Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүхийн тогтоол

2016 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 82

 

                                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                                                                                                                     

                                                                                                                                                        Хэргийн индекс:114/2015/0054/З

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Нарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэгийг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны  танхимд  хийсэн   хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******”ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох

            “Дархан-Уул аймгийн Засаг даргад 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан “*******” ХХК-ний ТХ-00031-ДА дугаартай өргөдлийн бүртгэлийг хуулийн дагуу шийдвэрлээгүй Аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох”  шаардлага бүхий  захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч:                                                                          А.Бадамдорж

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч:                                                  Б.Батбаяр                       Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:                           Г.Отгончимэд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ”*******” ХХК-ний захирал А.Бадамдоржоос шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Манай “*******” ХХК Дархан-Уул аймгийн Засаг даргад түгээмэл тархацтай ашигт малтмалын  хуулийн дагуу бичиг баримтаа бүрдүүлээд 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр өргөдлөө гаргасан. Дархан-Уул аймгийн Засаг дарга болон Тамгын газар шийдэж өгөхгүй 6 сар гаран хугацаа өнгөрөөгөөд бид нар өөрсдөө хөөцөлдөж хариугаа авмаар байна гэхэд 2016 оны 4 сарын 18-ны аймгийн ЗДТГ-ын албан тоотоор  түрүүлж ирсэн ашигт малтмалын газрын өргөдөлтэй давхцаж байгаа учраас боломжгүй гэж хариу өгсөн. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар  бид 09 дүгээр сарын 22-ны өдөр өргөдлөө өгсөн. Ашигт малтмалын давхацалтай гэсэн Засаг даргын Тамгын газраас өгсөн албан бичгэнд дурьдагдсан байсан ба өөр өргөдөл  09 дүгээр сарын 30-нд ашигт малтмалын газарт өгсөн

байсан.Энэ нь манайхыг өргөдлөө гаргаснаас хойш 8 хоногийн дараа тэр өргөдлийг Ашигт малтмалын газарт өгсөн байдаг. Хуулиараа манайх түрүүлж өгсөн учраас манай өргөдлийг түрүүлж бүртгэх ёстой байсан,  Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар хуульд заасан хугацаанд нь ном журмын дагуу явуулаагүй, манай өргөдлийн бүртгэлийг Улаанбаатар хот руу ашигт малтмалын газар руу явуулаагүй учраас ашигт малтмалын газарт өгсөн өргөдөлтэй давхцаж байгаа. Манай өргөдлийг Дарханд өгсөн гэдгийг ашигт малтмалын газар мэдээгүй байсан учраас өөр өргөдлийг  бүртгэсэн байсан. Процессынхоо хуулиар аймгийн Засаг дарга түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудлыг хамгийн түрүүнд өргөдөл хүлээж авчихаад шүүлт хийх газар нь ашигт малтмалын газар байгаа. Ашигт малтмалын газраас шүүлт хийж дүгнэлт ирсний дараа тухайн орон нутаг шийдвэрлэх ёстой байгаа. Орон нутаг яагаад ашигт малтмалын газрыг тодорхой хуульд заасан хугацаанд өргөдлөө явуулах ёстой вэ гэвэл ашигт малтмалын хууль дээр аль түрүүлж ирсэн өргөдлийг шийдвэрлэнэ гэж заасан байдагтай холбоотой байдаг. Тийм учраас Дархан-Уул аймгийн Засаг даргаас хуулийн дагуу энэ өргөдлийг явуулаагүй болохоор ашигт малтмалын газар Дархан-Уул аймагт өргөдөл өгсөн өгөөгүйг мэдэхгүй учраас сүүлд өгсөн өргөдлийг  бүртгэсэнээрээ манай эрх ашиг зөрчигдөж байна.Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрынхан хуулийн дагуу өргөдөл материалыг явуулсан байсан бол манай өргөдөл тэр өргөдлөөс түрүүлж бүртгэгдэх ёстой байсан. Иймд Дархан-Уул аймгийн Засаг даргын  эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Энэ компани нь анх 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай  хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу бичиг баримтаа бүрдүүлээд өргөдлөө аймгийн Засаг даргад гаргасан. Өргөдлийг хүлээж аваад төрийн байгууллага өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулиар ч тэр, түгээмэл тархацтай ашигт малтмалын тухайн хуулиар ч тэр тодорхой хугацааны дотор шийдвэрлэх ёстой байтал хариуцагчийн хариу тайлбарт дурьдсан шиг мэргэжилтэн нь гадагшаа сургалтанд явсан, дарга солигдсон гэсэн  шалтгаанаар удаашираад энэ асуудлыг шийдвэрлээгүйн үр дүнд 09 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн өргөдлийн дараа  буюу 09 дүгээр сарын 30-нд өгсөн өргөдлийг ашигт малтмалын газар хүлээж аваад дүгнэлт гарган өргөдлийг хянах үйл ажиллагаа явагдаж байгаа. Манай өргөдлийн хариуд нэгэнт танайхаас өмнө өргөдөл ороод ирсэн учраас шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Аймгийн Засаг даргын эрх хэмжээний хүрээнд тухайн өргөдлийг хүлээн авахаас татгалзаж шууд ашигт малтмалын газар руу явуулахгүй байх эрх байхгүй. Аймгийн Засаг дарга дэмжих боломжгүй гэчихээд байхад хөгжлийн бодлогын хэлтсийн дарга  6 сарын дараа ашигт малтмалын газар руу шүүлт хийлгэхээр явуулсан нь хууль бус. Хамгийн түрүүнд хийгдэх ажил маань төрийн тусгай хамгаалалттай газартай давхцаж байна уу гэдгийг шалгах ёстой энэ нь хууль дээр маш тодорхой заачихсан байхад үүнийг шалгаагүй байж ямар нэгэн бодит үндэслэл заахгүйгээр хүлээж авах боломжгүй гэсэн ийм хариу өгөх нь боломжгүй зүйл. Энэ нь Засаг даргын хууль эрх зүй үндэслэхгүйгээр шууд дэмжих боломжгүй гэж цохолт хийж  байгаа нь ойлгомжгүй, татгалзсан бол энэ тухайгаа мэдэгдэх байсан гэтэл хариу өгөхгүйгээр 6 сар болсны дараа тамгын газраас албан тоот явуулсан нь үндэслэлгүй. “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай” хуулиар хайгуулын тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлага, өргөдлийг яаж хүлээж авах, яаж гаргах, шилжүүлэх процессыг зааж өгсөн байгаа. Орон нутгаас дэмжих боломжгүй гэж аймгийн Засаг дарга цохолт хийж өгсөн. Энэ бол өөрөө хууль бус үйлдэл тус хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-т  өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 12.1, 12.2, 13.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд бүртгэсэн даруйд нь анхан шатны шүүлт хийж, шаардлагыг хангаагүй бол өргөдлийг хүлээн авахаас татгалзана гэж байна. “*******” ХХК нь 12.1, 12.2, 13.2-т заасан шаардлагын алийг нь бүрдүүлж чадаагүй юм бэ. Өргөдлөө буруу гаргасан байсан юм уу, буруу юм хавсаргасан байсан юм уу гэдгийг нэгдүгээрт шүүлт хийх ёстой. Татгалзсан шалтгаан, үндэслэлийг дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэнэ гэж байна. Дараагийн ажил нь 14.1.4-т энэ хуулийн 14.1.3-т заасны дагуу анхан шатны шүүлт хийсний дараа өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоолгох өргөдлийг холбогдох материалын хамт төрийн захиргааны байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх энэ үүргээ аймгийн Засаг дарга биелүүлээгүйгээс “*******” ХХК-ний өргөдлийг 09 дүгээр сарын 22-ны өдөр авсан байхад тэрнээс хойно гаргасан бүртгэлийг биднээс өмнө бүртгэсэн, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэх гэдгийг тогтоогоогүй учраас манай эрх ашиг хөндөгдөөд байна.

Иймд Дархан-Уул аймгийн Засаг даргад 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан “*******” ХХК-ийн ТХ-00031-DA дугаартай өргөдлийн бүртгэлийг хуулийн дагуу шийдвэрлээгүй учир Дархан-Уул аймгийн Засаг даргын  эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны  09 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн өргөдлийг авч үзэхэд аймгийн Засаг дарга А.******* дэмжих боломжгүй гэж цохсон байсан. Үүнийг манай ахлах мэргэжилтэн хүлээж аваад хариуцсан мэргэжилтэнд нь мэдэгдэл өг гэсэн байсан. Энэ нь тодорхой шалтгааны улмаас өгөөгүй байсан. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд өргөдлийг хүлээж аваад орон нутаг шийднэ гэж байхад ашигт малтмал тэнд бас өргөдөл хүлээж авсан гэхээр орон нутгаар дамжихгүйгээр шууд ашигт малтмалын газарт очсон байгаа. Эдний өгсөн өргөдөл нь 09 дүгээр сарын 22-ны өдөр байх бөгөөд манайх тодорхой хугацаа алдсан ч 03 дугаар сарын 03-ны өдрийн хөгжлийн бодлогын хэлтсийн даргын албан тоотоор шүүлт хийж дүгнэлт гаргаж ирүүлнэ үү гэж ашигт малтмалын газарт тодорхой хэмжээнд хуулийн хүрээнд хүргүүлсэн байдаг. Засаг дарга анхан шатны шүүлтийг хуулиараа тухайн орон нутаг хийх ёстой. Шүүлт хийгээд боломжгүй гэх юм бол албан ёсоор шүүлт хийж явуулах хууль эрх зүйн үндэс байхгүй. Өргөдөл материал зохих хэмжээнд дутуу байсан учраас дэмжих боломжгүй гэж цохсон байх гэж бодож байна. Дархан-Уул аймгийн хэмжээнд шүтлэгтэй уул байсан учраас өмнө нь ч бас дэмжигдэхгүй явж байсан. Газрынхаа хэмжээг багасгаж дахин дахин ирсээр байгаад одоо хугацаа алдсан байх гэж бодож байна. Дээр нь хариуцсан мэргэжилтэн үзээд үнэхээр дутуу юм байгаад тодорхой хэмжээнд санал болгоод дэмжих боломжгүй гэж цохсон болов уу гэж бодож байна. Ашигт малтмалын газар боломжтой гэсэн дүгнэлтийг ирүүлсэн тохиолдолд орон нутаг татгалзах эрхтэй. Ер нь аймгийн бодлого бол газар нутаг багатай, тодорхой хэмжээнд хаа сайгүй газраа хөндүүлээд ухуулаад байх асуудлыг бодлогоор дэмжихгүй байгаа. Одоо манай дээр нэлээн олон газрын ашигт малтмалын газраас боломжтой гэснийг өнөөдрийн байдлаар манайх дэмжээгүй явж байгаа гурав дөрвөн аж ахуй нэгж байгаа. Хүсэлтийг удаашруулсан асуудал байгаа. Энэ компанийн хүсэлт удаа дараа ирж байсныг мэдэж байгаа. Хамгийн сүүлд 09 дүгээр сарын 22-ны өдөр га-гаа багасгаж орж ирсэн.Тийм учраас манай мэргэжилтэнд дэмжих боломжгүй гэсэн цохолттой өгсөн байсан. 09 дүгээр сарын 22-нд өргөдлөө өгсөн байсан 18-нд дарга нь солигдож, мэргэжилтэн нь ажлаасаа чөлөөлөгдсөн ийм удааширалттай асуудал үүссэн. Энэ компаний хүсээд байгаа газар маань Хонгор сумын “Буурал” уулын орчимд юм байна лээ. Үүнийг татгалзахад болохгүй юм байхгүй байсан.  Ашигт малтмалын газарт 03 дугаар сарын 03-ны өдөр албан тоотыг явуулахдаа хугацаа хэтрүүлсэн. Засаг даргаас явуулах ёстой байтал хөгжлийн бодлогын хэлтсийн даргаас явуулсан байсан гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

               Нэхэмжлэгч “*******” ХХК-аас Дархан-Уул аймгийн Засаг даргад 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан “*******” ХХК-ний ТХ-00031-ДА дугаартай өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлээгүй Аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох”   тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд  гаргасан байна.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж  шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч “*******” ХХК нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-д  “Энэ хуулийн 13.1-д заасан хуулийн этгээд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг аймаг, нийслэлийн Засаг даргын баталсан маягтын дагуу аймаг, нийслэлийн Засаг даргад гаргах бөгөөд түүнд доор дурьдсан баримт бичгийг хавсаргана”  гэж зааснаар  Дархан-Уул аймгийн Засаг даргад 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 01/07 тоот албан бичгээр Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт орших Цагаан дэл нэртэй газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдлөө гаргасан болох нь Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын ирсэн баримт бичгийн бүртгэлийн дэвтрийн 2073 -д болон хөгжлийн бодлогын хэлтсийн ирсэн баримт бичгийн бүртгэлийн 650-д бүртгэгдсэн бүртгэлийн хуулбарууд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараар нотлогдож байна.

Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын “*******” ХХК-ний өргөдлийг 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авсан бүртгэл, Аймгийн Засаг даргын  2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “дэмжих боломжгүй” гэсэн цохолт, Хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн С.*******ад “Аймгийн Засаг даргын шийдвэрийг мэдэгдэх”  гэсэн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн  бичилт, Аймгийн Засаг даргын Тамгын газрын 2016 оны 03 дугаар сарын 03-ний өдрийн 5-320 дугаар албан тоот зэргээс авч үзэхэд  хариуцагч Аймгийн Засаг дарга нь “*******”ХХК-ний түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хүссэн өргөдлийг хүлээн авч хуулийн хугацаанд хуулийн дагуу шийдвэрлээгүй, өргөдлийн хариуг нэхэмжлэгчид мэдэгдээгүй болох нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай  хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-т  өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 12.1, 12.2, 13.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд бүртгэсэн даруйд нь анхан шатны шүүлт хийж, шаардлагыг хангаагүй бол өргөдлийг хүлээн авахаас татгалзаж, татгалзсан шалтгаан, үндэслэлийг дурьдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх,  14.1.4-т “энэ хуулийн 14.1.3-т заасны дагуу анхан шатны шүүлт хийсний дараа өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоолгох өргөдлийг холбогдох материалын хамт төрийн захиргааны байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх” гэж заасныг зөрчсөн нь  тогтоогдож байна.

 Иймд хариуцагчийн  эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байх тул дээрх хуульд заасан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын “*******” ХХК-ний 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн ТХ-00031-ДА дугаартай өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлээгүй  эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 

ТОГТООХ  нь:

1. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3, 14.1.4 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын “*******” ХХК-ний 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн ТХ-00031-ДА дугаартай өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Аймгийн Засаг даргаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108  дугаар зүйлийн 108.4-т заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурьдсугай.

 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч  түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч  нар  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                            Д.НАРАНТУЯА