Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 304/ШШ2025/00115

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: П*******ын Төртулгын хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай 132/2025/00017/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч П.Т*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч П.Т******* нь хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Би Архангай аймгийн Жаргалант сумын Жаргалант нэгдэлд 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл ажилласан бөгөөд 1984 оноос1987 онуудад хугацаат цэргийн алба хаасан. 1987 оны 06 дугаар сарын 20-ны өдөр цэргээс халагдаж ирээд тус нэгдэлдээ малчнаар 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хуртэл ажилласан. Миний аавыг Д******* гэдэг хун байсан бөгөөд би 6 хүүхэдтэй айлын том хүү. Намайг анх төрөхөд Т******* гэж нэр өгсөн бөгөөд ээж П*******аар овоглосон. Миний 5 дүү нар бүгд аав Д*******ор овоглодог. Би бага байхдаа өвчин их ороодог хүүхэд байсан тул аав, ээж маань Г******* гэж нэрлэж дуудах болсон. Намайг Г******* нэрээр цэргийн албанд татагдаж, халагдаж ирэх хуртэл болон нэгдэлд малчнаар ажиллаж байх хугацаанд Г******* гэж нэрлэж дууддаг байсан. 1982 онд анх Архангай аймгийн Жаргалант сумын Жаргалант нэгдэлд малчнаар ажилд ороход нээсэн хөдөлмөрийн дэвтэрт миний нэрийг Дэчингомбын Г******* гэж бичсний улмаас миний бие өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгуй нөхцөл байдал үүсээд байна. Иймд 1982 онд Архангай аймгийн Жаргалант сумын Жаргалант нэгдэлд анх ажилд ороход Дэнчингомбын Г******* гэж нээсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч П*******ын Т******* намайг мөн болохыг тогтож өгнө үү гэв.

2.Хүсэлт гаргагчаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,

-Иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 3-р хуудас/,

-Иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 4-р хуудас/,

-Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 5-р хуудас/,

-Төрсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 6-р хуудас/.

-Дэчингомбын Г*******ын Жаргалант сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан үеийн цалингийн лавлагаа /хэргийн 8-р хуудас/,

-Үндэсний төв Архивын лавлагаа /хэргийн 9-10-р хуудас/,

-Жанчивын П*******ын хүүхдийн тодорхойлолт /хэргийн 11-р хуудас/,

-1982 онд нээсэн Дэчингомбын Г*******ын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 12-14 дүгээр хуудас/.

3.Хүсэлт гаргагчийн хүсэлтийг үндэслэн шүүх Н.Б*******, Г.Д******* нараас гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд шүүх санаачилгаараа П.Төртулгын ХААТР-1 маягтыг нотлох баримтаар гаргуулан авсан.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч П.Төртулгын хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хүсэлт гаргагч нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэрт овог, нэрийг буруу бичсэн байх тул Дэчингомбын Г******* гэж 1982 оны 02 дугаар сарын 02-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.

2. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-т Эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно; 135.2.4.эрх олгосон ямар нэгэн баримт бичиг /иргэний үнэмлэх, гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагаас олгосон гэрчилгээнээс бусад/-т дурдсан овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр нь иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд бичигдсэнтэй тохирохгүй байвал түүний жинхэнэ эзэмшигч нь мөн эсэх; 135.2.6-т хүний ажиллаж байсан байдал, 135.2.14.тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал гэж заажээ.

Хүсэлт гаргагч П.Т******* нь баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан нь дээрх хуульд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч байх бөгөөд хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдлыг нотлох баримт дутмаг, бичиг баримт дээрх овог, нэр зөрүүтэйн улмаас ажилласан байдал үгүйсгэгдэж, тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсны улмаас шүүхэд ханджээ.

4. Хэрэгт нотлох баримтаар авагдсан хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа, Үндэсний төв Архивын хүн амын тооллогын лавлагаа, эх Ж.П*******ын хүүхдийн төрөөс олгох хүүхдийн мөнгөний дэвтэр буюу хүүхдийн тодорхойлолт, ХААТР-1 маягт, гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хүсэлт гаргагч нь 1982 оны 02 дугаар сарын 02-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болох нь тогтоогдож байна.

5. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар 1982 оны 02 дугаар сарын 02-ны нээсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь П*******ын Т******* мөн болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА