Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 2023/ДШМ/813

 

 

 

 

    2023             8             10                                       2023/ДШМ/813

 

Б.Ц-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Энхбуян,

шүүгдэгч Б.Ц,

хохирогч Г.М,

нарийн бичгийн дарга Д.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/492 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Ц-н гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2209020862210 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.Ц, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Төв аймагт төрсөн, 59 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы 7-231 тоотод бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн майхан толгойн шар хоолой гэх газарт түр оршин суух бүртгэлтэй /РД:00000000/, урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 575 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан.

Шүүгдэгч Б.Ц нь 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Бага баян амралтын эрээн үзүүр гэх газарт барьсан байсан хохирогч Г.М-н эзэмшлийн их 4 ханатай 1.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий монгол гэрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан үйлдэж хохирогчид 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Ц-н үйлдлийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Ц-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Ц-н цагдан хоригдсон 35 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжпэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-с 1.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.М (РД:00000000)-д олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-с 5.257.125 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Ц давж заалдах гомдол болон тус шүүхэд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн шүүх намайг Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн. Би хохирогч Г.М-н 4 ханатай Монгол гэрийг өөрийн хамтран амьдрагч Д.Т-н эзэмшлийн гэр гэж бодон нөхцөл байдлыг буруугаар ойлгож, гэрийг зарсан. Уг гэрийг 7 буудал орчим явж байгаад танихгүй настай хүнд зарахаар болж танихгүй портер машины жолоочийг 50.000 төгрөгрөөр хөлслөн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо бага баянгол задгай тоотоос гэрийг ачуулан өндөр настай эрэгтэй хүнд 200.000 төгрөгөөр зарсан. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч надаас 5.257.125 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай гэсэн шийдвэр гаргасанд гомдолтой байна. Учир нь миний бие гэм буруутай үйлдэлдээ маргахгүй, гэмшиж буслын эд хөрөнгийг зөвшөөрөлгүй зарж үрэгдүүлсэн буруутай үйлдэлээ хүлээн зөвшөөрч байна. Иймд уг хэрэгт “портер” машины жолооч нь тухайн үед хулгайн гэр зөөж байна гэж мэдээгүй байсан. Мөн миний төөрөгдөлд орж гэрийн эзнийг буруугаар ойлгосон нөхцлүүдийг харгалзан үзэж улсад төлж барагдуулах 5.257.125 төгрөгөөс чөлөөлж өгнө үү Миний бие 60 настай мөн, ганц хүүгийнхээ хамтаар амьдардаг. Ийм хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж, харамсан уучлалт хүсэж байна. Цаашид үлдсэн амьдралдаа гэмт хэрэг хийхгүй, хүүдээ хань болж өгөхийг хүсэж байна. Надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж ял багасгаж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Г.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би арваад жил газраа манаад ууланд тавилгатай гэртэй байсан. Жимсчин, самарчингууд бүгд андахгүй бөгөөд миний гэрт хэзээ ч ойртохгүй. Гэтэл Б.Ц миний гэрээс удаа дараа хулгай хийсэн. Амбаарт байсан авдар байхгүй болсон, гэрт байсан гал голомтыг минь хээр аваачиж хаясан байсныг би усны тэргээрээ түрж авчирсан. Хүүгийнх нь нэг нүд сохорсон гэж шүүгдэгч худал мэдүүлж байна. Хүү нь 7 буудалд хулгай хийж, архи дарс уугаад явдаг, ажил төрөлгүй, өмнө нь хулгайн хэргээр шоронд орж байсан хүн байдаг. Миний хамтран амьдрагч Г гэдэг хүний тэтгэврийн зээлийн 350.000 төгрөгийг хулгай хийж авсан. Энэ талаар түүний хамтран амьдрагч Т өвгөн “Чиний өврөөс Ц 350.000 төгрөгийг хулгай хийсэн” гэж ярьсан. Хүү нь хүртэл миний гар утсыг хулгайлж авсан тул Б.Ц худлаа хэлж байна. 1.000.000 төгрөгийн гэр гэж байхгүй. Би 1.500.000 төгрөг болгомоор байна. Хөхөө өвлийн хүйтэнд нийтийн байрнаас архи дарс ууж, хулгай хийж хөөгдөж байх үед нь өрөвдөж хайрлаад гэртээ суулгасан байхад хүний сайхан сэтгэлийг бодохгүй. Би суулгаагүй байсан бол миний гэр байх байсан. Тарьсан хогийг нь хүртэл би үр хүүхэд, найз нөхдөө дагуулж очиж цэвэрлэж байсан. Иймд би гомдолтой байна. ...” гэв.

Прокурор Н.Энхбуян тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.” гэж тус тус заасан. Б.Ц нь гэмт хэрэг үйлдэх үедээ “Портер” загварын техник хэрэгсэл буюу машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авсан. “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээгээр тээврийн хэрэгслийн үнэ болох 5.257.125 төгрөгийг анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Ц-с гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн. Б.Ц нь хохирогчид дөрвөн ханатай гэрийн үнэ болох 1.000.000 төгрөгийг өгөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь :

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:     

1. Хэргийн бүхий л үйл баримтыг шалгахад мөрдөгч, прокурор нь шүүгдэгчээс “тухайн гэр”-ийг ачуулсан портер маркийн автомашины улсын дугаар, жолоочийг огт    нотолж чадаагүй атлаа хэрэг шүүхэд шилжсэний дараа эзэнгүй буюу бүх зүйл нь тодорхойгүй “портер” маркийн автомашиныг үнэлүүлэхээр мөрдөгчөөс шинжээч томилж, үнэлгээ хийлгүүлсэн, улмаар прокуророос тус хууль бусаар гаргасан шинжээчийн дүгнэлтийг шүүхэд гаргаж, шинжлэн судлуулсан зэрэг ажиллагаа /хх-115-119, 120, 126/ бүхэлдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүгдэгчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэж үзэхээр байна.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг тогтоох буюу нотолбол зохих байдлыг нотлох чиг үүргийн хүрээнд хийгдсэн “дээр дурдсанаас бусад” мөрдөн шалгах, хяналт тавих ажиллагаа болон хэргийн бодит байдлыг нотолж буй тус эрүүгийн хэрэгт цугларч, бэхжигдсэн бусад нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн гэх үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.         

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “дээр дурдсанаас бусад байдлаар” оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх үндэслэлгүй, энэ хүрээнд маргаан бүхий асуудал гараагүй байна.         

2. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй,  Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Учир нь :  

Шүүгдэгч Д.Ц нь хохирогч Г.М-н эзэмшлийн их 4 ханатай, 1.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий монгол гэрийг хулгайлсан гэж үзэх хангалттай бөгөөд эргэлзээгүй үйл баримт тогтоогдоогүй байна.

Харин шүүгдэгч Б.Ц нь хохирогч Г.М-с Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, “Бага баян”  амралтын эрээн үзүүр гэх газарт байх өөрийн монгол гэрийг 2021 оны 10 сараас эхлэн хамтран амьдрагчид болох Д.Т, Б.Ц нарт итгэмжлэн хариуцуулж өгсөн болохыг мэдсээр байж 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр бусдад зарж, завшсан болох нь :  

- хохирогч Г.М-н”...Ц болон Т нар нийтийн байранд амьдарч байхдаа хөөгдөөд байдаг байсан учир өрөвдөөд 12 сард ес эхлэхээс өмнө өөрийн гэртээ байлгахаар түлхүүрээ хүлээлгэж өгсөн. Ц, Т нар хамт амьдарч байсан...2021 оны намраас 2022 оны хавар хүртэл гэртээ байлгасан.../хх-128, 13-19, 17-19/..Өвлийн хүйтэнд нийтийн байрнаас хөөгдөж байх үед нь өрөвдөж гэртээ суулгасан байхад хүний сайхан сэтгэлийг бодоогүй. ...”/шүүх хуралдааны тэмдэглэл/,

- гэрч Д.Т-н:“ Г.М-н Монгол гэрт 2021 оны 12 сараас хойш 2022 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүртэл амьдарч байсан. Би 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Хан-Уулын цагдаагаас цагдан хорих 461 дүгээр ангид хоригдсон...Б.Ц-н хамт тухайн Монгол гэрт хамт амьдарч байсан, гэрийг Ц зарсан гэж сонссон. ...” гэх мэдүүлэг /хх-21/,

-  шүүгдэгч Б.Ц-н:“ Би Д.Т гэх хүнтэй хамт Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Бага баяны задгай тоотод амьдарч байсан, 6-7 жилийн өмнөөс таньдаг болсон, бид хоёр 2021 оны 9 дүгээр сараас 2022 оны 3 билүү 4 дүгээр сар хүртэлх хугацаанд хамт амьдарсан...2022 оны 4 дүгээр сард 7 буудал орчим танихгүй настай хүнд “монгол гэрээ” зарна гээд зарахаар болж танихгүй портерын жолоочийг гуйж ачуулаад 200.000 төгрөгөөр зарсан, 50.000 төгрөгийг нь гэр ачиж өгсөн танихгүй портер машины жолоочид өгсөн, 150.000 төгрөгөөр хоол унд авч идээд, хувцас авч өмсөөд дуусгасан. ...” гэх мэдүүлэг /хх-37-38/,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-26-27/ зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

Шүүгдэгчийг тухайн завших гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжигдсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан байх бөгөөд эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттай, эргэлзээгүй байх шалгуурыг хангасан байх тул шүүгдэгчийн үйлдсэн тус завших гэмт хэргийн субьектив болон объектив шинж хангагдсан гэж үзнэ.

 Тодруулбал, шүүгдэгч нь хохирогчоос “тухайн гэр”-ийг зөвхөн эзэмших, ашиглах эрхтэйгээр өөрсдөд нь итгэмжлэн хариуцуулж өгсөн болохыг мэдсээр байж, буцаан өгөхгүйгээр хууль бусаар өөрийн мэдэлд бүрмөсөн шилжүүлж, ашиглан шамшигдуулсан байх тул хулгайлах биш харин завших гэмт хэргийн шинжийн хүрээнд зүйлчлэх үндэслэлтэй болно.        

3. Хөрөнгийн үнэлгээний шинжээчээс тогтоосон үйл баримтын дагуу анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Ц-с 1.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.М-д олгож шийдвэрлэсэн байх ба хохирогч Г.М гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

4. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг.

Тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ямар төрлийн ял шийтгэлийг оногдуулах эсэх нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаардаг.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 2, хүүхдийн хамт амьдардаг, тодорхой оршин суух хаяггүй, хөрөнгө, орлогогүй зэрэг түүний хувийн байдалд хамаарах баримт хэрэг цугларсан /хх-21, 37, 44, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна.

Шүүгдэгч нь 2018 онд ял шийтгэгдсэн боловч эдэлж дууссанд хамаарах баримтууд байх тул /хх-41/ урьд шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх харгалзах дээрх үндэслэл, шалгуурын хүрээнд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь шүүгдэгчийн үйлдсэн тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзлээ.  

Харин “тухайн гэр”-ийг ачуулсан портер маркийн автомашиныг олж тогтоож чадаагүй, түүнчлэн хөрөнгийн үнэлээгчний дүгнэлтийг хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй тул анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-с 5.257.125 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэснийг хүчингүй болгов.   

Иймд шүүгдэгч Б.Ц-н гаргасан” надад оногдуулсан ялыг бууруулах, улсад төлөх 5.257.125 төгрөгөөс чөлүүлэх” тухай давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Ц-н 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 92 /ерэн хоёр/ хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцно.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/492 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн :  

1 дэх заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн”...” гэснийг ”бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан...” гэж,    

2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүдэгч Б.Ц-г 2 /хоёр/ жилийн...” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүдэгч Б.Ц-г 1 /нэг/ жилийн...” гэж,  

6 дахь заалтын ”...олгосугай.” гэснийг...олгож, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.” гэж тус тус өөрчилж,

7 дахь заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн 8.-аас 10. хүртэлх дугаарлалтыг 7.-оос 9. болгон өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ц-н гаргасан” надад оногдуулсан ялыг бууруулах, улсад төлөх 5.257.125 төгрөгөөс чөлөөлүүлэх” тухай давж заалдах гомдлыг хангасугай.   

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-н цагдан хоригдсон 92 /ерэн хоёр/ хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.   

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.      

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                              Д.МӨНХӨӨ

ШҮҮГЧ                                                      Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                      Г.ГАНБААТАР