Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2023/ДШМ/25

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                

                                                                                   2023/ДШМ/25

 

 

        

Б.Н холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэцэнбилэг даргалж, шүүгч Т.Даваасүрэн, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

                        Прокурор:                                             А.Амарсанаа

              Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: О.Б /цахим /

              Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: О.Ц/ цахим/

               Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Б

               Шүүгдэгч: Б.Н

                        Нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/130 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Ц.Б нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Н холбогдох 2112000000353 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Монгол улсын иргэн, 0 оны 0 дүгээр сарын 06-ны өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Архангай аймгийн Х сумын Ө багийн Д хорооллын 00 тоотод оршин суух, урьд Архангай аймгийн сум дундын шүүхийн 1999 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 188 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1996 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20.000 төгрөгөөр торгох ялаар, Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2003 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, С овогт Б Н /РД:/,

 

Шүүгдэгч Б.Н нь согтуурсан үедээ Архангай аймгийн Х сумын Ө багийн нутаг дэвсгэр дэнж хороололд 2021 оны 11 дүгээр сарын 26-аас 27–нд шилжих шөнө 23-24 цагийн орчимд О.Д хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан баруун гуя орчимд нь хутгалж амь насыг хохироосон гэх гэмт хэрэг холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 Архангай аймгийн Прокурорын газраас Б.Н холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

  1.  Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/130 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч С овогт Б Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н оногдуулсан 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 563 /таван зуун жаран гурав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан 12 см хар өнгийн хуванцар бариултай 14.5 см урт ажлын хэсэгтэй 1 ширхэг хутга, энгэр хэсгээр урт цахилгаантай куртик 1 ширхэг, энгэр хэсгээр хар цагаан орсон дугуй захтай пудволк 1 ширхэг, хоёр хажуу талд ил 4 халаастай өмд 1 ширхэг, үдээстэй “Landrover” гэсэн бичиглэл бүхий богино түрийтэй шар өнгийн хос гутал 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон хар өнгийн өмд 1 ширхэг, саарал нарийн судалтай 1 ширхэг өмд, урт түрийтэй хар өнгийн хос гутал, цайвар цэнхэр өнгийн 1 ширхэг пудволк зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, улаан хүрэн өнгийн монгол дээл 1 ширхгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид  13.420.000 /арван гурван сая дөрвөн зуун арван долоон мянга нэг зуу/ төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлээс 2.682.900 /хоёр сая зургаан зуун наян хоёр мянга есөн зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг  нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээж, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдан. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Н авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Н гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/130 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргах нь: Б Г гэх айлаас гараад гэртээ очиж хонох гэсэн боловч хөгшин ээжээс айгаад Ц очиж хоноё гээд хаалгыг нь нүдэхэд гэрээс Д гарч ирээд өөрийнхөө машиныг тойронгоо дээр нь байсан цэнхэр сав алга болсон байна гэж уурлаад намайг хашааны булан руу дагуулж яваад хашааны буланд байсан дугуйн дээгүүр цохиж унагаад өшиглөж нүдэж эхэлсэн. Би хэсэг ухаан алдсан байсан. Намайг чирээд нүдээд байсан. Би болиоч хөгшөөн гэтэл намайг хутгалах гээд  хутга гаргаж ирээд далайсан эхний удаад гараараа хаасан. Хуруу зүсэгдэж байсан. Мөн миний өмсөж явсан куртик рүү 2-3 удаа хутгалах шиг болсон. Би хөгшөөн болиоч гээд хутгатай гараас нь барьж автал Д доош нь дугтрахад ёооё гээд унасан. Яасан гэтэл хутга орчихлоо гэж хэлсэн. Тэгээд би тусламж дуудах гээд байж байтал машины гэрэл хойноос гараад урдаас нь тосох гээд явтал нөгөө талаар тойроод Ц гэдэг айлын гадаа зогссон. Би буцаж машин дээр ирээд машинтай хүн дээр иртэл Б байсан. Би Б тусламж гуйгаад Д хөлдөө хутгалуулсан байна та эмнэлэг хүргээд өгөөч гэж гуйсан. Б чадахгүй ээ гэсэн тэгэхээр нь би дахиад гуйсан чинь чадахгүй наа Д пизда  чинь гай болно гэсэн. Тэгэхээр нь би аргаа бараад би хутгалсан юм та хүргээд өгөөч гэсэн чинь би архи ууцан байна чадахгүй гээд яваад өгсөн. Харин би Д эмнэлгийн тусламж үзүүлэх гэж тэгж хэлсэн нь үнэн юм аа. Тэрнээс би Дг хугалаагүй. Мөн хутга Д байсан нь үнэн юм. Би Д хутгалаагүй. Иймд хэргийг дахин хянаж өгнө үү...гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06-р сарын 14 ний өдрийн 2023\ШЦТ\130 дугаартай шийтгэх тогтоолыг 2023 оны 06 дүгээр сарын 29 өдөр хүлээн аваад эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргах нь.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй төдийгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг тухайлбал гэрчийн зарим мэдүүлгүүдийг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан байна.

Шүүгдэгч Б.Н нь согтуурсан үедээ А аймгийн Х сумын Ө багийн нутаг дэвсгэр дэнж хороололд 2021 оны 11 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө 23-24 цагийн орчимд О.Д хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан баруун гуя орчимд хутгалж амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогдсон юм.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нүдээр хараагүй, чихээр сонссон дамжмал нотлох баримт болох гэрч Ө.Б, Ц.Б нарын өгсөн мэдүүлэгт үндэслэн Б.Н хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Хавтаст хэрэгт өөр ямар ч гэрч Н амь хохирогч О.Дхутгалсан гэж мэдүүлдэггүй юм.

Гэрч Ө.Б Ц.Б нарын мэдүүлэгт дурдсан мэдээллийн эх сурвалж нь дамжмал нотлох баримт болохыг анхаарч бусад нотлох баримттай харьцуулах, эх сурвалжийг магадлах, боломжтой бол шинэ нотлох баримт цуглуулах байдлаар шалгаж тал бүрээс нь бүрэн бодитойгоор нь хянасны үндсэн дээр хэргийн үйл баримтыг бодитой тогтоох шаардлагатай байсан юм.

Харин гэмт хэрэг гарсны дараа Б.Н нь хамгийн түрүүлж ирсэн гэрч Ц.Б, Ө.Б, хэсгийн төлөөлөгч Д.Ц нарт амь хохирогч О.Д нь эхэлж өөрийг нь хэрхэн цохиж зодож, чирч унагааж өшиглөж газар мөргүүлж унагаасан, би ухаан алдаж унасан, О.Д нь хутга гаргаж ирж 2-оос 3-н удаа хутгалах гэж дайрч өөрөө өөрийгөө хэрхэн хамгаалж байсан талаар ярьж байсан төдийгүй

О.Д хутгалаагүй талаар хэсгийн төлөөлөгч Д.Ц Архангай аймгийн Хайрхан сумын Цагдаагийн тасгийн ажлын өрөөнд хэлж байсан байна. Гэрч болох Ц.Б, Ө.Б нар нь амь хохирогч О.Д шүүгдэгч Б.Н зодож биед нь гэмтэл учруулсан, чирч унагааж өшиглөж газар мөргүүлж, ухаан алдаж унагаасан талаар хэлж мэдүүлсээр байтал энэ мэдүүлгүүдийг анхаарч үзэлгүй орхигдуулсан нь анхан шатны шүүх дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан төдийгүй дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг шийтгэх тогтоолдоо заагаагүй байна. 2022 оны 05 дугаар сарын 03 өдрийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан дээр Ч.Ц болон түүний эхнэр Л.Н нар гэрчийн мэдүүлэг өгөхдөө "Наранбаатар Дэмбээ хоёр жаахан маргах гээд байсан... Д, Н, М нар цуг гарсан \хх- 207-р тал\... хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Ц "хэдэн цагийн үед маргасан бэ? гэж асуухад гэрч Ч.Ц “өдөр байсан” \хх-208-р тал \ мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б би гэрч Л.Н “Танай нөхөр Д, Н 2 маргалдаад байхаар нь би хөөгөөд гаргачихлаа гэж хэлсэн гэдэг, энэ хэдэн цагийн үед вэ? гэхэд гэрч Н "орой байсан, харанхуй болоогүй байсан “ гэж \хх- 209-р тал\ хариулж байжээ.

          Иймд тухайн гэмт хэрэг гардаг өдөр гэгээтэй байхад Н Д хоёр Ч.Ц гэрт маргалдсан юм бол түүнээс хойш амь хохирогч Д хаана, хэнтэй байж байгаад, хэдэн цагийн орчим Ч.Ц хэнтэй ирсэн. Ц хэн хэний хамт байсан, Н хэдийд орж ирсэн талаар гэрч нараас тодруулан асуух шаардлагатай байсан юм. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд, гэмт хэрэг гарахаас өмнөх цаг хугацаанд шүүгдэгч Б.Н нь биедээ ямар нэгэн гэмтэл шарх сорвигүй, өмсөж явсан хувцас нь хутгалагдаагүй бүрэн бүтэн байсан талаар тогтоогдсон байна. Харин гэмт хэрэг гарсны дараа Б.Н биед баруун гуяны ар дээд хэсэгт цус хуралт, жижиг зулгаралт, өнгөц шарх, баруун хацрын төвгөр хэсэг дээд уруулын баруун хэсэгт зулгаралт, түүний өмсөж явсан хар өнгийн хүрмэнд хутгалагдсан 4-н удаагийн гэмтэл тогтоогджээ. Энэ гэмтлүүдийг амь хохирогч Д нь “хүнд” зэргийн гэмтлийг авсны дараа Н учруулах боломжгүй тул яллагдагч, шүүгдэгч Б.Н удаа дараа өгч байсан “Д намайг цохиод унагаасан, тэгээд би яагаад байгаа юм бэ гэсэн чинь одоо чамайг шаана ална гээд байсан. Би босоод гараас нь бариад автал гар зүсэгдсэн“ гэсэн мэдүүлэг үнэн зөв байх тул шүүгдэгч Б.Н нь өөрийн амь нас эрүүл мэндийн эсрэг хууль бус тулгарсан довтолгооны эсрэг хийсэн үйлдэл төдийгүй хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд Б.Н нь амь хохирогч Дн амь насыг хохироогоогүй түүний улмаас амь хохирогч нас бараагүй. Б.Н үйлдэл амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байхгүй. Б.Н нь "Хүнийг алах” гэмт хэрэг үйлдээгүй гэмт хэргийн шинж байхгүй байна. Мөн амь хохирогч О.Д биед учирсан гэмтлийг өөрөө ч учруулсан байхыг үгүйсгэхгүй талаар 2021 оны 12 дугаар сарын 28 өдрийн шинжээчээс авсан тэмдэглэл болон 2022 оны 09 дүгээр сарын 10 өдрийн шинжээчээс авсан тэмдэглэлд тусгагдсан байгаа нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн Б.Н “миний куртик урагдаад гар зүсэгдсэн, би гарын нь барьж авсан гараа дугтарч татсан тэгсэн чинь орчихлоо пизда гэж хэлээд байсан” гэсэн мэдүүлгүүдийг нотолж байна. Хэрэв шүүгдэгч Б.Н амь хохирогч О.Д нь эхэлж зодож, цохиж унагааж, өшиглөж, ухаан алдуулж газраар чирч, өмсөж явсан куртикэнд нь 4 удаа хутгалах үйлдэл хийсэн бол гэмт халдлага нэгэнт эхэлсэн, аюул занал бодитой болж байгаа нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1,13 дахь хэсгүүдэд заасан Б.Н амьд явах, халдашгүй байх эрхээ эдлэх, өөрт нь халдсан довтолгоог няцаах, түүнээс хамгаалах эрх үүсэх нь ойлгомжтой юм. Иймд Б.Н холбогдох эрүүгийн хэргийг дахин хянан үзэж зохих ёсны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны үеэр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийтгэх тогтоол гарсан ба уг шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй. Учир нь Б.Н үйлдсэн гэмт хэрэг нь өмгөөлөгч болон шүүгдэгчийн өөрийн хэлж байгаа шиг аргагүй хамгаалалт, санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсаны улмаас үүссэн гэмт хэрэг биш. Шүүгдэгч Б.Н нь амь хохирогчтой хувийн таарамжгүй харилцаатай байсан үүнийхээ улмаас уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж байгаа. Мөн өмнө нь хутгалах гэж оролдож байсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа. Хэрэг болдог өдөр Ч.Ц гэрт  маргаан үүсэж хохирогч болон шүүгдэгч хоёрын дунд хувийн таарамжгүй харилцаа үүссэн байсан. Харин орой нь хохирогч, шүүгдэгч хоёр маргалдсан маргаан үүсэж ноцолдсоноор хохирогчийн биед мэс орж хохирогч амь эрсэдсэн. Үүнээс үзэхэд энэ гэмт хэрэг бол хувийн таарамжгүй харилцааны улмаас болж үүссэн гэмт хэрэг болох нь тогтоогдож байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд бол хэн нэгнийг ямар нэг байдлаар эрүүдэн шүүсэн зүйл байхгүй, хууль сануулж гэрчүүдээс мэдүүлэг авсан. Гэрчүүдийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтүүд нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэйгээр авагдсан баримтууд мөн юм. Дээрх нотлох баримтуудад анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж шүүгдэгч Б.Н гэм буруутайд тооцсон. Ийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч О.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах гомдолд бичигдсэн зүйлс бол эхнээсээ авхуулаад дуустлаа бүгд энэ хэргийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч байсан Б.Н үгээр бичсэн, Б.Н үгэнд хөтлөгдөж дүгнэлт гаргаж бичсэн нөхцөл байдал байгааг эрхэм хүндэт шүүгч нар та бүхэн анхааралдаа авч үзнэ үү. Өөрөөр хэлбэл Ц.Б өмгөөлөгч хавтаст хэрэгт ямар ч гэрч Б.Н амь хохирогчийг хутгалсан гэж мэдүүлдэггүй гэж  бичсэн байсан. Үүгээр юуг хэлэх гээд байна вэ гэхээр Б.Н О.Д хутгалж байхыг хэн ч хараагүй юм чинь энэ хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэсэн утга санаа бүхий хууль бус зүйлийг яриад байна. Гэтэл Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлд мэдүүлэг гэх зүйлийг хуульчилж өгсөн. 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтад тооцох боловч  уг мэдүүлэг нь дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй гэж заасан. Өөрөөр хэлбэл тухайн хэргийн холбогдогчийн өгөөд байгаа мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй шүү гэдгийг л хуульчлаад өгчихсөн байна. Хэргийн холбогдогч Б.Н нь 2021 оны 11 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө О.Д над руу дайрсан, би биеэ хамгаалсан гэсэн зүйлийг л хэлдэг. Гэтэл түүний өмгөөлөгч нь энэ мэдүүлгийг дамжмал нотлох баримт гэж нэрлээд, харин өөрийнхөө хүний яриад байгаа худлаа мэдүүлгийг үнэн зөв нотлох баримт гэж бичсэн байна. Үүнийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайлбал Б.Н нь хэргийн газарт хамгийн түрүүнд ирсэн гэрч Ц.Б, Ө.Б, хэсгийн төлөөлөгч Д.Ц нарт О.Д нь өөрийг нь хэрхэн цохиж зодсон талаар, мөн О.Д хутгалаагүй талаараа цагдаагийн газарт хэлсэн гэж гомдолдоо бичсэн байсан. Энэ бол өмнө нь хэлсэнчлэн Б.Н худал мэдүүлэг. Хэрэг болсон дараа Б.Н Ц.Б, Ө.Б нарт би хатгачихсан, өмнө нь бас хатгаж байсан юм аа, гай болох гээд байна гэсэн зүйлийг ярьсан. Яагаад энэ зүйлийг тэр хүмүүст Б.Н ярьсан бэ гэдэг шалтгаан нөхцөлийг аваад үзвэл, шалтгаан нь энэ үгийг Б.Н гэрч нарт хэлж байх үед хохирогч амьд байсан. Ийм учраас Б.Н үнэнээ хэлэхээс өөр сонголт байгаагүй. Хэрвээ шүүх дээр яриад байгаа шигээ зүйлийг хэргийн газарт хохирогчийн дэргэд ярьсан бол хохирогч чи битгий худлаа яриад бай гээд хэлчих байсан учраас тэр үед үнэнээ хэлсэн. Харин маргааш нь цагдаагийн байранд байхдаа хохирогчийн амь нас хохирсон гэдгийг ямар нэг байдлаар сонссон байх. Амь хохирогчийг нас барсныг сонссон цагаасаа эхлээд цагдаагийн байгууллага, прокурорын байгууллагад удаа дараа худал мэдүүлэг өгч эхэлсэн. Үүнийг та бүхэн харгалзан үзнэ үү. Гэрч Ц.Б, Ө.Б нар Б.Н хохирогч О.Д өшиглөж, зодсон талаар мэдүүлсэн, гэтэл энэ мэдүүлгийг анхан шатны шүүх хүлээж аваагүй гэх зүйлийг гомдолдоо бичсэн байсан. Энэ бол мөн л Б.Н худал мэдүүлэгт үндэслэн гаргаад байгаа худал дүгнэлт юм. Мөн гэрч Ч.Ц, түүний эхнэр н.Н нарын мэдүүлгийг зөрүүтэй байдаг гэж удаа дараа Ц.Б өмгөөлөгч гомдол гаргасан, гэтэл гэрч нар болон тухайн өдөр амь хохирогчтой хамт архи ууж байсан бүх этгээдүүд бүгд архи ууж согтуурсан биеэ авч явах чадваргүй байсан. Мөн харанхуй шөнө буюу хэрэг болох цаг мөчид гэртээ харих нь гэртээ хариад, Ч.Ц унтах нь унтаж байсан. Ийм учраас дахин гэрч нараас мэдүүлэг авах ямар ч шаардлага байхгүй гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл гэрч нар Б.Н, О.Д хоёрыг хэн нь хэнийгээ хутгалсныг мэдэхгүй. Мөн Б.Н хэдэн цагт Ч.Ц хэдэн цагт орсон эсэхийг тогтоох шаардлагатай байсан гэж шүүгдэгчийн өмгөөлөгч хэлээд байдаг. Миний хувьд тухайн үед гэрч нар бүгд унтаж байсан учраас Б.Н хэдэн цагт гэрт орж ирсэн, хэдэн цагт О.Д гэрээс гарсныг мэдэхгүй. Ийм учраас энэ асуудлыг гэрч нараас тодруулах шаардлагагүй гэж үзэж байна. Ц.Б өмгөөлөгч гомдолдоо гэмт хэрэг гарахаас өмнө Б.Н биед гэмтэл шарх сорвигүй байсан, хэрэг гарсны дараа Б.Н бие ийм гэмтэл учирсан гэж бичсэн байсан. Миний хувьд энэ асуудал дээр анхан шатны шүүх хурал дээр тайлбарыг хэлдэг байсан. Энэ бүх гэмтлийг бол Б.Н өөрөө өөртөө учруулсан. Яагаад өөрөө өөртөө учруулсан бэ гэхээр гэрч Ц.Б амь хохирогч дээр ирэхэд амь хохирогч уйлаад эмнэлгийн тусламж дуудаад өгөөч гээд уйлж байсан. Тэгээд гэрч Ц.Б гэртээ очоод эхнэртээ хэлээд буцаад ирсэн байдаг. Ингээд гэрч буцаад хэргийн газар ирэх хооронд хангалттай 10 гаран минут болсон байдаг. Энэ хугацаанд Б.Н өөртөө гэмтэл учруулсан гэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа. Мөн Б.Н О.Д зодсон, хутгалах гэж оролдсон үйл явдлыг нотлох гэрч огт байхгүй. Цагдаагийн байгууллага ч энэ үйл баримтыг харсан гэрчийг олж тогтоох гэж шалгасан боловч тийм гэрч байхгүй байсан учир олж тогтоож чадаагүй. Мөн Б.Н нь хохирогчид хандаж чи үхвэл би 12 жилийн ял авна, чи амьд үлдвэл би 3 жилийн ял авна гэж хэлсэн байдаг. Ц.Б өмгөөлөгч гомдолдоо амь хохирогчийн биед учирсан гэмтлийг амь хохирогч өөрөө ч учруулсан байхыг үгүйсгэхгүй гэж шинжээч мэдүүлсэн гэсэн утга бүхий зүйлийг бичсэн байсан. Шинжээч мэдүүлэгтээ амь хохирогч өөрийгөө хутгалсан гэсэн дүгнэлтийг огт гаргаагүй. Харин ноцолдож байх үедээ хүн баруун зүүн аль ч гараараа тухайн гэмтлийг өөртөө учруулах боломжтой л гэж мэдүүлсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгч нотлох баримтыг өөрт хамааралтай хэсгийг шалгаж үзэх ёстой гэсэн Дээд шүүхийн тайлбарыг яриад байна. Энэ хэргийн нотлох баримтуудын тухайд гэрч Ц.Б, Ө.Б нарын мэдүүлэг аль аль нь хэрэгт хамааралтай нотлох баримтууд. Учир нь Б.Н нь амь хохирогчийг хутгалсан гэдгээ дээрх хоёр гэрчид хэлсэн төдийгүй хэсгийн төлөөлөгч Д.Ц утсаар ярихдаа хутга хэнд байгаа юм бэ? гэж асуухад хутга надад байгаа, би О.Дг хутгалсан юм аа гээд бүх хэргийн талаар болсон явдлаа үнэн зөвөөр ярьдаг. Ийм учраас зөвхөн хэргийн холбогдогч этгээдийн өгч байгаа хуурамч мэдүүлгийг үндэслэн шүүх энэ хэргийг хэрэгсэхгүй болгох ямар ч боломжгүй. Бусад нотлох баримтуудыг шүүх шинжлэн судалж, хооронд нь харьцуулан үзэж эцсийн дүгнэлтээ гаргах ёстой. Хэрэв Ц.Б өмгөөлөгчийн бичээд байгаа зүйл шиг гэмт хэрэг болсон үйл явдлыг үзэж харсан хүн байвал тэр үзэж харсан хүний мэдүүлгээр тухайн этгээдэд ял оноох ёстой. Хэрэв тухайн нэг нь нөгөөгөө хутгалж байгаа хэргийг хэн нэгэн хараагүй бол энэ хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой гэсэн ийм утга учиргүй зүйлийг ярьж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үйлдэл болно. Анхан шатны шүүх хэргийг үнэн зөв, хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн. Ийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/130 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

           Шүүгдэгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэг болдог өдөр Ч.Ц гэх айлд архи ууж байгаад н.М ахтай хамт гараад явсан. Тэгээд бид хоёр архи аваад Г гэх айлд очоод архиа уусан. Тэгээд Г араас нэлээн орой гарч ирсэн. Гарч ирээд н.М ах гэр рүүгээ явлаа гэхээр нь би ээжээс айгаад байна Ч.Ц ахынд ороод хоночихъё та гэртээ хариарай гэж хэлээд бид хоёр салаад явсан. Тэгээд Ч.Ц ахынд очиход үүдний хаалга нь онгорхой байсан. Ороод гэрийнх нь хаалгыг тогшиход дотроос хүн хэн бэ гэж дугарсан. Би Н байна гэхэд урдаас Д гарч ирээд намайг гаръя гээд бид хоёр хашааны гадаа гарсан. О.Д өөрийнхөө машиныг тойронгоо дээр нь байсан цэнхэр сав алга болсон байна гэж уурлаад намайг хашааны булан руу дагуулж яваад хашааны буланд байсан дугуйн дээгүүр цохиж унагаад өшиглөж нүдэж эхэлсэн. Тэгээд би босож ирээд яагаад байгаа юм бэ гэхэд одоо чамайг ална гээд дайрсан, гарыг нь бариад авах гэтэл миний эрхийн хуруу хутганд зүсэгдсэн. Тэгээд миний нүд рүү шороо ороод нэг гараагаа О.Д гарыг бариад нөгөө гараараа нүдээ нухаж байсан чинь Д доош нь дугтрахад ёооё гээд унасан. Яасан гэтэл хутга орчихлоо гэж хэлсэн. Тэгээд яаж байна гээд асуусан чинь гайгүй гэж хэлсэн. Тэгээд би тусламж дуудах гээд байж байтал машины гэрэл хойноос гараад урдаас нь тосох гээд явтал нөгөө талаар тойроод Ц гэдэг айлын гадаа зогссон. Би буцаж машин дээр ирээд машинтай хүн дээр иртэл Б байсан. Би Б тусламж гуйгаад Д хөлдөө хутгалуулсан байна та эмнэлэг хүргээд өгөөч гэж гуйхад Баярсайхан чадахгүй ээ гэсэн. Тэгэхээр нь би дахиад гуйсан чинь чадахгүй наа Д пизда  чинь гай болно гэсэн. Тэгэхээр нь би аргаа бараад би хутгалсан юм та хүргээд өгөөч гэсэн чинь чадахгүй ээ би архи уусан байна гээд явчихсан. Тэгээд цагдаагийн байгууллага руу залгаж дуудлага өгсөн, цагдааг хүрээд ирэхээр нь газар унасан байсан хутгыг нь би аваад халаасандаа хийсэн. Сумын хэсгийн төлөөлөгч ирээд яасан бэ, юу болсон гэж О.Д асуухад Д зүгээр ээ юу ч болоогүй гэж хэлсэн. Тэгээд О.Д эмнэлэгт хүргэж өгөөд намайг цагдаагийн байр руу авч явсан гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний бие шүүхэд гаргасан гомдолдоо тодорхой дурдсан байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дахь хэсэгт заасан хэргийн бодит байдлыг тогтоох, мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгах, хэргийг нэг бүрчлэн хянаж үзсэний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй гэсэн энэ үүрэг хангалттай биелэгдээгүй нөхцөл байдал энэ хэрэг дээр харагддаг. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг гарсан байдал дээр хэрхэн гэмт хэрэг гарсан, яаж үлдэгдсэн талаар бүрэн тодорхой нотлох баримт байхгүй, дамжмал нотлох баримт буюу хоёр гэрчийн мэдүүлэг дээр үндэслэж хэргийг шийдвэрлэсэн байдаг. Хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөөд байгаа гэрч нарын мэдүүлэг хоорондоо зөрүүтэй байдаг. Прокурорын яллах дүгнэлтийг уншихаар Б.Н амь хохирогч хоёр маргалдаж байгаад гэрээс хамт гараад хутгалчихсан юм шиг байдлаар бичигдсэн байсан. Ийм утга бүхий мэдүүлгийг гэрч Ч.Ц, Л.Н, н.Д нар өгсөн байдаг. Гэтэл гэрч нарын мэдүүлээд байгаа цаг үе үйл явдал бол өдрийн цагаар болсон үйл явдал, харин гэмт үйлдэл гарсан цаг үе бол шөнө 12 цагаас 1 цагийн хооронд байсан. Тэгэхээр бид гэрч нарын мэдүүлгийг дахин авч үзэж үнэн зөв шийдвэрлэхгүй бол болохгүй нөхцөл байдал үүсэж байгаа. Хоёрдугаарт гэрч Ө.Б, Ц.Б нар бол Б.Н амь хохирогчийг хутгалаад байгаа үйл явцыг харсан хоёр гэрч биш. Энэ хоёр хүний мэдүүлэг юунаас улбаатай вэ гэхээр Б.Н мэдүүлгээс улбаатай. Б.Н Ц.Б тусламж гуйхдаа “Би хутгалсан гэж хэлсэн” мөн Ө.Б “Хутга надад байгаа” гэж хэлсэн байдаг. Ц.Б, Ө.Б хоёртой хамт хэсгийн төлөөлөгч Д.Ц ирсэн байсан. Ирээд Б.Н хутгыг нь хурааж аваад Б.Н Хайрхан сумын Цагдаагийн хэсэгт аваачиж саатуулсан. Б.Н саатуулагдаж байх үедээ Д.Ц төлөөлөгчид өөрийг нь цохиж зодоод хутгалах гээд дайрахаар нь би гарыг нь барихад гараа авах гэж байгаад өөрийгөө хутгалсан талаар бүгдийг хэлсэн байдаг. Энэ талаар хэсгийн төлөөлөгч Д.Ц тодруулж өгнө үү гэж миний бие аймгийн Цагдаагийн байгууллага болон Прокурорын байгууллагад хүсэлтүүдийг удаа дараа гаргаж байсан боловч хүсэлтүүдийг хангаж шийдвэрлээгүй. Өөрөөр хэлбэл Б.Н хамгийн анх хэргийн болсон процессын талаар хэлсэн хүн бол хэсгийн төлөөлөгч Д.Ц байдаг. Гэтэл Д.Ц асуугаагүй. Б.Н би хутгалаагүй гэж хэлж байгааг нотлох баримтууд хэрэгт цугларсан байгаа гэж үзэж байна. Учир нь Ө.Б, Ц.Б хоёр зөвхөн Б.Н хэлсэн үгийг л хэлсэн төдийгүй Б.Н О.Д хэрхэн яаж зодуулсан талаар хэлж байсан үүнийг мөн хэлдэг.  Үүнээс харахад хоёр адилхан дамжмал нотлох баримт байхад зөвхөн би хутгалсан гэсэн үгийг нь авч үзчихээд намайг зодсон гэдэг үгийг нь нотлох баримтын хэмжээнд авч үзэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Мөн анхан шатны шүүх Ө.Б, Ц.Б нарыг “Б.Н О.Д зодуулсан талаараа хэлсэн” гэх мэдүүлгийг үгүйсгэсэн үндэслэлээ шийтгэх тогтоолдоо дурдах ёстой байсан ч үүнийг дурдаагүй. Тэгэхээр уг мэдүүлэг хүчин төгөлдөр мэдүүлэг хэвээрээ л байгаа гэсэн үг. Хохирогчийн гэмт халдлага байсан эсэхийг тодруулахгүй дутуу орхисон. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байна. Гуравдугаарт Б.Н өмсөж явсан куртик хутгалагдсан байдал уг куртикийг эд мөрийн баримтаар хурааж аваад, шинжилгээ хийлгээд, дүгнэлт гарчихсан байгаа. Гэтэл яагаад тэр куртикийг хэрэг хянан шийдвэрлэх ач холбогдолтой гэж авч үзэхгүй байгаа юм бэ, тухайн куртикийг нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж нотлох баримтаас хассан анхан шатны шүүхийн шийдвэр байхгүй. Тухайн куртикийг Б.Н өмсөөд Г гэх айлаас гараад Ч.Ц очиход бүрэн бүтэн байсан гэдгийг гэрч нар мэдүүлдэг. Хэрэг явдал болсны дараа Б.Наранбаатарыг цагдаагийн саатуулах байранд хориод шууд хувцсыг нь тайлаад эд мөрийн баримтаар хурааж авсан байдаг. Үйл явдал болсны дараа куртикээ урж, хутгалах ямар ч боломж байхгүй байсан. Энэ куртикийг шүүх зүгээр л орхигдуулчихсан. Дөрөвдүгээрт хохирогч О.Д өөрийгөө хутгалах боломжтой эсэх асуудал дээр тайлбар хийе. Б.Н, О.Д хоёр багийн найзууд. Хоорондоо зүгээр үедээ хамт архи уугаад, архидаад зүгээр явдаг, муудалцсан үедээ хоорондоо зодолдож ноцолддог. Бие биеэ нэг нэг удаа хутгалж байсан. Биеийн хувьд хохирогч О.Д шүүгдэгч Б.Н бодвол хамгаагүй өндөр, 10 удаа барилдахад 10 удаа хохирогч давдаг. Энэ талаар ч мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч манай дүү бие хаа сайтай, Б.Н зодуулахаар хүн биш гэж анхан шатны шүүх хуралдаанд хэлж байсан. Үүгээр би юуг хэлэх гээд байна вэ гэхээр бие хааны хувьд биерхүү том хүн дагуулж яваад цохиж унгаагаад цохисон гэж хэлж байгаа Б.Н мэдүүлэг бол үндэслэл бүхий мэдүүлэг гэж үзэж байна. Хутгалагдсан асуудлыг аваад үзэхээр О.Д өөрийгөө хутгалах бүрэн боломжтой гэх асуудал гарч ирдэг. Хохирогчийг баруун гараараа юм хийдэг, зүүн гараагаа юм хийдэг гэх асуудал яригддаг. Энэ асуудлыг тодруулахын тулд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Хохирогчтой хамт ажил төрөл хийдэг хүмүүс хохирогчийг ямар нэг зүйл хийхдээ ихэвчлэн баруун гараараа хийдэг, хааяа зүүн гараараа хийдэг гэж мэдүүлдэг. Шинжээчээс мэдүүлэг авахад баруун гараараа хутга барьж байсан ч өөрийгөө хутгалах боломжтой, зүүн гараараа хутга барьж байсан ч өөрийгөө хутгалах боломжтой гээд шинжээчийн дүгнэлт гарчихсан. Гэтэл түүнийг шүүх харгалзан үзээгүй. Шинжээчийн мэдүүлгийг үгүйсгэсэн үндэслэлээ шийтгэх тогтоолдоо тусгаагүй. Хутга далайж байгаа үйл явдлыг Б.Н хэлэхдээ над руу хохирогч хутга далайсан би зүүн гараараа хаасан, нүдэнд шороо орсон байсан учраас баруун гараараа нүдээ нухаж байсан, хохирогч гараа суллах гээд угзраад доош татсан тэгээд гуя хэсэгтээ хутгалсан  гэж мэдүүлдэг. Тэгэхээр үүнээс үзэхэд хохирогч өөрийгөө хутгалсан нөхцөл байдал харагдаж байгаа. Тавдугаарт хутга хаана байсан бэ гэдэг асуудал яригдах ёстой. Хэрэг болдог өдөр Ч.Ц гэх айлд бүгд байсан, Ч.Ц архидалт болсон, тэр үед мөнгө алга болоод хүмүүс хоорондоо маргалдаж байсан, маргалдах үед амь хохирогчийн дээл урагдсан нөхцөл байдал байсан. Өдөр Ч.Ц маргаан болсны дараа Б.Н н.М нар гарч явсан, амь хохирогч Ч.Ц үлдсэн. Б.Н, н.М хоёр хамт өдөржингөө явж байгаад шөнө хоёр тийшээ салаад явдаг. Б.Н өдөр Ч.Ц гараад явсны дараа Ч.Ц идшээ идсэн байсан учир мах чанасан, чанасан махаа гаргасан төмпөн дотор амь хохирогчийг хутгалсан хутга байсан. Үүнээс харахаар Б.Н хутгыг авч гараагүй болох нь тогтоогдож байгаа юм. Б.Н н.М хамт шөнө баадгаа Г гэх айлаас гарч ирээд гэртээ харих гэхээр ээжээсээ айгаад байсан болохоор хариагүй, н.М харин гэр рүүгээ явсан. Б.Н н.М салаад Ч.Ц очсон. Ч.Ц очоод хашааны үүд нь онгорхой байсан учир шууд ороод гэрт нь орох гэтэл гэрийнх нь хаалга түгжээтэй байсан. Хаалгыг нь нүдэхэд амь хохирогч гэр дотроос хэн бэ гэхээр Б.Н нэрээ хэлэхэд амь хохирогч урдаас нь гарч ирсэн, тэгээд энэ хоёр хамт хашааны гадагшаа гарсан байдаг. Үүнээс харахад Б.Н гэрт нь орсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Гэрт нь ороогүй хүн гэрт байгаа хутгыг авч гарч ирнэ гэж байх уу үүнийг мөн харгалзан үзэх ёстой байсан. Гэрт байсан хутгыг гэрээс гарч ирсэн хүн л авч гарч ирэх боломжтой. Тэгэхээр  хутгыг авсан хүн бол амь хохирогч О.Д болж таарна. Ийм нөхцөл байдлуудыг хангалттай нотолж тогтоох ёстой байсан ч нотолж тогтоохгүйгээр миний үйлчлүүлэгчийг ялласан. Хэрэв үнэхээр Б.Н О.Д хутгалсан нь үнэн гэж үзвээс яагаад хутгалсан бэ гэх асуудал яригдах ёстой. Шүүгдэгч Б.Н амь хохирогч О.Д нь эхэлж зодож. цохиж унагааж, өшиглөж, ухаан алдуулж газраар чирч, өмсөж явсан куртикэнд нь 4 удаа хутгалах үйлдэл хийсэн. Хэрвээ Б.Н амь хохирогчийг хутгалсан юм бол гэмт хэргийн зүйлчлэлийн хувьд өөр зүйл ангиар зүйлчлэгдэх ёстой байсан. Өөрөөр хэлбэл довтолгоо нь бодитой байгаа нөхцөл байдалд өөрийн амь нас, эрүүл мэндэд  аюул учраад байвал аргагүй хамгаалалтын нөхцөл байдал үүсээд байгаа юм, эсхүл сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан нөхцөл байдал үүссэн байхыг ч үгүйсгэхгүй. Хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой шинжлэн судалсны дараа хэргийг шийдвэрлэх ёстой байсан. Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 24 тоот тогтоолд хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгах асуудлыг тодорхой заагаад өгчихсөн. Өөрөөр хэлбэл нотлох баримтыг тал бүрээс нь бүгдийг шалгах ёстой гэж заасан. Гэтэл шүүх нотлох баримтуудыг үгүйсгээд байгаа үндэслэлээ шийтгэх тогтоолдоо тодорхой зааж өгөөгүй. Ийм учраас анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв оновчтой хэрэглэж чадаагүй байна гэж үзэж байгаа. Иймд Б.Н холбогдох эрүүгийн хэргийг дахин хянан үзэж зохих ёсны дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.  

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б, шүүгдэгч Б.Н нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

  Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгасан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна.

   Шүүгдэгч Б.Н нь согтуурсан үедээ Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр багийн нутаг дэвсгэр дэнж хороололд 2021 оны 11 дүгээр сарын 26-аас 27–нд шилжих шөнө 23-24 цагийн орчимд О.Д хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан баруун гуя орчимд нь хутгалж амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь... хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б өгсөн...би юу болсон талаар асууж тодруулахад 2021 оны 11 дүгээр сарын 26-ны орой Хайрхан сумын төвд Дэнж хороолол Б Д гэх айлд согтуу унтаж байхад нь Н согтуу орж ирээд дагуулаад гараад явсан гэж хэлсэн. Хэрүүл маргаан хийсэн талаар нь мэдэхгүй байна. Хөл болон толгойд гэмтэл авсан талаар би мэдэхгүй байна. Урьд өмнө Н маргалдаад хутгалуулж байсан гэж сонсож байсан...гэх мэдүүлэг, гэрч Ч.Д өгсөн...орой 00 цагийн үед гэртээ ирээд амарч байтал 00 цаг 58 минутад эрүүл мэндийн төвөөс дуудлага ирсэн. Тухайн дуудлага нь Эрүүл мэндийн төв дээр хутгалуулсан хүн ирлээ гэсэн, тэгээд би дуудлагын дагуу эмнэлэг дээр ирэхэд хүлээн авах орон дээр 41 насны эрэгтэй хүн бүсэлхийнээс доош нилэнхийдээ цус болсон байдалтай байсан. Би даралт пүлс үзэхэд хэмжигдэхгүй уруулны салт, нүүр цайсан байдалтай ямар нэгэн амьсгалгүй болсон уруул нь хөдлөх шиг л болсон өөр ямар нэгэн үйлдэл хөдөлгөөн байхгүй байсан. Тэгээд би зүрх судасны үйл ажиллагаа дэмжих Кордиамин 2 граммаар булчинд нь хийсэн тухайн тариаг хийж байхдаа их эмч Ц дуудсан юм. Намайг тариа хийж дуусах үед амьсгал хурааж нас барсан...гэх мэдүүлэг, гэрч Ө.М өгсөн...Би 2021 оны 11 дүгээр сарын орой бүрэнхий болсон байхад цагийг нь сайн санахгүй байна гэр рүүгээ харих гээд гудамжинд явж байтал Д, Н хоёр амьжиргаа цагаан гэж нэрлэдэг машинтай согтуу явж байсан. Над дээр ирээд ах суучих ганц шил архи ууя гэхээр нь суугаад Л гэх айлын дэлгүүрээс Д 1 шил архи аваад гараад ирсэн тухайн архиа аваад Ц гэрт очсон, Д, Н Ц хүмүүстэй архи ууж байсан юм байна лээ, намайг Ц ороход Ө, Ц, түүний эхнэр, О нар байсан. Тэгээд авсан архиа гаргаад уугаад эхэлсэн. Араас О, О гэх хүмүүс цувж буюу хэсэг хугацааны зайтай орж ирсэн...бид харих гээд явж байтал Н би Ц ахын гэрт орж унтлаа гээд надаас салаад явсан, би гэр рүүгээ орж амарсан. Ө согтоод унтсан, О гарынхаа цагийг цэнэглэж байсан, Ц эхнэртэйгээ орондоо орчихсон унтаагүй О, Д нартай юм яриад суугаад үлдсэн. Ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй. Д улаан хүрэн өнгийн дээлтэй суугаад үлдсэн ямар нэгэн энгэр заам нь урагдаж гэмтсэн зүйл байхгүй байсан...гэх мэдүүлэг, гэрч Ө.Б өгсөн...тухайн шөнө 00 цаг 37 минутын үед Хайрхан сумын Дэнж хороолол Ц гэх айлын урд хашааны хажууд хүн хутгалчихлаа гэсэн дуудлага хэсгийн төлөөлөгчид ирсэн уг дуудлагын дагуу хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахмад Д.Ц хамт тухайн газар очиход хувцас нь цус болсон байдалтай 40 орчим насны эрэгтэй хүн байсан түүний хажууд Н гэх хүн зогсож байсан. Тэгээд юу болсон талаар хэсгийн төлөөлөгч асуухад Н гэх хүн бид хоёр хоорондоо маргалдаад зодолдсон эхлээд намайг цохиж газар унагаасан, тэгээд би ухаан алдсан нэг сэрэхэд намайг газар чирээд явж байсан. Би хутгалах уу гээд Д хэлсэн тэгээд халааснаасаа хутга гаргаж ирээд шууд хутгалсан гэж хэлсэн. Тэгээд хутгаа гаргаад ир гэж хэсгийн төлөөлөгч хэлсэн чинь хар өнгийн хүрмийнхээ баруун талын халааснаас хар өнгийн хуванцар бариултай хутга гаргаж өгсөн. Тэгээд хутгалуулсан хүнийг Н бид гурав машинд өргөж оруулаад Хайрхан сумын эрүүл мэндийн төвд хүргэж ирээд оруулах үед Н хутгалуулсан Д хандаж пиздаа минь чи үхчихвэл би 12 жилтэй үхэхгүй бол яахав 3 жилтэй гэж хэлээд оруулсан...гэх мэдүүлэг, гэрч Ц.Б өгсөн...тэгтэл Ц дэлгүүрийн хашааны булангийн цаанаас Б.Н над дээр ирж уулзаад “Би Д хутгалчихлаа, урьд өмнө нь би бас нэг удаа хатгаж байсан юм, энэ дахиад гай болох гээд байна” гэж хэлсэн тэгээд би машинаа асаагаад Д байгаа гэх хашааны булан руу гэрлээ тусгаж харахад баруун гараараа газар тулаад, цээжээ өндийлгөсөн, хөлөө шулуун жийсэн, газар хэвтсэн, ойр орчимд нь их хэмжээний цус гарсан, уг цусан дээрээ бүтэн биеэрээ өнхөрсөн бололтой өмсөж байсан өмд нь цус болчихсон харагдсан. Тэгэхээр нь би балмагдаад машинаа гэрийнхээ хашаанд аваачиж тавиад гэртээ орж эхнэр Б.Х “Н Д гуя руу нь хутгалчихсан байна” гэж хэлээд гар чийдэн бариад Д байсан газар руу очсон юм...би Д хэвтэж байсан газар очиход Д намайг таниад “Өө Б ах байна, намайг эмнэлэг бараадуулаадах” гэж хэлж байсан....тэгсэн Н цагдаа руу өөрийнхөө утсаар залгаад чанга дээр нь тавиад “Би хүн хутгалчихлаа, тусламж хэрэгтэй байна” гэж ярьсан...гэх мэдүүлэг, гэрч Б.Х өгсөн...нөхөр хашаанд машинаа оруулж тавиад гэртээ орж ирээд Б.Н О.Д хутгалчихлаа гэж байна би Д машинаар тэр хоёрыг эмнэлэг хүргэж өгөөд ирье гэж хэлээд гараад явахаар нь тухайн үед Б жаахан согтуу байсан болохоор араас нь би хамт явсан. Тэгээд манай хашаанаас хойш 3 гудамжны цаана хашааны дээд үзүүрт О.Д хувцас нь нэлээд цус болчихсон согтуу бололтой газар хэвтчихсэн өнхрөөд туслаарай гээд байж байсан харин хажууд нь Н согтуу бололтой байсан. Манай нөхөр очоод Д машинаар өөрийг нь эмнэлэгт хүргэж өгөх гээд Ц гадаа байсан машин дээр очоод үзтэл уг машины түлхүүр нь байхгүй байсан. Тухайн үед О.Д амь нас нь эрсэднэ гэж би бодоогүй. О.Д хэнд хутгалуулсан талаараа надад яриагүй. Н байсан өөр хажууд нь ямар нэгэн хүн байгаагүй...гэх мэдүүлэг,  шинжээч Б.О...Хүнд зэргийн согтолттой хүний биед эмнэл зүйн хувьд дараах шинжүүд илэрдэг, хөдөлгөөн удаашрах, өвдөлтийн мэдрэхүй сулрах, судасны цохилт, амьсгалан тоо буурах зэрэг шинжүүд илэрнэ. Дээрх согтолттой хүн хөдөлгөөн удааширдаг боловч гар хөлийн булчин хэвийн ажиллагаатай биеэ авч явах, өөрийгөө хамгаалах, хүнтэй тэмцэлдэх чадвартай,  оюун санааны хувьд өөрийнхөө хийж байгаа үйлдлийн буруу зөвийг ялгах чадваргүй. Хэрэв согтолтын зэрэг 3 промилээс дээш тохиолдолд архины хордуулах үйл ажиллагаа гүнзгийрч үхэлд хүргэж болно. 5 промилээс дээш болоход үхэлд хүргэдэг. Амь хохирогч О.Д нь баруун, зүүн талын аль ч гартаа хутга барьсан ч баруун гуянд үүссэн гэмтэлд түүний гар хүрэх боломжтой. Ямар байрлалд байх үед уг үйлдлийг хийснийг тогтоох боломжгүй. Тухайн хоёр хүнийг ямар байрлалтай зогсож байсан, хутгыг ямар байрлалаас хэрхэн доош чиглүүлж буулгасан эсэхийг тогтоох боломжгүй зүүн болон баруун гар нь баруун гуянд хүрэх боломжтой. Том артерийн судас гэмтсэн тул богино хугацаанд буюу ойролцоогоор "0 минутаас 1-2 цагийн дотор амьд явах боломжтой. Цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй... гэх мэдүүлэг, амь хохирогч  нь цочмог цус алдалтын шокийн улмаас нас барсныг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 169 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

     Анхан шатны шүүх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт, нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангасан, шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нотлох баримтын шаардлагыг хангаж байгаа, эдгээр нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  Прокуророос ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн хэргийг зөв шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн шүүгдэгч Б.Н хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, учирсан хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэрэгт тохирчээ.

   Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шийдвэрлэхдээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 17.460.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас амь хохирогчийн оршуулгын болон бусад зардалтай холбоотой, нотлох баримтаар тогтоогдсон 13.417.100  төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж дүгнээд шүүгдэгч Б.Н гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох, хохирол, хор уршигт хамааралгүй 2.682.900 төрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь хохирол, хор уршигт хамааралтай, нотлох баримтаар тогтоогдсон гэж шүүх  үзэж гаргуулахаар шийдвэрлэсэн 13.420.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн байна.

                                                                                            

           Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Н, шүүгдэгчийн өмгөөлөгч нар хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдээгүй гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

           

            Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа гүйцэд хийсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон, хэргийн оролцогчийн эрх ноцтой зөрчигдөөгүй, шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Б.Н, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгч Б.Н хохирогчийн үйлдлийн эсрэг аргагүй хамгаалалт хийсэн гэсэн санал гаргаж байгаа ч үүнийг нотлох баримт хэрэгт авагдаагүй, зөвхөн шүүгдэгчийн мэдүүлгээр хохирогчийг Б.Н амь нас, эрүүл мэндийн эсрэг довтолгоо хийсэн гэж дүгнэх үндэслэлгүй байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон гэрчүүдийн мэдүүлэг нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, бусад нотлох баримтуудаар тогтоогдсон тул дээрх гэрчүүдийн мэдүүлгийг үнэлсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Н хохирогч өөрийгөө хутгалсан талаар мэдүүлж, давж заалдах шатны шүүхэд энэ талаар гомдол гаргасан боловч шүүгдэгчийн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй бөгөөд уг мэдүүлгийг нотлосон баримт хэрэгт авагдаагүй, шалтгаант холбоотой нотлох баримт хэрэгт байхгүй болно.

           Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023

оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/130 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Н,  шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

            Хэрэг давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдэх хүртэл шүүгдэгч Б.Н цагдан хоригдсон 84 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцохоор шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

                                                      ТОГТООХ нь:

 

  1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/130 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Н,  шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н цагдан хоригдсон 84 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор  шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн,  хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.