Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2017/0663

 

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар0221/МА2017/0663

Улаанбаатар хот

“Э Э Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Будхүү, нэхэмжлэгч “Э Э Д” ХХК-ийн захирал Ц.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2017/0507 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн С.Д-ийн гаргасан давж заалдах гомдлоор “Э Э Д” ХХК-ний нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “Э Э Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг орлон гүйцэтгэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 147 дугаар шийдвэрийн “Э Э Д” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2017/0507 дугаар шийдвэрээр:

“Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.6, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Э Э Д” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 147 дугаар шийдвэрийн “Э Э Д” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж зааснаар “Э Э Д” ХХК нь тусгай зөвшөөрлийн ээлжит төлбөрийг хуулийн хугацаанд тусгай зөвшөөрөл олгосон өдрөөс өмнө урьдчилан төлөх ёстой байсан. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д “Хуульд зааснаар хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл тусгай зөвшөөрлийг цуцална” гэж заасан байх бөгөөд “Э Э Д” ХХК-д тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт төлөх боломж хуулиар олгогдсон байна. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг албан бичгээр хүргүүлсэн ба тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төлбөр төлсөн тухайгаа нотлох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөр, алдангийг хугацаанд нь бүрэн төлөөгүй бол цуцална” гэж зааснаар тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 147 дугаар шийдвэрээр цуцалсан бөгөөд цуцалсан тухай мэдэгдлийг мөн хүргүүлж байсан.

Улсын Дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн “Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 9 дүгээр тогтоолд “Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.4-д заасан “мэдэгдэнэ” гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүний утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно” гэж заасны дагуу холбогдох мэдэгдлүүдийг хүргүүлсэн нь баримт бичиг хүлээлцэх дэвтрийн хуулбараар баталгаажиж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсын дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ” гэж зааснаас үзвэл хаягийн өөрчлөлтөө зохих журмын дагуу бүртгүүлээгүйгээс гарах үр дагаврыг төрийн захиргааны байгууллага хариуцахгүй.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2017/0507 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргаанд хамаарал бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулж хэргийг шийдвэрлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангагдаагүй байх тул дараах үндэслэлээр хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлөх”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлөх” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс ашигт малтмалын хайгуулын ХV-012645 тоот тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүрийн 8 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө урьдчилан төлөх үүрэгтэй.

Харин энэхүү үүргээ биелүүлээгүйгээс Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 147 дугаар шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсныг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргахдаа хүндэтгэн үзэх шалтгаантай буюу өвчтэй байсан гэх боловч энэ талаарх нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй байна. 

Тухайлбал хариуцагчийг цуцлах тухай мэдэгдлийг өгөөгүй гэж буруутгахаас гадна нэхэмжлэгчийн хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа, бусад нотлох баримтаас үзэхэд “Э Э Д” ХХК нь 1 үүсгэн байгуулагчтай, захирал Ц.С нуруундаа хүнд бэртэл авсны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, гадаад улсад шинжилгээ өгөх шаардлага үүссэнээс шалтгаалж 8 дугаар сарын 20-ны дотор тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөх боломжгүй байсан эсэхтэй холбоотой нотлох баримтыг цуглуулж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байжээ.

Түүнчлэн анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн ч гэсэн маргаан бүхий акт гарахаас өмнө ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлсөн болох нь нотлогдож байна гэж дүгнэх боловч хавтаст хэргийн 107 дугаар талд авагдсан Ашигт малтмал, газрын тосны газрын журналд 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдрөөр огноолсон 11.700.000 төгрөгийн төлбөрийг “Э Эс Д” ХХК бус харин “Б Ж Э Б” ХХК-иас төлсөн байх тул энэ ямар учиртайг тодруулсны үндсэн төлбөр төлөгдсөн эсэхэд дүгнэлт хийх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2017/0507 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                             Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                             Э.ЛХАГВАСҮРЭН