Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 053

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Сувд-Эрдэнэ

Улсын яллагч: Э.Гантулга

Шүүгдэгч Э.Л нарыг оролцуулан хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх саналтайгаар ирүүлсэн хэргийг тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Лид холбогдох эрүүгийн 1814000130032 тоот хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Суръяа тайжийнхан овогт Э.Л

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Э.Л нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутагт 2018 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө иргэн С.Бийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

Шүүгдэгч Э.Лийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2018 оны 01 сарын 01-ний өдөр Баянхонгор аймагт ирсэн. Тэгээд найз С.Бийн гэрээр ороод хамт Хөх толгой руу найз Аынд очихоор явсан. Н.Аынд 0,75 литрийн Ерөөл архи хувааж уугаад Улаанаа гэх айлд очихоор гудамжинд явж байтал С.Б чи надад ганц пиво аваад өгчих гэхээр нь үүргэвчинд байсан нэг пивийг гаргаад өгтөл уухгүй шууд шидчихээр нь би чамд сэтгэлээсээ гаргаад өгч байхад гэхэд миний хуруунаас чанга атгахаар нь уур хүрээд түүний нүүр лүү мөргөсөн. . гэх мэдүүлэг / хх-ийн 43-44 /

Хохирогч С.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэртээ байж байтал 21 цагийн үед манай найз Онхоон / Э.Л / хөдөөнөөс манайд ирсэн. Тэгээд бид 2 Хөх толгойд айлд очиж архи ууж байгаад 00 цагийн үед айлаас гараад гудамжинд алхаж байгаад Онхоон нь чи таксины мөнгөгүй байж дагаж явлаа гээд нүүр лүү мөргөж хавсарч унагаад нуруу руу өшиглөчихөөд таксинд суугаад яваад өгсөн…гэх мэдүүлэг / хх-ийн 21-22 /

Гэрч Ц.Сгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

.... 2018 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-ны өдөрт шилжих шөнө манай хүү С.Б нь согтуу нүүр ам нь цус болчихсон ирэхэд нь нүүр ээ яачихсан юм гэхэд намайг Онхоон / Э.Л/ зодчихоод явчихлаа гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 сарын 05-ны өдрийн 57 дугаартай шинжээчийн

1.С.Бийн биед тархи доргилт, дух, хамар, урууланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд шинээр үүссэн байх боломжтой байна.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.

3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.. гэх дүгнэлт /хх-ийн 35-36/

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол / хх-ийн 1-2/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 8-12/, шүүгдэгч Э.Лийн хувийн байдлын талаар оришин суугаа хаягийн тодорхойлолт / хх-ийн 46/, иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 45/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 47/, шүүгдэгч Э.Лийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

Хохирогч, гэрч, яллагдагч нарыг байцахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Э.Л нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутагт 2018 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө иргэн С.Бийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Шүүгдэгч Э.Лийн...гудамжинд явж байтал С.Б чи надад ганц пиво аваад өгчих гэхээр нь үүргэвчинд байсан нэг пивийг гаргаад өгтөл уухгүй шууд шидчихээр нь би чамд сэтгэлээсээ гаргаад өгч байхад гэхэд миний хуруунаас чанга атгахаар нь уур хүрээд түүний нүүр лүү мөргөсөн. . гэх мэдүүлэг / хх-ийн 43-44 /

хохирогч С.Бийн ... гудамжинд алхаж байгаад Онхоон нь чи таксины мөнгөгүй байж дагаж явлаа гээд нүүр лүү мөргөж хавсарч унагаад нуруу руу өшиглөчихөөд таксинд суугаад яваад өгсөн…гэх мэдүүлэг / хх-ийн 21-22 /

гэрч Ц.Сийн .... манай хүү С.Б нь согтуу нүүр ам нь цус болчихсон ирэхэд нь нүүр ээ яачихсан юм гэхэд намайг Онхоон / Э.Л/ зодчихоод явлаа гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 сарын 05-ны өдрийн 57 дугаартай “...С.Бийн биед тархи доргилт, дух, хамар, урууланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо... гэх дүгнэлт /хх-ийн 35-36/ зэрэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Лид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Э.Лхагвалоржийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Э.Лийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч Э.Лид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн гэмт хэрэг үйлдэгдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн1.1.1, 1.1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүхээс шүүгдэгч Э.Лид үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд “...Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.

Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ... гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч Э.Л нь эрхэлсэн ажилгүй, тодорхой орлогогүй, өөрийн гэсэн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, мөн хууль ёсны гэх аливаа эрхүүд бүртгэгдээгүй / хх-ийн 47/, шүүхээс оногдуулсан торгох ял биелэгдэх боломжгүй, түүний хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна.

Хохирогч С.Бнь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгч Э.Лийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч эзэмшлийн “... нокиа маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу эд зүйлсийг эзэмшигч Э.Лид буцаан олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

Шүүгдэгч Э.Л нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Суръяа тайжийнхан овогт Э.Лийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Э.Лийг хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Э.Л нь хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар Э.Лид урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч Э.Л нь цагдан хоригдсон хоногоггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч Э.Лийн эзэмшлийн “... нокиа маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу эд зүйлсийг эзэмшигч Э.Лид буцаан олгосугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Лид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА