Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 22

 

Б.Ж-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

                                                                           Хэргийн индекс: 135/2020/00898/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  12 дугаар сарын 24-ний өдрийн 09 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Ж-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.Б-т холбогдох

“Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсэг болох 33.300.000 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлтэй,

“4 хүүхдийг өөрийн асрамжид авах” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагч Г.Б-, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Ганзориг нарын хамтран гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Ж-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа, хариуцагч Г.Б-, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Ж- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид 2007 оны 09 дүгээр сарын 24-нд гэр бүл болсон. Бидний дундаас 4 хүүхэд төрсөн. 2010 оны 08 дугаар сарын 11-нд охин Б.С-, 2012 оны 04 дүгээр сарын 12-нд том хүү Б.Б-, 2014 оны 09 дүгээр сарын 10-нд дунд хүү Б.Б-, 2017 оны 03 дугаар сарын 08-нд бага хүү Б.Б- төрсөн. 2007 оноос хойш ам хэлээр доромжилж байнга хардаж, зодож цохидог болсон. Тэгээд 2020 оны 04 дүгээр сараас хойш энэ хүн гэр орондоо ирэхээ байсан. 2020 оны 05 дугаар сарын 31-нд гэрээ ачаад намайг буйр нь дээр үлдээгээд явсан. Тэрнээс хойш энэ хүнтэй харьцаагүй. 7,8 дугаар саруудад ганц хоёр удаа ирж хүүхдүүдтэйгээ уулзсан. Хүүхэдтэйгээ харьцаад байдаггүй. Одоо бол харьцахаа больсон. Цаашид хамт амьдрах боломжгүй. Иймээс гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. 4 хүүхдээ өөрийн асрамжид авч, тэтгэлэг эцгээс нь гаргуулна. Эд хөрөнгийн хувьд бид хөдөө мал маллаж байсан бөгөөд 2019 онд тоолуулсан нийт 92 толгой мал байгаа, мөн Тоёота приус 20 маркийн 11-37 ДАР улсын дугаартай суудлын автомашин, Киа Бонго маркийн 67-66 ДАХ улсын дугаартай автомашин зэрэг эд хөрөнгийн үнээс өөрт болон 4 хүүхдэд ногдох хэсэг болох нийт 33.300.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Б- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Би энэ хүнтэй амьдрах хугацаандаа үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө хөдөлмөрлөж, үр хүүхдийнхээ сурлага хүмүүжилд анхаарч эцгийн хайраар дутаалгүй өсгөж ирсэн.

Гэтэл Б.Ж- нь надаас сална гэж 4 хүүхдийг минь төрж өссөн орон гэрээс нь авч яван өөрийнхөө эцэг, эхийнд байлгаж дасан зохицохгүй орчинд өөрөө ажилтай нэрээр орхиж явж байна.

Миний хувьд архи дарс хэрэглэдэггүй хүүхдүүдээ аль болох нийгмийн идэвх сайтай сурлага хүмүүжилдээ сайн болгохыг зорьдог. Б.Ж-ы хувьд өөрийн гэсэн орон гэргүй аав ээжийнхээрээ хүүхдүүдийг минь дагуулж яваад уулзуулахгүй байна.

Би хүүхдүүдээ болон эхнэрээ зодож байгаагүй. Харин архи уулаа гэж л хэрүүл болдог үүнийг хардаж байна гэж үздэг.

Миний хувьд хүүхдүүдээ эрүүл саруул, төрж өссөн гэрт нь байлгамаар байна. Б.Ж- хүүхдүүдээ харж чадахгүй архины хамааралтай хүн. Иймд өөрийн 4 хүүхдээ асрамждаа авахаар нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч Б.Ж- сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлтэй танилцаад хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь:

1. Хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээх,

2. Хүүхдүүдийн өсөж төрсөн гэрийг буцааж Дарханд бариулах,

3. Б.Ж- би архи хэрэглэдэггүй, аав ээж хамаатан садан, ажлын хамт олон гэрчилнэ,

4. Г.Б- нь гэр бүл үр хүүхдээ байнга доромжилж хүчирхийлэл үйлддэг,

5. Гэр бүл үр хүүхдээ хайхардаггүй хаяж явахдаа гэр оронгүй үлдээгээд явсан,

Иймд гэр бүл үр хүүхдээ гэр оронгүй үлдээж гэр орноо аваад хаяж явсан харгис хүнд өөрөөсөө гарсан 4 хүүхдээ өгөх ямар ч боломжгүй. Өөрийн хүүхдүүдээ асрамждаа авч тэжээн тэтгээд явж чадна. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Г.Б- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дөрвөн хүүхдээ өөрийн асрамжид авна. Энэ хүн хүүхдүүд авч явах хүн биш. Архи дарс уудаг, гадуур их явдаг. Хүүхдүүдэд хэлэх үгийг нь зааж өгсөн байгаа. Энэ хүн өнөөдөр мөнгө л ярьж байна. Тиймээс 4 хүүхдээ би асрамждаа авна. Эд хөрөнгийн үнэлгээг 40 сая төгрөг гэж үнэлсэн байна. Мал ямар байна гэдгийг харах хэрэгтэй. Гэрлэлтийг цуцлуулна, цаашид хамт амьдрах боломж байхгүй. Эд хөрөнгийн талаар бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Приус 20 маркийн автомашиныг 12.500.000 төгрөгөөр 2018 онд авч байсан. Харин Бонго машиныг 2010 онд 5.600.000 төгрөгөөр авсан. Одоо зах зээлийн ханш нь маш бага болсон бөгөөд зах зээл дээр 2004 оны Приус 20 маркийн автомашин 6 сая төгрөг, Бонго машин 1.500.000 төгрөг хүрэх үгүйтэй л байгаа. 2019 оны мал тооллогоор манай гэр бүлд бүртгэлтэй малаас 92 мал байгаа боловч ээж, ах дүүгийн тавиул мал байгаа. Үүнээс 64 тоо толгой мал манай мал юм. Үүнээс үхэр 20, адуу 7, хонь 22, ямаа 15 байгаа. Үнээ 8, бяруу 6, бух 1, бусад насны үхэр 5 байгаа бөгөөд одоогийн зах зээлийн ханшийн хувьд дунджаар үнээ 700.000 төгрөг, бяруу 500.000 төгрөг, бух 500.000 төгрөг, бусад үхрийн хувьд нэг нь 700.000 төгрөг. Харин хонь дунджаар 120.000 төгрөгийн үнэтэй, ямаа дунджаар 65.000 төгрөгийн ханштай зарагдаж байгаа. Адууны хувьд гүү 2, шүдлэн 2, азарга 1, даага 2 байгаа бөгөөд зах зээл дээр гүү 800.000 төгрөг, шүдлэн 500.000 төгрөг, азарга 800.000 төгрөг, даага 500.000 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байгаа. Манай адуунд хурдан удмын үнэтэй адуу байхгүй. 4 хүүхдээ өөрийн асрамжид авах хүсэлтэй байгаа тул эдгээр мал хөрөнгөө хүүхдүүддээ зориулна. Иймээс Б.Ж-д өгөхгүй гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай үйлчлүүлэгч эвлэрэх боломжгүй гэж хэлж байх тул гэр бүлийн тухай хуульд заасны дагуу гэр бүлийг нь цуцалж, хүүхдүүдээ өөрийн асрамжид авах нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Нэхэмжлэгч Дархан хүнс ХХК-д ажил хийдэг, архи хэрэглэдэггүй талаарх тодорхойлолт хэрэгт авагдсан байна. Хүүхдүүдийн ангийн багш нарын тодорхойлолтоор Б.Ж- нь халамжтай, хүүхдүүддээ анхаарал тавьдаг, эцэг эхийн хуралд байнга суудаг зэрэг нь ажиглагдаж байна. Хэрэгт авагдсан дээрх багш нарын тодорхойлолт болон Дархан хүнс ХХК-ийн тодорхойлолт, шинжээчийн дүгнэлт, хүүхдийн санал зэргээр хүүхдүүд эхийнхээ асрамжид үлдэх үндэслэл байна гэж үзэж байна. Хүүхдийн тэтгэлгийг хуульд заасны дагуу эцэг Г.Б-оос гаргуулах үндэслэлтэй. Эд хөрөнгийн талаар нэхэмжлэлийн шаардлагад 2 машин, малыг оролцуулан нийт 40 сая төгрөг нэхэмжилсэн. Машины бичиг баримт хэрэгт байгаа. Мал тооллогын баримт бас байгаа. Хариуцагч Г.Б- мөн шүүх хуралдаан дээр зах зээлийн ханшийг хэлсэн. Хариуцагчийн хэлсэн үнийг үндэслэлтэй байна гэж үзэж байна. Тиймээс хариуцагчаас 33.300.000 төгрөг гаргуулж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Цуурай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.Б-ийг очиход гэртээ оруулаагүй, үр хүүхэдтэй нь уулзуулаагүй байдаг. Ээж нь хөөсөн. Өөрийнх нь нотлох баримтаар авагдсан зургаар тэр дүр зураг харагдана. Дарамт шахалт үзүүлдэг, зоддог гэсэн асуудал ярьж байгаа боловч тийм зүйл огт байхгүй, баримтаар тогтоогдохгүй байна. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэж заасан. Зүгээр ч нэг цуцалдаг зүйл биш. Гэр бүл цуцлуулахад хамгийн их хохирох хүмүүс нь үр хүүхэд гэдгийг мэдэхгүй байна. Хүүхдийн сэтгэл доторх хүсэл эрмэлзлэлийг мэдэхгүй байна. Хариуцагчийн зүгээс эвлэрэх боломжгүй гэж байгаа тул гэрлэлт цуцлуулах шаардлагыг дэмжиж байна.

Хүүхдийн асрамжийн асуудлын талаар Гэр бүлийн тухай хуулийн 14.6-д Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заасан. Хүүхдүүдийн өсөж төрсөн гэрт аваачихгүй байна. Г.Б-ийн хувьд хүүхдүүдийн хүмүүжилд эхнээс нь авхуулаад анхаарал тавьдаг, тэмцээнд оролцуулаад явж байсан талаар ч баримт байна. Ангийн багш нар ч энэ талаар тодорхойлсон. Мөн хүүхдүүдийн саналд ээж ажил ихтэй гэж хэлсэн байдаг. Ээж нь ажлаа хийгээд гэртээ байхгүй бол хүүхдийн сэтгэл санаа хэзээ ч тайван байхгүй. Шинжээчийн дүгнэлтээр ээжид нь илүү гэсэн зүйл байхгүй. Хүүхдийн асрамжийг өөр дээрээ авах талаар сөрөг нэхэмжлэл гаргасан түүнийгээ дэмжиж байна.

Эд хөрөнгийн хувьд өнөөдрийн хурлаар шүүхээр шийдэх асуудал биш. Мал Г.Б-ийн нэр дээр байж болно. Гэтэл тэр мал ах эгч дүү нарынх нь мал бас байгаа. Малын үнэлгээ хэцүү байдгийг би мэднэ. Бярууг 500.000 төгрөгөөр үнэлж байна гэж хэлсэн. Гэтэл тэр бяруу чинь тарган туранхайгаасаа шалтгаалаад үнэ нь өөр байдаг. Бяруу л бол бяруу гэсэн зүйл байхгүй. Жингээрээ бас өөр. Иймээс малын хувьд тодорхойгүй байна. Нэхэмжлэгч тал машины үнэ дээр маргахгүй байна. Машин үйлдвэрлэгдээд удсан. Тиймээс эд хөрөнгийн хууль ёсны үнэлгээ тогтоолгосон нь дээр юм болов уу гэж бодож байна. Нотлох баримт хангалтгүй учраас эд хөрөнгөд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 09 дүгээр шийдвэрээр:

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Ш- овогт Б-ын Ж-, Б- овогт Г-ын Б- нарын гэрлэлтийг цуцалж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2010 оны 08 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Б.С-, 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн хүү Б.Б-, 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн хүү Б.Б-, 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Б.Б- нарыг эх Б.Ж-ы асрамжид үлдээж, хариуцагч Г.Б-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус зааснаар 2010 оны 08 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Б.С-, 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн хүү Б.Б-, 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн хүү Б.Б-, 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Б.Б- нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр тус тус сар бүр эцэг Г.Б-оос тэтгэлэг гаргуулж,

Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.3-т заасныг баримтлан 64 толгой мал, Toyota Prius маркийн 11-37 ДАР улсын дугаартай автомашин, Kia Bongo маркийн 67-66 ДАХ улсын дугаартай автомашиныг тус тус хариуцагч Г.Б-ийн өмчлөлд үлдээж, нийт 23,429,150 төгрөгийг хариуцагч Г.Б-оос гаргуулж, нэхэмжлэгч Б.Ж-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9.870.850 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 498,350 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс илүү төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн данснаас гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч Г.Б-оос улсын тэмдэгтийн хураамжид 415.495 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ж-д олгож, мөн хүүхдийн тэтгэлэгт ногдох дүнгээс тооцож 91,097 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулж,

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үргэлжлүүлэхийг дурдаж,

Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрсэн тохиолдолд гэрлэлтээ сэргээлгэх боломжтой болохыг дурдаж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш хувийг ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.О-т даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Г.Б-, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Ганзориг нар давж заалдсан гомдолдоо:

            Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт охин “...Б.С-, хүү Б.Б- нар нь эхтэйгээ хамт амьдрах хүсэлтэй байгаа талаар санал өгсөн байна...” гэж дүгнэдэг. Хүүхдийн санал нь шүүхийн шийдвэрийн шууд үндэслэл болдоггүй, шийдвэр гаргахад харгалзан үздэг. Мөн миний хүүхдүүдээр эх Б.Ж- нь худал мэдүүлэг үг зааж өгсөн нь илт байхад хүүхдүүдийн мэдүүлгийг үнэлэхдээ шүүх буруу үнэлж дүгнэсэн.

Үндэслэх хэсэгт мөн ГБХЗХГазрын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд “...Эцэг эхийн чадамжийг үнэлэх 6 психометрек шинжилгээний дүгнэлтээс үзэхэд нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн хэнд нь давуу байдал үүсээгүй, эцэг эхийн хүүхдэдээ хандах хандлага, харилцан үйлчлэлийг тогтоох 3 судалгаанаас эцэг 2 судалгаанд давуу байдал үүссэн, ..." зэрэг мэргэжлийн байгууллагын албан ёсны судалгааны дүгнэлтээр эцэг нь хүүхдүүддээ хэрхэн ханддаг талаар маш тодорхой дүгнэлт гаргасан байхад 4 хүүхдийг нь эхийн асрамжид үлдээсэн нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн.

Эмэгтэй хүн бага насны 4 хүүхэд өсгөж хүмүүжүүлнэ гэдэг бол өөрт нь болон хүүхдүүдийн ирээдүй, эрүүл аюулгүй орчинд амьдрах зэрэг эрх нь зөрчигдөх эрсдэлтэй тул хариуцагч Г.Б- нь бага хүү Б.Б- болон том охин Б.С- нарыг өөрийн асрамжид авах нь хүүхдүүдийн ирээдүйд болон нэхэмжлэгчийн цаашдын амьдралд хэрэгтэй юм.

Иймд бага хүү Б.Б- болон том охин Б.С- нарыг хариуцагч Г.Б-ийн асрамжид үлдээн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж дундын эд хөрөнгөнөөс 14.057.500 төгрөгийг нэхэмжлэгчид олгохоор мөн Г.Б- нь нэхэмжлэгчээс хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй, харин өөрөө нэхэмжлэгчийн асрамжид үлдэх 2 хүүхдэдээ эцэг хүний үүргийн хувьд тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгч Б.Ж-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа нар давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа:

            Хариуцагч Г.Б-ийн давж заалдах гомдолтой танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

1. Хүүхдүүдийн эх Б.Ж- намайг худал мэдүүлэг, үг зааж өгсөн гэж бусдыг гүтгэх нь байж болшгүй зүйл юм. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д заасны дагуу хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ гэж тус тус заасныг шүүх зөрчөөгүй, охин Б.С- хүү Б.Б- нар шүүх дээр өгсөн мэдүүлэг зэргээс нотлогдсон байгаа.

2. Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр амьдрах орчин нөхцөл хүүхдүүдийн сургуульд, цэцэрлэгт ойрхон давуу талтай амьдарч байгаа газрын эрүүл ахуй нөхцөл цэвэр дулаахан гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийн байдал хэвийн сайн. Охин Б.С- эцэг эхдээ илүү ээнэгшилтэй гарсан хүү Б.Б-ий хувьд эцэгтэйгээ тогтворгүй сөрөг харилцаатай эхтэйгээ хүлээн зөвшөөрсөн эерэг харилцаатай оношлогдсон хүү Б.Б-, Б.Б- нар бага насны тул оношилгоо авах боломжгүй гэж дүгнэсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно.

3.  Хүүхдүүдийн эцэг Г.Б- 2020 оны 5 дугаар сард гэрээ нүүлгээд гэрийн буйр нь дээр биднийг хувцастай л орхиод явсан. Эцэг нь одоо болохоор бараа хувааж байгаа юм шиг 2 хүүхэд авна гэж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Би 4 хүүхдээ өнөөдрийг хүртэл 1 жилийн хугацаанд хэний ч гар харуулахгүй тэжээн тэтгээд сургууль цэцэрлэгт нь явуулаад ээжийн үүргээ гүйцэтгээд явж байгаа эх хүн намайг доромжлох эрх Г.Б-т байхгүй.

Би 4 хүүхдээ өөрийн асрамжид байлгана. Хэнийг ч зовоож өнчрүүлэхгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

Нэхэмжлэгч Б.Ж- нь хариуцагч Г.Б-т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хувийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Г.Б- нь нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлтээ цуцлуулах хэсгийг хүлээн зөвшөөрч бусад хэсгийг эс зөвшөөрч, охин Б.С-, хүү Б.Б-, Б.Б-, Б.Б- нарыг өөрийн асрамжид үлдээлгэхээр сөрөг нэхэмжлэл гарган мэтгэлцсэн байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Б.Ж-, Г.Б- нар нь 2007 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр гэр бүл болсноо 2007 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлж, 2010 оны 08 дугаар сарын 11-нд охин Б.С-, 2012 оны 04 дүгээр сарын 12-нд хүү Б.Б-, 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүү Б.Б-, 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдөр хүү Б.Б- нар төрсөн нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн гэрчилгээ болон төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Анхан шатны шүүх гэрлэгчдийг хоорондын таарамжгүй харилцааны улмаас байнга маргаантай амьдардаг байсан, 2020 оны 04 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа, зохигчийн дундаас төрсөн дөрвөн хүүхэд нь эх Б.Ж-ы асрамжид байгаа, гэрлэгчдийн хэн аль нь цаашдаа гэрлэлтээ үргэлжлүүлэх боломжгүй, цуцлуулах хүсэлттэй байгаа зэрэг нөхцөл байдлуудыг нь харгалзан үзэж Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар гэрлэлтийг цуцалж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу охин Б.С-, хүү Б.Б-, Б.Б-, Б.Б- нарыг эхийн асрамжид үлдээн, хүүхдүүдийн тэтгэлгийн асуудлыг тогтоон, хариуцагч Г.Б-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Шүүхээс хүүхэд эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжоор хангагдаж чадаж байгаа эсэх, тэдний эцэг, эх хоёрын тус тусын амьдарч байгаа орчин, нөхцөл, зан байдал, ёс суртахуун, хүүхдүүдийг хүмүүжүүлэх, сурч боловсрох таатай ээлтэй орчин байгаа эсэх зэргийг судлуулах талаар хэргийн оролцогчдын хүсэлтийн дагуу Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраар 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр шинжээчийн дүгнэлт гаргуулжээ.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасны дагуу 7-оос дээш насны хүүхдүүдээс авсан асрамжийн талаарх санал, дээрх шинжээчийн дүгнэлтүүд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүхээс Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу тал бүрээс нь бодитойгоор тухайн хэрэгт хамааралтай, эргэлзээгүй талаас нь үнэлэн хүүхдүүдийн асрамж, тэтгэлгийн асуудлыг тогтоон, гэрлэлтээ цуцлуулсан этгээдүүдийн эдлэх эрх, хүлээх хариуцлага зэргийг дурдан шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.6, 26 дугаар зүйл, 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасантай нийцжээ.

Түүнчлэн гэрлэгчдийн дундын хөрөнгийн талаар гарсан маргаантай асуудлыг шүүх хариуцагч Г.Б-ийн анхан шатны шүүх хуралдаан дээр гаргасан саналыг үндэслэн үнэлгээг тогтоон гэр бүлийн гишүүдэд хувь тэнцүү хуваарилан шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 129, 130 дугаар зүйлд заасантай нийцсэн энэ талаар зохигчийн хэн аль нь маргаагүй байна.

Иймд хариуцагч Г.Б-ийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 09 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Г.Б-, түүний өмгөөлөгч Ө.Ганзориг нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 298.500 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7-д зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                          

 

 

                                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                О.НАРАНГЭРЭЛ

                                                                  ШҮҮГЧИД                                Л.АМАРСАНАА                       

                                                                                                                   М.МӨНХДАВАА