| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00154/И |
| Дугаар | 304/ШШ2025/00124 |
| Огноо | 2025-03-07 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 304/ШШ2025/00124
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: М******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б*******ийн А*******т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 990,525 /есөн зуун ерэн мянга таван зуун хорин тав/ төгрөг гаргуулах тухай 304/2025/00154/и индекстэй иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.А******* нь М*******-ын мессеж зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 1400000793539 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Б.А******* нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 530,000 төгрөгийг сарын 3,0% хүүтэй зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагуй юм. Өнгөрсөн хугацаанд зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг шаардаж мессэж илгээх, утсаар холбоо тогтоох, хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлж байсан хэдий ч төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй. 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар үндсэн зээл 530,000 төгрөг, зээлийн хүү 386,685 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 73,840 төгрөг, нийт 990,525 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.А*******т холбогдох, 990,525 /есөн зуун ерэн мянга таван зуун хорин тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд:
Хариуцагч нь М******* ХХК-ийн нэхэмжилсэн 990,525 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг
-2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 330,000 төгрөг,
-2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 330,000 төгрөг,
-2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 330,525 төгрөг төлөхөөр хугацааг харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээ нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дүгээр зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч М******* ХХК-ийн нэхэмжилсэн 990,525 /есөн зуун ерэн мянга таван зуун хорин тав/ төгрөгийг хариуцагч Б.А******* төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 330,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 330,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 330,525 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн санд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, 14,161.5 /арван дөрвөн мянга нэг зуун жаран нэгэн төгрөг таван мөнгө/ төгрөгийг Төрийн сангаас, 14,161.5 /арван дөрвөн мянга нэг зуун жаран нэгэн төгрөг таван мөнгө/ төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА