Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 56

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Б.Лхагвадорж,  

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Оюунжаргал,

хохирогч: Г.Цогтжаргал,

гэрч: Э.Тамир,

гэрч: Б.Эрдэнэхүү,

гэрч: Ш.Нармандах,

шүүгдэгч: Б.Ц, түүний өмгөөлөгч Б.Ганболд /0968/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Болдын Цт холбогдох эрүүгийн 1705 0096 10166 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1984 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, Болдын Ц,

Шүүгдэгч Б.Ц нь 2017 оны 10 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, 33 дугаар байрны 1 давхарт орших үзүүлэнгийн өрөөнд иргэн Г.Цогтжаргалыг архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.Ц мэдүүлэхдээ:

2017 оны 10 дугаар сарын 03-ны орой Э.Тамираа, Ш.Нармандах, Г.Цогтжаргал, Б.Эрдэнэхүү, П.Ганхөлөг нартай уулзаж, бид 10 шил пиво уусан. Бид пиво уугаад, хоорондоо ярилцаад сууж байх үед “гараа хөдөлгөж ярьлаа” гэх шалтгаанаар Г.Цогтжаргал ах миний баруун суга руу 4-5 удаа хуруугаараа хатгасан. Үүний дараа ярилцаад сууж байхдаа би гараа хөдөлгөхөд Г.Цогтжаргал ах дахиад миний баруун мөр рүү 2, 3 удаа цохиж, баруун суга руу маань 2, 3 удаа хуруугаараа хатгасан. “Г.Цогтжаргал ах намайг цохиод, зүгээр суулгахгүй юм байна” гэж би хэлээд, суудлаа сольж суусан. Тэр үед гаднаас Нармандах 2 шил “Тайга” нэртэй архи оруулж ирсэн. Тэгээд архиа уугаад, сууцгааж байхад Г.Цогтжаргал хуруугаа нугалж байгаад миний нуруу руу цохьсон. Тэгэхэд би их өвдөлтийг мэдэрсэн. Бид гурав гурваараа хоорондоо юм ярьж байсан. Тэгээд би хэсэг хугацаанд унтсан байх. Гэтэл Ш.Нармандах намайг “сэрээрэй” гэж хэлсэн. Намайг сэрэхэд “чи Г.Цогтжаргал ахыг цохьчихлоо” гээд байсан. Г.Цогтжаргал ахыг би цохиогүй байх гэж бодож байна. Учир нь би урд өмнө ийм үйлдэл хийж байгаагүй,  надад Г.Цогтжаргал гуайг цохих ямар нэгэн шалтгаан байхгүй. Би Г.Цогтжаргалыг цохьсон гэдэгтээ итгэхгүй байгаа. Би хүмүүсийг хэрэлдэж маргалдахаас сэргийлж байсан учраас түүнийг цохиогүй байх гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Г.Цогтжаргал мэдүүлэхдээ:

Энэ хэрэг гарах үед бид нар нийлээд архи ууцгааж байсан. Архи ууж эхлэх үед Б.Ц миний зүүн талд сууж байсан. Архи ууж дуусах үед мөн л зүүн талд сууж байсан. Гэтэл гэнэт нэг нь намайг цохьсон. Би яг хэн цохисныг нь харж амжаагүй. Б.Ц намайг цохьсон байх гэж бодож байгаа. Учир нь миний цохиулсан талд Б.Ц сууж байсан. Намайг архины шилээр цохих шиг болсон, шил бутраад хагарсан байсан. Яг юугаар цохисныг нь мэдэхгүй байна. Тухайн үед надтай хамт байсан залуучууд намайг хэн цохисныг мэдэж байгаа байх. Намайг ямар учраас цохисныг нь би мэдэхгүй. Миний хувьд Б.Цт гомдол санал байхгүй. Сууж байхад хажуу талаас нэг гар орж ирээд цохьсон гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч-Э.Тамир мэдүүлэхдээ:

Б.Ц манай найз юм. Хохирогч Г.Цогтжаргал ахтай хэрэг болох үед танилцаж байсан юм. Бид нар түүх ярьж байгаад гэнэт маргалдаад Б.Ц архины шил аваад Г.Цогтжаргалыг цохьсон. Ертөнцийн зүгээр Б.Ц Г.Цогтжаргалын зүүн талд нь сууж байсан. Энэ хоёр хүн өмнө маргалдаж байгаагүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч-Б.Эрдэнэхүү мэдүүлэхдээ:

Б.Ц манай найз юм. Хохирогч Г.Цогтжаргал ахыг танина. Бид түүхийн талаар ярилцаж байхад Б.Ц ярихдаа гараа хөдөлгөөд байсан. Гэтэл Г.Цогтжаргал ах “боль” гэж хэлээд гараараа ёворсон. Тэгээд жаахан байж байхад Б.Ц гэнэт шил аваад Г.Цогтжаргалыг цохьсон. Б.Ц зодоон болохоос өмнө хэвийн байдалтай байсан. Зодооны дараа цочролд орсон байдалтай суугаад байсан. Г.Цогтжаргалыг цохихдоо шил аваад гараа нугалаагүй, саваад цохьсон. Гадаа гараад ямар нэгэн маргаан, зодоон болсон зүйл байхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч-Ш.Нармандах мэдүүлэхдээ:

Тэр өдөр бид уулзаад тойрч суугаад, архи ууцгааж байхад Б.Ц Г.Цогтжаргал ах хоёр гараа савчиж ярьлаа гээд маргалдаад байсан. Тэгж байгаад гэнэт Б.Ц, Г.Цогтжаргал ахыг архины шилээр цохьсон. Бид нар тэр үед нилээн согтолттой байсан. Харин гадаа болсон асуудлыг сайн санахгүй байна гэв.

 

Мөрдөн байцаалтад гэрч-П.Ганхөлөг мэдүүлэхдээ:

...2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр зүс таних дүү Б.Ц нь утсаар залгаад намайг “хүрээд ирээч” гээд “Өргөө” кино театрын ард байдаг үзүүлэнгийн байранд дуудсан. Би тэнд очоод Тамир гэдэг хүнтэй танилцаад Б.Ц, Тамир, Нармандах, Эрдэнэхүү нартай хамт гэмтэл явсан. Гэмтэл дээр ирээд Эрдэнэхүүг үзүүлээд буцаад орон сууцны нэг давхарын байранд ирсэн. Тэнд Г.Цогтжаргал ах ирсэн байсан. Бид замаараа дэлгүүрээс архи авч уугаад, Б.Цийн гаргаж ирсэн вискиг уугаад хоорондоо юм яриад сууж байхад Г.Цогтжаргал, Б.Ц хоёр маргалдаад байсан. Учир нь Б.Ц ярихдаа гараа савчаад байсан. Түүнээс болоод Г.Цогтжаргал бухимдаж эхэлсэн. Би гарч тамхи татчихаад ороод ирэхэд Г.Цогтжаргалын толгойноос цус гарсан байдалтай, шалан дээр Б.Цийн авчирсан архины шил хагарчихсан, Б.Ц согтоод ухаангүй байдалтай байсан. Тэгээд удаагүй цагдаа ирсэн гэжээ. (хавтаст хэргийн 25 дугаар хуудас)

 

      Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 12559 дугаартай дүгнэлтэд:

1. Г.Цогтжаргалын биед тархи доргилт, зулайд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Уг гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ. (хавтаст хэргийн 11 дүгээр хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Б.Ц ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 47 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Б.Ц нь 2017 оны 10 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 33 дугаар байрны 1 давхарт орших үзүүлэнгийн өрөөнд хохирогч Г.Цогтжаргалтай маргалдаж, улмаар архины шилээр түүний толгой руу цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, зулайд няцарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан нь хохирогч Г.Цогтжаргал, гэрч П.Ганхөлөг, Э.Тамир, Б.Эрдэнэхүү, Ш.Нармандах нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 12559 дугаартай дүгнэлт, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

           

            Шүүгдэгчид холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгажээ. 

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Цт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

“Би Г.Цогтжаргал ахыг цохиогүй, урд өмнө ийм үйлдэл хийж байгаагүй, надад түүнийг цохих ямар нэгэн шалтгаан байхгүй” гэж шүүгдэгч мэдүүлж байх боловч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн гэрч Э.Тамирын ...бид түүх ярьж байгаад гэнэт маргалдаад Б.Ц архины шил аваад Г.Цогтжаргалыг цохьсон. Ертөнцийн зүгээр Б.Ц Г.Цогтжаргалын зүүн талд нь сууж байсан,

гэрч Б.Эрдэнэхүүгийн ...бид түүхийн талаар ярилцаж байхад Б.Ц ярихдаа гараа хөдөлгөөд байсан. Гэтэл Г.Цогтжаргал ах “боль” гэж хэлээд гараараа ёворсон. Тэгээд жаахан байж байхад Б.Ц гэнэт шил аваад Г.Цогтжаргалыг цохьсон. Б.Ц зодоон болохоос өмнө хэвийн байдалтай байсан. Зодооны дараа цочролд орсон байдалтай суугаад байсан. Г.Цогтжаргалыг цохихдоо шил аваад гараа нугалаагүй, саваад цохьсон,

гэрч Ш.Нармандахын ...тэр өдөр бид уулзаад тойрч суугаад, архи ууцгааж байхад Б.Ц Г.Цогтжаргал ах хоёр гараа савчиж ярьлаа гээд маргалдаад байсан. Тэгж байгаад гэнэт Б.Ц, Г.Цогтжаргал ахыг архины шилээр цохьсон. Бид нар тэр үед нилээн согтолттой байсан. Харин гадаа болсон асуудлыг сайн санахгүй байна гэсэн мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна.

Хохирогч Г.Цогтжаргал нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.    

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Си ди бичлэг, флаш зэргийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Боржигон овогт Болдын Цийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Цийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний 700 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Б.Ц нь торгох ялыг 3 сар /гурван сар/ хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.Ц торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Си ди бичлэг 1 ширхэг, флаш 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалсугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүйг дурдсугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, яллагч, дээд шатны прокурор, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Цт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН