| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2017/0183/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/058 |
| Огноо | 2018-02-06 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 2018/ШЦТ/058
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч Э.Гантулга,
Нарийн бичгийн дарга Б. Соёлмаа,
Шүүгдэгч Ш.Б, түүний өмгөөлөгч Т.Пүрэвдаваа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 171400310027 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын Иргэн Халх овогт Ш.Б,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ш.Б нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 1 дүгээр багийн нутаг “Доод жаргалант” гэх газарт 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 0728 БНА улсын дугаартай автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас онхолдож зам тээврийн осол гарган машинд зорчиж явсан Ц.Мын амь насыг хохироож авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Ш.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Миний бие тогтоолтой танилцлаа. Надад сонсгосон Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна. Би мэдүүлэг өгөх болно. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын “Доод жаргалантын могойт” гэх газарлуу 07-28 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг би өөрөө жолоодож урд талын суудал дээр талийгаач Ц.Мыг суулгаж, хойд талд нь Жамбаа ах авгатайгаа, Туяа, Хорлоо нарын хамт явж байсан юм. Хойд хэсгийн сандалыг авсан байсан юм. Тэд нар болохоор хөлөө жийгээд сууцгаасан байсан юм. Тэгээд гэрээс гараад могойт уулруу өгсөж яваад бэл хэсэг дээр нь очиход машины туслах /хүндрүүлэгч/ мултарсан юм. Мултраад ухарсан юм ухраад явж байх үед нь сандраад рулийг зүүн тийш нь дарахад машин 2 удаа өнхөрсөн юм. Ийм л зүйл болсон. Урьд нь машины хүндрүүлэгч нь мултардаг байсан юм. Тэгээд түүнийг би цагаан сарын өмнөөс янзлаад тэгээд унахгүй байж байгаад 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр унаж явж байхад ийм асуудал үүссэн юм. Миний машины тормоз нь муу барьдаг байсан юм. Өөр надад нэмж хэлэх зүйл байхгүй. Машин одоо асахгүй байгаа. 2016 оны 11 дүгээр сард худалдан авсан юм. Техникийн үзлэгт 5 дугаар сард оруулсан юм. Тухайн үед үзлэгт оруулсан гэрчилгээ нь байхгүй байна. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 69-70/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Б нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.
3. Хохирогч Г.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр манай хүргэн Ш.Б өөрийнхөө 07-28 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслээр манай гэрийн хажууд байх “Могойт” гэх газраас зодог /мод/ авчирах гэж талийгаач ****, манай бэрүүд болох Туяа, Дулмаа, **** нар явсан юм. Тухайн үед эд нарын хэнд ч янз бүрийн гэмтэл учраагүй юм. Би болохоор яг юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Өглөө 10-12 цагийн үед тэд нар явсан. Тэгсэн машин онхолдсон гэж хэлсэн. Тэгээд би очоогүй юм нөгөө хэргийн газарт нь тэнд цуг явсан хүмүүсээс Туяа ч билүү нэгэн ирээд хэлсэн. Манайхаас хүмүүс очоод үзэхэд тэнд байсан манай охин нас барсан байсан гэж би өөр юм нэмж хэлмээргүй байна. Надад янз бүрийн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Болгоомжгүй байдлын улмаас ийм юм үүссэн болохоор гомдолгүй байна. Талийгаачийн нэр дээр байдаг байх манайх хүргэндээ 2016 оны өвөл худалдан авч өгсөн юм. Урьд нь араа нь мултардаг байсан эсэхийн мэдэхгүй байна. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 27-29/
4. Гэрч Д.Эгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
… Ш.Б, талийгаач Ц.М хоёр Шаргалжуутад барилга дээр ажиллаж байгаад 2017 оны 07 дугаар сарын 08-ний өдөр мотоцикльтэй Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 1 дүгээр багийн “Доод жаргалантын могойт" гэх газарт байх хадмын гэрт ирсэн юм. Бид нар болохоор хадам аавын гэртэй айл болж суудаг юм. Тухайн үед УАЗ-469 маркийн автомашин аавын гэрийн гадаа байдаг байсан юм. 2017 оны 06 дугаар сарын эхээр байх хүүхдүүдээ дагуулж ирээд машинаа тэнд үлдээсэн байсан юм. Тэгээд ажилдаа яваад ирсэн нь тэр байсан юм. Ирсэн өдрийн маргааш нь буюу 2017 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн миний одоо санаж байгаагаар 10 цаг өнгөрч байсан байх Ш.Б, талийгаач Ц.М хоёр ойрхон модонд явчихаад иръе гэж хэлсэн юм. Тэгээд надад талийгаач цуг явах уу гэхээр 4 шуудай авч машинд суусан юм. Тухайн үед машин дотор талийгаачийн төрсөн ах ****, Дулмаа, **** бид хэд хойно сууцан юм. Машиныг Ш.Батменх жолоодож талийгаач урд талын жолоочийн хажуу талд сууцан байсан. Өмнө нь машины хүндрүүлэгчийг талийгаачаар бариулж явдаг байсан юм. Тэр өдөр болохоор хүндрүүлэгчийг бариулсан эсэхийн мэдэхгүй байна. Бид нар болохоор хойно суудалгүй болохоор хөлөө жийгээд суусан байсан болохоор харагдаагүй юм. Яг хэзээ эсэхийн сайн санахгүй байна тэр хүндрүүлэгчийг Ш.Б өөрөө янзалсан гэж хэлж байсан юм. Ер нь машины тормоз сайн барьдаггүй муу барьдаг гэж Ш.Б мөн хэлж байсан. Тэгээд хадам аавын гэрээс ертөнцийн зүгээр урд зүгрүү 3-4 километрийн зайд байх модны хормойруу явсан юм. Явж байгаад модны хормойруу гарах гэж байхад машин хүч алдаад ухарсан ухрангуутаа машин унтраад хойшоогоо ухраад эхэлсэн юм. Тэгээд хажуу талаар өнхөрсөн байх. Машин хөндлөн болоод 2-3 удаа өнхөрсөн байх тэгээд сайн санахгүй байна нэг мэдэхэд би машинаас гарсан байсан. Талийгаачийн ууц нь цухуйж харагдаж байсан. Машины 4 дугуйн нь дээшээгээ харсан байсан юм. Тэгээд би түунээс хойшхи юмнуудаа сайн санахгүй байгаа юм. Тэр өгсөж гарах гэж явж байхад яаж эсэхийн мэдэхгүй машин хойшоогоо ухараад тэгээд өнхөрсөн юм. “Машин түлхээчээ” гэж Б тухайн үед орилоод байсан юм. Архи уусан хүн байхгүй байсан. Машин дотор хоорондоо маргаж муудалцаад түүнээс үүсэлтэй осол аваар болсон асуудал байхгүй. Тухайн үед талийгаач газар дээрээ амьсгал хураасан байсан юм. 2-3 удаа яг сайн мэдэхгүй байна. Бийн өөрийн эзэмшлийн машин юм байгаа. Өмнө жолооны үнэмлэхээ хураалгасан гэж байсан. 2016 оны 04 дүгээр сарын үеэр жолооны сургалтанд хамрагдаж байна гэж байсан. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 30-32/
5. Гэрч Ч.Х мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр байх талийгаач түүний нөхөр Б нар УАЗ-469 маркын машинтайгаа Б жолоодож гишүү модонд явах гэж байхаар нь би тэдний машины хойд талд очиж суусан юм. Машины хойд хэсгийн суудлыг авч тавьсан байсан ба хойно бид нар дөрвүүлээ суусан юм. Машин дотор нийт зургуулаа талийгаач машины урд талын суудалд, би, Туяа, Жамбалдагвын авгай бид хэд хойно суусан юм. Тэгээд тэдний гэрээс гараад ертөнцийн зүгээр урд зүгрүү 3-4 киллометрийн зайд байх модны хормойруу явсан юм.Тэгээд газрын өөд явж байснаа санаад байгаа юм. Түүнээс хойш юу болсон талаар үнэндээ санахгүй байна. Би мэдэхгүй байна. Архи уусан хүн байхгүй байсан.Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний биед тухайн үед ч гэсэн одоо ч гэсэн үүссэн гэмтэл байхгүй.Мэдэхгүй байна. Тэр талаар сайн мэдэхгүй байна. Б нь байнгын тэрүүгээр бас байдаггүй юм. Осол болох өдрөөс 2 хоногийн өмнө ирсэн байсан байх. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг. / хх-ийн 33-34 /,
6. Гэрч Г.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Манай нөхрийн төрсөн дүү болох Мын нөхөр өөрийнхөө эзэмшлийн машинтай өнөө өглөө 11 цагийн үед хадам аав нь болох Цын хамт манайд ирсэн юм. Манайд ирээд сүх шуудай юмнуудаа авчих ойрхон модонд явчихаад ирэе гэж хэлсэн юм. Тэгээд би сүх, шуудайгаа аваад тэдний машинд би суугаад тэднийх манай гэрээс 300-400 метрийн зайд байх гэрт нь очсон юм. Тэгээд тэдний гэрт очоод Туяа, Болдын эхнэр, Жамбаа бид хэд тэдний гэрээс Ш.Б өөрийнхөө эзэмшлийн хар өнгийн УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, жолоочийн туслах тал буюу баруун талын урд талын суудалд *** сууж үлдсэн бид хэд хойнл сууж 6-уулаа хөдөлсөн юм.Тэгээд тэдний гэрээс ертөнцийн зүгээр баруун хойд зүгт байх “Могойтын ам” гэх газарт байх уулын бэл хэсгээр ургасан модруу явж байх замдаа уул өөд өгсөж явсан юм. Дээшээ өгсөж явж байх замд машин хүч алдсан юм. Машин хүч алдаад уруудаж ухарсан юм. Ухарч байхад хаашаагаа рулийг нь дарсаныг мэдэхгүй байна. Лав ухарч байхад хөндлөн болсон байсан юм. Нэг мэдэхэд ухарч байсан машин хөндлөн болж ирээд хажуу хэсгээр у*насан юм. Газар нь хөндий болохоор доошоогоо өнхөрсөн юм. Эхний өнхрөлтөөр хойно сууж байсан бид хэдээс Жамбаа жолооч талын хойд талын хаалгыг онгойлгоод Жамбаа, Туяа, Болдоогийн авгай бид 4 буусан юм. Тэгээд бид хэд хаалганаас арай гэж буугаад сууж байхад машин дахин нэг удаа бүтэн эргэж өнхөрсөн юм. Тухайн үед намайг харж байхад жолооч нь зүгээр байсан ***ыг харж амжаагүй. Тэгээд би юу болсоныг нь мэдээгүй айгаад наашаа гэрлүүгээ гүйсэн юм. Тэгээд нөгөө хэд ирхэд ****ын нас барсаныг мэдсэн юм. Би ямар учраас машин хүч алдсаныг мэдэхгүй. Машин дотор янз бүрийн хэрүүл маргаан болж жолоочийн анхаарлыг татаж уламаар машин хүч алдсан асуудал байхгүй. Архи уугаагүй түүнийг зогсоох арга хэмжээ аваагүй шалтгааныг мэдэхгүй бүтэн эргээд машин 5-7 секундын хугацаатай зогссон тэр үед ард сууж байсан 4-лээ бууж амжсан юм. Бид нар бууж байхад жолооч буюу Б бууж байсан юм. Мыг анзаараагүй юм. Гомдол санал байхгүй миний бие зүгээрээ. Янз бүрийн өвдсөн юм алга. 2 удаа өнхөрсөн байх сайн мэдэхгүй байна. Тормоз байхын хувьд байсан бид нарыг тийшээ явж байхад ганц хоёр газарт тормоз гишгэж байсан. Зам байхгүй. Тэрүүгээр машин нээх гардаггүй юм. Надад нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 35-38/
7. Гэрч Ц.Жын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Өнөөдөр буюу 2017 он 07 дугаар сарын 09-ны өдөр гэртээ байж байхад хүргэн ** аав Цэдэнхорол 10-11 цагийн үед манай гэрт ирээд аав та хэд модонд явчихаад ир гэж хэлээд эхнэр бид 2-ийг машинд суулгаж аваад аавын гэрт ирсэн. Тэгээд тэндээ ирж аав буугаад машинд ***, Туяа, Болдоогийн авгай нар нэмэгдэж суусан юм. Тэгээд бид хэдээс *** машинаа жолоодож авгай ***ыг урд суулгаж Туяа, Болдоогийн авгай, би, манай эхнэр *** биднүүс хойно сууж аавын гэрээс 2-3 км газарт байх “Могойт” гэх газраас гишүү модыг огтлож авах гээд явсан юм. Тэгэд замдаа яваж байхад машин зөв зүгээр байснаа могойтын модны ёроолруу өгсөж дөт талаараа дээшээгээ нэлээн өгсөөд модруу яг очих/дөхсөн хормойд/ дөхөөд бэл хэсэгт бага зэргийн өгсүүр газраас дээшилж явж байхад хүндрүүлэгч мултарсан юм. Мултраад нэг их хурдтай биш хойшоогоо ухрахад би бодохдоо Б сандарсан байх гар /кардан/ тормозоо татаад рулиэ баруун гар тийшээгээ дарсан юм. Тэгсэн машин эхний эргэлтээр бүтэн эргээд хэсэг хугацаанд зогсоод хазайж байх үед нь хойно сууж байсан хүмүүс нь буусан юм. Эхний эргэлтэнд Мын хаалга нь нээгдэж улмаар гараад гадагшаа унасан 2 дах эргэлтэнд түүнийг машинд дарагдсан гэж бодож байна. Машин нийтдээ 2 удаа бүтэн эргээд зогссон юм. **** бүгд зүгээрүү гэхэд *** газарт хэвтэж байсан юм. Бид нар түүнд ойртож үзэхэд газар дээрээ амьсгал хураасан байсан юм. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм. Аливаа осол гэнэтийн хоромхон зуур болдог учир мэдэхгүй байна. Тийшээ явах замд тормоз нь зүгээр барьж байсан. Тийшээ явах тээврийн хэрэгслийн зам байхгүй. Нэмж хэлэх зүйл байхгүй миний бие зүгээр надад гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 39-41/
8. Гэрч Г.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Ш.Б айлын ганц юм. 1984 оны 09 дүгээр сард Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн. Одоо тэр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5-20-15 тоотод ганцаараа оршин суудаг юм. Улсаас гавъяа шагнал, ял шийтгэл байхгүй. Архи дарс хаяа нэг уудаг. 2001 онд цэргийн алба хааж байсан юм. Лхагвадулам гэсэн хүүхэдтэй тэр хүүхэд нь хөдөө байдаг юм. Зан байдлын хувьд төлөв даруу, үг цөөнтэй аливаа юманд идэвхи санаачилгатай байдаг. Гэр бүл, найз нөхдийн дунд нэр хүнд сайтай, хүн болгонд туслахыг хичээдэг юм. Харилцааны хувьд өндөр соёлтой. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/
9. Гэрч Ж.Дийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Ш.Б айлын ганц юм. 1984 оны 09 дүгээр сард Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн. Одоо тэр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5-20-15 тоотод ганцаараа оршин суудаг юм. Улсаас гавъяа шагнал, ял шийтгэл байхгүй. Архи дарс хаяа нэг уудаг. 2001 онд цэргийн алба хааж байсан юм. Лхагвадулам гэсэн хүүхэдтэй тэр хүүхэд нь хөдөө байдаг юм. Урьд цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй. Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд мал малладаг байсан. Тэр их даруухан үг цөөнтэй юм. Тэр муухан уншиж, бичиж чаддаг байх. Зан байдлын хувьд төлөв даруу, үг цөөнтэй аливаа юманд идэвхи санаачилгатай байдаг. Гэр бүл, найз нөхдийн дунд нэр хүнд сайтай, хүн болгонд туслахыг хичээдэг юм. Харилцааны хувьд өндөр соёлтой. Би мэдэхгүй байна.Надад нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-44-45/
10. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 07 дүгээр сарын 24-ны өдрийн 49 дугаартай шинжээчийн:
1.Талийгаачид Ц.Мын биед бүсэлхийн 1.2-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, нугасны дарагдал няцрал, их тархины зүүн тал бөмбөлгийн зулай, хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, уушгины ар гадаргуугийн няцрал, баруун 1,2-р хавирга, зүүн 1-6-р хавирганы хугарал, толгойн хуйхны дотор гадаргуу дахь цус хуралт, баруун хацар, бугалга, хэвлий, гуя, өгзөг, нуруу, өвдөгт зулгаралт, дух, хацар, шанаа, бугалга, цээж, гуя, хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчиллээр, тухайлбал автомашины ослын улмаас үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3, 3.1.6-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
3.Талийгаач нь Ц.Мын нь биед бүсэлхий нурууны 1,2-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, нугасны дарагдал, няцрал гэмтэл нь үхэлд шууд хүргэсэн байна.
4.Талийгаачийн 2017.07.09-ны 16 цаг 00 минутад хийсэн цогцосны гадна үзлэгээр талийгаач нь нас бараад 3-4 цаг болсон байх боломжтой байна.гэх дүгнэлт / хх-ийн 57-59 /,
11. Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн 2017оны 08 дугаар сарын 05-ний өдрийн 18 дугаартай шинжээчийн:
1. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “ жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үедээ тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогосоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байна гэх дүгнэлт / хх-ийн 51-52 /, хавтаст хэргийн 75 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, хавтаст хэргийн 86-90 дүгээр хуудсанд авагдсан урьд ял шийтгүүлж байгаагүй тухай тодорхойлолт бусад бичиг баримт, хавтаст хэргийн 91-94 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч болон хохирогч нар эвлэрэлийн гэрээ байгуулсан тухай өргөдөл,хавтаст хэргийн 100 дугаар хуудсанд авагдсан хохирогчийн хэргийн материалтай танилцаад гомдолгүй гэсэн хүсэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч Ш.Бийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Ш.Б нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 1 дүгээр багийн нутаг “Доод жаргалант” гэх газарт 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 07-28 БНА улсын дугаартай автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дугаар зүйлд заасан “жолооч хөдөлгөөнд аюул,, саад болохыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас уг авто машин онхолдож зам тээврийн осол гарган авто машинд зорчиж явсан Ц.Мын амь насыг хохироож автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн нь гэрч Д.Э, Ч.Х, Г.Д, Ц.Ж нарын мэдүүлгээр болон шүүгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдож байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим зэргийг харгалзан тухайн зүйл хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, харин үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах шаардлаггүй гэж шүүх үзлээ.
Харин эрх хасах нэмэгдэл ял оногдуулж, уг ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэж, тэнсэх болон эрх хасах нэмэгдэл ялд хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ш.Бөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй бөгөөд шүүгдэгч Ш.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нарын зүгээс цаашид нэхэмжлэх зардалгүй гэж илэрхийлсэн учир бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Халх овогт Ш.Бийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх гэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 181 дүгээр зүйлийн 181.1.2, 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч Халх овогт Ш.Бөд мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан ялыг оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван / 03 / жилийн хугацаагаар хасаж, нэг / 01 / жилийн хугацаагаар тэнсэж хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 188 дугаар зүйлийн 188.4-д зааснаар шүүгдэгч Ш.Б нь энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдаж, хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.2-д зааснаар шүүгдэгч Ш.Бөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван / 03 / жилийн хугацаагаар эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолж, биелэлтэд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Ш.Бөд үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах шаардлаггүй гэж шүүх үзсэнийг дурдсугай.
6. Уг хэрэгт шүүгдэгч Ш.Б нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох хөрөнгөнөөс эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ш.Бөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д тус тус зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ш.Бөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ