Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 10 өдөр

Дугаар  2023/ДШМ/812 

 

 

 

 

   2023              8            10                                       2023/ДШМ/812 

 

Г.О-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Өнөбат,

шүүгдэгч Г.О, түүний өмгөөлөгч Г.Цолмон,

нарийн бичгийн дарга Д.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/570 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.О-н гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2209031630576 дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын  илтгэснээр хянан хэлэлцэв.

Г.О, 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт, Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 103-39 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:00000000/,

Шүүгдэгч Г.О нь үргэлжилсэн үйлдлээр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Туушин компанийн барилга дотор байх кафед иргэн Т.Ц-г “виз гаргаж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өөрийн эзэмшлийн Капитрон банкны 00000000 дугаарын дансаар түүнээс 2022 оны 01 дүгээр сарын 09, 17-ны өдрүүдэд 4 удаагийн шилжүүлгээр 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Г.О-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.О-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Г.О-г 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Г.О-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулж, шүүгдэгч Г.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.  

            Шүүгдэгч Г.О давж заалдах гомдол болон тус шүүхэд гаргасан тайлбартаа:

“Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс намайг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлсөн зэргийг харгалзан үзэж оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.  

Шүүдэгч Г.О-н өмгөөлөгч Г.Цолмон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. Хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, хохирол төлбөрөө бүрэн төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, мөн анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг нөхцөл байдлуудыг харгалзаж анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг боломжит хэмжээгээр хөнгөрүүлж өгнө үү. ..” гэв.

Прокурор Б.Өнөбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхээс шүүгдэгч Г.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдож байна гэж дүгнээд 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээтэй уялдсан, оновчтой шийдвэр болсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:     

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг тогтоох буюу нотолбол зохих байдлыг нотлох чиг үүргийн хүрээнд хийгдсэн мөрдөн шалгах,  хяналт тавих ажиллагаа болон хэргийн бодит байдлыг нотолж буй тус эрүүгийн хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн гэх үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан үндэслэлгүй, энэ хүрээнд маргаан бүхий асуудал гараагүй байна.        

2. Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны тал, оролцогч нарын эрхийг хангасан байхаас гадна шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтын эх сурвалж болон оролцогч, талуудын санал, дүгнэлтийг бүх талаас нь бодит байдлаар шалгаж, үнэлсэний үндсэн дээр шүүгдэгч Г.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Тодруулбал,

Шүүгдэгч Г.О нь хохирогч Т.Ц-г “виз гаргаж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2022 оны 01 дүгээр сарын 09, 17-ны өдрүүдэд 4 удаагийн шилжүүлгээр 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь : 

- хохирогч Т.Ц-н: “...О гэх хүнийг 2022 оны 01 дүгээр сараас эхлэн найз Ж, Н нараар дамжуулан танилцаж байсан, О нь Солонгос улсын виз гаргадаг гэж ярьж байхаар нь хүүхэдтэй хамт явах боломж байвал өөрийн визээ гаргуулмаар байна гэхэд Элчин дээр таньдаг хүн байгаа, “мульти виз” гаргаад өгье, нэг хүний 5,000,000 төгрөгөөр гаргаж өгнө гэж хэлсэн...Эхлээд  уг нь виз гарсан хойно нь мөнгө гэж байсан чинь гэнэт бэлэн мөнгө хэрэг болчихлоо гэсэн. Би 2022 оны 01 дүгээр сарын 09, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр нийт 10 сая төгрөгийг түүний данс руу шилжүүлсэн...Тэгээд 2 сарын дундуур виз гарна гэсэн боловч огт гараагүй тул цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан...гэх мэдүүлэг /хх-14-15, 20/,

-  гэрч С.Н-н“...2021 оны 11 дүгээр сард Г.О надад Солонгос улс руу виз гаргадаг найдвартай хүн байгаа, АНУ-ын Элчин сайдын яамны ажилтан Х, Солонгос улсын элчин сайдын яамны ажилтан С нар гэж хэлсэн...Ж гэх танил эгчийн найз гэх Ц нар Солонгос руу виз гаргуулах хүсэлтэй талаар хэлсэн учир би Г.О талаар хэлж  Ц хоёр хүний виз гаргуулахаар 10,000,000 төгрөгийг Г.О-д өгсөн. О "та хэдийн виз гарчихсан, билет захиалгаа хоёр гурван хоногоос хийгээрэй" гэж хэлсэн боловч сураггүй алга болж бид бүхэн Г.О-г худал хэлсэн гэж ойлгосон. ...” гэх мэдүүлэг /хх-26-27/,

- шүүгдэгч Г.О-н:...Би хохирогч И.Ц-с 10,000,000 төгрөгийг Солонгос улсын виз гаргаж өгнө гэж хэлж авсан, визний асуудал бүтээгүй. Т.Ц-с анх мөнгө авахдаа ямар зүйлд зарцуулах гэж байгаагаа хэлэлгүй, Солонгос улсын элчин сайдын яаманд таньдаг хүнтэй, уг хүнээрээ дамжуулан визийг гаргуулна” гэж хэлсэн байдаг...Явцын дунд Солонгосын тал виз гаргаж өгөх нь худлаа болоход би өөр арга хайж Хатанбаатар гэх танилаас Солонгосын виз гаргаж өгөх арга байгаа талаар асуухад асууж өгье гэж хэлсэн учир би энэ талаар Ц, Н, Ц нарт энэ талаар хэлж итгэл төрүүлсэн байдаг. Гэхдээ Х надаас ямар нэгэн байдлаар мөнгө аваагүй...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /хх-89-90/,  

- Т.Ц-н ХААН банкны дансны хуулга /хх-28-29/, Г.О-н Капитрон банкны эзэмшлийн 00000000 дугаарын дансны хуулга /хх 33-36/ зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.  

Шүүгдэгч залилах гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжигдсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан байх бөгөөд  эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттай, эргэлзээгүй байх шалгуурыг хангасан байх тул шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн субьектив болон объектив шинж хангагдсан гэж үзлээ.   

Шүүгдэгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг шүүхийн өмнөх шат, шүүх хуралдаанд тухай бүр танилцуулж, тайлбарласан /хх-87-90, 143/, шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь хохирогчийн мэдүүлэг, хамаарах бусад нотлох баримтын эх сурвалжаар нотлогдсон байгааг дурдах нь зүйтэй.      

3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг.

Тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ямар төрлийн ял шийтгэлийг, ямар хэмжээгээр оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаардаг.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-д 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр тогох ял оногдуулахдаа харгалзах шалгуур, шаардлагын талаар бодитой дүгнэсэн байх тул тус оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь шүүгдэгчийн үйлдсэн тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.   

Иймд “анхан шатны шүүхээс оногдуулсан торгох ялыг хөнгөрүүлэх” тухай шүүгдэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.               

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь :   

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/570 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.О-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                       Д.МӨНХӨӨ

ШҮҮГЧ                                                               Ш.БАТ-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧ                                                               Г.ГАНБААТАР