Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 10 өдөр

Дугаар  2023/ДШМ/814

 

 

 

   2023               8              10                                      2023/ДШМ/814

 

Г.Ц, Н.А нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Өнөбат,

шүүгдэгч Г.Ц, түүний өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ,

шүүгдэгч Н.А-ы өмгөөлөгч Г.Цолмон,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/584 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.А-ы гаргасан давж заалдах гомдлоор Г.Ц, Н.А нарт холбогдох 2309000000495 дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Г.Ц, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын Гол суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 42-21 тоотод оршин суух хаягтай, /РД:00000000/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 138 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 185 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан,

Н.А, 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Хадат резиденс А-1 тоотод оршин суух хаягтай, /РД:00000000/, Хэнтий аймгийн сум дундын шүүхийн 1997 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 173 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан;

Шүүгдэгч Г.Ц, Н.А нар нь согтуурсан үедээ 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр шөнийн 23 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, “Хадат вилла” төслийн барилгын орчимд харилцан зодолдсоны улмаас Н.А нь Г.Ц-н эрүүл мэндэд “уруулд шарх, уруулын дээд хэсэг, уруулын дотор салст, зүүн өвдөгч цус хуралт, зүүн чихний урд хэсэг, баруун өвдөгт зулгаралт, уруулд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол,  Г.Ц нь Н.А-ы эрүүл мэндэд “тархи доргилт, баруун хөмсөг, зүүн зулайн хуйханд шарх, баруун дээд зовхинд цус зүүн чамархайд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Г.Ц, Н.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Ц, Н.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Н.А-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц-д оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ял, Н.А-д оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоож, шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц, Н.А нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Г.Ц, Н.А нар нь энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжпэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг сидиг хэргийг хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Ц, Н.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Н.А давж заалдах гомдолдоо: “...Миний бие анхан шатны шүүх хуралдаанд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон. Гэтэл Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс надад 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан торгох ялыг багасгаж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Н.А-ы өмгөөлөгч Г.Цолмон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Өөр тайлбаргүй. ...” гэв.

Шүүгдэгч Г.Ц-н өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв

.Шүүгдэгч Г.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үнэн зөв гарсан гэж үзэж, хүлээн зөвшөөрч байна. ...” гэв.

Прокурор Б.Өнөбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ нь шүүгдэгч нарын үйлдсэн хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэрэгт нь тохирсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.А-ы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:      

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг тогтоох буюу нотолбол зохих байдлыг нотлох чиг үүргийн хүрээнд хийгдсэн мөрдөн шалгах, хяналт тавих ажиллагаа болон хэргийн бодит байдлыг нотолж буй тус эрүүгийн хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн гэх үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан үндэслэлгүй, энэ хүрээнд маргаан бүхий асуудал гараагүй байна.       

2. Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны тал, оролцогч нарын эрхийг хангасан байхаас гадна шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтын эх сурвалж болон оролцогч, талуудын санал, дүгнэлтийг бүх талаас нь бодит байдлаар шалгаж, үнэлсэний үндсэн дээр шүүгдэгч Н.А, Г.Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Тодруулбал,  

Шүүгдэгч Г.Ц нь согтуурсан үедээ 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр шөнийн 23 цагийн орчим хувийн таарамжгүй харилцааны улмаас Н.А-г зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :

- хохирогч Н.А-ы:“...тухайн үед би машины арын суудал дээр, Ц жолоочийн хажуу урд суудал дээр сууж байсан, архиа хувааж уугаад явж байтал архины шил жолоочийн суудал доогуур унахад нь би доош тонгойгоод хайхдаа Ц нь миний толгойны ард талын хэсэг рүү гар утсаар 7-8 удаа цохисон ба намайг өндийгөөд дээш бостол архины шилийг баруун гартаа барьж байгаад 1 удаа миний толгойны баруун хэсэг рүү цохиж хагалсан...Хотхоны ойролцоо зогсоход Ц машинаас гарч гүйтэл манай хотхоны харуул Ч гэх ах гарч ирээд намайг гэмтсэнийг харсан...” гэх мэдүүлэг /хх-43-44, 46-47, 49/,

- гэрч Г.А-н: “...тухайн үед би машин барьж явсан, тэд харих замдаа машинд уугаад явж байхад гэр рүү нь ордгийн наад талд шил хагарахаар нь эргэж харахад цустайгаа холилдсон байсан...А нь яагаад архины шилээр цохиж байгаа юм бэ гэж хэлэхэд нөгөөдөх нь юун сүртэй жаахан шалбарсан байна гээд хоорондоо  зодолдсон. ...” гэх мэдүүлэг /хх-51, 53 /,  

- гэрч Б.Ч-н: “...Би 2023 оны 02 дугаар сард орой 22 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хадат Виллагийн харуулын байран ажлаа хийгээд байж байтал гадаа хүмүүс шуугилдаад эхэлж байсан ба цонхоор хартал байрны А-1 тоотны залуу 2 хүнтэй хамт зогсож байсан ба нүүр нь цус болсон байдалтай, хамт байсан залууг зааж ах Ц намайг цохичихлоо. Та цагдаа дуудаад өгөөч гэсэн. ...” гэх мэдүүлэг /хх-55/,

- дүрс бичлэг бүхий хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-80-84/,

- шинжээчийн дүгнэлт: Н.А-ы биед тархи доргилт, баруун хөмсөг, зүүн зулайн хуйханд шарх, баруун ээд зовхинд цус хуралт, зүүн чамархайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хх-62-63/,

- шүүгдэгчийн “...Би А-ы биед гэмтэл учруулсан болохоо зөвшөөрч байгаа тухай...” мэдүүлэг /хх-9-10, 171/ зэрэг нотлох баримтуудаар,

Шүүгдэгч Н.А нь согтуурсан үедээ 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр шөнийн 23 цагийн орчим хувийн таарамжгүй харилцааны улмаас Г.Ц-г зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :  

- хохирогч Г.Ц-н: “...Явах замдаа А бид хоёр маргалдаад байж байтал миний араас ямар нэгэн хатуу зүйлээр А цохисон, эргэж хараад А-тай зууралдахад миний үснээс зулгаасан...үсдээд доош дараад цохиод байсан...намайг машинаас чирч буулгаад газарт хэвтүүлж курткины малгайгаар доош нь дарсан, миний толгой руу 2-3 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-35, 37-38, 40/,

- гэрч Г.А-н: “...тухайн үед машины цонх дуугарч, шил хагарахаар нь эргэж харахад цустайгаа холилдсон байсан...Тэр 2 хоорондоо барьцалдаж аваад арын суудал дээр зодолдсон...А нь Ц-н энгэрээс заамдаж зууралдсан энэ явцад гэмтэл учруулсан байх, нөгөө залуугийн уруул нь хавдсан юм шиг харагдсан...” гэх мэдүүлэг /хх-51, 53 /,

- дүрс бичлэг бүхий хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 80-84/,

- шинжээчийн дүгнэлт: Г.Ц-н биед уруулд шарх, уруулын дээд хэсэг, уруулын дотор салст, цээж, зүүн өвдөгч цус хуралт, зүүн чихний урд хэсэг, баруун  өвдөгт зулгаралт, уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хх-66-67/,

- шүүгдэгчийн “...Би Ц-н биед гэмтэл учруулсан болохоо зөвшөөрч байгаа тухай...” мэдүүлэг /хх-171/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдсон байна.

Шүүгдэгч нар тус бүр “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжигдсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан байх бөгөөд эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттай, эргэлзээгүй байх шалгуурыг хангасан байх тул шүүгдэгч тус бүрийн үйлдсэн гэмт хэргийн субьектив болон объектив шинж хангагдсан гэж үзнэ.

Тодруулбал, Н.А-ы гэмт үйлдэл, гэм буруугийн санаатай хэлбэр ба хохирогч Г.Ц-н эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлын хоорондын шалтгаант холбоо, мөн шүүгдэгч Г.Ц-н гэмт үйлдэл, гэм буруугийн санаатай хэлбэр ба хохирогч Г.Ц-н эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлын хоорондын шалтгаант холбоо тус тус тогтоогдсон, тэдний үйлдсэн гэмт хэргийг үгүйсгэх үндэслэл, үйл баримтгүй байх тул шүүгдэгч тус бүрт холбогдох хэргийн зүйлчлэл зөв болно.  

3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг.

Тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрлийг хэрхэн сонгож, ямар хэмжээгээр оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаардаг.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц-д 500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Н.А-д 600.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулахдаа харгалзах шалгуур, шаардлагын талаар бодитой дүгнэсэн байх тул шүүгдэгч нарт тус бүр оногдуулсан торгох ял, түүний хэмжээ нь шүүгдэгч нарын үйлдсэн тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.    

Иймд “анхан шатны шүүхээс оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг багасгуулах” тухай шүүгдэгч Н.А-ы давж заалдах журмаар гаргасан гомдлыг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь :   

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/584 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.А-ы гаргасан “торгох ялын хэмжээг багасгуулах” тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол, гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                Д.МӨНХӨӨ

ШҮҮГЧ                                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                        Г.ГАНБААТАР