| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00063/И |
| Дугаар | 304/ШШ2025/00114 |
| Огноо | 2025-02-25 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 304/ШШ2025/00114
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: М*******ын Д*******гийн хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Хамтын амьдралтай болохоо тогтоолгох тухай 304/2025/00063/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч М.Д*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуун оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч М.Д******* нь Д.Б*******той хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгохоор хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Миний бие М.Д******* нь нөхөр Д.Б*******той 1991 онд анх танилцаж, гэр бүлийн харилцаатай болж хамтран амьдарч эхэлсэн. Биднийг хамтран амьдрах хугацаанд буюу 1992 оны 07 дугаар сарын 25-ны өдөр том хүү Б.Д*******, 1993 оны 10 дугаар сарын 01-ний өдөр охин Б.Х*******, 2003 оны 02 дугаар сарын 20-ны өдөр охин Б.Г******* нар төрсөн. Бид 1991 оноос 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтран амьдарсан. Энэ хугацаанд ар гэр, үр хүүхэд, малынхаа араас явсаар байгаад гэрлэлтээ батлуулж чадаагүй өдийг хүрсэн байна. Миний нөхөр Д.Б******* нь 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүнд өвчний улмаас нас барсан. М.Д******* миний бие малчнаар өндөр насныхаа тэтгэвэрт орох гэсэн боловч талийгаач нөхөр Д.Б*******той гэрлэлтийн баталгаагүй гэх үндэслэлээр хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна. Иймд М.Д******* намайг Д.Б*******той 1991 оноос 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3-р хуудас/,
-Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 4-р хуудас/,
-Гэрлэсний бүртгэлгүйн лавлагаа /хэргийн 5-р хуудас/,
-Нас барсны бүртгэлийн лавлагаа /хэргийн 6-р хуудас/,
-1992 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Б*******ийн Д*******, 1993 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин Б*******ийн Х******* нарын төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 7-р хуудас/,
-2003 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин Б*******ийн Г*******ын төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 8-р хуудас/,
-2005 онд нөхөр болон охины хамт авхуулсан гэрэл зураг /хэргийн 9-р хуудас/
3.Хүсэлт гаргагчийн хүсэлтийг үндэслэн шүүх Д.С*******, М.Б******* нараас гэрчийн мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч М.Д*******гийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хүсэлт гаргагч нь 1991 оноос 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл талийгаач нөхөр Д.Б*******той хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хүсэлт гаргагч М.Д******* нь талийгаач нөхөр Д.Б*******той 1991 оноос хамтран амьдарсан бөгөөд тэдний дундаас 1992 оны 07 дугаар сарын 25-ны өдөр том хүү Б.Д*******, 1993 оны 10 дугаар сарын 01-ний өдөр охин Б.Х*******, 2003 оны 02 дугаар сарын 20-ны өдөр охин Б.Г******* нарын эцгийн мэдээлэл хэсэгт Дгийн Б******* гэж бичигдсэн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрчийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.
Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар М*******ын Дэлгармаа, Дгийн Б******* нарыг 1991 оноос 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтран амьдарч байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА