Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2023/ДШМ/798

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023           8             08                                            2023/ДШМ/798

 

 

Ц.Д-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Сайнхүү,

шүүгдэгч Ц.Д, түүний өмгөөлөгч Г.Должинсүрэн, П.Гансүх, Н.Намжилцогт,

хохирогч Л.С, Б.С, Д.А, Н.О,

хохирогч Д.У, түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/779 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Д, түүний өмгөөлөгч Г.Должинсүрэн, П.Гансүх, Г.Энхболд, Н.Намжилцогт, хохирогч Д.У, түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд, хохирогч Л.С,  Н.О, Д.П нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ц.Д-д холбогдох 2106 00861 1079 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.  

 

Ц.Д, 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, солонгос хэлний орчуулагч мэргэжилтэй, ам бүл 4, дүү, эх, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Хүрээ хотхоны 23/3 дугаар байр 23 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:00000000/, урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 586 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан;

 

Шүүгдэгч Ц.Д нь:

- 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хохирогч Л.С-г “БНСУ-ын виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, энэхүү үйлдлээ нуух, халхавчлах зорилгоор хохирогчтой “барьцаагүй зээлийн гэрээ” байгуулан, Баянзүрх дүүргийн тойргийн 1872 дугаартай нотариатчаар гэрчлүүлэн баталгаажуулж, улмаар өөрийн эзэмшлийн Хаан банкны 00000000 дугаартай дансанд 15.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

- хохирогч Б.С-д өөрийгөө “Төрийн орон сууцны корпорац ХХК-д ажилладаг, Буянт-Ухаа 2 хороололд түрээсийн орон сууцанд хамруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулж, 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр урьдчилгаа мөнгө гэж 10.000.000 төгрөгийг Хаан банкны 00000000 тоот өөрийн дансаар шилжүүлэн авч залилсан,

- хохирогч З.Г-г “Банк бус санхүүгийн байгууллагаас 7 хоногийн дотор 500.000.000 төгрөгийн зээл гаргаж өгнө, зээлийн хурал хуралдаж шийдвэр гарах гэж байна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр зээл бүтээж өгсний урьдчилгаа болгож 25.000.000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 3.000.000 төгрөг, нийт 28.000.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын үүдэнд байрлах Хаан банкны автомат тооцооны машинаас өөрийн 00000000 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,

- 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хохирогч Б.Ч-д Хаан банкнаас их хэмжээний зээлийг хүү багатайгаар гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, улмаар хохирогч Б.Ч-т нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ивээлт” хүлэг авто засварын гадна талын автомашины ил зогсоолын орчимд мобайл банк ашиглан 5,000,000 төгрөгийг дансаар шилжүүлснийг, өөрийн өмчлөлд шилжүүлэн авч залилсан,

- Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “зээл хөөцөлдөж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогчийг төөрөгдөлд оруулж, хохирогч Н.О-с 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 30-ны хооронд бусдын дансаар 16.970.000 төгрөгийг залилсан,

- 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр “Номин карт” банк бус санхүүгийн байгууллагаас 7 тэрбум төгрөгийн зээл гаргаж өгнө хэмээн хохирогч Д.П-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Хаан банкны Хүүхдийн 100 салбарын гадна түүнээс 60.000.000 төгрөгийг авч, залилсан,

- 2021 оны 6 дугаар сард хохирогч Ц.Н-д банкнаас их хэмжээний зээлийг хүү багатайгаар гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, улмаар хохирогч Ц.Н нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 27-2 тоотод байхдаа интернэт банк ашиглан, 17,400,000 төгрөгийг дансаар шилжүүлснийг, өөрийн өмчлөлд шилжүүлэн авч залилсан,

- Бүгд Найрамдах Солонгос Улсын мульти виз гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Д.У-аас 2019 оны 9 дүгээр сараас 2019 оны 11 дүгээр сарын хооронд 4 удаагийн үйлдлээр 11.200.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

 - хохирогч Д.А-г урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч, “мөнгө зээлээч удахгүй буцааж өгнө” гэж Прогресс капитал ББСБ-аас 50.000.000 төгрөгийн зээл авхуулж, 24,990,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банк дахь 00000000 дугаартай дансаар дамжуулан хууль бусаар авч залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ц.Д-ий 2019 оны 4 дүгээр сараас 2021 оны 6 дугаар сар хүртэлх хугацаанд нэр бүхий 9 хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч нараас нийт 188.560.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банк дахь 00000000 дугаартай дансаар дамжуулан хууль бусаар авч залилсан үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ц.Д-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2106 00861 1079 дугаартай хэргээс хохирогч Д.А-д холбогдох үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Ц.Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад заасан “үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдад их хэмжээний хохирол учруулж залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар Ц.Д-д 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-д энэ тогтоолоор оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял дээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/586 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаас биелүүлээгүй үлдсэн 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000. 000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, 01 жил 10 сар 01 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 04 жил 10 сар 01 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ц.Д-д оногдуулсан 04 жил 10 сар 01 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-ий энэ хэрэгт цагдан хоригдсон 83 хоногийн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, түүнд оногдуулсан хорих ялаас хасаж тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Д-с нийт 128.170.000 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Л.С-д 15,000,000 төгрөг, Б.С-д 10.000.000 төгрөг, З.Г-д 25,700,000, Б.Ч-д 5,000,000 төгрөг, Н.О-т 15.070.000 төгрөг, Д.П-д 39,000,000 төгрөг, Ц.Н-д 13,600,000 төгрөг, Д.У-т 4.800.000 төгрөгийг тус тус олгож, хохирогч Д.У-р нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжпэх эрхтэй болохыг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч Ц.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2021 оноос хойш “Гэнзай трейвэл” ХХК-д гүйцэтгэх захирлын албан тушаалтай ажиллаж байгаа. “Оч дөл үйлс” ХХК бетон зуурмаг үйлдвэрлэдэг байгууллагад давхар борлуулалтын менежер албан тушаалтай ажилладаг. Гэм буруутай үйлдэлдээ маш их харамсаж байна. 2019 онд Солонгос улсын виз жуулчлал, 2021 онд банк, банк бус санхүүгийн байгууллагаас зээлийн материал бүрдүүлж, зээл хөөцөлдөж хохирогч талуудын төлөөлөх эрхийг харилцан тохиролцон, надад олгосон бөгөөд зуучлалын хөлс төлбөр авсан нь үнэн болно. Харилцан тохиролцон явуулсан зээлийн ажил бүтэлгүйтсэн учир зуучлалын хөлс төлбөр болгон авсан мөнгийг буцааж бага багаар цалингаасаа барагдуулж ирсэн. Хэрэг үүсэхээс өмнө болон хэрэг үүссэний дараа ч хохирол төлбөрөө барагдуулж ирсэн. Анхан шатны шүүхийн  шийдвэрт гомдол гаргах учир нь:

1. Хохирлын тооцоог үнэн зөв гаргаагүй, хохирлын хэмжээг зарим хохирогч дээр нэмж, зарим хохирогчид төлсөн хохирлын баримт байхад хасаж тооцоогүйд гомдолтой байна. 2. Хохирлын хэмжээг үнэн зөвөөр тогтоож өгөхийг, мөн банкны тамга тэмдэгтэй хохирол төлсөн баримт нотолгоог авч бодит хохирлыг тогтоож өгөөгүй. 3. Солонгос улс руу аялал жуулчлалын виз гаргаж өгөөчээ хэмээн хохироч П.У-р намайг гуйж ирсэн. Би Солонгос улсын 90 хоногийн аялал жуулчлалын виз гаргаж өгсөн. Өөрийн харилцан тохиролцсон төлбөрөө авсан. Д.У-н Солонгос улс руу 90 хоног ажиллаж аялах визийг гаргаж өгсөн хүнийг дуудаж, асууж шалгаагүй надаас мэдүүлэг авахдаа хэрэг хаасан байснаа ахин хэрэг нээж яллагдагчаар татсан байсанд гомдолтой байна. Миний бие зохиомол байдлыг бий болгож, залилах, хуурах санаа огт байгаагүй бөгөөд тухайн үед харилцан тохиролцсон хөлс төлбөрөө авсан боловч, ажлыг нь бүтээж өгөөгүй нь гэм буруутай үйлдэл мөн юм. Хохирогч талуудын үлдсэн хохирлыг бүрэн барагдуулах мөнгө надад байгаа билээ. 5 настай аутизм өвчтэй хүүхдийг минь өндөр настай ээж маань хардаг бөгөөд ээж минь ужиг өвчтэй одоо биеийн байдал тааруухан байгаа тул маш ихээр санаа зовж байна. Миний биеийн байдал дуу авиагаа алдаж, ярьж чадахаа больж, өдрөөс өдөрт муудаж байна. Улсын 1, 3 дугаар эмнэлэгт үзүүлж оношлуулахад хоолойн хөвч тасарсан гэмтэл, төвөнх дээр хавдрын жижиг ургацаг, хамрын таславч гэмтсэн амьсгалахад хүнд зэрэг оноштой. Иймд залуу нас, эрүүл мэнд, өндөр настай өвчтэй ээж, бага насны “аутизм” өвчтэй хүүхдийг минь харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ... Миний бие хэргээ үнэн бодитойгоор шийдвэрлүүлж, хохирол, төлбөрийг үнэн бодитойгоор тооцоолуулж, барагдуулах хүсэлтэй байна. ...” гэв.  

Шүүгдэгч Ц.Д-ий өмгөөлөгч Г.Должинсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“...Өмгөөлөгч миний бие Ц.Д-ий өмгөөлөгчөөр 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс ажиллаж эхэлсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14, 6.15-т заасан үндэслэлээр урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулсан бөгөөд тухайлбал хэд хэдэн үйлдэлд хохирогчийг буруу тогтоосон, оролцогчийн эрхийг хязгаарлаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө гэсээр байтал өмгөөлөгчгүй мэдүүлэг авч яллагдагчийн эрхийг ноцтой зөрчсөн, мөн зайлшгүй мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгүүлэх шаардлагатай гэж хүсэлт гаргасан. Тодруулбал: 6.13-т “Нотлох баримт цүглүулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаар гаргасан гомдол”-ын талаар  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж заасан, гэтэл хохирогчоор тогтоогдох ёсгүй этгээд буюу хохироогүй иргэнийг хохирогчоор тогтоосон.

Тухайлбал: 1. Гэрч З.Б мэдүүлэгт: “Би З.Г-н хамт Хөвсгөл аймагт орон сууц барьж байгаа юмаа, манай барилгын заслын ажил болон ажилчдын цалин лифтэнд мөнгө хэрэг болж бид хоёр банк бус санхүүгийн байгууллагаас зээл авахаар хайж байтал З.Г-н.А гэдэг эмэгтэйтэй холбогдож, улмаар н.А дамжуулан Ц.Д-тэй холбогдсон. Ц.Д гэх эмэгтэй надад танил тал байгаа “Транс Капитал Номин” банк бусад танил бий гэж хэлсэн. Тэгээд 500 сая төгрөг гаргаж өгч чадна, харин урьдчилгаа надад 10 хувийг нь өгнө шүү, одоо 5% хувийг бэлнээр өг гэж хэлсэн, тэр үед Г-тэй тэр хоёр нотариат орж гэрээ хийж байсан, би өөрийн 00000000 гэсэн данснаасаа 20 саяар, 5 саяар нийт 25 сая төгрөг 00000000 гэсэн данс руу хийсэн. Дараа нь мөн З.Г-с 3 сая төгрөг дахин авсан” гэх мэдүүлэг болон З.Г-н мэдүүлгээр З.Б, З.Г нар нь бизнес хийдэг, энэ бизнесийн хүрээнд зээл хөөцөлдөх гээд хоёулантай нь уулзаж, мөнгөний 25 сая төгрөгийг З.Б, З.Г 3,0 сая төгрөгийг гаргасан. Иймд 25,0 сая төгрөг дээр Б хохирогчоор тогтоогдох ёстой байсан боловч тогтоогдоогүй, ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй юм.  

2. Хохирогч Д.П-н үйлдэл дээр мөн хохирогчоор зөв тогтоогоогүй гэж үзэж байна. Д.П, П.Б нар хамтран бизнес хийдэг гэх бөгөөд харин анх гомдол гаргасан, мөн зээл хөөцөлдөх болсон үндэслэл нь “Шанхын Добу” нэртэй компанийн үйл ажиллагаатай холбоотой зээл хөөцөлдөх гэж байсан. Уг компани хэний эзэмшил болох, хохирогч дансаараа мөнгө гаргасан уу, “Шанхын Добу" компани гаргасан уу, эсвэл Ц.Д-тэй уулзаж компанидаа зээл хөөцөлдүүлэх болсон П.Б гаргасан уу, эсвэл П.Б-ий мэдүүлэгт дурдсан 1 сарын 30 хувийн хүүтэй найз Р.О-с мөнгө зээлж авч өгсөн П байсан уу гэдгийг тогтоогоогүй.  Р.О-тэй байгуулсан зээлийн гэрээ байгаа гэх боловч энэхүү зээлийг П.Б, “Шанхын Добу” аль авсан болохыг шалгаагүй, Р.О-с авсан зээлийн гэрээг хэрэгт хийгээгүй, Р.О-с асууж тодруулж мөнгө хэн зээлсэн эсэхийг шалгаагүй, эдгээр ажиллагааг хийж гүйцэтгэсний дараа хохирогч хууль ёсоор тогтоох боломжтой. Ийм учраас эдгээр ажиллагааг хийж хохирогчийн зөв тогтоох шаардлагатай. Мөн энэхүү ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй юм.

3. Гэрч Ц.Д-ий мэдүүлэгт өмгөөлөгч Батдэлгэр гэх хүнийг оролцуулсан гэх боловч асуулт хэсэгт өмгөөлөгч оролцоогүй болно” /1хх-94/ гэсэн нь энэхүү мэдүүлэг нотлох баримтаар тооцогдох эсэх, үнэн зөв эсэхэд эргэлзээ төрж байна. 6.14-т “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан тухай гомдол, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж заасан. Гэтэл яллагдагч Ц.Д-г хохирогч Б.С-тэй холбоотой асуудалд яллагдагчийн мэдүүлэг авахдаа яллагдагч өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө гэсээр байтал мэдүүлгийг өмгөөлөгчгүй үргэлжлүүлэн явуулж яллагдагчийн эрхийг ноцтой зөрчсөн. Энэ нь оролцогчийн эрхийг хязгаарласан гэх үндэслэл болж байна.  Энэхүү ажиллагааг мөн шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй юм. “Мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлт”-ийн талаар Б буюу н.Б-г асуух зайлшгүй шаардлагатай. Б буюу н.Б олон асуудлыг нотолно, гэвч түүнийг гэрчээр асуугаагүй.

Тухайлбал: Хохирогч З.Г-н хэрэг дээр З.Г, З.Б нарыг Б буюу н.Б танилцуулсан байдаг. Мөн хохирогч Н.О, Ц.Н нарыг Б буюу н.Б танилцуулсан байдаг. Н.О, Ц.Н нар нь н.Н-р дамжуулан танилцуулсан гэх боловч н.Н нь Ц.Д-г  танихгүй, н.Б гээд манай найзтай ярьж байхыг сонссон гэж мэдүүлсэн ба хэргийн бодит байдлыг тогтоохын тулд Б буюу н.Б-г зайлшгүй асуух шаардлагатай.  

Д.У хохирсон гэх хэргийн тухайд: Д.У мульти виз гаргана гэж Ц.Д мөнгө авсан гэдэг боловч Ц.Д 1 удаагийн виз гаргана гэж мөнгө авсан гэдэг, энэхүү 2 этгээдийн нэг нь яллагдагч, нөгөө нь хохирогч боловч хохирогчийн мэдүүлгийг харьцуулан шинжлэн судлах ямар ч нотлох баримт байхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3-т “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэж заасан. Гэтэл Д.У-н хохирсон гэх үйлдэлд виз гарсан уу гэвэл гарсан, харин ямар виз гаргана гэж Ц.Д мөнгө авсан болохыг бусад нотлох баримтаар нотлоогүй байна. Нэг удаагийн хэзээ виз гарсан, Д.У хэзээ Солонгос явсан, мөнгийг хэзээ өгсөн, виз гарсны дараа өгсөн үү, өмнө өгсөн үү гэдийг тогтоох нь хэн нь үнэн зөв ярьж байгааг тогтоох ач холбогдолтой. Д.У-н мэдүүлсэнчлэн олон удаагийн виз гаргаж өгсөн бол тэрээр виз гарсны дараа мөнгө өгөх ёсгүй. Иймд Солонгос элчингээс хэзээ виз гарсан талаар болон Солонгос улс руу Д.У хэзээ явж, хэзээ ирснийг шалгах шаардлагатай байна. 2019 онд 11.200.000 төгрөг залилуулсан гэх атлаа би Ц.Д-тэй тэрнээс хойш уулзаагүй, чатаар харилцсан гэх бүтэн 2022 оны 2 сараас өмнө бүтэн 2 жил яагаад харилцаж байгаагүй, үнэхээр залилуулсан эсэх нь эргэлзээтэй.  

4. Хохирогч нарт гүйцэд хэргийн материал танилцуулаагүй.

Уг хэрэгт 9 хохирогч байгаа ба Д.П, Д.У нарт хэргийн материал танилцуулах талаар 2022.7.01-нд мэдэгдээд хэргийн материал танилцах боломжоор хангаагүй, 2022.7.01-ний өдрөө шүүхэд шилжүүлэх саналтай хүргүүлсэн, 2022.07.18-ны өдөр нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокуророос буцаасан боловч хэргийн материал оролцогч нарт дахин танилцуулаагүй хэргийг шүүхэд шилжүүлсэн. Оролцогчдын эрхийг хязгаарласан. Зарим оролцогч нарт хэргийн материал танилцуулсны дараа ажиллагаа хийсэн. Тухайлбал Ц.Д-с 2022.6.17 яллагдагчийн мэдүүлэг авсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1-д “Мөрдөгч шалгах бүх ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдэнэ”, “мөрдөн шалгах ажиллагаа дууссаныг мэдэгдсэний дараа яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний өмгөөлөгчид хавтаст хэргийн материалыг танилцуулах ба энэ тухай тэмдэглэл үйлдэнэ”, “хэргийн материалтай энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан оролцогч мөрдөгчөөс тогтоосон хугацаанд танилцах ба мөрдөгч хэргийн материалтай танилцах боломж, нөхцөлийг бүрдүүлнэ” гэж тус тус заасан. Гэтэл мөрдөгч оролцогч нарт хэргийн материал танилцуулаагүй, танилцах боломжоор хангаагүй нь дээрх заалтыг зөрчсөн” гэх хүсэлтийг гаргасан. Гэвч зайлшгүй хийх шаардлагатай ажиллагаа байхад, мөн оролцогчийн эрхийг хязгаарласан үндэслэл байхад хүсэлтийг үндэслэлгүй хангахгүйгээр шийдвэрлэсэн нь шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эхний үндэслэл болсон.

Шүүх энэхүү үндэслэлгүй шийдвэр гаргахдаа хууль бус бүрэлдэхүүнээр урьдчилсан хэлэлцүүлгийг хийсэн. Уг шүүгчийн захирамж гаргасан шүүгч нь өмнө прокурорын алба хашиж байхдаа Ц.Д-д холбогдох 2009003010590 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянаж байсан прокурор байсан бөгөөд тэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар уг хэргийг хянан шийдвэрлэхээс татгалзах ёстой байсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн дараагийн үндэслэл болно.

Өмгөөлөгч би 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр амаржсан бөгөөд Ц.Д-д холбогдох хэргийн шүүх хурал 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр товлогдсон байсан. Миний бие тус хуралд оролцох нь 9 сартай эхийн хувьд дутуу төрөх эрсдэл бий болгохоос гадна том гэдэстэй олон цагийн хуралд суух боломжгүй, эрүүл мэндийн байдал эрсдэлд байсан тул хурлыг хойшлуулж өгнө үү хэмээн хүсэлт гаргаж, холбогдох нотлох баримтын хамт хүргүүлсэн. Гэвч шүүхээс өмгөөлөгчийн эрүүл мэндийн шалтгаанаар хүсэлт гаргасан байхад шүүгдэгчийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хурал болтол цагдан хорьж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг шүүх зөрчсөн дараагийн үндэслэл болсон. Өмнө нь тус хурал өмгөөлөгч Н.Батбаярын хүсэлтээр 1, шүүгдэгчийн хүсэлтээр 1 нийт 2 удаа хойшилсон байсан. 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Ц.Д-д холбогдох хэргийн шүүх хурал зарлагдсан бөгөөд өмгөөлөгч миний бие 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш хуралдаж байсан, одоо ч хуралдсаар байгаа Хөгжлийн банкны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох шүүх хуралд оролцож байгаа тул тов мэдэгдсэн баримтыг хүргүүлж, Ц.Д-д нь өмгөөлөгч Г.Должинсүрэнгийн хамт шүүх хуралд оролцоно гэж мэдүүлсээр байтал өмгөөлөгч болон шүүгдэгчийн эрхийг ноцтой зөрчиж, шүүх хуралдааныг өмгөөлөгчийг оролцуулахгүйгээр хийж, хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн дараагийн үндэслэл болно. Өмгөөлөгч миний бие шүүх хуралд биечлэн оролцож мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэн, хэргийн бодит байдлыг тогтооход оролцож чадаагүй тул шүүхийн шийтгэх тогтоолд үндэслэн гомдол бичих нь өрөөсгөл байгааг дурдах нь зүйтэй юм. Шүүхээс Ц.Д-г Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар гэм буруутайд тооцож, хохирогч Л.С-с 15.000.000 төгрөг, Д.У-с 5.500.000 төгрөг, Б.С-с 10.000.000 төгрөг, З.Г-с 28.000.000 төгрөг, Б.Ч-с 5.000.000 төгрөг, Н.О-с 16.970.000 төгрөг, Д.П-с 60.000.000 төгрөг, Ц.Н-с 17.400.000 төгрөгийг тус тус залилсан гэж дүгнэсэн байна. Шүүхээс уг шийдвэрийг гаргахдаа хэргийн бодит байдлыг зөв тогтоогоогүй нь ганцхан жишээнээс харж болохоор байгаа бөгөөд үүнийг дурдвал хохирогч гэх Д.П нь Ц.Д-д 60.000.000 төгрөг өгсөн гэх, үүнээс 10.000.000 төгрөгийг П.Б-д өгсөн, түүнийг шалгуулна гэж мэдүүлж, ярьж байсан бол шүүх хуралдаанд 10.000.000 төгрөгөөс тусад нь 60.000.000 төгрөг өгсөн мэтээр зөрүүтэй мэдүүлэг өгч хэргийг шийдвэрлэсэн байдлаас харж болно.

Иймд анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/779 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байх тул хүчингүй болгож өгнө үү. ... Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, оролцогчийн эрхийг хязгаарласан гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. ...Миний бие нэгэнт анхан шатны шүүх хуралдаанд мэтгэлцэж оролцож чадаагүй учраас анхан шатны шүүхээс гарсан шийтгэх тогтоолын хууль зүйн үндэслэлд гомдол гаргаагүй, зөвхөн оролцогчийн эрхийг хязгаарласан гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Д-ий өмгөөлөгч П.Гансүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1. Цагдан хорихдоо хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж хууль зөрчиж хорьсон. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 07-ны 686 дугаартай захирамжинд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалт “ Урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, шүүх, прокурорын, мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй” гэх заалтыг үндэслэн хорьсон байдаг. Тухайн шүүх хуралдаанд Ц.Д ирсэн байна. Өмгөөлөгч болон хохирогч нарын зүгээс Ц.Д-ий таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг удаа дараа тавьсан боловч үүнийг шүүх хүлээж аваагүй. Шүүх шүүгдэгчид гэмт хэргийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг төлөх, хохирогч нартай эвлэрэх нөхцөл боломжоор хангаж өгөөгүй. Эрх зүйн байдлыг нь дордуулж шийдсэн гэж үзэж байна. 2. Шүүх шүүгдэгчийн өмгөөлүүлэх эрхээр нь хангаагүй. 3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын бодит тооцоог гаргаж чадаагүй. Шүүх хуралдаанд прокурорын зүгээс ч хохирлын талаар саналаа шүүхэд гаргаж байсан. Өмгөөлөгч дансны хуулга, нотлох баримтаар шүүхэд хохирлын тооцоог гаргаж өгөхөд шинжлэн судлаж дүгнэлт гаргаагүй. 4. Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа бодит нотлох баримтыг үнэлж ял оногдуулдаг, таамгаар ял оногдуулаж болохгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд эргэлзээ гарвал шүүдэгчид ашигтай байдлаар шийднэ гэж заасан байдаг. ...Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байгаа өмгөөлөгчийн байр суурь нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалт “Хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах” зорилготой байна. Иймд гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдлыг үнэн зөв тогтоогоогүй, хууль зүйн үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Анх 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 686 дугаар шүүгчийн захирамжаас эхлэн хууль зүйн алдаа гаргаж эхэлсэн. Өмгөөлөгч Г.Должинсүрэнгийн хүндэтгэн үзэх шалтгаантайгаар шүүх хуралдааныг 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хойшлуулах хүсэлт өгснийг хүлээн авч шийдвэрлэсэн атлаа миний үйлчлүүлэгч Ц.Д-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байдаг. ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүх шүүгдэгчид гэмт хэргийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг төлөх, хохирогч талтай эвлэрэх нөхцөл боломжоор нь хангаж өгөх ёстой байсан. Гэвч энэ нөхцөл байдал хангагдаагүй, хууль зөрчигдсөн. Мөн шүүх шүүгдэгч болон хохирогчийн өмгөөлүүлэх эрхээр хангаагүй. Анхан шатны шүүх хуралдаанд ганц өмгөөлөгч миний бие оролцсон, уг шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч мөн адил хүсэлт гаргасан. Өмгөөлөгч Н.Намжилцогт өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцож бас хүсэлт гаргасан байсан. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын бодит тооцоог гаргаж чадаагүй. Өнөөдөр хүртэл миний гарт бодит хохирол буюу дансны хуулгууд тамга, тэмдэгтэйгээ байгаа. Үүнийг огт авч хэлэлцээгүйгээр шүүх шууд шийдвэрээ гаргаж байгаа нь гэмт хэргийн улмаас учирсан үнэн бодит тооцоолол алдагдсан байна гэж үзэж байгаа. Шүүх эрүүгийн хариуцлага оногдуулахдаа бодит нотлох баримтыг үндэслэх болохоос таамаглаж эрүүгийн хариуцлага оногдуулж болохгүй. Өөрөөр хэлбэл, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны 8 дугаар сарын 24-ний 586 дугаар шийтгэх тогтоол гарсан бөгөөд миний үйлчлүүлэгчийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулсан. Миний үйлчлүүлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай гэрээ байгуулж, гэрээний үндсэн дээр арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгох ялыг төлж байсан, тодорхой хэмжээний төлбөрөөсөө хасагдуулсан. Гэтэл анхан шатны шүүх хавтаст хэрэгт дээрх нотлох баримт байхгүй чигээр нь тооцож, 1 жил 10 сарын ял дээр нь нэмж ял оногдуулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх хуралдааны үеэр шүүх хуралдааны дэг журам алдагдсан нөхцөл байдалтай байсан. Ийм ч учраас бүх хохирогч нар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эсэргүүцэж давж заалдах гомдол гаргасан. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан шүүх хэргийн нөхцөл байдлыг үнэн зөв тогтоож чадаагүйн улмаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгчид авсан хууль бус таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Д-ий өмгөөлөгч Г.Энхболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“...Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь торгох болон хорих ял шийтгэх буюу сонгох санкцтай. Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэхээс гадна хохирол төлүүлэх, нийгэмшүүлэх зорилгыг агуулдаг. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал... зэргийг тал бүрээс нь харгалзан үзэхээр заасан. Шүүгдэгч Ц.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, 5 настай хүүхэдтэй өрх толгойлсон ганц бие эх, эрүүл мэндийн хувьд дууны хөвчний ур, хамрын таславч шархалсан, залгиур хэсэг, гүйлсэн булчирхай 1-р зэргийн томролтой, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлөхөө илэрхийлж байгаа хувийн байдал зэргийг нь харгалзан анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ялыг торгуулийн ял болгон шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Д-ий өмгөөлөгч Н.Намжилцогт давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1. Өмгөөлөгч миний бие нь шүүгдэгч Ц.Д-тэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээ албан ёсоор шүүхэд өгч шүүх хуралдаанд оролцсон бөгөөд энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлд бичигдэж үлдсэн байгаа болно. Гэтэл өмгөөлөгч миний биеийг шүүх хуралдаанд оролцоогүй мэтээр шийтгэх тогтоол гарсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2. Анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийг заалтыг чанд сахина" гэсэн заалтыг зөрчсөн. 3. Шүүгдэгч нь хэдэн ч өмгөөлөгч авах эрхтэй болохыг хуульчилсан байдаг. Гэтэл анхан шатны шүүх нь шинээр гэрээ байгуулж шүүх хуралд оролцсон өмгөөлөгч намайг шүүх хуралдаанд оролцож үйлчлүүлэгчдээ хууль зүйн туслалцаа үзүүлж өмгөөлөх эрхийг минь хасаж шүүн таслах ажиллагааг явуулсанд гомдолтой байна. 4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүлийн 2 дахь хэсэгт “Хүн, хуулийн этгээд, хуульд заасны дагуу хууль зүйн туслалцаа авах, өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх боломж, нөхцөл, цаг хугацаагаар хангагдана” гэж заасан байтал шүүгдэгчийн өмгөөлөгчийг хэргийн материалтай танилцах боломж олголгүйгээр шүүх хуралдааныг үргэжлүүлэн явуулсанд гомдолтой байна. 5. Хэргийн материалтай танилцах боломж олгоогүй учир өмгөөлөгч миний зүгээс тэгш эрхийн хүрээнд мэтгэлцэх, нотлох баримтуудыг шинжлэн судлуулах, гэм буруугийн талаар дүгнэлт хийх ямар ч боломжгүй болсон. Иймд хууль зөрчсөн, шүүгдэгч болон өмгөөлөгчийн хуулиар олгогдсон эрхийг хасаж хязгаарлах байдлаар явагдаж шийдвэр гаргасан Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/779 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Хохирогч Д.У-н өмгөөлөгч Д.Цэрэнханд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 09.00 цагт Ц.Д-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны зар товлогдсон байсан бөгөөд тус хуралд өмгөөлөгч би хохирогч Д.У-н өмгөөлөгчөөр оролцох байсан юм. Гэтэл өмгөөлөгч би амралтын өдөр буюу 2023 оны 5 сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших Хан-Уул таурын туслах замаар явганаар зам хөндлөн гарах гэж яваад автомашинд зүүн талын хөлийн булчин шилбэ хэсгээр мөргүүлж гэмтсэн юм. Улмаар мөргүүлсний улмаас эмч хэвтрийн дэглэм барих буюу 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 14 хоногийн хугацааны эмнэлгийн магадлагаа бичиж өгсөн. Би эмнэлгийн магадлагаагаа өөрийн үйлчлүүлэгч Д.У-т өгч түүгээр дамжуулан шүүхэд хүргүүлсэн боловч огт авч хэлэлцэлгүй өмнө нь 2 удаа хойшилж байсан гээд шууд шүүх хурлыг хийж 18.00 цаг хуртэл хуралдсан байсан. Гэхдээ шүүгчийн хэлснээр хурал 2 удаа хойшилсон биш өмнө нь удаа дараа маш олон удаа янз бүрийн шалтгаанаар хойшилж байсан боловч өмгөөлөгч надаас болон миний үйлчлүүлэгчээс болж хойшилсон асуудал байдаггүй байгаа. Тус хуралд миний үйлчлүүлэгч Д.У нь хууль мэдэхгүй тул тулгамдан сандарч тэвдэх гэх мэт учраа олохгүй шүүгдэгчийн өмгөөлөгчид загнуулан ээрүүлэн хүнд байдалд орлоо гэж хэлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд заасан хохирогч нь өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг эдлүүлэлгүй хууль зөрчсөн байна. Өмгөөлөгч би энэ хэрэгт шүүхэд шилжсэн хойно нь Д.У-н өмгөөлөгчөөр нь ажилласан бөгөөд Ц.Д нь У-с виз гаргаж өгөхөөр мөнгө авсан асуудлаа зээлийн гэрээ гэж 2 удаа хийн, өгсөн 10 сая төгрөгөө баримтжуулсан баримтыг надад өгсөн байсан. Үүнийг нь өмгөөлөгч би шүүх хуралдаанд гаргаж өгөхөөр бэлдсэн байсан ба гаргаж өгөх боломж бүрдээгүй. Учир нь хурлын ирц бүрдэхгүй гэсэн шалтгааны улмаас хурал хийгээгүй зөвхөн ирц хэлэлцээд хурал хойшлогдоод байсан болно. Шүүх өмгөөлөгч намайг өвчтэй, хүндэтгэн үзэх шалтгаантай байхад огт авч хэлэлцэлгүй хуралдсанаар миний үйлчлүүлэгч Д.У-н 11.200.000 төгрөгөөр хохирсон асуудлыг шийдэхдээ хохирлыг нь 5.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан нь тогтоогдлоо гэсэн боловч яг Ц.Д-с хохирлыг хохирогч бүрээр нь гаргаж шйдвэрлэхдээ Д.У-т 4.800.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэлээ гэж тогтоолдоо 2 өөрөөр тооцсон, БНСУ-аас буцаж ирсэн зардал болох 700 000 төгрөгийг хасаж тооцов гэсэн нь үндэслэлгүй дүгнэлт болсон. Шүүгдэгч Ц.Д нь Д.У-с визний урьдчилгаа гэж 2019 оны 8 сарын 23-ны өдөр 1.000.000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны 00000000 дугаартай данс руугаа шилжүүлж авсан, Д.У нь өөрийн төрсөн дүү Д-н Б нь Хаан банкны 00000000 дугаарын данснаас шилжүүлсэн байдаг. Мөн 4 сая төгрөгийг 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Ц.Д-ий Хаан банкны дээрх данс болох 00000000 дугаар луу 18 цаг 42 минутанд 2 сая төгрөг, 19 цаг 15 минутанд 2 сая төгрөгийг Д.У нь өөрийнхөө Худалдаа хөгжпийн банкны 00000000 дугаарын данснаас интернэт банкаараа 2 удаа тасалж шилжүүлсэн. / банк хооронд учраас 2 хуваасан байгаа юм/. Дараагийн 5 сая төгрөгийг Д.У нь өөрийн Худалдаа хөгжлийн банкны 00000000 данснаас мөн л интернэт банкаараа 2019 оны 10 сарын 15-ны өдөр 13 цаг 04 минут 10 секундэд 2 сая төгрөг, үүнээс хэдхэн секундын дараа буюу 52 секундэд 1000.000 төгрөг, мөн 13 цаг 15 минут 42 секундэд 1 000 000 төгрөгийг тус тус шилжүүлж ингээд нийт 10 000 000 төгрөгийг шүүгдэгч Ц.Д-д өгсөн нь нотлогдож байдаг. Харин 1.200.000 төгрөгийн тухайд бол 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 500 000 төгрөгийг Ц.Д нь өөрийхөө ээж Ц-н Хаан банкны 00000000 дугаарын дансаар авсан ба үүнийг Д.У нь өөрийн төрсөн хүү Б-н Д-н Хаан банкны 00000000 дугаарын данснаас шилжүүлсэн байгаа. Үлдэх 700 000 төгрөг нь бол БНСУ-аас ирсэн билетний үнэ юм. Иймд хуульд заасан оролцогчийн эрхийг зөрчиж шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/779 дутаартай шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдал нийцээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Л.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Ц.Д-ий бусдыг хууран мэхлэсэн гэм буруутай үйлдлийн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ хохирогч тус бүрийг хэрхэн залилсан талаар бодитой дүгнэлт хийгээгүй, хохирогч нарыг нийтэд нэг үйлдлээр залилсан болгож хууль зүйн дүгнэлт өгсөн нь үндэслэлгүй. 2. Ц.Д-ий бусдыг хохироосон хохиролд прокурор, шүүх аль аль нь хохирлыг бодитой хохирогч бүрт тус тусад нь тооцоолоогүй учраас оногдуулсан ял нь бодитой болоогүй гэж үзэх үндэслэлтэй. Дээрх нөхцөл байдлыг үндэслэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 779 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү. Энэ олон хохирогч нарын хохирол, төлбөрийг тус тусад нь хэлэлцээгүй, шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл хөнгөдсөн гэж үзэж байна. Давж заалдах гомдлоо дэмжиж байна. ..” гэв.

Хохирогч Н.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: “...1. Ц.Д-ийг бусдыг хууран мэхэлсэн гэм буруутай үйлдлийн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ хохирогч тус бүрийг хэрхэн залилсан талаар бодитой дүгнэлт хийгээгүй, хохирогч нарыг нийтэд нэг үйлдлээр залилсан хууль зүйн дүгнэлт өгсөн нь үндэслэлгүй. 2. Ц.Д-ий бусдыг хохироосон хохирлын хэмжээг үнэн зөв бодитой тогтоогоогүй прокурор, шүүх аль аль нь бодитой тооцоогүй учраас оноосон ял нь бодит болоогүй гэж үзэх үндэслэлтэй. Мөн Н-н данснаас гарсан 4.5 сая төгрөгийн баримт байгаагүй, Ц.Д-ий Н-д явуулсан мөнгөн гүйлгээ тодорхой бус. Миний өмнөөс Н-н Ц.Д-д явуулсан 4.5 ся төгрөг болон Ц.Д-ий надад явуулсан гэх 3 сая ойлгомжгүй зүйл байна. Дээрх нөхцөл байдлыг үндэслэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 779 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...Давж заалдах гомдлоо дэмжиж байна. ...” гэв.

Хохирогч Д.П давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1.Ц.Д-ий бусдыг хууран мэхэлсэн гэм буруутай үйлдлийн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ хохирогч тус бүрийг хэрхэн залилсан талаар бодитой дүгнэлт хийгээгүй, хохирогч нарыг нийтэд нэг үйлдлээр залилсан болгож хууль зүйн дүгнэлт өгсөн нь үндэслэлгүй. 2. Шүүхээс Д.П намайг залилсан үйлдэлд хэн хамтран оролцсон эсэх талаар огт дүгнэлт хийгээгүй, зөвхөн прокурорын өгсөн тайлбарыг үндэслэсэн нь бодитой бус гэж үзэж байна, 10 000 000 төгрөг авсан П.Б залилан мэхлэх үйл ажиллагаанд хэрхэн оролцсоныг шалгах шаардлагатай. 3. Ц.Д-ий бусдыг хохироосон хохирлын хэмжээг үнэн, зөв бодитой тогтоогоогүй, прокурор, шүүх аль аль нь хохирлыг бодитой тооцоолоогүй учраас оногдуулсан ял нь бодитой болоогүй гэж үзэх үндэслэлтэй. 4. Хохирогч нарын хохирлоос авсан төлбөрийг хасч тооцохдоо ямар баримтыг үндэслэж хассан талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна. 5. Д.П миний 60 000 000 төгрөгний хохирол 39 000 000 төгрөг болж буурах болсон нь ямар баримт үндэслэсэн талаар шүүх прокурор аль аль нь дүгнэлт өгөөгүй, энэ талаар хэрэгт баримт авагдаагүй байдаг. 6. Шийтгэх тогтоолд холбогдсон хэргийн товч утга бүхий хэсэгт Ц.Д бусдад хэдэн төгрөгний хохирол учруулсан талаар бичигдээгүй учраас хохирлын бодит хэмжээ шийтгэх тогтоолд зөв бичигдэж тооцогдоогүй. Дээрх нөхцөл байдлыг үндэслэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 779 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Д.У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дансны хуулгаа цагдаад өргөдөл өгөхдөө өгсөн. Тухайн шүүх хуралдааны үед өмгөөлөгчтэйгөө оролцож чадаагүй учраас маш их сандарсан. Өмгөөлөгчтэй оролцох эрхээ эдэлж чадаагүй. Нэхэмжилж байгаа мөнгө маань үндэслэлтэй. Бүх мөнгөө дансаар явуулсан байгаа. ...” гэв.

Хохирогч Б.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хохирогч нарын гаргасан тайлбар, саналтай санал нэг байна гэв.

Хохирогч Д.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Ц.Д-д залилуулсан шийдвэр нь эрүүгийн хэрэг биш иргэний хэрэг болсонд санал нийлэхгүй байна. Эрүүгийн хэрэг буюу залилах гэмт хэргээр шалгаж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байна. Ц.Д нь “...би танд тусалъя, та нэг удаа надад байраа барьцаалж зээл гаргаад өгөөч...” гэж банк бус санхүүгийн байгууллагад 50.000.000 төгрөгийн зээл авхуулсан. Зээлэхдээ өөрийн эх, дүү хоёрын данс руу 24.990.000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Би энэ мөнгийг нэхэмжилж байна. Анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй учир нь, нөхөр маань асрамжид байдаг, 80 хувийн хөдөлмөрийн чадвар алдагдалтай, мөн бага насны хүүхэдтэй болохоор өмнөх шүүх хуралдаануудад оролцож чадаагүй. Орон сууц маань битүүмжлэгдсэн. Ц.Д орон сууц барьцаалсан зээл авчих гэх үед манай байр Ариг банканд 16.170.000 төгрөгийн зээлтэй байсан. 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Ц.Д 50.000.000 төгрөгийн зээл гаргуулж, намайг хохиролд учруулсан. Ц.Д “...би хүүхдээрээ тангараглаж байна, та санаа зоволтгүй...” гэж хэлж байсан. Сүүлдээ зээлийн хүү явсаар 80.000.000 гаруй төгрөгийн хохиролд орсон. Би аргаа бараад телевиз дуудаж, орон гэргүй боллоо гэж явсан. Миний хүүхэд одоо Солонгос улсад байдаг. Хөлийн маш том хагалгаанд орсон. Ц.Д-д учир байдлаа хэлж, “хохирол, төлбөрөө барагдуул” гэхэд “...санаа зоволтгүй, би таны хохирлыг барагдуулна, би ганц хүүгээрээ тангараглаж байна...” гэсэн. Эцэст нь би өөрөө хохирно гэж бодоогүй. Орон сууцаа би ах, дүү нарынхаа тусламжтайгаар авч үлдсэн. Одоо хүртэл би зээлээ дийлэхгүй явж байна. ...” гэв.

Прокурор Ц.Сайнхүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ”Шүүгдэгч Ц.Д-д холбогдох 9 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 8 хохирогчийг залилсан үйлдэлд прокуророос яллах дүгнэлт үйлдэж, 2022 онд хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хохирогч нарын гаргасан давж заалдах гомдлын тухайд агуулга нь адил байна гэж үзэж байна. Прокуророос яллахдаа үргэлжилсэн үйлдлээр хохирогч тус бүрийг залилсан гэх байдлаар яллах дүгнэлт үйлдсэн. Үүнийг хохирогч нар ойлгоогүй юм шиг байна. Хүн бүрийг ямар аргаар, хэрхэн залилсан бэ гэх асуудал анхан шатны шүүх хуралдааны үеэр яригдсан. Хохирогч нар тухайн үед бүгд байсан учраас энэ асуудлыг мэдэж байгаа. Анхан шатны шүүх хуралдааны үеэр хохирлын асуудал яригдсан. Мөрдөгчөөс хохирогч нарын өгсөн мэдүүлэг, тэдгээрээс гаргаж өгсөн баримтуудыг үндэслэн хохирлын тооцоог гаргаж өгсөн. Үүнийг прокуророос үндэслэн хохирлын тооцоог шилжүүлсэн байдаг. Хэргийг шүүхэд шилжүүлснээс хойш 7, 8 сарын хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд яллагдагчаас хохирлыг нөхөн төлсөн, төлөх санал санаачилга гаргасан байдаг. Энэ хүрээгээр хохирлын тооцоонд өөрчлөлт орсон асуудал анхан шатны шүүх хуралдаанд яригддаг. Мөн Ч.Н, Н.О гэх хохирогч нарын  мэдүүлснээр хохирлын асуудлыг анхан шатны шүүх шийдвэрлэсэн байдаг. Үүнийг бодитой байна гэж үзэж байна. Хохирогч Д.У-н өгсөн мэдүүлэг, гаргаж өгсөн баримтууд 3 дугаар хавтаст хэргийн 121-127 дугаар талд авагдсан. Тухайн баримтуудыг үндэслэж, хохирлын тооцоог гаргасан. Уг хохиролд яллагдагч Ц.Д болон хохирогч Д.У нар мөнгөн дүнд ямар нэгэн байдлаар маргадаггүй, маргааны асуудал яригддаггүй. Өөрөөр хэлбэл, 11.200.000 төгрөгийг өгч, авсан талаараа мэдүүлдэг. Энэ хүрээнд прокуророос хохирлын тооцоог зөв гаргасан гэж үзэж байгаа. Анхан шатны шүүх шийдвэрлэхдээ хохирогч Д.У-н хохирлын асуудлыг буруу гаргаж, багасгаж оруулж ирсэн байна гэж үзсэн. Мөн хохирогч Д.П-д 60.000.000 төгрөгийн хохирол учирсан, 10.000.000 төгрөгийг төлсөн, мөн шүүхийн шатанд 1.000.000 төгрөгийг төлсөн гэсэн мэдүүлгүүд байдаг. Үүнээс хасаж тооцоход 49.000.000 төгрөгийг гаргуулахаар анхан шатны шүүх шийдэх ёстой байтал 39.000.000 гэж бичснийг техникийн алдаа гарсан гэж үзэж байна. Дээрх хоёр хохирлын тухайд өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэх дүгнэлтийг гаргаж байна. Анхан шатны шүүхийн шатанд шүүх хуралдаан 4-5 удаа хойшилж байсан. Хойшлох болсон шалтгаанууд нь бүгд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нартай холбоотой асуудлууд байсан. Өөрөөр хэлбэл, шүүх хуралдаанд өмгөөлөгч Ж.Батбаяр, Г.Должинсүрэн ирээгүй, шүүгдэгч өөрөө ирээгүй, мөн өмгөөлөгчөөсөө татгалзаж өөр өмгөөлөгч авна гэх мэтээр шүүх хуралдааныг 4-5 удаа хойшлуулсан баримт хавтаст хэрэгт байгаа. Энэ хүрээнд 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр товлогдсон шүүх хуралдаан өмгөөлөгч нэмж авсан, өмгөөлөгч ирээгүй гэх шалтгаан, хүсэлт гаргасан боловч шүүгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн гэж прокурорын зүгээс үзэж байна. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өмгөөлөгч Ж.Батбаяр, Г.Должинсүрэн нарын хүсэлтээр хийгдсэн. Тухайн урьдчилсан хэлэлцүүлэг дээр өмгөөлөгч нарын дурдсан асуудлыг хэлэлцэхгүйгээр үлдээж, анхан шатны шүүх хуралдааны шатанд хэлэлцэнэ гэх шийдвэр гаргасан байдаг. Тухайн үед шийдвэр гарсны дараа анхан шатны шүүхийн шүүх хуралдаан товлогдох үед шүүгчээс татгалзах хүсэлтийг өмгөөлөгч гаргаж, ерөнхий шүүгч татгалзах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн байдаг. Анхан шатны шүүх хуралдааны үед тухайн өмгөөлөгчийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлтэд дурдсан асуудлуудыг прокурорын зүгээс тодруулж, түүнээс шүүгч тодорхой хэмжээний дүгнэлт хийсэн байх гэж харсан. Өөрөөр хэлбэл, тухайн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр үлдээсэн хүсэлтүүдийг шийдвэрлэсэн байна гэж үзэж байгаа. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 5 дугаар сарын 29-ний өдрийн 779 дугаар шийтгэх тогтоолын хохирлын хэсэгт буюу хохирогч Д.У-т 11.200.000 төгрөгийг гаргуулах, хохирогч Д.П-д 49.000.000 төгрөгийн хохирол гаргуулахаар өөрчлөлт оруулах саналтай байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул хорих ялаас өөр төрлийн ял оногдуулах гэх асуудлын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэг ойлголт нь тухайн гэмт хэргийг хүлээн зөвшөөрөх гэдэг агуулгаар яригддаг. Зөвхөн мөнгө авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгааг гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэсэн ойлголт биш гэж үзэж байна. Тийм учраас хорих ялаас өөр төрлийн ял оногдуулах боломжгүй байна. Иймд шийтгэх тогтоолын энэ хэсгийг хэвээр үлдээх саналыг тус тус гаргаж байна. ...” гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг  хянаж, дүгнэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг бүрэн хангаагүй гэж үзэх дараах үндэслэл, үйл баримт тогтоогдов. Үүнд :  

1. Гэмт хэргийн улмаас зарим хохирогч нарт учирсан хохирол, хор уршгийг бүрэн, бодитой, үндэслэлтэйгээр дүгнээгүйг зөвтгөх боломжгүй.    

1.1. Хохирогч Д.П-д гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос төлөгдөх хохирлыг 39.000.000 төгрөг гэж дүгнэсэн нь нотлох баримтад тулгуурлаагүй, үндэслэл тодорхойгүй, П.Б иргэний хариуцагч эсэх зэрэг асуудлыг шийдвэрлээгүй орхисон.    

Хохирогч Д.П-н мэдүүлэг, дансны хуулгын баримт /2хх-136-137, 118/  Ц.Д-ий гэрчээр өгсөн мэдүүлэг /2хх-133, 144/ болон бусад үйл баримтаас үзэхэд П.Б өмнө нь “7 тэрбум төгрөгийн зээл гаргуулахаар Ц.Д-тэй тохирсон” байсан, улмаар тус зээлийг гаргуулах, ажил бүтээлгэхэд зориулан 60.000.000 төгрөгийг Ц.Д-д өгөхийн тулд Д.П-д хандаж, тэд уулзалдаж тохиролцсоноор Д.П нь нийт 65.000.000 төгрөгийг О-с зээлж, “Шанхын добу” ХХК-ийн дансанд шилжүүлэх замаар 60.000.000 төгрөгийг Ц.Д-д бэлнээр өгсөн, энэ үед П.Б хамт байсан ба тэр даруйд Д.П-д мэдэгдэлгүйгээр 60.000.000 төгрөгөөс 10.000.000 төгрөгийг П.Б нь Ц.Д-с авсан үйл баримттай байна.

Шүүгдэгч Ц.Д нь Д.П-с авсан 60.000.000 төгрөгний 10.000.000 төгрөгийг П.Б-д өгсөн болохоо мэдүүлсэн, харин А гэх хүнд П-д өгүүлэхээр 10.000.000 төгрөг өгсөн эсэх нь дансны хуулга, бусад баримтаар тогтоогдоогүй байхад нийт 20.000.000 төгрөг төлөгдсөн гэсэн нь алдаатай болжээ.  

Түүнчлэн П.Б-г иргэний хариуцагчаар татах үндэслэл, үйл баримтыг үгүйсгэн няцаах болон иргэний хариуцагчаар татах тухайд аль оролцогч хүсэлт, гомдол  гаргасан эсэх, түүнийг хүлээн авах эсэх талаар дүгнэлт хийгээгүй байна.         

1.2. Хохирогч Ц.Н-д учирсан бодит хохирол, мөн авсан хохирлын дүн зэргийг хэрэгт авагдсан үйл баримтыг бүрэн шалгахгүйгээр буруу тооцсон.        

Хохирогчийн гомдол, мэдүүлэг /2хх-182, 185/-ээс үзэхэд нийт залилуулсан хохирлын дүн 17.400.000 төгрөг, үүнээс 4.800.000 төгрөгийг буцаан авсан байх ба тус хохиролд Н.О-н өмнөөс Ц.Д-д шилжүүлсэн мөнгө орсон гэх баримт сэлт тусгагдаагүй, Ц.Н-н дансны хуулгыг бүрэн шалгаж бодит хохирлыг нотолж  чадаагүй байна.  

Мөн хохирогч Н.Ог”...Ц.Д нь танил Н эгчээс иймэрхүү байдлаар 20.000.000 төгрөг авсан.../1хх-236, 246/ гэж мэдүүлсэн буюу Ц.Н-н хохиролд Н.О-н өмнөөс Н нь Ц.Д-д өгсөн гэх мөнгө тусдаа, хасагдан тооцогдсон утга агуулгаар мэдүүлсэн, мөн хохиролд хамаарал бүхий дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэлээр Н.О-с Ц.Д-д шилжүүлсэн нийт мөнгө 16.970.000 төгрөг байх ба /2хх-51-62/ үүнээс хэдэн төгрөг нь Ц.Н-с шилжүүлсэн эсэхийг тодруулан шалгаагүй байх тул хохирогч Н.О, Ц.Н нарт учирсан хохирол, хор уршгийг зөв тооцоолоогүй гэж үзнэ.   

1.3. Хохирогч Д.У-т гэмт хэргийн улмаас учирсан нийт 11.200.000 төгрөгийн хохирлыг 4.800.000 төгрөг гэж үзсэн нь тухайн хэргийн бодит үйл баримтад нийцээгүй байна.

Хохирогчийн гомдол, мэдүүлэгт /3хх-101-102, 105, 122-127/ Солонгос улсад байнга зорчих мульт виза гаргуулахаар нийт 11.200.000 төгрөг өгсөн болохоо мэдүүлсэн байх ба тухайн мэдүүлэгт буй өөрийн болон дүү, ээжийнхээ дансаар шүүгдэгчид мөнгө шилжүүлсэн тухай эх сурвалжийг нягталж, хэргийн бодит байдал буюу хохирлыг зөв нотолж тогтоох үүргээ мөрдөгч, прокурор бүрэн биелүүлээгүй бол хохирогчийн эрхийг хассан, хязгаарласан, нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэхэд хууль зөрчсөн гэж үзэх ба харин хохирлын асуудлыг үндэслэлгүйгээр буруу шийдвэрлэх үндэслэл болохгүй.

Хохирогчийн өмгөөлөгчийн гомдол, тайлбараас үзэхэд:

Ц.Д нь Д.У-с визний урьдчилгаа гэж 2019 оны 8 сарын 23-ны өдөр 1.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 00000000 дугаартай данс руугаа шилжүүлж авсан, Д.У-н дүү Д-н Б нь Хаан банкны 00000000 дугаарын данснаас шилжүүлсэн. Мөн 2019 оны 09 сарын 05-ны өдөр Ц.Д-ий Хаан банкны 00000000 дугаар луу 18 цаг 42 минутанд 2 сая төгрөг, 19 цаг 15 минутанд 2 сая төгрөгийг Д.У өөрийн Худалдаа хөгжлийн банкны 00000000 дугаарын данснаас интернэт банкаараа 2 удаа тасалж шилжүүлсэн. Дараагийн 5 сая төгрөгийг Д.У нь өөрийн Худалдаа хөгжлийн банкны 00000000 данснаас мөн л интернэт банкаараа 2019 оны 10 сарын 15-ны өдөр 13 цаг 04 минутаас 15 минут 42 секундын хооронд тус тус шилжүүлсэн, нийт 10 000 000 төгрөг нь нотлогдож байдаг. Харин 1.200.000 төгрөгийн тухайд бол 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 500 000 төгрөгийг Ц.Д нь өөрийхөө ээж Ц-н Хаан банкны 00000000 дугаарын дансаар авсан ба үүнийг Д.У нь өөрийн төрсөн хүү Б-н Д-н Хаан банкны 00000000 дугаарын данснаас шилжүүлсэн байгаа. Үлдэх 700 000 төгрөг нь бол БНСУ-аас ирсэн билетний үнэ болохыг тодорхой тайлбарлаж, холбогдох үйл баримт байгааг  гаргаж судлуулахаа илэрхийлсэн болохыг тэмдэглэв.

1.4. Хохирогч Д.А-н итгэлийг урвуулан ашиглаж, хуурч буюу удахгүй буцааж өгнө хэмээн түүний орон сууцыг барьцаалан зээл авахуулж, улмаар 22.990.000 төгрөгийг, дахин 2 сая төгрөг нийт 24.990.000 төрөгийг хууль бусаар залилж авсан гэмт үйлдлийг цагаатгах тухай дүгнэлт нь хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтын эх сурвалжид бүрэн тулгуурлаагүй, залилах гэмт санаа, сэдэлт, зорилго бүхий үйлдлийг иргэний залилах хэлцлээс ялгах асуудлыг хангалттай дүгнэж чадаагүй байна.   

Хэргийн үйл баримтаас үзэхэд /3хх-199-200, 204-206, 208, 210, 221, 222-223, 4хх-02, 20/ шүүгдэгч нь хохирогчийн орон байрыг 2020.01.09-ний өдөр өөрийн танил болох Г.М-н банк бус санхүүгийн байгууллагад барьцаалж 50.000.000 төгрөгийн зээл авахуулснаас өөрт 22.990.000 төгрөг, мөн дахин 2 сая төгрөг нийт 24.990.000 төгрөг залилан авч хохирол учруулсан, гэрч Г.М-н мэдүүлгээр анх авсан зээлийн эргэн төлөлтөд Ц.Д мөнгө төлөөгүй байх ба улмаар Г.М иргэний хэргийн шүүхэд хандаж, талууд 2021.08.27-ны өдрөөс 2022.02.17-ны өдөр гэхэд 75.155.825 төгрөгийг төлж дуусгахаар эвлэрч, энэ талаар иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчиийн захирамж 2021.09.17-ны өдөр гарсан /4хх-20, 3хх-222-223/, тус хэргийн улмаас хохирогч нь орон сууцаа алдахад хүрч, ноцтойгоор хохирчээ.   

Хохирогчийн хувьд шүүгдэгчид итгэн улмаар орон сууцаа барьцаалан зээл авсан нь иргэний харилцааны шинж бүхий боловч харин шүүгдэгч нь хохирогчийн итгэлийг урвуулж, дүр үзүүлэн хуурах аргаар өөрт 22.990.000 төгрөг, дахин 2000.000 төгрөгийг авсан гэмт санаа, сэдэлт зорилго бүхий гэмт үйлдлийг хэрэгт авагдсан бүхий л нотлох  баримтын хүрээнд оновчтой, зөв дүгнэх зайлшгүй шаардлагатай.  

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд : Шүүгдэгч нь тухайн хохирогчийн орон сууцыг барьцаалан зээл авахуулж, улмаар өөрт авсан нийт 24.990.000 төгрөгийг буцаан огт төлөхгүйгээр зайлсхийсэн нь ноцтой хохирол учрахад хүргэсэн, түүнчлэн 2018-2019 онд 6 иргэнийг залилан мэхэлж, 89.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт шалгагдаж, улмаар 2021.8.24-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн /2хх-233-239/ нөхцөл байдлаас гадна дахин давтан 2019-2021 онуудад залилах гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр хэлэлцэгдэх болсон үйл баримт зэргийг бүх талаас нь бүрэн шалгаж, үнэлэн дүгнэсний эцэст шүүгдэгчээс хохирогч Д.А-г залилсан гэмт санаа, сэдэлт, зорилго бүхий гэмт үйлдлийг үндэслэлтэйгээр дүгнэсэн байх учиртай.    

Харин шүүгдэгч нь залилах аргаар хохирогчтой хамтран зээл авч улмаар дүр үзүүлэн эвлэрч иргэниий хэргийн шүүхийн шийдвэр гаргуулсан байх нь шүүгдэгчийн үйлдсэн залилан мэхлэх гэмт санаа, сэдэлт зорилго бүхий гэмт үйлдлийг бүхэлд нь үгүйсгэх үндэслэл болохгүйг тэмдэглэв. 

2. Прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ “шүүгдэгч Ц.Д-с хохирогч Д.А-г залилсан гэх гэмт хэргийн цаг хугацааг бичээгүй байхаас гадна банк бус санхүүгийн байгууллагаас авахуулсан зээлийн мөнгөн дүнгээс авсан бодит хохирол, мөн тус хохирлоос гадна бэлнээр авсан хохирлын дүнг ялган зааглаагүй орхигдуулсан зэрэг нь шүүхээс нөхөн гүйцэтгэх ёсгүй алдаанд хамаарч байх тул алдааг нь нөхөн гүйцэтгүүлэх шаардлагатай.

3. Анхан шатны шүүхээс шүүгдэгч, хохирогч нарын зарим өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй, мөн зарим өмгөөлөгчид хэргийн материалтай танилцах боломжит хугацаа олголгүй хэргийг хэлэлцсэн байгааг зөвтгөх боломжгүй.   

Тухайлбал, хохирогч Д.У-н өмгөөлөгч Д.Цэрэнхандын хувьд 2023.01.12-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд оролцоход хохирогч Д.У-с хугацаа тулгаж буюу 2023.01.11-ний өдөр өмгөөлөгчөөр сонгосон, улмаар өмгөөлөгчийн хувьд бусад товлогдсон хурал, бусад хүндэтгэх шалтгааны улмаас хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан, мөн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс тухайн хэргийг хянан шийдвэрлэх шүүгчийг татгалзах хүсэлт гаргаснаар шүүх хуралдаан хойшилсон /4хх-220-222/, харин Д.Цэрэнханд өмгөөлөгчөөс үл хамаарах бусад шалтгаанаар шүүх хуралдаан хойшилж, улмаар 2023.05.29-ний өдрийн хуралдаан болох өдөр өмгөөлөгч Д.Цэрэнханд хөлдөө гэмтэл авсны улмаас холбогдох баримт, хүсэлтээ өөрийн үйлчлүүлэгчээр дамжуулан явуулсан, хохирогч нь өмгөөлөгчийн хамт оролцох хүсэлтээ гаргасан байтал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэлгүйгээр буруу тайлбарлаж, тус хохирогчийн өмгөөлөгч авах эрхийг хангаагүйг /5хх-188, 190-191/ зөвтгөх боломжгүй.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Должинсүрэн 2023.5.29-ний өдрийн шүүх хуралдаанд оролцох боломжгүй хүндэтгэх шалтгааны үндэслэл, баримт бүхий хүсэлтээ албан ёсоор буюу өмгөөлөгчийнхөө албан бланк, тамга тэмдэг бүхий баримттайгаар ирүүлээгүй байх ба харин өмгөөлөгч Н.Намжилцогтын хувьд шүүгдэгч нь хугацаа тулган сонгосоны улмаас шүүх хуралдаанд хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг хүлээж аваагүй үндэслэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг бүхэлд нь ерөнхий байдлаар хамааруулсан боловч чухам аль үндэслэл нь Н.Намжилцогт өмгөөлөгчид хамааралтайг тодотгож тусгаагүй, мөн шүүх хуралдаанд оролцуулсан атлаа боломжит хугацааны дотор хэргийн материалыг  танилцуулах, шүүгдэгчтэй уулзуулах арга хэмжээг зохих ёсоор авахгүйгээр шүүх хуралдааныг шууд үргэлжлүүлсэн /5хх-194-195/ нь тухайн өмгөөлөгч, шүүгдэгчийн хувьд өмгөөлүүлэх, өмгөөлөх эрх нь хэрэгжих нөхцөл, боломж хангагдаагүйгээр зөрчигдсөн гэж үзэхэд хүргэжээ.   

Тус эрүүгийн хэрэг анхан шатны шүүхэд 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ирж, хуваарилагдсан /4хх-156/, урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлт 2022.11.05-нд ирж, 2022.11.09-ний өдөр тов тогтоосон, удаа дараа урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулж 2022.12.20-ны өдөр хийсэн /4хх-161-162, 166, 170, 187/, түүнчлэн яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хугацааг  сунгуулсан баримтгүй зэрэг байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмыг зөрчсөн, улмаар шүүх хуралдааны хугацаа сунжрахад хүргэсэн байгааг анхааруулж байна. Тодруулбал, урьдчилсан хэлэлцүүлэг гагцхүү яллагдагчийг шүүхэд шилжүүлэх 15 хоногийн дотор, эсхүл 1 удаа 30 хүртэл хоногоор сунгасан хугацааны дотор хийгдсэн байх ёстой.   

4. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Д-ий урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/586 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг бүхэлд нь хорих ялд дүйцүүлэн нэмж нэгтгэсэн нь нотлох баримтад үндэслэгдээгүй байх тул хууль хэрэглээний алдаанд хамаарна.  

Тодруулбал, Ц.Д-ий хувьд өмнө нь анхан шатны шүүхээс оногдуулсан 10.000.000 төгрөгийн торгох ялын биелэлт, түүнд хамаарах нотлох баримтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хуулийн дагуу авч, баталгаажуулсан ямар нэгэн баримтгүй байхад таамагласан байдлаар нэмж нэгтгэх боломжгүй гэж үзнэ.

5. Тухайн эрүүгийн хэргийг мөрдөн шалгах хүрээнд нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх журам зарим талаар зөрчигдсөн, мөн зарим оролцогчийн эрхийг хязгаарласан шинж бүхий үйл баримт байгаа тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар оролцогч талуудын гомдол, өөрийн санаачилгаар зарим асуудлыг шийдвэрлэхийг прокурорт даалгах нь гагцхүү анхан шатны шүүхэд олгогдсон эрх хэмжээ болох ба тухайн нөхцөл байдлыг үл харгалзан хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь холбогдох хуулийн зохицуулалт, хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцээгүй гэж үзнэ. 

Дээрх нотлох баримт бүхий үндэслэл, нөхцөл байдлууд нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах буюу анхан шатны шүүх нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал”, 1.2дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан1.3дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй”, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалт “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн...36.2, 36.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй”, 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байх”, 36.7 дугаар зүйлийн 2.1 дахь заалт ”...гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаархи нөхцөл байдал” зэрэг үндэслэл, журмыг бүрэн  гүйцэд хэрэгжүүлээгүйг илэрхийлж байх тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/779 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогч Д.У, түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд, хохирогч Л.С, Н.Оюунбилэг, хохирогч Д.П, шүүгдэгч Ц.Д-ий өмгөөлөгч Г.Должинсүрэн, Н.Намжилцогт нарын гаргасан “анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай гомдлыг зөвхөн дээр дурдсан үндэслэлийн хүрээнд хангаж шийдвэрлэв.   

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах тухай шүүгдэгч Ц.Д-ий өмгөөлөгч П.Гансүхийн гомдол, хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлэх тухай шүүгдэгч Ц.Д, түүний өмгөөлөгч Г.Энхболд нарын гомдол, мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон дээрх үндэслэлд хамаарахгүй бусад зарим асуудлын талаарх шүүгдэгч Ц.Д-ий өмгөөлөгч Г.Должинсүрэнгийн гомдолд тус тус хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Шүүгдэгч Ц.Д-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.33, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :    

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/779 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогч Д.У, түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд, хохирогч Л.С, Н.О, хохирогч Д.П, шүүгдэгч Ц.Д-ий өмгөөлөгч Г.Должинсүрэн, Н.Намжилцогт нарын давж заалдах журмаар гаргасан “анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай гомдлыг хангасугай.

2. Шүүгдэгч Ц.Д-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.    

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                       Т.ӨСӨХБАЯР

 

                        ШҮҮГЧ                                                                Л.ДАРЬСҮРЭН

 

                        ШҮҮГЧ                                                                Г.ГАНБААТАР