаар хэлсэн байсан, очиход миний дугуй тус 50-р байрны үүдэн дээр цоожилсон байдалтай байсан..." гэх мэдүүлэг /1хх-16/,
- гэрч Ц.Э-н"...Би 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хувийн шалтгааны улмаас АНУ явахаар болоод өөрийн “Giant” маркийн унадаг дугуйг Ё.Д.Бид хүлээлгэж өгсөн” гэх мэдүүлэг /1хх-32/,
- гэрч Б.Г-ны"...Тухайн үед ажил дээрээ байж байтал зүс таних Д.Б залгаад нэг дугуй байна гэж ярихад нь тэгвэл зургийг нь над руу явуулчих, хүнээс асуугаад өгье гэж хэлсэн. ...Найздаа дугуйны зургийг үзүүлэхэд авахаар болж манай ажил дээр ирсэн. Би унадаг дугуйг нь хүүхдийн 100 орчмоос зүс таних ах Д.Б-оос очиж аваад буцаад ажил дээрээ ирээд авах хүнд 1,700,000 төгрөгөөр зарж мөнгөө миний данс руу хийсэн. Тэр мөнгийн буцаагаад Д.Б ахын өөрийнх нь данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлэг /1хх 23/,
- иргэний нэхэмжлэгч М.Ц-ын “...найз З манай ажил дээр гоё дугуй байна, авах уу гээд ярихаар нь ямар дугуй вэ гэхэд фейсбүүкээр зургийг нь явуулсан, “Giant XTC advanced” загварын дугуй байсан. Хаанаас очиж авах юм гэхэд Золжаргал надад энэ дугуйг манай хамт ажилладаг хүний ах нь зарж байгаа одоо ажил дээр аваад ирсэн байна, яаралтай мөнгө хэрэгтэй гэж байна, мөнгийг нь одоо шилжүүлээд авах уу гэсэн. Тэгэхээр нь 1,700,000 төгрөг шилжүүлээд дугуйг авсан” гэх мэдүүлэг /1хх-19-20/,
- гэрч Б.З-ын “...Найз Г нь ажил дээр ирэхдээ нэг унадаг дугуй аваад ирсэн байсан. Танд унадаг дугуй сонирхдог хүн байна уу гэхэд нь 2 найзаасаа асуухад найз Ц сонирхсон. Нөгөө залуугаас үнийг асуухад 1,700,000 гэсэн шиг санагдаж байна. Ц авахаар болсон” гэх мэдүүлэг /1хх-30/,
- хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн тайлан: унадаг дугуйны үнэлгээ 2.720.000 төгрөг /1хх-35-36/,
- шүүгдэгчийн”...Дугуйны кодыг мэддэг учир авсан... Г-р дамжуулан 1.700.000 төгрөг зарсан. ...” гэх мэдүүлэг /1хх-57/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдсон байна.
Шүүгдэгчийг тухайн нийлмэл гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжигдсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан байх бөгөөд эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттай, эргэлзээгүй байх шалгуурыг хангасан байх тул шүүгдэгчийн үйлдсэн ”завших болон хулгайлах” гэмт хэргийн субьектив болон объектив шинж хангагдсан гэж үзнэ.
Тухайлбал, шүүгдэгч нь хохирогч “Гал хувь” ХХК-д жолоочоор ажиллаж байхдаа өөрт нь хийж гүйцэтгэх ажил буюу албан үүргийнх хүрээнд болон гэрээ, хэлцлийн харилцааны дагуу эзэмших, ашиглах эрхтэйгээр итгэмжлэн хариуцуулж өгсөн эд хөрөнгө болох автомашины урд гупер, 4 ширхэг дугуй, 4 ширхэг обуд, мөн мицибуши Л200 маркийн 00-00 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг буцаан өгөхгүйгээр хууль бусаар өөрийн мэдэлд бүрмөсөн шилжүүлж, ашиглан шамшигдуулсан, мөн шүүгдэгч нь хохирогчийн унадаг дугуйг өөрт нь хариуцуулаагүй бөгөөд бусдын өмч болохыг мэдсээр байж “хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” байх тул шүүгдэгчид холбогдох нийлмэл хэргийн зүйлчлэл зөв болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг шүүгдэгчид шүүхийн өмнөх шат, шүүх хуралдаанд тухай бүр танилцуулж, тайлбарласан /1хх-56-57, 175-176, 245/, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар тухайн гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар маргаан, гомдол гаргаагүй байгааг дурдах нь зүйтэй.
3. Хохирол, хор уршиг:
Шүүгдэгч нь шүүхийн шийтгэх тогтоолд зааснаар “Гал хувь” ХХК /РД:0000000/ түүний хууль ёсны төлөөлөгч Ё.Б-д төлөх 39.636.907 төгрөгөөс 13.000.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч М.Цт төлөх 1.700.000 төгрөгийг бүрэн төлж, баримтыг тус шүүхэд гаргасан байна.
Хэрэгт цугларсан үйл баримтаас үзэхэд “автомашины 9 ширхэг дугуйны тухай асуудал” огт шалгагдаагүй, хохирогч байгууллага, түүний төлөөлөгчөөс мэдүүлэг, гомдол, мэдээлэл гаргаж байгаагүй байх тул шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцох боломжгүй, шүүх гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хамаарах хохирол, хор уршгийн асуудлыг шийдвэрлэх ёстой.
Анхан шатны шүүхийн шийдвэрт “уг машины 9 дугуйны үнэ нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй орхисугай” гэж заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч байгууллага нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээсэн гэж ойлгох тул хохирогчийн эрхийг хязгаарласан, эсхүл ойлгомжгүй утга агуулга илэрхийлээгүй байна.
Мөн хэргийн бүхий л үйл баримтаар “Дорнод аймгийн Халх гол сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нефт олборлодог компанийн талбайд түрээсээр явуулахын тулд квотын эрхтэй гэх Бийн нэр дээр Л200 маркийн 00-00 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг Д.Б шилжүүлсэн, түрээсээр явуулах боломжгүй болмогц нь Д.Б тухайн авмашиныг Г.С-д худалдаж, мөнгийг өөрт авч завшсан байх тул Г.С тухайн үед Д.Б-ийг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг зарж байгаа гэдгийг огт мэдэхгүй, мэдэх боломжгүй бөгөөд мэдэх ёсгүй байсан нь тогтоогдсон байх тул Г.С-ийг шударга өмчлөгч гэж үзэн иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар татаагүй байгааг буруутгах үндэслэл тогтоогдоогүй гэж үзнэ.
Иймд “шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Мицибуши Л200 маркийн 00-00 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах хязгаарлах прокурорын шийдвэрийг цуцалж, хохирогч талаас уг машины 9 дугуйны үнэ нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих тухай” заалтыг хүлээн зөвшөөрөхгүй, гэрч С.С-ийг иргэний нэхэмжлэгчээр оролцуулж, автомашиныг хууль ёсны эзэмшигч, гэмт хэргийн хохирогч Ц.Эд эзэмших эрхийг шилжүүлэх тухай хохирогчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Ө.Болормаагийн гомдлыг хүлээж авах үндэслэлгүй.
Харин шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нар харилцан тохиролцож, Г.С-ийн худалдан авсан мицибуши Л200 маркийн 00-00 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг хохирогчид шилжүүлэн хохирол барагдуулах эсэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид хандан шийдвэрлүүлэх боломжийг үгүйсгэхгүй болно.
4. Эрүүгийн хариуцлага, бусад асуудал
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг.
Тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ямар төрлийн ял шийтгэлийг оногдуулах эсэх нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаардаг.
Тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ямар төрлийн ял шийтгэлийг оногдуулах эсэх нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаардаг.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн тус хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулахдаа харгалзах үндэслэл, шалгуур, шаардлагын талаар бодитой дүгнэсэн байх ба тухайн оногдуулсан ялын төрөл, хэмжээ шүүгдэгчийн үйлдсэн тухайн нийлмэл гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Харин давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын зүгээс хохирогч “Гал хувь” ХХК-нд 13.000.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч М.Ц-т 1.700.000 төгрөгийг төлсөн, мөн шүүгдэгчийн эхнэр нь төрсөн буюу нярай хүүхдийнх нь төрсний гэрчилгээ зэрэг шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хөнгөрүүлэхтэй холбоотой баримтыг гаргаж өгсөн байх тул анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ялын хэмжээг багасган 6 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ.
Иймд шүүгдэгч Д.Б-д хорихоос өөр төрлийн ял оногдуулах тухай шүүгдэгч Д.Б-ийн өмгөөлөгч Ц.Туяагийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Б-ийн 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 75 /далан тав/ хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/768 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн :
2 дахь заалтын “...1 жил...” гэснийг ”...6 (зургаан) сарын хугацаагаар...” гэж, 3 дахь заалтын “...1 жил 90 хоногоор...” гэснийг “...9 сарын хугацаагаар...” гэж, 4 дэх заалтын “...1 жил 90 хоногийн...” гэснийг ”...9 (ес) сарын хугацаагаар...” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Давж заалдах журмаар гаргасан “шүүгдэгч Д.Б-д хорихоос өөр төрлийн ял оногдуулах” тухай шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Туяагийн гомдлыг, мөн “шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мицибуши Л 200 маркийн 00-00 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах хязгаарлах прокурорын шийдвэрийг цуцалж, хохирогч талаас уг машины 9 дугуйны үнэ нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих тухай” заалтыг хүлээн зөвшөөрөхгүй, гэрч С.С-ийг иргэний нэхэмжлэгчээр оролцуулж, автомашиныг хууль ёсны эзэмшигч, гэмт хэргийн хохирогч Ц.Э-д эзэмших эрхийг шилжүүлэх тухай хохирогчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Ө.Болормаагийн гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ийн цагдан хоригдсон 75 /далан тав/ хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.
4. Шүүгдэгч нь шүүхийн шийтгэх тогтоолд зааснаар хохирогч “Гал хувь” ХХК, түүний хууль ёсны төлөөлөгч Ё.Д Бид төлөх 39.636.907 төгрөгөөс 13.000.000 төгрөгийг, иргэний нэхэмжпэгч М.Ц-т төлөх 1.700.000 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдсугай.
5. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР