Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 21

 

С.Д-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

                                                                             Хэргийн индекс: 135/2020/00901/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  12 дугаар сарын 23-ний өдрийн 04 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч С.Д-ын нэхэмжлэлтэй,

           Хариуцагч Т.Т-,

                              С.А- нарт холбогдох

“Гэм хор учруулсны хохиролд нийт 15.425.000 төгрөг гаргуулах” тухай  нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагч Т.Т-ийн давж заалдсан гомдлыг үндэслэн

          2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э-, хариуцагч Т.Т-, хариуцагч нарын өмгөөлөгч Ө.Өлзиймаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүхэд анх Т.Т-, С.А- нараас 15.425.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэргийн байдлын хувьд дурдахад 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 21 цаг 30 минутын орчим Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн ТЭЦ-ийн уулзварт Bieben маркийн 43-65 ДАХ улсын дугаартай машиныг С.А- жолоодож яваад замын хөдөлгөөний дүрмийн 8.9 дүгээр заалтыг зөрчиж С.Д-ын жолоодож явсан KIA RHINO маркийн 69-47 АРА улсын дугаартай машиныг мөргөж, 19.950.000 төгрөгийн хохирол учруулсан. Үүнээс 4.970.000 төгрөгийг С.А-гийн даатгуулсан даатгалын компаниас авсан. Үлдэгдэл 14.980.000 төгрөг дээр машин ачилтын 200.000 төгрөг, КТГ-т толгой харуулсан 100.000 төгрөг, Архангай аймгаас Дархан-Уул аймагт ирэхэд зарцуулсан бензиний мөнгө 145.000 төгрөг нийт 15.425.000 төгрөг хариуцагч Т.Т-аас нэхэмжилж байгаа. Яагаад Т.Т-аас нэхэмжилж байгаа вэ гэхээр С.А-гийн жолоодож явсан 43-65 ДАХ улсын дугаартай машин нь хариуцагч Т.Т-ын өмчлөлд байдаг болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр ногтлогдож байх тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт заасны дагуу гэм хорын хохирлыг Т.Т- хариуцах нь үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч Т.Т-аас 15.425.000 төгрөг нэхэмжилж байна. Хамтран хариуцагч С.А-гоос татгалзаж байна гэжээ.

Хариуцагч Т.Т- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Намайг хариуцагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. С.А-той харилцан тохирч Автомашин түрээслэх, зарах, ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. С.А-о осол гаргасан тул гэм хорын хохирлыг С.А- хариуцах ёстой гэж үзэж байна. Түрээсийн гэрээгээр бусдад учруулсан хохирол, хариуцлагыг С.А- хариуцахаар тохирсон. Тиймээс хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагч Т.Т-ын өмгөөлөгч Ө.Өлзиймаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хавтаст хэрэгт 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 21 цаг 30 минутад ТЭЦ-ийн уулзварт 2 машин мөргөлдөж, зөрчлийн хэрэг үүсгэж шалгасан. Тухайн хэргийн холбогдогч нь С.А- болох нь тогтоогдож, шийтгэл хүлээсэн болох нь хангалттай тогтоогдож байгаа. Гэм хорын хохирлыг С.А- учруулсан болох нь дээрх баримтаар тогтоогдож байгаа. Т.Т- нь зөрчлийн хэрэгт холбогдогч болох нь тогтоогдсон зүйл байхгүй. Хариуцагч С.А- миний буруу байсан тул би хариуцлага хүлээнэ гэсэн байр сууриа илэрхийлсээр байгаа. Мөн 2 удаагийн автомашин түрээслэх гэрээ байгуулагдсан байдаг ба гэрээнүүд хэрэгт байгаа. 2 хариуцагч хоёулаа гэрээний хүчин төгөлдөр гэдэг талаар маргаагүй гэдгийг хэлэхийг хүсэж байна. Эд хөрөнгийн хариуцлага хүлээх талаар тусгасан 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн гэрээ 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдөр осол гарахаас өмнө хийгдсэн болох нь тогтоогдсон. Нэхэмжлэгч тал гэрээг хуурамч гэж байгаа бол гэрээтэй холбоотой баримтаа нотлох байсан. Нотлох үүргээ биелүүлээгүй. Зүгээр тайлбар хэлсэн. Гэрээний 3.2 дугаар заалтын талаар 2 хариуцагч хоорондоо маргаагүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэсэн хуулийн заалтыг барьж байна. Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн дээрх заалтыг барихдаа нэхэмжлэгч хариуцагч сонгох эрхээ буруу хэрэглэж байна гэж үзэж байна.Т.Т-ыг хариуцагчаар татсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

 Хариуцагч С.А- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 ..Би төлбөрөө төлнө. Машиныг жолоодож явсан нь үнэн. Би гэрээний дагуу төлнө гэсэн гэрээ хийсэн. Тиймээс би төлнө. Гэхдээ би цалингаасаа төлнө гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 04 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1, 499 дүгээр зүйлийн 499.4-т тус тус заасныг баримтлан хариуцагч Т.Т-аас 13.30.,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 2.120.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь хариуцагч С.А-д холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, хариуцагч С.А-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235,075 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Т-аас улсын тэмдэгтийн хураамжид 224,475 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Д-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Т.Т- давж заалдсан гомдолдоо:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 сарын 23-ны өдрийн 04 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1, 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Т- надаас 13.305.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2020 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 21 цаг 30 минутын орчимд Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн ТЭЦ-ийн уулзвар Bueben маркийн 43-65 ДАХ улсын дугаартай машиныг С.А- гэж хүн жолоодож яваад осол гаргаж замын хөдөлгөөний дүрмийн 8.9 дүгээр заалтыг зөрчиж С.Д-ын жолоодож явсан Кiarhino маркын 69-47 АРА улсын дугаартай машиныг мөргөж 19.950.000 төгрөгийн хохирол учруулсан.

Нэхэмжлэгч С.Д- шүүхэд гэм хорын нэхэмжлэл гаргахдаа эхлээд хамтран хариуцагч С.А- бид хоёрыг хамтад нь хариуцагчаар татсаныгаа өөрчилж С.А-гоос татгалзаж, Т.Т- надаас 15.425.000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргаснаас 2.120.000 төгрөгийн шаардлагыг хангаж 13.305.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн.

Би С.А-гийн зам тээврийн зөрчлийн хохирлыг түүний өмнөөс төлөх үндэслэл байхгүй нөгөөтээгүүр нэхэмжлэгч С.Д- осолд орсон авто машинаа сэлбэгт өгсөн шинэ машины үнээр хохиролд тооцуулж авах гэсэн, шинжээчийн дүгнэлт гаргуулах гэхэд сэлбэгт тушаасан гээд шинжээчийн дүгнэлт гаргуулж үнэлүүлээгүй, хэдэн төгрөгөөр сэлбэгт өгснөө шүүхэд тайлбарлаагүй, сэлбэгт өгсөн гэж тогтоогдоогүй байхад шүүх бүтэн хохирлоор тооцож надаас гаргуулсанд гомдолтой байна.

Өөрөөр хэлбэл сэлбэгт өгч хохирлоо тодорхой хэмжээнд авсан байж давхар гэм хорын хохирол гэж бусдаас шаардаж давхардуулсан. С.А- өөрийн осол гаргасан буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч нэхэмжлэгч С.Д-д учруулсан хохирлыг би төлнө гэж зөвшөөрдөг.

Иймд бодит байдал дээр бусдад гэм хор учруулсан этгээдээс гэм хорын хохирлыг гаргуулах нь шударга ёсонд нийцэх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг зөв шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч С.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э- нь хариуцагч Т.Т-, С.А- нарт холбогдуулж, зам тээврийн ослын улмаас гэм хор учруулсны нөхөн төлбөр гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.А-гоос татгалзсан байна.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гэм хор учруулсан тээврийн хэрэгслийн жинхэнэ өмчлөгч нь Т.Т- мөн байх тул нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч нь мөн гэж тодорхойлжээ.

Хариуцагч Т.Т- тухайн авто машиныг гэрээний үндсэн дээр С.А-гийн эзэмшилд шилжүүлсэн бөгөөд зам тээврийн осол гаргаж, бусдад учруулсан хохирлыг жолооч С.А- хариуцах үндэслэлтэй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар

С.А-д холбогдох зөрчлийн хэргийн материалаас үзэхэд 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт С.А- нь Замын хөдөлгөөний дүрмийн 8.9 дүгээр зүйлийн  “г”-д заасныг зөрчиж,зам тээврийн осол гаргасны улмаас С.Д-ын эд хөрөнгөд хохирол учруулсан буруутай үйлдэл тогтоогдож, энэ үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулиар торгуулийн шийтгэл ногдуулж, нэхэмжлэгч С.Д-ын буруутай ямар нэгэн үйлдэл тогтоогдоогүй гэж дүгнэсэн бөгөөд энэ талаар талууд маргаагүй байна.

Тээврийн хэрэгслийг ашиглах явцад үүссэн гэм хорын нөхөн төлбөрийг гэм хор учруулсан этгээдээс гадна уг гэм хор учрахад нөлөө үзүүлсэн буюу тээврийн хэрэгслээ шилжүүлсэн, мөн ашиглах боломж олгосон этгээдийн хэнд нь ч холбогдуулан гаргах боломжтой бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийн хариуцагчаар тухайн зам тээврийн осол гаргасан авто машины өмчлөгч Т.Т-ыг сонгон тодорхойлсныг буруутгах үндэслэлгүй.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499. 1-д “ Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж,гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг төлөх үүрэгтэй”,  499.4-т “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг эзэмшигч буюу өмчлөгч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус зааснаар тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч Т.Т-д гэм хорын нөхөн төлбөрийн хариуцлага хүлээлгэсэн нь зөв байна.

Хэрэгт авагдсан “Ган хүдэр орд” ХХК болон С.А- нарын хооронд байгуулагдсан 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01/20/08 дугаартай “Авто машин түрээслэх, зарах, ажил гүйцэтгэх гэрээ”,  “Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ”, 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Т.Т-тай байгуулсан 01/20/03 тоот “Ачаа тээвэрлэлтийн гэрээ”, зам тээврийн осол гаргасан BEIBEN ND 1255B маркын 43-65 ДАХ улсын дугаартай авто машины тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг баримтуудаар  тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Т.Т- мөн байна.

Өөрөөр хэлбэл механикжсан тээврийн хэрэгслийн улсын бүртгэл, шилжилт хөдөлгөөний талаарх мэдээллийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд заавал хамруулах бөгөөд Монгол улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн тээврийн хэрэгсэл өмчилж авснаас хойш 72 цагийн дотор, ашиглалтаас хассанаас хойш 1 сарын дотор бүртгүүлэх ба бүртгэлийн байгууллага тээврийн хэрэгслийг бүртгэж гэрчилгээ олгоно.

Иймд тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчийг тогтоох гол үндэслэл болдог.

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т “Өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй. Энэ тохиолдолд бүрэн эрх олгосон этгээд эзэмшигч байна гэж хуульчилсан тул хариуцагч Т.Т-ын маргаж буй тайлбар  үндэслэлгүй болно.

Тээврийн хэрэгслийн өмчлөгч буюу эзэмшигч Т.Т- гэм хор учирсан этгээдийн өмнө хариуцлага хүлээх боловч тэрээр өөрт учирсан хохирлоо уг авто машиныг жолоодож явсан этгээд болох С.А-гоос Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шаардах эрхийг хязгаарлахгүй.

Хариуцагч Т.Т- нь С.А-г дээрх гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу бусдад учруулсан хохирлыг хариуцахаар тохиролцсон гэж тайлбарладаг боловч энэ нь зөвхөн гэрээний талуудын харилцан биедээ тавих шаардлагад хамааралтай бөгөөд  гэрээний бус үүргийн шаардлагад хамааралгүй юм.

Нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан хохирлын талаар хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК тодорхой шалгуураар үнэлсэн үнэлгээний тайлан хэрэгт авагдсан бөгөөд хариуцагч Т.Т- уг үнэлгээний талаар маргаагүй, өөрийн зүгээс ямар нэгэн гомдолгүй гэж тодорхойлолт гаргаж байсан болох нь хэргийн 85 дугаар талд авагдсан баримтаар нотлогдож байна.

Иймд хариуцагч Т.Т-ын нэхэмжлэгч С.Д- эвдэрсэн машинаа сэлбэгт өгч, хохирлоо тодорхой хэмжээнд авсан атлаа давхар гэм хорын хохирол шаардаж байгаа нь буруу, бодит байдал дээр бусдад гэм хор учруулсан этгээдээс гэм хорын хохирол гаргуулах  нь шударга ёсонд нийцнэ гэсэн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Т.Т-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  236.000 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                          

 

                                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     О.НАРАНГЭРЭЛ

                                                                    ШҮҮГЧИД                                     М.МӨНХДАВАА                      

                                                                                                                          Л.АМАРСАНАА