Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 20

 

Ж.А-, Л.Л- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

                                                                             Хэргийн индекс: 135/2020/00915/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Л.Амарсанаа, О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны  01 дүгээр сарын 06-ны өдрийн 35 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ж.А-,

Л.Л- нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.Б-д холбогдох

“Зээлийн гэрээний үүрэгт 6.964.000 төгрөг, банкны өр төлбөрт төлсөн 1.420.000 төгрөг, нийт 8.324.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагч С.Б-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С- нарын давж заалдсан гомдлыг үндэслэн

          2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд, хариуцагч С.Б-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.А-, Л.Л- нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ж.А-, Л.Л- бид өндөр насны тэтгэвэрт байдаг. С.Б- нь бидний хүү Б-тай  хамт амьдрах болсон.

2018 оны 09 сард С.Б- нь бид хоёр дээр ирээд тэтгэврийн зээл аваад өгөөч гэж гуйсны дагуу Ж.А-ийн нэр дээр 2018 оны 09 сарын 13-ны өдөр 2.952.000 төгрөгийн тэтгэврийн зээл, 2018 оны 09 сарын 24-ний өдөр Л.Л-гийн нэр дээр 4.012.000 төгрөгийн тэтгэврийн зээл тус тус авхуулж, тухай бүрт нь С.Б-гийн Хаан банкны 5045606434 дугаарын данс руу шилжүүлсэн. Ингээд нийтдээ 6.964.000 төгрөгийн тэтгэврийн зээл авч өгөөд, өөрсдөө орц цэвэрлээд амьдарч байна.

2019 оны 10 сард С.Б-гийн ах дүү нар ирээд гэр орныг нь нүүлгээд аваад явсан. Тэгээд манай хүүгээс салсан. 2019 оны 10 сард С.Б-гийн охин нь ирээд ээжийн банкны мөнгийг та 2 төл гээд хэл ам хийгээд байсан тул нийт 1.420.000 төгрөгийг 2019 оны 04 сарын 30-ны өдрөөс 2020 оны 04 сарын 03-ны өдрийг хүртэл цувуулж Төрийн банкинд төлсөн. Иймээс тэтгэврийн зээл авч өгсөн нийт 6.964.000 төгрөг, зээлийн өр төлбөрийг нь төлсөн 1.420.000 төгрөг, нийт 8.324.0000 төгрөгийг С.Б-гээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ж.А-, Л.Л- нар бол манай ээж С.Б-тэй хамт амьдарч байсан Б-ы эцэг, эх юм. Ээж С.Б- нь мэдрэлийн моя-моя гэсэн оноштойгоор группт байдаг, унаж татдаг, юмны учир байдлыг тунгааж мэдэхгүй, хөдөлмөрийн чадвар 60 хувь алдалттай өвчтэй хүн юм. Б- ээжийн энэ байдлыг ашиглан ээжийн данс, картыг ашиглан хүнээс авсан мөнгөө шилжүүлэн авч, үрдэг байсан. Тэгээд ээжийн өвчтэйг далимдуулж, миний дүүг хүчиндсэн хэргээр ял эдэлж байгаа.

Манай ээж С.Б-д энэ хүмүүс хэзээ ч зээл өгөхгүй, өөрсдийнх нь хүү Б- эцэг эхээсээ мөнгө авч ээжийн дансаар шилжүүлж авдаг, манай ээж нарийн зүйл ойлгох чадваргүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нарын зүгээс С.Б-д холбогдуулж 6.964.000 төгрөгийн тэтгэврийн зээл, 1.424.000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг гаргуулахаар нэхэмжилж байгааг хариуцагчийн зүгээс татгалзаж байгааг дэмжиж байна. 2.952.000 төгрөгийн тэтгэврийн зээлийг С.Б-д зээлдүүлсэн гэж шаардаж байна. Гэтэл С.Б-тэй нэхэмжлэгч нар зээлийн гэрээ байгуулаагүй, зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээргүй нөхцөл байдал байна. Ж.А- С.Б-гийн дансанд мөнгө оруулж, өөр дансаар 3 сая төгрөгийг буцаагаад авсан байдаг. С.Б- нэхэмжлэгч нарын зээлсэн мөнгийг өөрөө авсан гэсэн үйл баримт тогтоогдоогүй байдаг. н.Б-ы эхнэр тул нэхэмжлэгч нар мөнгө өгч, улмаар нэхэмжлэгч нарын өгсөн мөнгийг хүү н.Б- нь зарцуулсан байдал харагдаад байна. Нэхэмжлэгч нараас н.Б- нь С.Б-гийн зээлийг хаагаад өгөөч гэж хэлсэн тул нэхэмжлэгч нар зээлийг хааж өгөөд байхад н.Б- дахин дахин зээл авсан гэж нэхэмжлэгч нар ярьсан байдаг. 1.420.000 төгрөгийн зээлийг С.Б- төлөөд өгөөч гэж хэлсэн гэсэн нь үндэслэлгүй байна. С.Б- осолд орох шалтгаан нь н.Б- охиныг нь хүчирхийлсэн хэрэг үйлдсэнээс сэтгэл санааны хямралд орж осолд орсон байдаг. Төрийн банкны зээлийг н.Б- эцэг эхээрээ төлүүлсэн байж болохоор байх ба С.Б- зээл төлөөд өгөөч гэж гуйх боломж байгаагүй. С.Б-гийн өмнөөс зээл төлөх тохиролцоо байгаагүй гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3-т зааснаар С.Б- зээлийн төлөлтийг буцааж өгөх хуулийн үндэслэл тогтоогдохгүй байгаа тул С.Б-гээс гаргуулах боломжгүй юм. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 35 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 496 дугаар зүйлийн 496.1-д заасныг баримтлан хариуцагч С.Б-гээс нийт 5.384.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.А-, Л.Л- нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 2.940.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч С.Б-гээс улсын тэмдэгтийн хураамжид 101.094 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч С.Б-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С- нарын давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн 2021 оны 01 сарын 06-ны өдрийн 35 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч Ж.А-, Л.Л- нар надад холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт холбогдуулж 6.964.000 төгрөг, банкны өр төлбөрт 1.420.000 төгрөг, нийт 5.324.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 496 дугаар зүйлийн 496.1-д заасныг баримтлан нийт 5.384.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Нэхэмжлэгч Ж.А-, Л.Л- нар нь надтай хамтран амьдарч байсан Л.Б- гэж залуугийн төрсөн эцэг эх юм. Нэхэмжлэгч нарын хүү хэсэг хугацаанд надтай хамт амьдарч байхдаа охиныг минь хүчирхийлж, намайг өр ширэнд оруулж хохироож одоо ял эдэлж байгаа. Нэхэмжлэгч нарын хүү миний охиныг хүчирхийлснийг мэдээд өөрийн ухаангүй гүйж яваад машинд мөргүүлж ухаангүй эмнэлэгт байхад надад тусалж хандив тусламж болгон өгсөн мөнгөө хүртэл нэхэмжилсэн байна. Одоо би хөдөлмөрийн чадваргүй грүппд байгаа ухаан санаа урьдынх шигээ биш болсон хоёр хүүхдээ дагуулаад яаж амьдрахаа сайн мэдэхгүй явж байна. Гэтэл шүүх намайг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэсэн агуулгаар надад төлбөр гаргаж байгааг би ойлгохгүй байна. Би хөрөнгөжих гэж бас эргэн төлөх нөхцөлтэй зээл авсан удаа байхгүй.

Шүүхийн бодит байдалд үнэн зөв дүгнэлт хийлгүйгээр намайг дахин өрөнд оруулж мөнгө гаргуулахаар шийдвэрлэж байгааг би зөвшөөрөхгүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд давж заалдах гомдлын хариу тайлбартаа:

            Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд миний бие нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолтой танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.

Нэхэмжлэгч нар нь Б.Б-тэй хамтран амьдрагч байсан Л.Б-ы эцэг эх мөн боловч насанд хүрсэн хүүхдүүдийнхээ өмнөөс ямар нэгэн зээлийн төлбөрийг төлөх үүрэг хүлээхгүй юм. Тэдний хүү нь насанд хүрсэн эрх зүйн чадамж, чадвартай хүн учраас өөрийн үйлдсэн хэрэгтээ тохирох хариуцлага ял шийтгэлээ эдэлж байгаа бөгөөд түүний бурууг эцэг эхэд нь хамаатуулж, өмнөөс нь аливаа нэг хариуцлага хүлээх эрх зүйн үндэслэл байхгүй юм.

С.Б- нь 2018 оны 09 сард нэхэмжлэгч нараас тэтгэврийн зээлийг авхуулж өөрийн дансруугаа хийлгэсэн нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, дансны хуулга зэргээр нотлогдон тогтоогдож байхад тус мөнгийг төлөхгүй гэж давж заалдах гомдлоо гаргасан нь үндэслэлгүй байна.

С.Б- нь нэхэмжлэгч нарын хүү Л.А-аас өөрийн өмчлөлийн газар хашааг албадан чөлөөлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаж нэхэмжлэлийн шаардлага нь хангагдсан.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв зүйтэй үнэлж үндэслэлтэй шийдвэр гаргасан тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Ж.А- нар нь хариуцагч С.Б-гээс зээл болон үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үндэслэлээр зээлийн төлбөрт төлсөн мөнгийг буцаан нэхэмжилсэн байна.

            Хариуцагч С.Б- зээлийн гэрээний үүрэгт 6.964.000 төгрөг, банкны өр төлбөрт төлсөн 1.420.000 төгрөг, нийт 8.324.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн шийдвэрийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргахдаа дараах үндэслэлүүдийг заажээ.

            Үүнд : Эргэн төлөх нөхцөлтэй зээл аваагүй гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал дээрх тайлбарыг гаргаж байсан боловч нэхэмжлэгч нараас авсан мөнгөн дүн түүнийг шилжүүлсэн зорилго агуулгыг оновчтой  тайлбарлаж уг тайлбараа  баримтаар нотлоогүй байна.

Хэрэгт бичгээр байгуулсан зээлийн гэрээ байхгүй хэдий ч хэргийн баримтуудаар нэхэмжлэгч нар нь ХААН банкнаас зээл авсан мөн тэр даруйдаа хариуцагчийн дансанд мөнгө шилжүүлсэн болон хариуцагч зээлийн данс руу мөнгө эргэн төлж байсан байдал тогтоогддог бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн “мөнгө зээлсэн” гэх тайлбарыг нотолж байна гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт баримтад тулгуурлагдсан бөгөөд хариуцагч үүнийг няцааж чадаагүй байна.

Тусламж болгон өгсөн мөнгөө буцаан шаардсаныг зөвшөөрөхгүй гэж гомдол гаргажээ.

Нэхэмжлэгч хариуцагчийн зээлийг төлж өгсөн гэх мөнгийг буцаан шаардсан шаардлага гаргасан.

Хариуцагч үүнийг өвдөж зовоход тусламж хандив болгож өгсөн гэж тайлбарласан боловч энэхүү тайлбар нотлогдоогүй байна.

Хэргийн баримтуудаар дээрх 1.420.000 төгрөгийг С.Б-гийн зээлд төлж байсан нь тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч нар тухайн зээлийг төлөх үүрэггүй байна.

Иймд зээлд төлсөн мөнгийг буцаан шаардах үндэслэлтэй бөгөөд тухайн харилцааг шүүх зөв тодорхойлж хуулийг хэрэглэсэн байна.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж  шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 35 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч  С.Б-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С- нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай. 

            2. Хариуцагч С.Б- нь Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 471 дүгээр шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                          

        

                                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  М.МӨНХДАВАА 

                                                                       ШҮҮГЧИД                                 Л.АМАРСАНАА                 

                                                                                                                         О.НАРАНГЭРЭЛ