| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00143/И |
| Дугаар | 304/ШШ2025/00139 |
| Огноо | 2025-03-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 304/ШШ2025/00139
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Н*******ийн М*******ийн хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Талийгаач нөхөр Я.Т*******ийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай 304/2025/00143/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч Н.М*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуун оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Н.М******* нь талийгаач нөхөр Я.Т*******ийн ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Миний бие нөхөр болох Я.Т*******тэй 2005 онд танилцаж, нэг гэрт орж хамтран амьдрах болсон ч албан ёсоор гэрлэлтээ батлуулж байгаагүй.
2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр нөхөр Я.Т******* нь зуурдаар нас барсан тул охин Т.Ү*******д тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгоход талийгаач нөхөр Я.Т*******ийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлагатай болсон
Талийгаач нөхөр Я.Т******* нь 1990 оноос 1992 онд Булган аймгийн Монгол-Зөвлөлтийн найрамдал нийгэмлэгийн нэрэмжит Ингэт толгойн сангийн аж ахуйн барилга засварт, 1993 оноос 1996 онд Дархан-Уул аймгийн Ардын банкинд манаачаар тус тус ажиллаж байсан тул дээрх онуудад ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,
-Иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 3-р хуудас/,
-Нас барсны бүртгэлийн лавлагаа /хэргийн 4-р хуудас/,
-Булган аймгийн Монгол-Зөвлөлтийн найрамдал нийгэмлэгийн нэрэмжит Ингэт толгойн сангийн аж ахуйн даргын 1990 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 178 дугаар ажилд томилох тухай тушаал /хэргийн 5-р хуудас/,
-Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 19 дугаар 1991-1992 онд ажиллаж байсан цалингийн цэс /хэргийн 6-р хуудас/,
-Ардын банкны харьяа Дархан банкны захирлын 1993 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 83 дугаар ажилд түр томилох тухай тушаал /хэргийн 7-р хуудас/,
-Ардын банкны харьяа Дархан банкны захирлын 1994 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 26 дугаар орон тоо цалингийн санг батлах тухай тушаал /хэргийн 8-р хуудас/,
-Ардын банкны харьяа Дархан банкны захирлын 1995 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 30 дугаар ээлжийн амралтын хуваарь батлах тухай тушаал, хавсралт /хэргийн 9-10-р хуудас/,
-Ардын банкны харьяа Дархан банкны захирлын 1996 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 52 дугаар цалин нэмэгдүүлэх тухай тушаал, хавсралт /хэргийн 11-12-р хуудас/,
3.Хүсэлт гаргагчийн хүсэлтийг үндэслэн шүүх Ч.Б*******, Р.Б******* нараас гэрчийн мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Н.М*******ийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2.Хүсэлт гаргагч нь талийгаач нөхөр Я.Т*******ийг 1990 оноос 1992 онд Булган аймгийн Монгол-Зөвлөлтийн найрамдал нийгэмлэгийн нэрэмжит Ингэт толгойн сангийн аж ахуйн барилга засварт, 1993 оноос 1996 онд Дархан-Уул аймгийн Ардын банканд манаачаар тус тус ажилласан боловч хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн, ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй тул ажилласан жилийг тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.
3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1.Я.Т******* нь Булган аймгийн Монгол-Зөвлөлтийн найрамдал нийгэмлэгийн нэрэмжит Ингэт толгойн сангийн аж ахуйн барилга засварт 1990 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилчнаар, Ардын банкны харьяа Дархан банкинд 1993 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал манаачаар тус тус ажиллаж байсан болох нь цалингийн цэсийн түүвэр, ажилд томилсон тушаал, орон тоо цалингийн санг батлах тухай тушаал, ээлжийн амралтын хуваарь баталсан тушаал, цалин нэмэгдүүлсэн тушаал болон гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна.
5.Иймд Я.Т*******ийг нь Булган аймгийн Монгол-Зөвлөлтийн найрамдал нийгэмлэгийн нэрэмжит Ингэт толгойн сангийн аж ахуйн барилга засварт 1990 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилчнаар, Ардын банкны харьяа Дархан банкинд 1993 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал манаачаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, хуульд зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Я*******ын Т*******ийг Булган аймгийн Монгол-Зөвлөлтийн найрамдал нийгэмлэгийн нэрэмжит Ингэт толгойн сангийн аж ахуйн барилга засварт 1990 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилчнаар, Ардын банкны харьяа Дархан банкинд 1993 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал манаачаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА