Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2018/ШЦТ/054

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч Д.Цогжавхлан,

Нарийн бичгийн дарга О. Сувд-Эрдэнэ,

Шүүгдэгч З.О нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1714003380008 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, Бурхант овогт З.О

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч З.О нь 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Цагаан чулуут” 5 дугаар багийн 6-8 тоот хашаанд байх иргэн П.Иийн гэрт иргэн А.Тыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Б.Оы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр би ***ын гэрт нь нэг шил архи хувааж уугаад байж байсан чинь гаднаас Т орж ирсэн. Тэгээд хүргэн ах болох ***оос үг гуйгаад хэрүүл нэхээд байхаар “чи одоо хөгшин хүнтэй маргалдахаа болиоч” гэсэн чинь овоо зүгээр байгаад байгаад би гэрлүүгээ явлаа гээд гараад явсан ба *** миний араас гараад ирсэн. Тэгээд гадаа гараад ***надад “би ахдаа нэг шил архи авч өгөөд уучлалт гуймаар байна” гэхээр нь би өөрөө л мэдэхгүй юу гэсэн, тэгээд ***нэг дэлгүүрт ороод архи авах гэсэн чинь тэр дэлгүүр нь өгөөгүй. Тэгээд гараад ирэхээр нь “чи архи авч ороод ахиад ахаасаа үг гуйгаад хэрүүл хийгээд байх юм биш биз дээ” гэсэн чинь тэгэхгүй гэсэн, тэгэхээр нь би нэг шил архи аваад өгье гээд дэлгүүрээс нэг шил архи аваад **д өгсөн. Тэгсэн чинь ***ынх руу цуг ороё гэхээр нь бид хоёр цуг Иийн гэрт нь орсон, тэр авч орсон архинаасаа аяганд хийж өгөөд ***ахаасаа ахиад хэрүүл нэхээд байхаар нь би “чи уучлалт гуйна гэчихээд хаашаа юм бэ болиоч” гэсэн чинь **** тэр ууж байсан шилтэй архиараа надруу цохих гээд далайсан, тэгээд намайг хэрүүл нэхээд элдвээр хэлж доромжилоод байхаас нь би “давраад байгаарай” гэсэн чинь Т босч ирээд миний хүзүүнээс цамцны захаар боосон, тэгэхээр нь би гарынх нь тохойруу нь цохиод боолт нь тавигдахаар нь нүүрлүү нь гараараа цохиод газарт ойчихоор нь хөлөөрөө нүүрлүү нь 2 удаа өшиглөчихсөн юм. Тэгээд би гэрлүүгээ яваад өгсөн. Т намайг архины шилээр цохих гэж нэг удаа далайсан арай цохиогүй, бас хүзүүнээс боосон, өөр цохиж зодоогүй, миний биед одоо гэмтэж бэртсэн зүйл байхгүй ээ. гэх мэдүүлэг. /хх-ийн 42-43 /,

... Надад өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж хэлэх зүйл алга, би өмнө болсон асуудлын талаар дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн байгаа. Би Тын нүүрлүү нь нэг удаа гараараа цохиод, хөлөөрөө мөн нүүрлүү нь 2 удаа өшиглөсөн, өөр бол цохиж зодоогүй ээ. Харин Т намайг нэг удаа заамдаж хоолой боосон, өөр бол ерөөсөө цохиж зодоогүй. Би Тд 20,000 төгрөг өгсөн байгаа, Т одоо надаас нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэсэн. Бид хоёр эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байгаа. гэх мэдүүлэг. /хх-ийн 44-45 /,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.О өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

3. Хохирогч А.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би өнөөдөр орой гэрээсээ хүн аваад хүргэн ах болох **** гэдэг айлд очиход **** ах түүний эхнэр Бумаа нар байсан. Тэднийд ороход тэр гурав 0.75 литрийн “ерөөл” нэртэй архийг хувааж уугаад талд нь оруулаад сууж байхаар нь би ороод тэд нартай тэр архинаас хувааж уусан. Тэгээд **** ах бид 2 жаахан маргалдсан чинь хамт байсан ***ахыг өмөөрөөд, надтай бас маргалдаад архины шилээр миний нүүрлүү цохьсон.**** ах бид 2 маргалдаж байхад түүнийг ****нь өмөөрөөд И ахын гэрээс намайг дагуулж гараад бүр хашаанаас нь гаргаад гудамжинд намайг архины шилээр цохисон. Тэгээд би **** ахын гэрт нь ороод *** намайг ийм болгочихлоо шүү гэж хэлчихээд гэрлүүгээ явсан. ***намайг 22 цагийн үед зодсон. Би гомдолтой байна. гэх мэдүүлэг /хх-ийн 11-15 /,

... Би ***ыг өмнө нь таньдаг байсан, бид хоёрын дунд ямар нэгэн өс хонзон, болон хэрүүл маргаантай зүйл байхгүй, хэвийн л зүгээр харьцаатай байдаг. *** нь надад эм аваарай гээд надад 20,000 төгрөг өгсөн байгаа, одоо надад нэмж нэхэмжлэх зүйл байхгүй, надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй болно. Яг үнэн нь намайг*** ахын гэрт байхад *** намайг эхлээд гараараа цохьсон, тэгээд газар унасан байхад хөлөөрөө нүүрлүү 2 удаа өшиглөсөн би өмнө нь мэдүүлэг өгөхдөө андуураад архины шилээр цохьсон гудамжинд зодсон гэж андуурч хэлсэн байна. Надад одоо ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй ээ. гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 /,

4. Гэрч *****ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн орой **** бид хоёр манай гэрт нэг шил архи хувааж уугаад дуусч байсан чинь гадна Т гаднаас согтуу манайд ороод ирсэн, тэгээд манайд бид гурав байж байгаад Т нь надаас хэрүүл нэхээд гуйлгачин гээд надруу хэл амаар дайраад байсан, тэгж байгаад арай гайгүй болоод О, Т хоёр манайхаас цуг гараад явсан ба удалгүй эргэж орж ирэхдээ 0,5 литрийн хэмжээтэй ерөөл архи аваад ороод ирсэн. Тэгээд бид гурав тэр архийг нь задлаад рүнкээр нэг нэг уусан тэгсэн чинь Т надруу ахиад хэрүүл нэхээд “9 хуруутын гуйлгачин” гээд байсан чинь **** намайг өмөөрөөд Тыг зодсон. Тэр үед *** гараараа Тын нүүрлүү нь цохиод газар унагасан, дараа нь газар унасан байхад нь нүүрлүү нь хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд зодсоных нь дараа Тын нүүрнээс нь цус гарчихсан байсан яг хаанаас нь цус гарсаныг нь би хараагүй, харахад л нүүр нь цус болчихсон байсан. Тэр үед Т нь ***ыг цамцных нь захаар нь хүзүүг нь боох гээд шахаад бас архины шилээр цохих гээд далайгаад байсан, арай цохиогүй байх. Зодсоных нь дараа эхлээд Т явлаа гээд явсан, *** нь дараа нь гэрлүүгээ явлаа гээд явсан. Эхлээд тэр өдөр *** бид хоёр 0,5 литрийн хэмжээтэй ерөөл гэсэн архийг хувааж уусан. Тэр үед ****, Т хоёр хоёулаа нэг их согтоогүй гайгүй л байх шиг байсан.гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 /,

5. Гэрч А.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

… 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн орой би ажлаасаа ирээд байж байхад ***, манай нөхөр *** бид гурав байж байгаад манай нөхөр *****хоёр бөхийн барилдаан үзэнгээ 1 шил, 0,5 литрийн хэмжээтэй “ерөөл” архийг хувааж уусан. Тэгээд архийг уугаад дуусч байхад гаднаас Т шал согтуу орж ирсэн бөгөөд манай нөхөр ***** хоёроос хэрүүл нэхээд байхаар нь би чи болиочээ дандаа ингэж байх юм гэж хэлж байсан. Тэгээд *** хоё цуг гараад явсан ба гадаа гарч яваад гаднаас 0,5 литрийн хэмжээтэй архи аваад ороод ирсэн, тэгээд тэр авчирсан архинаас нь манай нөхөр ** гурав нэг нэг рүнк хийж уусан. Тэгээд Т нь *****хоёроос дахиад л үг гуйгаад, элдвээр хэлээд Оыг “хулгайчийн хүргэн” гэж хэлээд, манай нөхөр Иийг “9 хуруутын хүүхэд” гэх зэргээр хэл амаар доромжилоод байсан. Тэгэхээр нь *** “чи яах гэж хөгшин хүнийг тэгж байдаг юм бэ” гэж хэлж байсан, тэгсэн чинь ****ыг заамдаж аваад цамцаар нь хүзүүг нь боосон чинь гараараа Тын нүүрлүү нь нэг цохьсон. Тэгээд Т нь газар уначихаад босч ирээд дахиад **** руу дайраад байсан чинь О.Тын нүүрлүү нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн, тэгээд Т ганцаараа гараад явсан. Араас нь **** гэрлүүгээ явлаа гээд гараад явсан. Т нь миний төрсөн дүү бөгөөд, уг нь зан ааш сайтай, ажил төрөлд сайн, гэр орондоо ажилсаг хүн байгаа юм. Харин жаахан архи уухаараа л хүн хүнээс үг гуйгаад, хэрүүл нэхээд байдаг зантай юм. Тэгээд маргааш нь чи тэгсэн ингэсэн гэхээр тэгсэн юм байх даа гээд байдаг. Харин**** нь алсаасаа хүн чанар сайтай, хүн бүр л ам сайтай байдаг, хүнд тусархаг, ажилсаг, зан ааш сайтай, архи дарс бага зэрэг хэрэглэдэг, ер нь гайгүй, ажилд сайн сэтгэл цагаантай, хүн болгон ер нь л ам сайтай байдаг хүн байгаа юм.гэх мэдүүлэг / хх-ийн 23-25 /,

6. Гэрч П.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би ****ыг багаас нь мэднээ. Зан байдлын хувьд даруухан, төлөв түвшин зантай, ажилсаг, хичээнгүй, хамаатан садны дунд нэр хүнд сайтай, өмнө нь хэрэг төвөгт холбогдож байгаагүй, гэр бүлдээ анхараал халамж сайн тавьдаг хүн байгаа юм. Би хэргийнх нь талаар мэдэхгүй байнаа.гэх мэдүүлэг. / хх-ийн 26-27 /,

7. Гэрч Д.Цын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

…Оыг би эртнээс мэднэ, зан байдлын хувьд хүнд тусархуу ажилсаг, хичээнгүй, төлөв даруухан зантай, өмнө нь хэрэг төвөгт орж холбогдож байгаагүй, найз нөхдийн дунд нэр хүнд сайтай, хүнд их тусархуу зантай, уг нь ийу хэрэгт холбогдохооргүй л хүн байгаа юм даа. Би хэргийнх нь талаар мэдэхгүй байна. гэх мэдүүлэг. / хх-ийн 28-29/

8. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 20 дугаартай шинжээчийн

1. Л.Тын биед зүүн нүд, хамар, чихэнд шарх, баруун, зүүн нүдэнд цус хуралт, хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд шинээр үүссэн байх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.

  1. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  2. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт / хх-ийн 32-33 /, болон шүүгдэгч З. Оы зурагтыг битүүмжилсэн тогтоол тэмдэглэлүүд, хавтаст хэргийн 8-10 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч З. О нь урьд ял шийтгэгдэж байгаагүй тухай тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч З.Оы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч З.Од холбогдох хэргийн үйлчлэл зөв, шүүгдэгч З.О нь 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Цагаан чулуут” 5 дугаар багийн 6-8 тоот хашаанд байх иргэн П.Иийн гэрт иргэн А.Тыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь гэрч П.И, А.Бумбилэгт нарын мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул шүүхээс “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч З.О нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ эдэлж, шүүх хуралдаанд оролцсон бөгөөд шүүх хуралдаанд “улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцэх зүйлгүй, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэхдээ торгох шийтгэл оногдуулж өгөхийг хүсэж байна” гэж илэрхийлснийг дурдах нь зүйтэй байна.

Шүүх шүүгдэгч З.О Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д заасан “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан” ял шийтгэл оногдуулна гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан ял шийтгэлийг оногдуулав.

Шүүгдэгч З.Оы эзэмшлийн “Сони” маркийн зурагтыг битүүмжилсэн 2018 оны 01 дүгээр сарын 18-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх зурагтыг эзэмшигч З. Од шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч З.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч З.Од нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бурхант овогт З.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Бурхант овогт З.Оыг зургаан зуун / 600 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1, 164 дугаар зүйлийн 164.1, 164 дүгээр зүйлийн 164.2-д зааснаар шүүгдэгч З.Од оногдуулсан зургаан зуун / 600 / цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар ажил хийлгэж байхаар тогтоож, уг ялыг эдлүүлж, хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 165 дугаар зүйлд зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.    

5. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч З.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.        

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч З.Оы эзэмшлийн “Сони” маркийн зурагтыг битүүмжилсэн 2018 оны 01 дүгээр сарын 18-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх зурагтыг эзэмшигч З.Од шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч З.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.          

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.                                               

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч З.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ