Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2024/0888

 

 

 

 

 

     2024         11           12                                   128/ШШ2024/0888   

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “М*******” ГХОХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Т*******             

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Б*******  

Хариуцагч: Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газар  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Я.А, Б.Т, Х.А*******, Ч.Н, Г.Э*******  

 

Нэхэмжлэлийн шаардлага: Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газраас ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг татварын цахим системд цаанаас нь автоматаар ногдуулж байгаа нь илт хууль бус болохыг тогтоолгох, “М*******” ГХОХХК-аас харьяа татварын албанд цаасан хэлбэрээр тушаасан татварын тайланг хүлээн авахгүй эс үйлдэхүй нь илт хууль бус болохыг тогтоолгох, Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн “... тайлангаа залруулж, цахим тайлангийн системээр ирүүлэх” 0******* дугаартай албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А*******, Б.Т, Г.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У******* нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчээс “Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газраас ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг татварын цахим системд цаанаас нь автоматаар ногдуулж байгаа нь илт хууль бус болохыг тогтоолгох, “М*******” ГХОХХК-аас харьяа татварын албанд цаасан хэлбэрээр тушаасан татварын тайланг хүлээн авахгүй эс үйлдэхүй нь илт хууль бус болохыг тогтоолгох, Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн “... тайлангаа залруулж, цахим тайлангийн системээр ирүүлэх” 0******* дугаартай албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагаар маргаж байна.   

2.Маргааны үйл баримтыг дурдвал          

2.1.Хариуцагч Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газраас 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “Өр барагдуулах тухай” 0 дугаар албан бичгийг нэхэмжлэгч “М*******” ГХОХХК-д хүргүүлсэн байна.

2.2.Нэхэмжлэгч “М*******” ГХОХХК нь хариуцагчийн дээрх мэдэгдлийг хүлээн аваад 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “АМНАТ-ийн ногдуулалт, тайлагнал, түүнээс үүдэлтэй татварын системд үүсэн өр төлбөрийн талаар” 0******* дүгээр албан бичгийг Татварын Ерөнхий газрын даргад хүргүүлсэн байна.

2.3.Нэхэмжлэгчийн дээрх албан бичигт хариуцагч нь 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 0*******  дугаар албан бичгээр хариу хүргүүлсэн байна.

2.4.Тус шүүх “М*******” ГХОХХК-аас гаргасан “Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газраас ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг татварын цахим системд цаанаас нь автоматаар ногдуулж байгаа нь илт хууль бус болохыг тогтоолгох, “М*******” ГХОХХК-аас харьяа татварын албанд цаасан хэлбэрээр тушаасан татварын тайланг хүлээн авахгүй эс үйлдэхүй нь илт хууль бус болохыг тогтоолгох, Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн “... тайлангаа залруулж, цахим тайлангийн системээр ирүүлэх” 0******* дугаартай албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлээр Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газарт холбогдуулан 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.     

3.Нэхэмжлэл гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “М******* ХХК нь Ховд аймгийн Дарви сумын нутагт байрлах Хөшөөтийн нүүрсний уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшин БНХАУ-ны ШУӨЗО-нд нүүрс экспортлох үйл ажиллагаа явуулж байна. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд Татвар ногдуулалт, төлөлтийг зохицуулсан бөгөөд 28.1-д “татвар төлөгч төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж төсөвт төлнө" гэж хуульчилсны дагуу бүх төрлийн татвар тайлагнал, төлөлтийн харилцаа явагддаг. Манай компани Татварын ерөнхий хуулийн 28.1, Ашигт малтмалын тухай хуулийн 47.16, 47.2.3-т заасан журмын дагуу экспортод гаргаж байгаа нүүрсээ БНХАУ-ын худалдан авагчид борлуулж буй гэрээний үнэ буюу борлуулалтын үнэлгээнээс татвараа тооцон ногдуулж улсын төсөвт төлөх эрхтэй ч Татварын байгууллагаас татварын тайлагналын нэгдсэн системд АМНАТ-ын төлбөрийг татвар төлөгч ногдлоо өөрөө тодорхойлж төлөх боломжгүй болгосон өөрчлөлт хийсэн. Ингэхдээ татвар төлөгчийн борлуулалтын орлогоос хэд дахин өндөр үнээс тооцсон татварын өглөгийг цахим системд үүсгэж байгаагаас шалтгаалан манай компанид их хэмжээний зохиомол татварын өр төлбөр үүсгээд байгаа юм (2024.04.29-ийн өдрийн байдлаар 174,364,354,004.31 төгрөгийн хугацаанд нь төлөөгүй татварын өртэй гэж цахим системд гарч байгаа). Тодруулбал: Өмнө нь манай компани АМНАТ-ын төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж төлдөг байсан ч Татварын байгууллагаас 2022 оны 3-р улирлаас эхлэн татварын тайлангийн цахим систем болох https://etax.mta.mn сайтад компанийн төлөх татварын хэмжээг цаанаас нь автоматаар үүсгэж өгдөг өөрчлөлтийг хийсэн. Өөрөөр хэлбэл тайлангийн цахим систем дэх бүх мөр, баганын тоон үзүүлэлтүүдийг цаанаас нь татварын байгууллага автоматаар оруулдаг бөгөөд нэг ч хүснэгт, мөр нь идэвхгүй буюу татвар төлөгч нэг ч тоог өөрөө тавих, засах, өөрчлөх боломжгүй байдлаар цаанаас нь автоматаар үүсгэдэг болгосон. Ингэж цаанаас нь автоматаар үүсгэж байгаа нь Татварын ерөнхий хуулийн 28.1-д заасан “татвар төлөгч төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж төсөвт төлнө” гэсэн зохицуулалтыг илтэд зөрчсөн үйлдэл бөгөөд татварын байгууллага хууль зөрчих замаар хуулиас давж нэмэлт хязгаарлалт тогтоосон, чиг үүрэг, эрх хэмжээгээ хэтрүүлсэн, эрх зүйт төрийн хууль дээдлэх зарчмыг зөрчсөн зэргээр Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д заасан "захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” тохиолдолд хамаарах илт хууль бус захиргааны акт юм. Татварын ерөнхий хуулийн 5.1.3-т татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах үйл ажиллагаанд "Шударга байх” зарчмыг баримтлахаар хуульчилсан нь 100 төгрөгийн бодит орлого олсон бол түүнээсээ татвар төлөх ёстой болохоос бус 150 төгрөгөөс (олоогүй илүү 50 төгрөгөөс) татвар төлөх ёсгүй юм. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж, Захиргааны ерөнхий хуулийн 4.1-т "Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ" гэж, 4.2-т захиргааны үйл ажиллагаанд “хуульд үндэслэх" тусгай зарчмыг баримтлахаар тус тус хуульчилсан байтал хууль дээдлэх, хуульд үндэслэх зарчмыг ноцтой зөрчсөн, манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй юм.” гэжээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч компани нь Ховд аймагт байрлах Хөшөөтийн уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшээд баруун боомтоор буюу Булган сумын Такшиган боомтоор Бүгд Найрамдах Хятад Ард улсын Шинжаан Уйгарын өөртөө засах оронд нүүрс экспортлох үйл ажиллагаа явуулдаг. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортолж байгаагийн хувьд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг татвар төлөгч төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж төсөв төлнө гэдэг хуулийн зохицуулалттай. Бид нар хуулийн зохицуулалтын дагуу үүсгэн байгуулагдсанаасаа хойш ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлсөөр ирсэн. Гэтэл татварын байгууллагаас 2022 оны 03 дугаар улирлаас эхлээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг татвар төлөгч өөрөө тодорхойлж төлөх боломжийг хязгаарлачихсан. Татварын цахим системд автоматаар ногдуулалт хийж өгдөг өөрчлөлтийг оруулчихсан байдаг. Татвар төлөгчийн экспортолсон нүүрсний хэмжээ, төлбөл зохих татварын хэмжээ, тоон үзүүлэлт бүгдээрээ систем дээр орчихсон. Татвар төлөгч илгээх гэдэг товч дарах үйлдэл хийх боломжтой болсон. Бид нар татвар төлөгчид тусалж байгаа, татвар төлөгчийн техник ажиллагааг хялбаршуулж байгаа зорилготой үйлдэл гэж татварын байгууллагаас тайлбарладаг. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т заасан зохицуулалтыг зөрчиж манай компанид их хэмжээний эдийн засгийн алдагдал, өр төлбөр үүсгээд байгаа юм. Тайлбар дээрээ 2023 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарын байдлаар жишээ авч тайлбар оруулсан. 2023 оны 01 дүгээр сард манай компани нүүрсээ худалдан авагчдаа 125 ам доллароор зарж байхад татварын байгууллагаас систем дээр оруулж өгсөн үнэ нь 232 доллар байх жишээтэй байгаа юм. Энд тонн тутмаас 170 долларын зөрүү гарж байна. Энэ мэтээр татварын өр төлбөр үүсэж явсаар нэхэмжлэл гаргах үеийн байдлаар 174 тэрбум төгрөгийн татварын өртэй гээд систем дээрээ гарчихсан байгаа юм. Татварын ерөнхий хуульд зааснаар татвар төлөгч хэдэн төгрөгийн орлого олсон, хаашаа, хэнд, юу борлуулсан гэдэгтээ үндэслээд төлбөл зохих татварынхаа ногдлоо өөрөө тодорхойлно, тодорхойлсныхоо дагуу өөрөө төлнө гэдэг зохицуулалттай. Хэдэн төгрөгийн татвар төлүүлэхийг татварын байгууллага шийднэ гэдэг хууль тогтоомж байхгүй. Татварын байгууллагад хууль тогтоомжоор ийм эрх хэмжээг олгоогүй, татварынхаа хууль дээр ч ийм эрх хэмжээ байхгүй аль ч хуульд ийм эрх хэмжээ байхгүй. Татварын байгууллага хууль тогтоомжийг илтэд зөрчиж байна. Татварын өр төлбөр хууль бус байдлаар нэмэгдээд байсан учир манай компанийн зүгээс 2024 оны 2 дугаар улирлаас арга хэмжээ авсан. Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлд татварын тайланг цаасан болон цахим хэлбэрээр илгээж болно гэж заасан. Цахимаар тайлагная гэхээр цаанаас нь ногдуулж байсан учир манай компани бодит байдлыг тусгаж цаасан хэлбэрээр тайлангаа илгээе гээд илгээтэл татварын алба хүлээж аваагүй, заавал цахимаар ирүүл гэсэн шаардлага тавьсан. Үүнтэй холбогдуулж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

5.Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “"М*******" ХХК-ийн Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газарт холбогдох нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газраас "М*******” ХХК-ийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг татварын цахим системд цаанаас нь автоматаар ногдуулж байгаа нь илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэж тодорхойлсон байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд захиргааны илт хууль бус актын нөхцөлийг тодорхойлсон байдаг. Нэхэмжлэгч нь 47 дугаар зүйлийн 47.1.6-д /захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй/ заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон бөгөөд энэхүү заалт нь захиргааны актыг гаргахдаа ямар ч хуулийн үндэслэлгүй эсхүл хуульд заагаагүй үндэслэлээр гаргаж, эрхэд халдсан, энэ нь хэн ч харсан илэрхий тодорхой алдаатай байх тохиолдлыг ойлгодог. Гэтэл татварын албанаас тодруулбал Том татвар төлөгчийн газар нь ямар нэгэн эрх зүйн акт гараагүй, үр дагавар үүсгээгүй. Ашигт малтмалын төлбөрийг хэрхэн ногдуулдаг талаар тайлбарлахад, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т "Энэ хуулийн 47.16-д заасан борлуулалтын үнэлгээг дараах журмаар тооцно", 47.2.1-д "экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтална" гэж, Засгийн газрын 2019 оны 465 дугаар тогтоолоор батлагдсан "Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам"-ын 2.4-д "Гадаадын зах зээлд борлуулж байгаа бүх төрлийн ашигт малтмалын бүтээгдэхүүний агуулга, түүний хувь, шинж чанар, ангиллыг Гаалийн лабораторийн дүгнэлтэд үндэслэн тодорхойлно" гэж АМНАТ тооцох борлуулалтын үнэлгээг хэрхэн тооцохыг дээрх байдлаар хууль тогтоомжид нарийвчлан заасан.

Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1.-д “анхан шатны баримт бүрдүүлэх, нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам, нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу төлбөрийн баримтад үндэслэн хөтөлж, татварын тайланг санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэлд үндэслэн үйлдэх" гэж заасны дагуу нэхэмжлэгчийн гаалийн байгууллагад мэдүүлсэн ашигт малтмалын экспортын гаалийн мэдүүлэг нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д заасны дагуу хүчин төгөлдөр анхан шатны баримт тул Татварын алба гаалийн байгууллагын мэдээлэлд үндэслэн Ашигт малтмалын тухайн хуулийн дагуу цахим тайлангийн системд АМНАТ-ийн тооцооллыг автоматжуулж оруулсан нь татвар төлөгчийн тайлагнах техник ажиллагааг хялбаршуулсан үйлдэл бөгөөд хуулийн хүрээнд татвар төлөгч өөрөө тодорхойлж төлөх эрхийг зөрчиж илүү төлбөр ногдуулаагүй. Иймд татварын албанаас татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахаар авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа нь "М*******" ХХК-ийн хууль ёсны эрх ашгийг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Татвар төлөгч АМНАТ-ын төлбөрийг ногдуулахдаа АМНАТ-ын хуульд заасны дагуу мөн Засгийн газрын тогтоолуудыг үндэслээд АМНАТ-ын төлбөрийг ногдуулдаг. Хэрвээ экспорт хийж байгаа бол АМНАТ-ын хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасныг үндэслээд олон улсын зах зээлийн үнийн дүнг баримтална гэж хуульд заачихсан байдаг. Олон улсын зах зээлийн үнийг Засгийн газрын тогтоолд зарлаад, Сангийн яамны мэдээлэл сайтын жишиг үнээр тайлагнадаг. Татварын ерөнхий хуульд татварын төлөгчийн эрх, үүргийг заасан байдаг. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 30 дугаар зүйлийн 30.1 дэх заалтуудад татвар төлөгчийг татварын албанаас баталсан төлбөл зохих татварын үнэн зөвөөр тайлагнах үүрэгтэй гэж хуульд заасан байна. Татвар төлөгч өөрөө АМНАТ-ын тайлангийн боловсруулалт буюу илгээж болохгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл татварын албаас татвар төлөгчийн АМНАТ тайланг илгээхэд нь хялбаршуулах байдлаар буюу зах зээлийн үнэ, валютын ханш, хуульд заасан бүх тоон үзүүлэлтийг нь хялбарчлах зорилгоор АМНАТ-ын тайланг нь боловсруулж өгсөн. Монгол Улсын Их хурлын 2020 оны 24 дүгээр тогтоолоор монгол улсын засгийн газраас 2020-2024 онуудын хөтөлбөрөөр татварын тайлагнал, хураалтын үйл ажиллагааг цахимжуулж, ил тод байдлыг нэмэгдүүлэх замаар татварын үйлчилгээг иргэд, татвар төлөгчдөд хүндрэлгүй болгож татварын суурийг нэмэгдүүлнэ гээд заагаад өгчихсөн. Энэ чиг үүргийн хүрээнд татварын алба үйл ажиллагаа цахимжуулж эхэлсэн. Нэхэмжлэгч хялбаршуулж, цахимжуулж өгсөн нь үндэслэлгүй байна гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна. Тонн тутмаас зөрүү үүсэж эрх ашиг хөндөгдөж байна гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үнээр тайлагнамаар байна гэж тайлбарладаг. Үүнээс шалтгаалж зөрүү үүсээд байгаа юм. Хуульд олон улсын зах зээлийн үнийг баримтална гэж зааж өгсөн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.   

2.Нэхэмжлэгчээс “... Хариуцагч нь татвар төлөгч Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг өөрөө тодорхойлж төлөх боломжийг хязгаарлаж татварын цахим системд автоматаар ногдуулж байгаа нь үндэслэлгүй .” гэж, хариуцагчаас “... Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь тусдаа хуультай бөгөөд тус хуульд зааснаар олон улсын жишиг үнийг баримтлан ашигт малтмалын  нөөц ашигласны төлбөрийг ногдуулж байгаа нь үндэслэлтэй.” гэж тус тус маргажээ.

3.Нэхэмжлэгч “М*******” ГХОХХК-аас Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газарт холбогдуулан “Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газраас ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг татварын цахим системд цаанаас нь автоматаар ногдуулж байгаа нь илт хууль бус болохыг тогтоолгох, “М*******” ГХОХХК-аас харьяа татварын албанд цаасан хэлбэрээр тушаасан татварын тайланг хүлээн авахгүй эс үйлдэхүй нь илт хууль бус болохыг тогтоолгох, Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн “... тайлангаа залруулж, цахим тайлангийн системээр ирүүлэх” 0******* дугаартай албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагууд гаргасан бөгөөд шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагуудын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

4.Хариуцагч Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газраас 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “Өр барагдуулах тухай” 0 дугаар албан бичгийг нэхэмжлэгч “М*******” ГХОХХК-д хүргүүлсэн байна.

5.Уг албан бичигт: “Танай компани нь Татварын бүртгэл, мэдээллийн санд 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар 174,364,354,004.31 / Нэг зуун далан дөрвөн тэрбум гурван зуун жаран дөрвөн сая гурван зуун тавин дөрвөн мянга дөрвөн төгрөг гучин нэгэн мөнгө/ төгрөгийн хугацаанд нь төлөөгүй татварын өртэй бөгөөд үүнээс 134,619,426,921.14 төгрөг нь урд оны 39,744,927,083.17 төгрөг нь тайлангийн өр байна.

Татварын ерөнхий хуулийн 12.1.1-д “татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, татвар төлөгчийн эрхээ эдэлж, үүргээ биелүүлэх татвар ногдуулах, төлөх, тайлагнах ...”. Татварын ерөнхий хуулийн 73.1, Зөрчлийн тухай хуулийн 11.19.1-д заасны дагуу хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварын дүнд алданги, торгууль ногдуулна.

 Татварын ерөнхий хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Доор дурдсан хугацаанд төлөөгүй татвар, алданги, торгууль /цаашид “татварын өр” гэх/-ийг татварын өрд тооцно.” 51 дүгээр зүйлийн 51.2-т “Татварын алба нэхэмжлэхийг татварын өр үүссэн хугацаанаас хойш ажлын 30 өдөрт багтаан татвар төлөгчид хүргүүлнэ” гэж заасныг тус тус үндэслэн татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангаас татварын өрийг төлүүлэх нэхэмжлэхийг цахим хэлбэрээр танай компанид хүргүүлсэн.

 Иймд 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн дотор хугацаанд нь төлөөгүй татварын өр, төлбөрөө төлж барагдуулна уу.

Хэрвээ заасан хугацаанд татварын өр, төлбөрийг төлөөгүй тохиолдолд Татварын ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны дагуу татварын өрийг үл маргах журмаар гаргуулах, хөрөнгө болон авлага битүүмжлэх зэрэг татварын өр хураах үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг үүгээр мэдэгдэж байна.” гэжээ. 

6.Нэхэмжлэгч “М*******” ГХОХХК нь хариуцагчийн дээрх мэдэгдлийг хүлээн аваад 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “АМНАТ-ийн ногдуулалт, тайлагнал, түүнээс үүдэлтэй татварын системд үүсэн өр төлбөрийн талаар” 0******* дүгээр албан бичгийг Татварын Ерөнхий газрын даргад хүргүүлсэн байна.

7.Дээрх албан бичигт:“... Нэг.Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Татварын төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө.” гэж заасны дагуу 2022 оны 3 дугаар улирлаас эхлэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ногдлыг “М*******” ХХК хуулиар олгогдсон эрхийн хүрээнд өөрөө тодорхойлж, тайлагнах боломжоор хангаж өгнө үү.

Хоёр.“... татварын өрийг үл маргах журмаар гаргуулах, хөрөнгө болон авлага битүүмжлэх зэрэг татварын өр хураах үйл ажиллагаа хэрэгжүүлэх ...”-ээр мэдэгдсэн Том татвар төлөгчийн газрын 2024.05.01-ийн өдрийн №0 тоот мэдэгдлийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

8.Нэхэмжлэгчийн дээрх албан бичигт хариуцагч нь 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 0*******  дугаар албан бичгээр хариу хүргүүлсэн байна.

9.Хариуцагчийн дээрх албан бичигт:“... Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Энэ хуулийн 47.16-д заасан борлуулалтын үнэлгээг дараах журмаар тооцно”, 47.2.1-д “экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтална.” гэж, Засгийн газрын 2019 оны 465 дугаар тогтоолоор батлагдсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам”-ын 2.4-д “Гадаадын зах зээлд борлуулж байгаа бүх төрлийн ашигт малтмалын бүтээгдэхүүний агуулга, түүний хувь, шинж чанар, ангиллыг Гаалийн лабораторийн дүгнэлтэд үндэслэн тодорхойлно.” гэж АМНАТ тооцох борлуулалтын үнэлгээг хэрхэн тооцохыг дээрх байдлаар хууль тогтоомжид нарийвчлан заасан.

Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д “анхан шатны баримт бүрдүүлэх, нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам, нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу төлбөрийн баримтад үндэслэн хөтөлж, татварын тайланг санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэлд үндэслэн үйлдэх.” гэж заасны дагуу танай гаалийн байгууллагад мэдүүлсэн ашигт малтмалын экспортын гаалийн мэдүүлэг нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д заасны дагуу хүчин төгөлдөр анхан шатны баримт тул Татварын алба гаалийн байгууллагын мэдээлэлд үндэслэн Ашигт малтмалын тухайн хуулийн дагуу цахим тайлангийн системд АМНАТ-ийн тооцооллыг автоматжуулж оруулсан нь татвар төлөгчийн тайлагнах техник ажиллагааг хялбаршуулсан үйлдэл бөгөөд хуулийн хүрээнд татвар төлөгч өөрөө тодорхойлж төлөх эрхийг зөрчиж илүү төлбөр ногдуулаагүй болно.

Иймд татварыг хуулиар тогтоосон хугацаанд тайлагнаж, төлөх үүрэгтэй болохыг үүгээр анхааруулж байна.” гэжээ.

10.Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйл.“Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр”, 47.1.“Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна:”, 47.2.“Энэ хуулийн 47.16-д заасан борлуулалтын үнэлгээг дараахь журмаар тооцно:”, 47.2.1.“экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан;”, 47.14.“Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн, зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан Засгийн газар нийтэд зарлана.”, Засгийн газрын 2019 оны 465 дугаар тогтоолоор батлагдсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам”-ын 2.4-д “Гадаадын зах зээлд борлуулж байгаа бүх төрлийн ашигт малтмалын бүтээгдэхүүний агуулга, түүний хувь, шинж чанар, ангиллыг Гаалийн лабораторийн дүгнэлтэд үндэслэн тодорхойлно.” гэж тус тус заажээ.

11.Хууль болон журмын дээрх заалтуудаас үзвэл, экспортод гаргаж буй ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийг тогтоохдоо олон улсын зах зээлийн үнийг баримтлахаар байх бөгөөд энэ үнийн эх сурвалжийн нэрийг Засгийн газар нийтэд зарлахаар байх бөгөөд гаалийн лабораторийн дүгнэлтийг үндэслэн бүтээгдэхүүнд ноогдох төлбөрийн хувь хэмжээг тогтоохоор байна.

12.Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.3.“дотоод, гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн.” гэж заажээ.

13.Хуулийн заалтаас үзвэл, дотоод, гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн гэрээний үнийн дүнгээр экспортод гаргаж буй ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийг тодорхойлох боломжтой байна.

14.Харин маргаан бүхий тохиолдолд, дээрх хуулийн заалтыг хэрэглэж гэрээний үнийн дүнгээр экспортод гаргаж буй ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийг тодорхойлох боломжгүй юм.Тодруулбал, нүүрсний зээлийн үнийг Ашигт малтмалын тухай хууль болон Засгийн газрын тогтоолоор тодорхойлох боломжтой байх тул олон улсын жишиг үнийг үндэслэн ашигт малтмалын нөөц ашигласны үнийг тогтооно гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.

15.Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйл.“Татварын тайлан үйлдэх, тушаах”, 29.1.“Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж, харьяа татварын албанд тушаана. Татвар төлөгч дараах үүргийг хүлээнэ:”, 29.1.1.“анхан шатны баримт бүрдүүлэх, нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам, нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу төлбөрийн баримтад үндэслэн хөтөлж, татварын тайланг санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэлд үндэслэн үйлдэх;” гэж заасны дагуу гаалийн лабораторийн дүгнэлт болон Засгийн газраас зарласан олон улсын жишиг үнийг үндэслэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулж байгаа хариуцагчийн үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байна гэж үзэв.

16.Мөн Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйл.“Татварын тайлан хүлээн авах, тайлангийн боловсруулалт хийх”, 30.1.“Татварын алба татвар төлөгч татварын тайлангаа хуулиар тогтоосон хугацаанд тушааж, татвараа үнэн зөв ногдуулж, төлж байгаа эсэхэд хяналт тавина.”, 30.2.“Татварын алба тайланг хүлээн авахдаа татвар төлөгч татварын ногдуулалт, төлөлтийг үнэн зөв тодорхойлсон эсэхийг дараах байдлаар хянан, боловсруулалт хийнэ:”, 30.4.“Татварын алба энэ хуулийн 30.2-т заасны дагуу тайланг хянаж мэдээллийн зөрүү илэрвэл илрүүлснээс хойш ажлын 3 өдрийн дотор мэдээллийн зөрүүг залруулах шаардлагыг татвар төлөгчид хүргүүлнэ.” гэж заажээ.

17.Хуулийн дээрх заалтаас үзвэл, татварын байгууллага татвар төлөгчийн тайланг хянаад тайлангийн зөрүүтэй байдал үүсвэл заруулахыг татвар төлөгчөөс шаардаж тайланг буцаах эрхтэй байх тул цаасан тайланг буцаасан нь үндэслэлгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

18.Экспортод гаргаж буй нүүрсний олон улсын жишиг үнийг Монгол Улсын газар зүйн болон хилийн боомтуудын байрлал, зах зээлийн хамрах хүрээ зэргийг харгалзан өөр өөр байдлаар тогтоогоогүй тул нэхэмжлэгчийн манай компани нутаг дэвсгэрийн тухайд Монгол Улсын баруун хязгаарт байдаг бөгөөд баруун хилийн боомтоор нүүрсээ экспортод гаргадаг, үнийн тухайд нүүрсээ хямд үнээр худалдан борлуулдаг гэх тайлбар мөн үндэслэлгүй гэж үзэв.

19.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйл.“Захиргааны акт илт хууль бус болох”, 47.1.“Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:”, 47.1.6.“захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй;” гэж заажээ.

20.Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдгийг захиргааны байгууллага, албан тушаалтан тухайн харилцааг хуулиар зохицуулаагүй байхад болон хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчих, түүнчлэн хуулиас гадуур нэмэлт хязгаарлалт тогтоох, бүрэн эрхээ хэтрүүлэх зэргээр захиргааны акт гаргасан байхыг ойлгох бөгөөд маргаан бүхий тохиолдолд дээрх нөхцөл байдал үүсээгүй байна гэж үзэв.

21.Учир нь хариуцагч нь ашигт малтмалын тухай хууль болон түүнийг үндэслэн тогтоосон олон улсын жишиг үнэ, гаалийн лабораторийн дүгнэлт зэргийг үндэслэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулж байгаа нь илт бус захиргааны актыг гаргасан гэж үзэхээргүй байна.

22.Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч “М*******” ГХОХХК-аас Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газарт холбогдуулан гаргасан “Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газраас ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг татварын цахим системд цаанаас нь автоматаар ногдуулж байгаа нь илт хууль бус болохыг тогтоолгох, “М*******” ГХОХХК-аас харьяа татварын албанд цаасан хэлбэрээр тушаасан татварын тайланг хүлээн авахгүй эс үйлдэхүй нь илт хууль бус болохыг тогтоолгох, Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн “... тайлангаа залруулж, цахим тайлангийн системээр ирүүлэх” 0******* дугаартай албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1, 47.14, Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 30 дугаар зүйлийн 30.4, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг тус тус баримтлан “М*******” ГХОХХК-аас Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газарт холбогдуулан гаргасан “Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газраас ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг татварын цахим системд цаанаас нь автоматаар ногдуулж байгаа нь илт хууль бус болохыг тогтоолгох, “М*******” ГХОХХК-аас харьяа татварын албанд цаасан хэлбэрээр тушаасан татварын тайланг хүлээн авахгүй эс үйлдэхүй нь илт хууль бус болохыг тогтоолгох, Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн “... тайлангаа залруулж, цахим тайлангийн системээр ирүүлэх” 0******* дугаартай албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.    

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.      

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ГАНБАТ