| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ганцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/05647/И |
| Дугаар | 192/ШШ2025/ 00128 |
| Огноо | 2025-01-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 192/ШШ2025/ 00128
2025 01 13 192/ШШ2025/ 00128
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ганцэцэг би даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *** оршин суух, ***-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***тоот хаяг оршин суух, ***-д холбогдох,
42,166,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч ***,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***,
Хариуцагч ***,
Хариуцагчийн өмгөөлөгч ***
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч *** нь хариуцагч ***д холбогдуулан 42,166,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Иргэн *** миний бие ***д 2017 оны 12 сараас 2018 оны 9-р сарын хооронд нийт 8 удаагийн үйлдлээр бүгд 39.543.000 төгрөгийг өгч зээлүүлсэн юм. *** нь тухайн үед орон сууцад хамруулна, чацарганы төсөл хэрэгжүүлээд буцаагаад өгнө гэж хэлж авсан боловч өнгөрсөн хугацаанд 2023 оны 2-р сард 5 сая төгрөг, 2024 оны 2-р сард 1.5 сая төгрөг 6.5 сая төгрөг буцааж өгч үлдсэн 32.500.000 төгрөгийг олон удаа уулзаж, нэхэж шаардсан боловч ямар ч төлбөр төлөхгүй намайг хохироож байна. Хамгийн сүүлд 2024 оны 3-р сарын 16-ны өдөр уулзаж "хэлцэл" байгуулж төлбөрийн 32.500.000 төгрөгийг 2024 оны 7-р сарын 10-ны өдрийн дотор төлнө. Хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн алдангиа төлнө гэж харилцан тохиролцсон боловч ямар ч төлбөр хийгээгүй болно. Иймд, Шүүхээс хүсэх нь: Иргэн ***оос 1. 32.500.000 үндсэн зээлийн төлбөр, 2. 2024 оны 7-р сарын 11-ний өдрөөс 8-р сарын 28-ны өдөр хүртэлх үнийн дүнгийн 0.5 хувийн алданги 7.8 сая төгрөгийг, 3. Улсын тэмдэгтийн хураамж 366950 төгрөг, 4. Өмгөөлөгчийн төлбөр 1,500,000 төгрөгийг гаргуулж, нийт 42,166,950/дөчин хоёр сая нэг зуун жаран зургаан мянга есөн зуун тавин төгрөг гаргуулж өгөхийг хүсэж нэхэмжлэл гаргав. гэжээ.
Хариуцагч талаас шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ***ийн нэхэмжлэлтэй танилцаад энэхүү хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 32.500.000 төгрөгөөс өмнө өгч байсан нотлох баримтуудаа үндэслэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгнө. *** бид 2 тухайн үед хувийн харьцаатай байсан ба бид хамт байх хугацаандаа хамтын амьдралдаа хэрэглэх үүднээс над руу мөнгө шилжүүлж байсан нь үнэн. Цаашдаа албан ёсны гэр бүл болно гэж бодож байсан боловч тус тусдаа амьдрах болсон. би тэгээд боломжоороо буцаан өгч байсан, өөрийн болон төрсөн эгчийн дансаар өгч байсан. Надаас байнга нэхээд, гэрт хүртэл очиж байсан учраас надад маш их дарамттай байсан учир төлнө гэж бичиж өгсөн. Нэхэмжлэлийн үнийн дүнг сайтар тооцно. Алданги төлөхгүй. Тооцоогоо нягталж нотлох баримт бүрдүүлж өгнө. гэв.
Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн хэлцэл, 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн гар бичвэр, 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, ***ийн иргэний үнэмлэхийн хуулбар, ***ийн эзэмшлийн 5431349614 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолын хуулбар зэрэг баримтыг гарган өгөв.
Хариуцагч талаас ***ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, хариу тайлбар, 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 20230725860690891132 дугаар мемориалын баримт, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг баримтыг гарган өгөв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч *** нь хариуцагч ***д холбогдуулан 42,166,950 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Шүүхээс нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
3. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдлоо:
3.1. Зохигчид 2024 оны 03 сарын 16-ны өдөр Хэлцэл байгуулж, хариуцагч *** нь 32,500,000 төгрөгийг 2024 оны 07 сарын 10-ны дотор төлөхөөр харилцан тохиролцож, гарын үсэг зуржээ (хэргийн 3 дахь тал).
3.2. Хариуцагч нь 2017 оны 12 сараас 2018 оны 09 сарын хооронд нийт 8 удаагийн нийлбэрээр 39,543,000 төгрөгийг нэхэмжлэгчээс бэлнээр хүлээн авч байсан (шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан хариуцагчийн тайлбар).
3.3. Хариуцагч нь нэхэмжлэгчид 7,500,000 төгрөгийг буцаан төлсөн (хэргийн 18, 21- 26 дахь тал).
4. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхээр заажээ. Зээлийн гэрээний хувьд 282 дугаар зүйлийн 282.4-т заасны дагуу мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог.
5. Нэхэмжлэгч нь хариуцагчаас буцааж авах зорилгоор нэг удаагийн шинжтэй зээл олгосон, зээлийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлгүй иргэн байх бөгөөд хариуцагчид 39,543,000 төгрөгийг дансаар шилжүүлэн өгснөөс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан Зээлийн гэрээ байгуулагджээ. Зээлийн гэрээ амаар байгуулагдсан нь хэлцлийн хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй.
6. Хариуцагч нь нэхэмжлэгчээс авсан мөнгөө буцаан өгөх зорилгоор 7,500,000 төгрөгийг буцаан төлсөн байна. Иймд анх олгосон зээлийн төлбөрөөс хариуцагчийн эргэн төлсөн төлбөрийг хасч, зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн төлбөрт нэхэмжлэгчийн тодорхойлсноор 32,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шүүхээс шийдвэрлэлээ.
7. Зохигчдын хооронд байгуулагдсан 2024 оны 03 сарын 16-ны өдрийн Хэлцлийн 2-т төлбөр төлөгч тал энэхүү хэлцэлд заасан үүргээ биелүүлээгүй, хэлцлийн 1-т заасан 2024 оны 07 сарын 10-ны өдөр гэсэн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам 0,5 хувийн алданги төлнө гэжээ. Хэлцлийн 2 дүгээр зүйл нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, 232 дугаар зүйлийн 232.6 хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэх хуулийн зохицуулалттай нийцэж байна. Хариуцагч тохирсон хугацаанд зээлийн эргэн төлөлтийг хийгээгүй тул Хэлцэлд дурдсан алданги шаардах нэхэмжлэгчийн эрх хэрэгжих боломжтой. Иймд хугацаа хэтрүүлж эхэлсэн 2024 оны 07 сарын 11-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр болох 2024 оны 08 сарын 28-ны өдөр хүртэлх 48 хоногт алдангийг 32,000,000 төгрөгөөс тооцож, хоногийн 160,000 төгрөг, нийт 7,680,000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй (32,000,000*0.5/100*48=7,680,000).
8. Харин нэхэмжлэгч нь шүүхэд өмгөөлөгчийн хөлс 1,500,000 төгрөгийг зээлийн гэрээний хугацаа хэтрүүлснээс үүдэлтэй хохирол гэж шаардаж байх ба нэхэмжлэлийн уг хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан. Хэрэгт цугларсан баримтын хүрээнд нэхэмжлэгч нь 1,500,000 төгрөгийг өмгөөлөгчид төлөөгүй, зардал бодитоор гараагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдох ба шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ хэрэгжүүлэх зорилгоор өмгөөлөгч авсан нь зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөнөөс үүдэлтэй шууд хохиролд тооцогдохгүй.
9. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 366,950 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардлагаа тодорхойлсон байх ба улсын тэмдэгтийн хураамжийг бие даасан нэхэмжлэлийн шаардлага гэж үзэхгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 57 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэл хэрхэн шийдвэрлэгдсэнээс хамаарч хуулийн дагуу хуваарилагддаг мөнгөн төлбөр байдаг. Иймд 366,950 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
10. Нэгтгэн дүгнэвэл, хариуцагчаас зээлийн төлбөрт 32,000,000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алдангид 7,680,000 төгрөг нийт 39,680,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,486,950 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шүүхээс шийдвэрлэв.
11. Нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 366,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 356,350 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэхь хэсгийг тус тус баримтлан хариуцагч ***оос 39,680,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ***д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,486,950 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 366,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 356,350 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ