| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00142/И |
| Дугаар | 304/ШШ2025/00138 |
| Огноо | 2025-03-17 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 304/ШШ2025/00138
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Н*******ийн М*******ийн хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Хамтын амьдралтай болохоо тогтоолгох тухай 304/2025/00142/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч Н.М*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуун оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Н.М******* нь Я.Т*******тэй хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгохоор хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Миний бие нөхөр болох Я.Т*******тэй 2005 онд танилцаж, нэг гэрт орж хамтран амьдрах болсон. Хамтран амьдрах хугацаандаа 2014 онд охин Т.Ү*******ыг төрүүлсэн. Гэтэл миний нөхөр болох Я.Т******* бид хоёр албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй юм. Охин Т.Ү*******д тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгон авах зорилгоор хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгох шаардлагатай болсон. Талийгаач нөхөр Я.Т*******тэй 2005 оноос 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,
-Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 3-р хуудас/,
-Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 07 дугаар Т.Ү******* нь суралцдаг нь үнэн болохыг тодорхойлсон албан бичиг /хэргийн 4-р хуудас/,
-Нас барсны бүртгэлийн лавлагаа /хэргийн 5-р хуудас/,
-Иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 6-р хуудас/,
-2014 оны 07 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин Т*******ийн Ү*******ын төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 7-р хуудас/.
3.Хүсэлт гаргагчийн хүсэлтийг үндэслэн шүүх Я.Н*******, Б.Б******* нараас гэрчийн мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Н.М*******ийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хүсэлт гаргагч нь 2005 оноос 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл талийгаач нөхөр Я.Т*******тэй хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хүсэлт гаргагч Н.М******* нь талийгаач нөхөр Я.Т*******тэй 2005 оноос хамтран амьдарсан бөгөөд тэдний дундаас 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин Т.Ү*******ын эцгийн мэдээлэл хэсэгт Я*******ын Т******* гэж бичигдсэн хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрч Я.Н*******ийн 2005 оноос манай төрсөн дүү Я.Т******* нь Н.М*******тэй хамтран амьдарч эхэлсэн. Гэр бүл болоод нэг охинтой болсон. Я.Ү******* гэдэг, одоо 5 дугаар ангид сурдаг. Н.М******* нь өмнө гэр бүлтэй байсан бөгөөд тэр хүнээсээ гэрлэлтээ цуцлуулаагүй учир Я.Т*******тэй гэрлэлтээ батлуулаагүй, хамтран амьдарч байсан. Өмнөх нөхөр нь хаана байгаа нь мэдэгдэхгүй гэрлэлтээ цуцлуулж чадахгүй байна гэж ярьж байсан. Энэ хоёр маань хоёр талаасаа нэг нэг хүүхэдтэй гэр бүл болсон бөгөөд дундаасаа нэг охин төрсөн. Манай дүүг нас барах хүртэл эвтэй сайхан амьдарч байсан. Н.М*******, Я.Т******* нар нь өмнө хоёулаа гэр бүлтэй байсан. Я.Т******* нь өмнөх гэрлэлтээ шүүхээр орж гэрлэлтээ цуцлуулж, 2 хүүхдээ нэг нэгээр авч хоёр тийшээ болж салцгаасан. 2004 гэрлэлтээ цуцлуулаад нэг хүүгээ аваад Дархан-Уул аймгийн Хонгор суманд амьдарч байснаа эхнэрээсээ салж гэртээ буюу Булган аймгийн Сэлэнгэ суманд ээж дээр ирж байсан гэх, гэрч Б.Б*******ийн Манай эгч Н.М******* нь талийгаач нөхөр Я.Т*******тэй 2005 оноос Сэлэнгэ сумын 3 дугаар багт хамтран амьдарч эхэлсэн бөгөөд хурим хийгээгүй. Тэд дундаасаа нэг охинтой. Охин Ү******* нь 2014 онд төрсөн. Н.М******* эгчийн өмнө гэрлэж байсан нөхөр нь хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан учраас гэрлэлтээ цуцлуулж чадаагүй учраас Т******* ахтай гэрлэлтээ бүртгүүлэх боломжгүй байсан. Гэрлэлтээ цуцлуулах гэсэн боловч өмнөх нөхөр Г******* нь холбоо барих ямар ч боломжгүй, холбоо байхгүй байсан. Өмнө гэрлэж байсан байх нэг хүүхэдтэй эгчтэй нийлж байсан. Манай эгч мөн адил нэг хүүхэдтэй хоёр талаасаа гэр бүл болсон. Хамтран амьдарч эхэлснээсээ хойш нас барах хүртэл нь гэр бүл болж амьдарсан гэх мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.
Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Н*******ийн М*******, Я*******ын Т******* нарыг 2005 оноос 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд хамтран амьдарч байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА