| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00062/И |
| Дугаар | 304/ШШ2025/00116 |
| Огноо | 2025-02-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 304/ШШ2025/00116
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хүсэлт гаргагч: Д.Б*******ийн нэхэмжлэлтэй,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай 304/2025/00062/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуун оролцов.
Хүсэлт гаргагч Д.Б******* нь шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй, эзгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Д.Б******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч нь шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Д.Б******* миний бие Булган аймгийн Барилга угсралтын конторт 1983 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 1986 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал нормчноор ажиллаж байсан. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй, ажлаас чөлөөлсөн тушаал байхгүйн улмаас өндөр насны тэтгэвэрт орох боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Иймд Булган аймгийн Барилга угсралтын конторт 1983 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 1986 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,
-Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 3-р хуудас/,
-Барилга барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Булган аймгийн Барилга угсралтын конторын даргын 1983 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 72 дугаар ажилд авах, тэтгэмж олгох тухай тушаалын хуулбар /хэргийн 4-р хуудас/,
-Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар 1979, 1983-1985 оны цалингийн цэсийн лавлагаа /хэргийн 5-р хуудас/,
- Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Булган аймгийн Барилга угсралтын конторын 1986 оны тушаал архивд байгаа боловч Д.Б*******ийн холбогдолтой баримт архивд байхгүй болохыг тодорхойлсон тодорхойлолт /хэргийн 6-р хуудас/.
3.Хүсэлт гаргагч Д.Б*******ийн хүсэлтээр гэрчээр Д.Ц*******, Х.Б*******нарыг асуусан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2.Хүсэлт гаргагч нь Булган аймгийн Барилга угсралтын конторт 1983 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 1986 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал нормчноор ажилласан боловч хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй, ажлаас гарсан тушаал байхгүй тул ажилласан жилээ тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.
3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1.Хүсэлт гаргагч Д.Б******* нь Булган аймгийн Барилга угсралтын конторт 1983 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 1986 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал нормчноор ажиллаж байсан болох нь ажилд томилсон тушаал, цалингийн цэсийн лавлагаа болон гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна.
5.Иймд хүсэлт гаргагч Д.Б*******ийн Булган аймгийн Барилга угсралтын конторт 1983 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 1986 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож, хуульд зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д.Б*******ийг Булган аймгийн Барилга угсралтын конторт 1983 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 1986 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал нормчноор ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА