Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Магнайбаярын Мөнхдаваа |
Хэргийн индекс | 135/2020/00711/и |
Дугаар | 23 |
Огноо | 2021-02-22 |
Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 23
“Г- К- П- Б-” ХХК
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Хэргийн индекс: 135/2020/00711/и
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 33 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч “Г- К- П- Б-” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч М.Б-д холбогдох
“Зээлийн төлбөр 21.405.432 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө-гийн давж заалдсан гомдлыг үндэслэн
2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б-, хариуцагчийн өмгөөлөгч П.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.
Нэхэмжлэгч “Г- К- П- Б-” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б-, Д.Батнасан нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Г- К- П- Б-” ХХК болон М.Б- нарын хооронд 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ЗГ0502170048 тоот Зээлийн гэрээ байгуулан 15.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 33,6 хувийн үндсэн хүүтэй эргэн төлөх нөхцөлтэй, байрны засварын зориулалтаар авсан.
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож М.Б- нь 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн ЗБ0502170048 дугаартай Барьцааны гэрээ байгуулан түүний өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 5 дугаар байрны 02 тоот хаягт байршилтай, 39м.кв талбайтай Ү-2003008211 тоот үл хөдлөх өмчлөх эрхийн улсын дугаартай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт 2017 оны 08 дугаар сарын 28-ны “Г- К- П- Б-” ХХК-ний барьцаанд бүртгүүлсэн.
Зээлийн гэрээний 2.3-т заасан зээлдэгч нь гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх үндсэн зээлээ төлөөгүй тохиолдолд хуваарь зөрчсөн үндсэн зээлд нэмэгдүүлсэн хүү 1.2.3-т зааснаар тооцох ба гэрээний хугацаа дууссан эцсийн өдрөөс эхлэн үндсэн зээлийн төлөгдөөгүй нийт өрийн үлдэгдлээс зээл төлөгдөж дуустал үндсэн хүүг 1.2.2-т зааснаар, нэмэгдүүлсэн хүүг 1.2.3-т заасан хувиар тус тус тооцон авна. Зээлдэгч үндсэн зээлээ хугацаанд нь төлж барагдуулаагүй тохиолдолд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 болон 452 дугаар зүйлийн 452.2-т заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэг хүлээсэн. Мөн зээлийн гэрээнд зээл болон зээлийн хүү төлөх график-ийн дагуу сар болгон үндсэн зээл, зээлийн хүүг тогтмол төлж байхаар харилцан тохиролцсоноор зээлдэгч нарын гарын үсэн зурж баталгаажуулан хүлээн зөвшөөрсөн.
М.Б- нь гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 6.666.300 төгрөг төлсөн. Үүнээс үндсэн зээлд 2.397.000 төгрөг, зээлийн хүүд 4.121.879 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 147.421 төгрөг төлсөн бөгөөд үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. М.Б- нь зээлийн гэрээний хавсралтад заасны дагуу 2017 оны 09 дүгээр сарын 25-наас эхлэн сар бүр үндсэн зээлээс 480.000 төгрөгөөр эхлэн төлөхөөр тохиролцсон боловч гэрээний үүргээ зөрчсөний улмаас зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү хуримтлагдах үндэслэл болсон.
Үндсэн зээл 12.603.000 төгрөг, зээлийн хүү 7.708.819 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.075.113 төгрөг, нотариатын төлбөр 18.500 төгрөг, нийт 21.405.432 төгрөг гаргуулах, зээлдэгч зээлийн өрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд зээлийн барьцааны гэрээний 2.1-т заасны дагуу Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 5 дугаар байрны 02 тоот хаягт байршилтай, 39м.кв талбайтай Ү-2003008211 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.Б- шүүхэд гаргасан тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө- шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
2017 оны 08 дугаар сарын 28-ны орой 17:30 цагт 15.000.000 төгрөгөө Худалдаа хөгжлийн банкны дансаар шилжүүлэг хийлгэн авсан болно.
Өдий хүртэл зээлээ эргэн төлж чадахгүй байгаа шалтгаануудыг дурдвал М.Б- би 2017 оны 09 дүгээр сард биеийн байдал эрс муудаж хөдөлмөрийн чадвараа алдсан, М.Ө- Д- Г- Т- ХК-д нярав ажилтай. Тухайн байгууллага нь 2017 оны 12 дугаар сараас санхүүгийн хүндрэлд орсон тул сул зогсолтод шилжсэн гээд цалин хөлсгүй болсон. 2017 оны 09 дүгээр сарын 27-ноос 2018 оны 11 дүгээр сарын 27 хүртэл нийт 23 удаагийн зээлийн эргэн төлөлтийн жагсаалт миний төлсөн дүнгийн хооронд зөрүү үүссэн байна. Намайг нийт 6.666.300 төгрөг төлсөн гэжээ. Гэтэл миний тооцоогоор 8 сая гаран төлсөн байдаг тул би бүх банкны дансны хуулга авах, тулгалт хийх нөхцөл байдал үүсээд байна.
Би гэр бүлийн хамт 2020 оны 01 дүгээр сарын 02-нд Япон улс руу явсан. Очоод эхнэртэйгээ цуг ажил хийж хэдэн төгрөг олж ирэх байсан боловч 2020 оны 01 дүгээр сарын 09-нд аймшигт цар тахлын хөл хорионд Япон улсад ороод үргэлжлүүлэн ямар ч санхүүгийн эх үүсвэргүй болж Япон улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яамандаа хандан эхний нислэгээр 2020 оны 03 дугаар сарын 16-нд Буянт-Ухаа онгоцны буудалд буугаад Улаанбаатар хот, 10 дугаар хороолол, Наран зочид буудалд Ковид-19 тусгаарлан ажиглах байранд бага насны охин, эхнэрийн хамт хоригдсон.
Энэ хүнд хэцүү үед “Г- К- П- Б-” ХХК шүүхийн байгууллагад хандан их хэмжээний мөнгө нэхэмжилсэн болон бидний өдий хүртэл амьдарч ирсэн Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 5 дугаар байрны 02 тоот хаягт байршилтай, 39м.кв талбайтай Ү-2003008211 тоот үл хөдлөх өмчлөх эрхийн улсын дугаартай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн эрс эсэргүүцэж байна гэжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 33 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 222 дугаар зүйлийн 222.7, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т заасныг баримтлан хариуцагч М.Б-ээс зээлийн төлбөр 21.386.932 төгрөг, нотариатын зардал 18.500 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Г- К- П-” Б-д олгож,
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа хөрөнгө болох Ү-2003008211 дугаарт бүртгэгдсэн, Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 5 дугаар байрны 2 тоот 39м.кв талбайтай орон сууцыг албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 335.177 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Б-ээс улсын тэмдэгтийн хураамж 335.177 төгрөгийг гаргуулан “Г- К- П-” Б-д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө- давж заалдсан гомдолдоо:
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр 15.000.000 төгрөгийг сарын 2,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон. 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан.
Зээлдэгч нь зээл ашиглалтын хугацаанд 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хамгийн сүүлд үндсэн зээлийн төлөлт хийснээс хойш зээл, хүү төлөх графикт заасан зээл хүүгийн төлбөрийг бүгдийг нь төлж чадахаа байж зөвхөн хүүгийн төлбөр хийдэг болсон. Улмаар 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 74.913 төгрөгийн хүү төлснөөс хойш ямар нэг төлбөр төлөөгүй байна.
Дээрх байдлаас харахад хариуцагч нь зээлийн гэрээний хуваарийг зөрчиж 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хамгийн сүүлд үндсэн зээлийн төлөлт хийснээс хойш 2 жил 3 сар 25 хоногийн хугацаа өнгөрсний дараа, 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 74.913 төгрөгийн хүү төлснөөс хойш ямар нэг төлбөр төлөөгүй ба үүнээс хойш 1 жил 4 сар 29 хоног өнгөрсний дараа, 2019.08.28-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 8 сар 28 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь зээлдүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал зээлийн гэрээний гэрээний 2.12, 5.1.1, 6.2.1, 6.2.6, 6.2.9-д тус тус заасан зээлийг төлүүлэх арга хэмжээг аваагүйгээс улбаалан нэгэнт төлөгдөх эсэх нь эргэлзээтэй болсон зээлийн хүүгийн хэмжээ нэмэгдсэн, ийнхүү үргэлжлүүлэн тооцсоноор зээлдэгчид их хэмжээний хүү төлөх үүрэг ноогдож буй нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т заасан иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх үүргээ үнэн шударгаар нийцүүлэх зарчимтай нийцэхгүй байна.
Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т “ Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжид шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэж зааснаар хариуцагч 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хамгийн сүүлд 474.000 төгрөгийн үндсэн зээлийн төлөлт хийснээс хойш төлөгдсөн мөнгийг үндсэн зээлээс хасах ёстой.
Иймд 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хамгийн сүүлд 474.000 төгрөгийн үндсэн зээл төлснөөс хойш хүүгийн төлбөрт суутгаж авсан зээлийн хүү 2.106.806,26 төгрөгийг үндсэн зээлийн төлөлтөөс хасаж тооцвол үндсэн зээлийн үлдэгдэл 9.935.000 төгрөг, хуримтлагдсан хүү 5.810.175 төгрөг, нийт 15.745.175 төгрөг төлөх ёстой байсан.
Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэж 21.386.932 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээс 5.641.757 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.
“Г- К- П-” Б-аас хариуцагч М.Б-д холбогдуулан үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал зэрэгт нийт 21.405.432 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын 16.158.948 төгрөг хүлээн зөвшөөрч бусад хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
Хэрэгт авагдсан анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар судлагдсан баримтуудаас үзвэл хариуцагч М.Б- нь “Газаркапитал партнерс” Б-аас 15.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, 33.6 хувийн хүүтэй “Хэрэглээний зээл”-ийн зориулалтаар авч уг зээлийнхээ барьцаанд Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 5 дугаар байрны 02 тоот 39м.кв орон сууцыг барьцаалсан болох нь талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн ЗГ0502170048 тоот, барьцааны ЗБ0502170048 тоот гэрээнүүд, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэргээр тогтоогджээ.
Хариуцагч 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл нийт 23 удаагийн төлөлтөөр 6.666.300 төгрөгийг төлсөн байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.
Нэхэмжлэгч талаас хариуцагчийн төлсөн 6.666.3000 төгрөгөөс үндсэн зээлийн төлбөрт 2.397.000 төгрөг, зээлийн хүүд 4.121.879 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 147.421 төгрөгийг суутган авсан нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд нийцжээ.
Өөрөөр хэлбэл зохигчийн хооронд байгуулагдсан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрхэн төлөх талаар гэрээний чөлөөт байдлын хүрээнд тохиролцсон талуудын тохиролцоог шүүхээс буруутгах хууль зүйн боломжгүй юм.
Хариуцагч талаас татгалзлын үндэслэлээ 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр сүүлийн төлбөрөө төлсөн, үүнээс хойш ямар нэгэн төлөлт хийгээгүй байхад 1 жил 4 сарын дараа, мөн гэрээний хугацаа дууссанаас хойш 8 сар 28 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулсан, нэхэмжлэгч зээлийн гэрээнд заасан гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох, эсхүл гэрээ дуусгавар болсны дараа шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ хэрэгжүүлээгүйгээс үүдэн хүүгийн төлбөрт орох нөхцөл байдал үүссэн.
2018 оны 01 дүгээр сарын 30-аас хойш зээлийн төлбөрт төлсөн мөнгийг нэхэмжлэгч тал зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд тооцон суутгасан нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан дарааллыг зөрчсөн тул нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлд 10.496.193,44 төгрөг, зээлийн хүү 5.810.175,82 төгрөг буюу нийт 16.158.948,74 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрнө гэж тайлбарлажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зээлийн гэрээний хугацаа 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр дууссан хэдий ч хариуцагч өөр үйл ажиллагаа эрхэлж байгаа шүүхэд хандах хугацааг хойшлуулж өгөөч хэмээн хүсэлт гаргасны дагуу шүүхэд хандах асуудлыг хойшлуулсан, мөн хариуцагч гадаад улс руу гэр бүлийн хамт явсан тул шүүхэд хандах боломжгүй байсан, түүнийг Дархан-Уул аймагт ирсэн даруйд буюу 2020 оны 05 дугаар сард шүүхэд хандсан гэж тайлбарладаг.
Нэхэмжлэгчийн дээрх тайлбарын зарим хэсэг болох хариуцагчийг гадаад улсад байж байгаад ирсэн гэх хэсэг нь хариуцагч талаас гаргасан тайлбараар нотлогддог ба, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын бусад үндэслэлийг баримтаар няцааж чадаагүй байна.
Шүүх зохигчийн хооронд үүссэн маргаан, хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т тус тус зааснаар “Г- К- П-” Б нь шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэх эрхтэй байна.
Мөн Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан үүргийн гүйцэтгэлийг хангах дараалал нь зээлийн гэрээний хугацаа дууссан үеэс буюу 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс хойш хугацаанд төлсөн мөнгө бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй тохиолдолд хэрэглэхээр заасан хуулийн зохицуулалт хэмээн тайлбарлаж нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн нь зөв байна.
Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь бодит нөхцөлд үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т тус тус заасантай нийцсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн төлөөлөгч М.Ө-гийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 33 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө-гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105.219 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.НАРАНГЭРЭЛ
ШҮҮГЧИД Л.АМАРСАНАА
М.МӨНХДАВАА