| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Батцэрэн |
| Хэргийн индекс | 188/2019/0116/Э/ |
| Дугаар | 391 |
| Огноо | 2019-09-13 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | Д.Дамдинсүрэн |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 391
О.Ад холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б, түүний өмгөөлөгч Б.Тэнгис, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дарьжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 190 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 383 дугаар магадлалтай, О.Ад холбогдох 1808000000685 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Ц.Дарьжав нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1968 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт О.А нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч О.Аг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жил хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүний цагдан хоригдсон 184 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэл санааны хохирол 15.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...шүүгдэгч О.Аг 9 жилийн хугацаагаар” гэснийг “шүүгдэгч О.Аг 8 жилийн хугацаагаар” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.А болон түүний өмгөөлөгч Ц.Дарьжав нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч О.А гаргасан гомдолдоо: “...Би өөрийн хийсэн хэрэгт маш их харамсаж, туйлын их гэмшиж байна. Би одоо 51 настай, хоёр хүүгийн хамт өрх толгойлон өөрийнхөө чадлаар амьдралаа авч явдаг байсан. Хоёр хүүхэд өөрийн гэсэн байргүй, асран хамгаалах, харж хандах хүнгүй хүнд байдалд үлдсэн. Эх хүний хувьд сэтгэл санаа болон цаашдынх нь ирээдүйд маш их сэтгэл зовж байна. Талийгаач Д.Б бид хоёр 2014 оноос 3 жил гаран уулзаж дотно харилцаатай байж бие биедээ түшиг болж явдаг байсан ба сүүлийн үед архи уух нь ихсэж, ааш авир нь их эвдэрч надад дарамт болж байсан. Би талийгаачийг архи уулгахгүй, ажилтай зорилготой байлгах гэж хичээсэн минь үнэн. Талийгаач архи уусан үедээ догшин, ширүүн, балмад зан авир гаргаж намайг цохиж зоддог, дарамталдаг байсан боловч дараа нь эрүүл саруул болсон үедээ уучлалт гуйхаар нь эмэгтэй хүний өрөвч, уян зөөлөн сэтгэлээр хандан цагдаад мэдэгдэлгүй, үр хүүхэд, найз нөхдөөсөө нууж, элдэв муу зүйл санаж байгаагүй.
Бид хоёр бие биедээ маш их дассан байсан. Дассан сэтгэл гэдэг үнэхээр хэцүү юм билээ. Би эх хүн, эмэгтэй хүн, энэ хэргийг хүсэж, зорьж үйлдээгүй. Тухайн үеийн нөхцөл байдлаас маш их айж цочирдон давчдаж, мөн өөрийгөө хамгаалах, санамсар болгоомжгүй байдлаас болж хайртай дотно хүний минь алтан амь өөрийн минь гарт үрэгдэж, түүний төрөл төрөгсөд, ах дүү болон өөртөө нөхөж баршгүй сэтгэлийн асар их зовлон шаналалд унасандаа туйлын ихээр харамсаж, зүрх зүсэгдэн өмрөн шаналж байна.
Би хохирол төлбөрийг 100 хувь төлж барагдуулсан хэдий ч олон хүний сэтгэлийн зовлонг нимгэлж чадахгүйдээ маш их харамсаж байна. Тэд намайг үзэн ядсан ч би тусалж дэмжиж, гэмшиж явах болно. Би хуулийн дагуу шүүхээс шийдвэрлэсэн ял шийтгэлээ өөрийн биеэр эдэлнэ.
Миний хэргийг хянан шийдвэрлэх явцад прокурор Ганчимэг нь хэргийн тухайн үеийн нөхцөл байдлыг ул суурьтай харгалзан үзэлгүй хэрэг болсон өдрийн гэрчүүдийн ирсэн, явсан цаг хугацааг авцалдаагүй, худал зөрүүтэйгээр дүгнэж, мөн тухайн үед би гүн шокын байдалд орсноос болоод зарим зүйлийг санахгүй, сүүлд нь санасан явдал байсныг гүн нягталж үзэлгүй хэт нэг талыг баримтлан, намайг хүнийг хүсэж, зорьж алсан гэж буруутган яллаж байгаад маш их гомдолтой байна.
Миний бие чихрийн шижин өвчтэй ба зүрхний зүүн ховдол томролтоос болж зүрхний хэм алдагддаг, мөн цус багадалтаас болж артерийн судасны даралт ихэсдэг, эмчийн хяналтан дор тогтмол байнгын эм ууж эмчлүүлдэг, эрүүл мэндийн байдал маш хүнд байна. Хийсэн үйлдэлдээ маш ихээр гэмшин, гэм буруугаа хүлээж байна. Эрхэм хүндэт энэрэнгүй шүүгч та бүгдээс миний ар гэр, эрүүл мэнд, гэм буруугаа гэмшин хүлээж байгаа байдлыг минь харгалзан үзэж ялыг минь хөнгөрүүлэн багасгаж өгнө үү гэж хичээнгүйлэн гуйж байна” гэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дарьжав гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...О.А нь хүний амь хохироосон болохоо анхнаасаа хүлээн зөвшөөрч буруугаа хүлээн мэдүүлсэн. О.А нь хэрэг болох үед талийгаачид зодуулж маш их айж сандран өөрийгөө хамгаалах санаатай хутга барьсан гарнаас нь талийгаач барьж таталцаж түлхэлцэх явцад гэнэт цус гарч хутгалагдсан байсан талаар тогтвортой мэдүүлдэг ба талийгаач хутгалагдахыг О.А мэдээгүй ч хүний амь хохироосондоо маш их гэмшиж, харамсаж байгаагаа илэрхийлж бодит хохирлыг барагдуулсан байдаг.
Өмгөөлөгч миний бие О.А нь талийгаачид зодуулж айж балмагдан хутга барьсан ч анхнаасаа түүний амийг хохироох санаа бодол байгаагүй, хутгалснаа ч мэдээгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа тул Эрүүгийн хуулийн 10.6, 10.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэйг анхаарч, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлүүлэх санал, хүсэлт, гомдол гаргаж байсан. О.А нь талийгаачийн амийг хохироохыг анхнаасаа хүсэж зорьж хэрэг үйлдээгүй гэдгээ мэдүүлснийг давж заалдах шатны шүүх О.А гэм буруугаа хүлээгээгүй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан хорих ялыг хөнгөрүүлэх болон хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх боломжгүй гэж үзсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.
Шийтгэх тогтоолын дүгнэлт хэсэгт гэрч Ж.Х, Э.П, Р.О, яллагдагч, шүүгдэгч О.Агийн мэдүүлгүүд болон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, тэдгээрийн гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 1301 дүгнэлт, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 7394 дугаартай дүгнэлт зэргийг дурдаж эдгээр нотлох баримтуудаар О.А нь Эрүүгийн хуулийн 10.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай тогтоогдсон хэмээн дүгнэсэн нь учир дутагдалтай. Өөрөөр хэлбэл О.Агийн мэдүүлгээс бусад бүх баримтууд Бямбацэрэнгийн амь хохирсныг нотлох болохоос О.А нь Эрүүгийн хуулийн 10.1, 10.2, 10.6-д заасан хэргүүдийн алийг нь үйлдсэнийг нотлохгүй.
Шийтгэх тогтоолд дурдсан гэрч Ж.Х, Э.П, Р.О нарын мэдүүлгүүд нь хэргийн үйл явцыг харсан үзсэн бус, айж цочирдсон О.Агийн үг яриаг хэлж буй дамжмал шинжтэй шууд бус баримтуудаар О.Аг Эрүүгийн хуулийн 10.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хэмээн дүгнэх нь өрөөсгөл болно. Аийн яллагдагчаар өгсөн “...Бг айлгах санаатай ширээн дээрээс хутга аваад урдаа барьсан чинь өөдөөс гүйгээд ирсэн. Тэгэхээр нь цаашаа бай л даа гэхэд Б гарнаас барьж гараа татаад буцаагаад түлхэхэд хүзүүний нь хажуу талд хутгалчихсан...” гэх мэдүүлгийн хэсгийг шийтгэх тогтоолд дурдаж Эрүүгийн хуулийн 10.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн нь үндэслэл муутай. Учир нь олон удаагийн үйлдлээр амь хохирогчид зодуулж айж балмагдан сандарсан О.Агийн хутгатай гарнаас талийгаач барьж таталцаж түлхэлцэх явцад хутгалагдсан байдал тодорхой байхад шүүх хэт нэг талыг барьсан дугнэлт хийж Эрүүгийн хуулийн 10.1, 10.2, 10.6-д заасан өрсөлдөх хэм хэмжээнүүдийн алинд хамаарах үйл баримт тогтоогдож байгааг хууль зүйн талаас нь анхаараагүй байна.
Амь хохирогч шүүгдэгчийг хардсан, эрх чөлөөнд нь халдсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтууд болох шүүгдэгчийн болон гэрч Ж.Хын мэдүүлэг, О.Агийн биед гэмтэл учирсан талаарх шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон хэмээн шүүх дүгнэж, шийтгэх тогтоолд дурдсан атлаа “...Б тэр өдөр хэрцгий догшин хандаж олон удаагийн үйлдлээр зодоод чамайг яасан ч яахав гээд пийшингийн тийш эргэхэд нь энэ хүний гарт амь үрэгдэх юм байна гэх бодол төрж их айж балмагдаж ил харагдсан хутгыг авах зуур галын шилээвэр төмөр барьж гүйж ирээд цохиж, 2 гарны шуун дээрээс барьж дээш өргөн түлхэж дарж унагах гээд байсан, унахгүйг хичээж таталцаж түлхэлцэж байтал нэг мэдэхэд цус гарч хутгалагдсан байсан” гэх мэдүүлгийг хэрхэн няцааж үгүйсгэснээ шийтгэх тогтоолд дурдалгүй шууд Эрүүгийн хуулийн 10.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй.
Хэргийн материалд цугларсан нотлох баримтыг шалгаж үнэлэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд хуульчлахдаа “...нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзэх болон нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар шалгах” талаар заасан атал О.Агийн бичгээр болон амаар гаргасан мэдүүлгүүд, түүний хувийн байдлын талаарх баримтууд, гэрчийн мэдүүлгүүд зэргийн алийг нь үнэлж, алийг нь няцаан үгүйсгэж байгаа нь тодорхойгүй, ямар хууль зүйн дүгнэлт хийсэн нь ч харагдахгүй, хэргийн үйл явцыг нотлохгүй хэдэн баримтыг дурдах төдийгөөр хязгаарласан шийтгэх тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй байна.
Шийтгэх тогтоолд дурдсанчлан О.А нь хэрэг болох тэр цаг мөчид амь хохирогчид зодуулж олон тооны гэмтэл авсан нь түүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба тухайн үед хүч тамир дорой эмэгтэй хүний үснээс чирч газарт унаган өшиглөж дэвсэж, өндийх боломж олгохгүй хэрцгий догшин цохиж зодоход маш их айж амь үрэгдэх нь гэдэг бодол төрж цочирдохдоо ил харагдсан хутгыг авсан гэдгээ О.А мэдүүлдэг. Тэрээр мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт “...хутгыг хараад анх нуух бодолтой авсан хэдий ч амь хохирогч яах ийхийн зуургүй төмөр бариад дахин зодохоор ирэхэд нь нэг талаас амиа хамгаалах, нөгөө талаас хутгатай байгааг хараад айх болов уу гэсэн санаагаар цаашаа бай, хутгатай байна шүү гэхэд төмрөөрөө зүүн бугалагт цохиод газар хаяж, хоёр гарны шуу хэсгээс барьж гарыг өргөсөн байдалтай хойш түлхэж дарж унах гээд байхаар нь унахгүйн тулд урагшаа зүтгэн урагш хойш хэд хэдэн удаа таталцаж түлхэлцсэн. Би их айсан байсан, нэг мэдэхэд цус гарч харагдсан, хоромхон зуур л болсон” гэх агуулгатай мэдүүлгүүд болон шүүх хуралд оролцсон шинжээчийн О.Агийн хутга барьсан гарыг дээш өргөсөн байдалтай таталцаж түлхэлцэх үйлдэл хийхэд хутга дээрээс доош чиглэлтэй эгэм орчимд орох боломжтой...” гэх мэдүүлэг зэрэгт хууль зүйн ямар үнэлэлт дүгнэлт өгсөн нь тодорхойгүй.
Ялангуяа О.Агийн ...амь хохирогчийг алах шалтгаан байхгүй тул анхнаасаа алах тухай бодол төрөөгүй, маш их айж балмагдсан, хутгатай гарын шуунаас барьж өргөсөн чигтээ таталцаж түлхэлцэж байсан, нэг мэдэхэд л цус гарахыг харсан" гэх мэдүүлэгт гэм буруугийн талаас нь ямар нэг үнэлэлт дүгнэлт хийлгүй Эрүүгийн хуулийн 10.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй.
Миний бие мөрдөн байцаалтын шатанд О.Аг Эрүүгийн хуулийн 10.1 дэх хэсэгт заасан хэрэг үйлдсэн гэж үзэх нотлох баримт хэрэгт цуглараагүй тул өрсөлдөх хэм хэмжээ болох Эрүүгийн хуулийн 10.2 болон 10.6-д заасан хэргийн шинжийн аль тохирох байдалд анхаарал хандуулах талаар хүсэлт гомдол гаргаж байсан ба анхан шатны шүүхийн гэм буруугийн хэлэлцүүлэгт энэ байр сууриа илэрхийлсэн боловч шүүх хэрхэн няцааж үгүйсгэсэн үндэслэлээ шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тодорхой тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан хэлэлцэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэстэй. Өөрөөр хэлбэл О.А нь үйлдэлдээ гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хандаагүйг ямар баримтаар нотолж байгаа болон хэрэгт буй ямар баримт гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийг үгүйсгэн няцааж байгаа, О.А тухайн үед айж цочирдоогүй гэдгийг яг ямар баримтаар нотлон тогтоож байгаа зэргийг шийтгэх тогтоолд тусгаж, тэдгээрт онолын болон хууль зүйн талаас нь үнэлэлт дүгнэлт өгөлгүй учир битүүлгээр “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг үндэслэл бүхий хэмээн үзэх боломжгүй.
Хэргийн нөхцөл байдлаас үзвэл эмэгтэй хүнийг унтаж байхад нь гэнэт үснээс нь чирж шалан дээр унаган учир зүггүй өшиглөн дэвсэх зэргээр зодож, төмрөөр цохиж, яасан ч яахав гэж заналхийлэхэд айж балмагдан цочирдох нь ойлгомжтой бөгөөд хүчинд автан дийлж босож чадахгүй байсан, ширээн дээр ил харагдсан хутгыг авсан, гарт хутга байгаа шүү, цаашаа бай гэсэн боловч амь хохирогч хутганаас айлгүй ирж зууралдсан талаарх О.Агийн мэдүүлэг, түүний биед учирсан гэмтэл, О.Агийн болон амь хохирогчийн зан байдлын талаарх гэрчүүдийн мэдүүлэг зэрэгт үнэлэлт дүгнэлт өгөх нь гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, улмаар хэргийг зөв зүйлчлэхэд ач холбогдолтой.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах ... нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан ба хэрэгт цугларсан баримтаар О.Аг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт гэм буруутай гэж дүгнэхэд эргэлзээтэй байгааг анхаарч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ" гэж заасныг баримтлан хэргийн зүйлчлэл болон оногдуулсан ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү“ гэв.
Мөн шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Б.Тэнгис гаргасан саналдаа: “Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Мөн шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Д.Дамдинсүрэн хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч О.А нь иргэн Б.Бийн зүүн эгэмний баруун дээд хэсэг, цээжний хөндий рүү, мөн зүүн гүрээ, оочин тус газруудад хутгалж алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг үнэлэн Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
Мөрдөн шалгах ажиллагаагаар нотолвол зохих асуудлыг бүрэн шалгасан. Шүүгдэгч О.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүх хорих ялын доод хэмжээгээр ял шийтгэл оногдуулсан байх тул гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч Ц.Дарьжав нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч О.Ад холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч О.А нь 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Амины орон сууцны 3-89г тоот байшинд амь хохирогч Б.Бтэй маргалдах явцдаа түүний зүүн эгэм тус газарт хутгалж алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн гэрч Р.О /1хх-47/, Ж.Х /1хх-49/, Э.П /1хх-51/ нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-2/, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-39/, амь хохирогч Б.Б нь зүүн эгэмний баруун дээд хэсгээр цээжний хөндий рүү нэвтэрч, зүүн гүрээний венийг бүрэн тасалсан хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас цочмог цус алдаж нас барсан бөгөөд түүний цусанд 5,2 промилли, ходоодны шингэнд 6,2 промилли спиртийн агууламж илэрсэн болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1301 тоот дүгнэлт /1хх 84/, шүүгдэгч О.Агийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1хх-156/ болон түүний мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /2хх-18/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Шүүгдэгч О.А нь амь хохирогч Б.Бг хутгалж алсан үйлдлийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар хүлээн зөвшөөрөхгүй хяналтын журмаар гомдол гаргасан боловч шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж, өөрсдийн дотоод итгэлээр харьцуулан үнэлэх замаар гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг сэргээн тогтоож, амь хохирогч Б.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн, хүнд зэргийн согтолттой үедээ шүүгдэгч О.Аг бусадтай хардаж, маргалдах явцад О.А нь хутга авч, түүний зүүн эгэмний баруун дээд хэсгээр, дээрээс доош чиглэлтэй хутгалж, зүүн гүрээний венийг тасалж гэм буруугийн санаатай хэлбэрээр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн талаар үйл баримтын дүгнэлт хийснийг үндэслэлтэйгээр няцааж үгүйсгэх, мөн хэрэгт цугларсан нотлох баримтыг бэхжүүлж, үнэлэх ажиллагааны явцад хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хяналтын шатны шүүхээс хэргийн үйл баримтыг өөрчлөн дүгнэх боломжгүй юм.
Түүнээс гадна хяналтын шатны шүүхэд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн үйл баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрх хэмжээ хуулиар олгогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн О.Аг хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж, түүнд 9 жил хорих ял оногдуулсныг давж заалдах шатны шүүхээс хөнгөрүүлж, тухайн зүйл хэсэгт заасан хамгийн доод ял болох 8 жил хорих ялыг оногдуулсан нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэв.
Иймд шүүгдэгч О.Агийн “ял хөнгөрүүлэх тухай”, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дарьжавын “О.А нь Эрүүгийн хуулийн 10.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай тогтоогдоогүй, шүүх Эрүүгийн хуулийн 10.2 болон 10.6 дугаар зүйлд заасан өрсөлдөх хэм хэмжээнүүдийн алинд хамаарах үйл баримт тогтоогдож байгааг хууль зүйн талаас нь анхаараагүй, хэргийн зүйлчлэл болон оногдуулсан ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү“ гэсэн гомдлыг тус тус хүлээж авах боломжгүй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 190 дүгээр шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 383 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.А, түүний өмгөөлөгч Ц.Дарьжав нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН